Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 463

 

 

 

 

 

 

 

 

 

 

         Г.Б, Д.Б, Э.Х,

       Ч.У нарт холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Д.Ширэндэв,

яллагдагч Г.Б, Ч.У, Д.Б нарын өмгөөлөгч Н.Ичинхорлоо,

яллагдагч Э.Х, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 297 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ширэндэвийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар эсэргүүцлийг үндэслэн Г.Б, Д.Б, Ч.У, Э.Х нарт холбогдох 2014250006873 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. ГБ, 19хх оны хх дугаар сарын хх-ний өдөр төрсөн, хх настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг,

- Хан-Уул дүүргийн шүүх 2008 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 150 дугаар тогтоолоор Г.Бид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан хэргийг 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан хэргийг 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосон.

 

            2. Д.Б, 19хх оны хх дугаар сарын хх-ний өдөр төрсөн, хх настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй.  

 

            3. Ч.У, 19хх оны хх дүгээр сарын хх-ний өдөр төрсөн, хх настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, ам бүл 4; дүү нарын хамт амьдардаг, хх тоотод оршин суух,

            2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан.

 

4. Э.Х, 19хх оны хх дугаар сарын хх-ны өдөр төрсөн, хх настай, эрэгтэй, дээд боловсролтой, шүүх эмч мэргэжилтэй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй.

 

Г.Б, Д.Б, Ч.У, Э.Х нар нь бүлэглэн БНХАУ-ын иргэн Шиан Дун Шэн /XIANG DONG SHENGA/-д мэдэгдэлгүйгээр баримт бичиг ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Гэрээний дагуу төлбөр буцаах тухай” 86/25 дугаартай албан бичгийг Шиан Дун Шэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х гэх нэрээр үйлдэж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-нд хүргүүлж тус компани болон БНХАУ-ын Тианжин хотын “ТайШэн худалдааны экспорт импорт” компани хоёрын хооронд байгуулсан 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ELYT-2011-0125 дугаартай гэрээний урьдчилгаа төлбөрт Шиан Дун Шэнээс шилжүүлсэн 2,000,000 ам.доллараас 1,200,000 ам.долларыг “Скайтаур Энхбуян” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 499 190 255 тоот, Голомт банкны 141 000 2390 тоот дансанд 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас Г.Б, Д.Б, Ч.У, Э.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өмгөөлөгч Н.Ичинхорлоо шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ:

1. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт гэрээний дагуу төмрийн хүдрийг худалдан авсны төлбөрт Шиан Дун Шэн-ээс шилжүүлсэн 2 сая ам.долларыг эзэмших, өмчлөх эрх нь төмөрлөгийн үйлдвэрт шилжсэн байсан /хх-9-186-188 гэрээ/ учраас 1,2 сая ам.доллар нь 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар хэний өмчлөлд байсан болохыг нарийвчлан тогтоох шаардлагатай бөгөөд ингэснээр хохирогч хэн бэ гэдэг нь тодорхой болгож хохирогчийг зөв тогтоох шаардлагатай.

2. “ТайШэн” ХХК-ийн Монгол дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Э.Х байсан. Итгэмжлэл нь Шиан Дун Шэнний гарын үсэг тамга тэмдэгтэй, барааны төлбөрт хяналт тавих мөн төлбөр тооцоотой холбоотой ажлыг хариуцах эрхийг олгосон байдаг. /хх-15-25, хх-9-239/ Хохирогч гэх Шиан Дун Шэн нь Г.Бтой төмрийн хүдэр худалдан авахад зуучилсан нөхцөлд урамшуулал олгохоор гэрээ хийсэн /хх-9-137, 15-27/ бөгөөд энэ зуучлагчийн үүргээ биелүүлж гэрээ хийж улмаар төмрийн хүдэр худалдан авсан учраас гэрээнд заасны дагуу урамшуулал авахаар тохиролцсон тохироо нь Иргэний хуулийн 410.1-д заасан зуучлалын гэрээ хийсэн байдаг. Үүний дагуу зуучлалын хөлсөө авахыг Шиан Дун Шэнний гарын үсэг бүхий зөвшөөрсөн баримтууд хэрэгт авагдсан байдаг. Тухайлбал түүний гарын үсэг тамгатай бичгийг үндэслэн 1,2 сая ам.долларыг Г.Б шилжүүлэн авсан нь тогтоогдсон байдаг.

