Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0083

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0079/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгч Б.А- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох 2118000000069 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.А- , 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, тусгай дунд боловсролтой, элчит тэрэгний туслах машинист мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын харьяа Дархан татах хэсэгт элчит тэрэгний туслах машинист ажилтай, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны  02 дугаар  сарын 11-ний өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 10 дугаар хэсгийн 2-63 тоот хашаанд М.А-ийн эрх чөлөөнд халдаж, толгойн тус газарт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь “дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Б.А-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн орчим найз Дархаа залгаад “хуучин авто вокзал дээр хүрээд ир, гахайны тэжээлийн будаа үз, авч болохоор бол хямдхан худалдаж ав.” гэж хэлэхээр нь би гэрээсээ Пүрэвшинийг дагуулж гараад Дархаатай хуучин авто вокзал дээр уулзаад будааг нь үзэхэд хөнгөн хаягдал будаа байхаар нь би худалдаж аваагүй юм. Ингээд би гэртээ харих гэхэд Дархаа “нэгэнт энд ирсэн юм чинь манай хашаагаар ороод миний тэжээж байгаа морьдыг нэг хараад яваач” гэж хэлэхээр нь “тэгье” гээд Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 10 дугаар хэсэг 2-63 тоотод очиж морьдыг нь хараад Дархаагийн гэрт ороод нэг шил 0.33 гр “Хараа” архи хувааж уугаад сууж байхад гаднаас Дархаагийн морийг тэжээдэг, багадаа миний морийг унадаг байсан Алтангэрэл орж ирэхээр нь би “наашаа суу, ахын дүү” гэж хэлсэн чинь “суухгүй” гээд миний урдаас маргалдахаар нь би дахиад “миний хажууд суу” гэж хэлсэн чинь суухгүй байхаар нь би хөл рүү нь нэг удаа өшиглөөд авсан чинь Алтангэрэл гараад явсан юм. Би араас нь гараад Алтангэрэлтэй барилцаад авсан чинь Алтангэрэл миний хамар руу нэг удаа цохиод зугтаахаар нь би араас нь газарт байсан мөлгөр чулууг аваад шидсэн чинь Алтангэрэлийн толгойн ар хэсэгт оносон. Тэгэхэд Алтангэрэлийн толгойн ар хэсгээс нь цус гараад тэр чигээрээ зугтаад явсан.

... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-5/,

-Хэргийн газрын үзлэгээр хураан авсан байгалийн чулууг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 6/,

 

-Хохирогч М.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчим Дархаа ахынд очоод гэрт нь яваад ороход миний урьд өмнө таньдаг байсан Б.А- ах, Дархаа ах бас нэг танихгүй ах гурав архи уугаад сууж байсан. Би гэрт нь ороод Алтнаа ахтай сайн байна уу гэж мэндэлсэн тэгсэн чинь Алтнаа ах намайг “нааш ир, энд ирээд суу” гэж хэлсэн. Би “за” гэж хэлээд урд нь очоод суусан чинь Алтнаа ах намайг хөлөөрөө өшиглөх гэхээр нь би бултаад гэрээс гарсан юм. Миний араас Алтнаа ах гарч ирээд “би чиний амьдралыг заана” гэж хэлэхээр нь би “та миний амьдралыг заадаг хэн юм бэ?” гэж хэлсэн чинь Б.А- ах намайг заамдаж барьж аваад миний зүүн гарны бугалга хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод “өвдөж байна уу?” гэж хэлсэн. Дараа нь миний шанаа руу цохиод авахаар нь би зөрүүлж заамдаж байгаад Алтнаа ахын нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгэхэд гэрээс нөгөө танихгүй ах гарч ирээд бид хоёрыг салгасан бөгөөд би буруу хараад зогсож байхад миний араас Б.А- ах нэг чулуу авч шидсэн. Тэр чулуу нь миний ар дагз хэсэг рүү оноод миний толгойноос цус гараад би зугтаасан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8/,

 

-Гэрч Б.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өнөөдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ах Б.А-тай хамт түүний найз Дархаагийн гэрт очсон. Очоод Дархаа, Б.А- хоёр нэг шил архи хувааж уусан. Тэгээд нэг шил архи ууж дуусахад Б.А- ах согтоод эхэлсэн. Тэгээд би дэлгүүр яваад нэг шил архи нэмж аваад ирсэн. Тэгээд тэр архийг тэр хоёр уугаад сууж байтал гаднаас миний зүс таних Алтангэрэл гэх банди орж ирсэн. Тэр үед Б.А- ах Алтангэрэлийг “нааш ир” гэж дуудахад Алтангэрэл “чадахгүй, би яагаад очих ёстой юм бэ?” гэж хэлсэн. Тэгэхэд Б.А- ах “чи яасан том болсон юм бэ?” гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Тэгээд удалгүй Алтангэрэл гэрээс гараад явсан. Араас нь Б.А- “уулзана” гэж хэлээд гарсан. Удалгүй гаднаас Дархаагийн морийг унадаг жаахан хүүхэд орж ирээд “гадаа нөгөө хоёр чинь заамдалцаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад хартал Б.А-гийн хамраас цус гарсан байдалтай байж байсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан. Тэр үед Б.А- газраас чулуу аваад Алтангэрэл рүү шидсэн. Алтангэрэл нилээн зайтай байсан боловч тэр шидсэн чулуу толгойг нь оносон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/,

 

-Хохирогч М.А-д эмнэлгийн тусламж үзүүлсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 19-20/,

 

-“М.А-ийн биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 127 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23/,

 

-Хохирогч М.А-ийн гаргасан “...Миний бие Б.А-д холбогдуулан нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 78/,

-Шүүгдэгч Б.А-гийн гаргасан “...гэм буруугаа ойлгож, учруулсан хохирлоо барагдуулсан. Уучлалт гуйсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 79/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Б.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны  02 дугаар  сарын 11-ний өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 10 дугаар хэсгийн 2-63 тоот хашаанд М.А-ийн эрх чөлөөнд халдаж, толгойн тус газар чулуугаар цохисны улмаас “дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 127 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 22-23/ нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийн зүйл, хэсэг зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч М.А- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.А-гаас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.А- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч Б.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 450000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.А-д анхааруулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.А- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.А-д үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч Б.А-д анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Я.ТУУЛ