Өөрөөр хэлбэл Шиан Дун Шэн нь Иргэний хуулийн 101.1-д зааснаар 1.2 сая ам.долларыг захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж Г.Бид шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн болох нь /хх-15-15-63, 15-120-121, 154-155, 172-174-д/ авагдсан бичгийн нотлох баримтууд болон 697/698/699, 81/82/83, 1306/1307/1308 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд. Гэтэл Шиан Дун Шэнд мэдэгдэлгүйгээр албан бичиг ашигласан гэж буруутгаж байгаа нь ямар нотлох баримтад үндэслэн яллах дүгнэлт бичсэн нь тодорхойгүй бөгөөд ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.2-т зааснаар хохирогч гэх Шиан Дун Шэн нь эрүүгийн хэргийн хохирогч гэдгийг нотолсон баримт зөвхөн өөрийн нь мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй байна. Иймд түүнийг хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгох үндэстэй байна.

3. 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төлбөр буцаах тухай 86/25 дугаартай албан бичиг үйлдэгдсэн нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон “ТайШэн” ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээ цуцлагдаж төлбөрт хийсэн мөнгийг буцаах явцад дээрх гэрээний дагуу Шиан Дун Шэн 1.2 сая ам.долларыг зуучлалын хөлсөнд авахыг зөвшөөрч бичиг үйлдсэн байна гэж үзэх боломжтой болох нь /хх-14-59-64, хх-8-193-199, 200-205, 222-229, 217-221-д авагдсан гэрчүүдийн мэдүүлэг/-ээр тогтоогддог.

4. Г.Бид холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаар тогтоолоор хохирогч Шиан Дун Шэнийг МУ-ын хилээр гарсан байх тул хэргийг түдгэлзүүлсэн. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 5/4128 дугаартай албан бичгээр хохирогч Шиан Дун Шэнийг олох талаар тодорхой арга хэмжээ авч, Монгол улсад авчран хэргийг сэргээн шалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн Улсын ерөнхий прокурорын туслах Ё.Сагсайн албан тоот хүргэгдсэн байдаг. Гэтэл 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Г.Бид холбогдох хэргийг түдгэлзүүлсэн дээрх шалтгаан арилаагүй, өөрөөр хэлбэл Шиан Дун Шэнийг олж Монгол улсад авчраагүй байхад хэргийг сэргээсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 207.1-д заасныг зөрчиж түдгэлзүүлсэн хэргийг сэргээсэн байх бөгөөд хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогч байхгүй байх нь эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх үндэслэл болох заалт байхгүй ч энэ хэрэгт хохирогчийг байхгүйгээр хэргийг үйл баримтыг бодитой үнэн зөв тогтоож шийдвэрлэх боломжгүй байгааг анхааран үзэх шаардлагатай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-т зааснаар шүүх хуралдаанд хохирогч гэх Шиан Дун Шэнийг дуудаж заавал оролцуулах шаардлагатай гэж үзэж байна. Учир нь Шиан Дун Шэний гарын үсэгтэй тамга, тэмдэгтэй бичигт өөрөө гарын үсэг зураагүй гэдэг боловч удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр түүний гарын үсэгтэй тохирч байна гэсэн дүгнэлт гарсан бөгөөд энэ дүгнэлтийг түүнд танилцуулж дахин мэдүүлэг авах, шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэж үзэж байна. Мөн энэ хэргийг өмнө нь түдгэлзүүлэхдээ хохирогч гэх Шиан Дун Шэнийг шүүх хуралд оролцуулах оролцогчдын хүсэлтийг шүүх хүлээн авсан болно.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1.1-д “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль бус ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэж заасан. Гэтэл хэргийн материалыг хохирогч болон өмгөөлөгч нарт танилцуулаагүй оролцогчийн эрхийг зөрчиж хууль бусаар хязгаарласан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ гэж заасан байхад хохирогчид хэргийн материалыг огт танилцуулаагүй байгаа нь оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарласан гэж үзэж болохоор байна.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д зааснаар а/ Хохирогч гэх Шиан Дун Шэнд шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалтай танилцуулж түүний мэдүүлэг зөрүүтэй байгаа учраас хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохын тулд түүнээс мэдүүлэг дахин авах шаардлагатай. б/ Шиан Дун Шэн нь Тианжин хотын ТайШэн компаний нэрийн өмнөөс 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №ELYT-2011-0125 тоот гэрээн дээрх тэмдэийн дардас нь албан ёсны тамга тэмдэг мөн эсэхийг шалгаж тодруулах, в/ Шиан Дун Шэн нь Монгол улсад С.Чулуун гэгчтэй төмрийн баяжмал худалдах гэрээ хийсэн асуудлыг нарийвчлан шалган тогтоох, г/ Сүн Шүй гэгч нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө би түүнтэй гэрээ хийсэн. Шанаас мөнгөө авна гэж мэдүүлсэн байхад түүнийг энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5.1, 8.5.8-д заасныг зөрчсөнийг зөвтгүүлэх, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 577,555,20 ам.доллар нэхэмжилсэн байгаа ба нөхөн төлөгдөөгүй гэж яллах дүгнэлтэд бичсэн атлаа тухайн хуулийн этгээдийг энэ хэрэгт хариуцагчаар татаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй /гэмт хэргийн шинжгүй иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан бүхий/ нөхцөл байдал Г.Бийн үйлдэлд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-д заасан тохиолдол байна гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Шиан Дун Шэн нь “Зуучлалын гэрээ” болон Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 сая ам.доллар зөвшөөрөл дээр өөрийн гарын үсгээ зурж компанийхаа тамга дарсан болох нь криминалстикийн шинжилгээний төвийн шинжээчийн 3-н удаагийн дүгнэлтээр Шиан Дун Шэний гарын үсэг мөн болохыг тогтоосоор байтал энэ үйлдлийг залилангийн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж шүүхэд шилжүүлсэн нь ойлгомжгүй байна. Мөн Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавын 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1/774 тоот бичигт “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК болон БНХАУ-ын “ТайШэн худалдааны экспорт импорт” ХХК-ийн хооронд байгуулсан “Худалдах, худалдан авах” гэрээний үүргийн биелэлттэй холбоотой асуудал нь Компанийн тухай хууль болон Арбитрын шүүхээр шийдвэрлэвэл зохих иргэний маргаан гэж дүгнэсэн байна. Г.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар дээрх ажиллагааг нөхөн гүйцээх боломжгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар прокурорт буцаах санал гаргасныг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн дээрх зөрчлийг арилгах, яллагдагч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтэд дурдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Б, Д.Б, Ч.У, Э.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Ширэндэв бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч нарын өмгөөлөгч Н.Ичинхорлоогийн гаргасан хүсэлтийг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр тухайн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж гаргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь: 1. Шүүгчийн захирамжид хэргийг прокурорт буцаах болсон үндэслэлийг тодорхойлох хэсэгт тодорхой тусгаж өгөөгүй, өмгөөлөгч Н.Ичинхорлоогийн шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авах бүрэн үндэслэлтэй байна гэсэн. Өмгөөлөгч Н.Ичинхорлоогийн гаргасан хүсэлтийн 1-3 дахь хэсэгт хохирогчийг зөв тогтоогоогүй, Г.Бийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас авсан 1.2 сая ам.доллар нь хэний өмчлөлийн мөнгө гэдгийг тогтоогоогүй гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар БНХАУ-н иргэн Шиан Дун Шэн нь 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ELYT-2011-0125 тоот “Худалдах, худалдах авах” гэрээг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-тай байгуулсан ба гэрээгээр 100 мянган тонн төмрийн хүдрийн баяжмалыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нийлүүлэх, түүний үнэ 4 сая ам.долларыг Тианжин хотын “ТайШэн худалдааны экспорт, импорт” ХХК буюу Шиан Дун Шэн төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг төлөөлж эдийн засаг, худалдаа хариуцсан орлогч захирал М.Сайннямбуу, ерөнхий ня-бо Д.Даваадорж, ХХА-ны дарга Р.Уламбадрах, ХЗХХ-ийн дарга М.Идэрпүрэв нар гарын үсэг зурсан нөгөө талаас “ТайШэн худалдааны экспорт, импортын” ХХК-ийн захирал Шиан Дун Шэн мөн Монгол дахь төлөөлөгч Э.Х нар гарын үсэг зурж гэрээг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн дэд захирал М.Баттөгс баталсан байна. Үүний дараа 2011 оны 5 дугаар сарын 15-наас 16-ны өдрүүдэд гэрээний үнийн дүнгийн 50 хувь болох 2 сая ам.долларыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Худалдаа хөгжлийн банкны валютын дансанд БНХАУ-иас Шиан Дун Шэн шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

Иймд Шиан Дун Шэнээс “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-нд шилжүүлсэн 2 сая ам.доллараас Г.Бийн буцаан авсан 1.2 сая ам.доллар хэний өмчлөлийн мөнгө болохыг тогтоогоогүй, хохирогчийг зөв тодорхойлоогүй гэж өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан нь үндэслэлгүй байна.

2. Өмгөөлөгч Н.Ичинхорлоогийн хүсэлтийн 4, 5, 6 дугаар хэсэгт бичигдсэн хохирогчоор тогтоогдсон БНХАУ-ын иргэн Шиан Дун Шэн нь Монгол Улсын хилээр гарч хаана байгаа нь тодорхойгүй үндэслэлээр хэргийг түдгэлзүүлсэн. Гэтэл хэргийг түдгэлзүүлсэн шалтгаан арилаагүй байхад буюу Шиан Дун Шэн гэгч нь олдоогүй байхад хэргийг үндэслэлгүйгээр сэргээсэн бөгөөд хохирогчийг байхгүйгээр хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэх боломжгүй байгааг анхаарах нь зүйтэй. Мөн хохирогч гэх Шиан Дун Шэнийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай, түүнчлэн хохирогч болон түүний өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэжээ. Г.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд 02 дугаартай тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан. Тухайн тогтоолын 1 дэх заалтад Г.Бид холбогдох эрүүгийн хэргээс БНХАУ-ын иргэн Шиан Дун Шэнийг залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шалгагдсан хэргийг тусгаарласан нь үндэслэлгүй байна. Хохирогч гэх Шиан Дун Шэн байхгүй нь хэргийг шийдвэрлэхэд саад болохооргүй байх тул тухайн хэргийг нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

Иймд Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Бид холбогдох хэргийг хянан хэлэлцээд хохирогч Шиан Дун Шэнийг байхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой ба түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн тул өмгөөлөгчийн энэ талаар гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авсан нь үндэслэлгүй байна.

3. Өмгөөлөгч Н.Ичинхорлоогийн гаргасан хүсэлтийн 7 дахь хэсэгт Шиан Дун Шэнээс дахин мэдүүлэг авч 2 асуудлыг асууж тодруулах шаардлагатай гэсэн боловч тухайн асуудлууд нь хэрэгт ач холбогдолгүй байна.

БНХАУ-ын иргэн Сүн Шүй гэгчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлгүй, мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг иргэний хариуцагчаар тогтоогоогүй байж иргэний нэхэмжлэгч Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 577,555,20 ам.доллар нэхэмжилсэн төлөгдөөгүй гэж яллах дүгнэлтэд бичигдсэн гэх асуудлын тухайд Шиан Дун Шэнээс “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 2 сая ам.долларын эх үүсвэр нь БНХАУ-ын иргэн Сүн Шүй гэгчтэй хийсэн гэрээний үндсэн дээр авсан мөнгө гэдэг талаар Шиан Дун Шэн нь мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн. Сүн Шүй гэгч нь гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгөхдөө мөн энэ талаар тодорхой мэдүүлсэн. Иймд Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-иас өмнө шилжүүлсэн 2 сая ам.долларын үлдэгдэл болох 557,555,20 ам.долларыг нэхэмжилж буй Сүн Шүйг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй байна.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн хувьд төмрийн хүдэр нийлүүлэх гэрээний үндсэн дээр дансанд нь орж ирсэн 2 сая ам.доллараас 1,2 сая ам.долларыг нь буцаан өгсөн. Мөн 220,000 ам.доллартай тэнцэх хэмжээний буюу 5000 тонн төмрийн хүдэр үйлдвэрээс ачуулсан нь тогтоогдсон ба үлдэгдэл 577,555,20 ам.долларыг иргэний нэхэмжлэгчид хариуцаж төлөх үндэслэлтэй тул тус компанийг иргэний хариуцагчаар татаж, компанийн эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Цогтбаатар оролцож байгаа болно.

Харин өмгөөлөгч Н.Ичинхорлоогийн хүсэлтийн 7 дахь хэсэгт тусгагдсан Г.Б, Шиан Дун Шэн нарын хоорондын асуудал нь иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах асуудал гэжээ. Энэ нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан үзэх асуудал биш бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэх асуудал юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

Яллагдагч Г.Б, Ч.У, Д.Б нарын өмгөөлөгч Н.Ичинхорлоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гарсан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас дараах тайлбарыг гаргаж байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Яагаад гэвэл өмгөөлөгчийн зүгээс шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтээ бичиж өгсөн. Миний хүсэлт хэрэгт дэлгэрэнгүй, бүрэн эхээрээ авагдсан байгаа. Прокурорын эсэргүүцэлд “өмгөөлөгч Н.Ичинхорлоогийн хүсэлтийн 1-3 дахь хэсэгт хохирогчийг зөв тогтоогоогүй” гэж бичсэн байна. Тэгэхээр миний гаргасан хүсэлтийн 1-3 дахь хэсэгт хохирогчийг зөв тогтоох талаар бичээгүй. Хүсэлтэд энэ талаар тодорхой байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь заалтад зааснаар хохирогч гэж үзсэн Шиан Дун Шэн нь эрүүгийн хохирогч биш иргэний эрх зүйн харилцааны оролцогч гэж үзэх баримт хавтаст хэрэгт авагдсан байна гэдгийг хэлсэн. Тийм учраас тухайн нотлох баримтуудыг мөн хүсэлтээ давхардуулан хавсгаргаж өгсөн. Тэгэхээр хохирогчийг зөв тогтоох шаардлагатай гэж хүсэлтийн нэг дэх хэсэгтээ бичсэн. Хүсэлтийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 3 дахь заалтын дагуу хүсэлтээ гаргасан. Энэхүү заалт нь эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх заалт байгаа. Үүнд Эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх, эсхүл энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5-д заасан нөхцөл байдал бий болсонтой холбоотой асуудал байгаа эсэхийг нягтлан шалгах шаардлагатай гэдгээр хүсэлтээ бичсэн. Учир нь энэ хэргийг түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлсэн үндэслэл БНХАУ-ын иргэн Шиан Дун Шэн нь Монгол Улсын хилээр гарж явсан тул олж тогтоох тодорхой арга хэмжээг авч, энэ хүнийг оролцуулан хэргийг сэргээж шийдвэрлэх асуудал байгаа. Гэтэл энэ түдгэлзүүлсэн шалтгаан огтоос арилаагүй байхад хэргийг сэргээсэн. Энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцэлд холбогдуулан хэлэхэд Улсын Дээд шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүх хуралдааны тогтоолын заалтад энэ хэргийг нэгтгэн шийдвэрлэ гэсэн заалт байгаа болохоос биш хохирогч Шиан Дун Шэн байхгүй нь хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй гэсэн зүйл огт байхгүй. Бид хуулийн дагуу ажиллах ёстой. Гэтэл хэргийг түдгэлзүүлсэн үндэслэл арилаагүй байхад хэн нэгэн гомдол гаргаснаар хэргийг сэргээсэн байдаг. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиа баримтлах ёстой байтал энэ хуулийн заалт зөрчигдсөн байгаа. Нэмж энэ дээр хэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.3 дахь заалтад заасан нөхцөл байдал буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүсчихсэн байгаа.

Дараагийн дугаарт прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад бичигдэх ёстой хуульд заасан зүйл бичигдээгүй байна гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-д зааснаар хэлсэн байгаа. Учир нь эд хөрөнгийг нь битүүмжилсэн байтал энэ талаар яллах дүгнэлтийн хавсралтад орхигдуулж, бичигдээгүй байсан. 4, 5 дахь заалтыг бичихдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2-д заасныг зөрчсөн гэж үзсэн. 4 дэх заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.9-д заасан хурлын товын талаар бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл урьдчилсан хэлэлцүүлэг явуулах эсэхийг хангах явдлын талаар бичсэн. 5 дахь заалт нь хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах ёстой гэдэг байдлаар хандсан. Яагаад гэвэл сая Хурцаа хүртэл хэлж байна. Энэ хэрэг дээр хохирогч Шиан Дун Шэнийн Дарханы Төмөрлөгийн үйлдвэртэй байгуулсан гэрээ нь нэг талаас “ТианШин” ХХК болон Дарханы Төмөрлөгийн үйлдвэр хоёрын хооронд хийгдсэн гэрээ. Тэгэхээр хэрэгт авагдсан баримтаар хохирогч Шиан Дун Шэн нь гарын үсэг зурсан зүйл байхгүй гэсэн байдаг. Энэтэй холбоотой хийгдсэн шинжээчийн дүгнэлтүүдийг судлаад үзэхээр Шиан Дун Шэний гарын үсэг мөн гэсэн. Хоёрдугаарт Хурцаагийн хэлдэг тамганы асуудал бий. Өөрөөр хэлбэл 2011 онд хийгдсэн гэрээн дээрх тамга нь шинжээчийн дүгнэлтээр хуулбарлан хийгдсэн тамга байна гэсэн. Ийм учраас хохирогч гэх Шиан Дун Шэнийг шүүх хуралдаанд оролцуулж шийдвэрлэхгүй бол хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтоох боломжгүй гэж үзэж байна.

6 дахь хүсэлтийн хувьд шүүх хурлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.11-д зааснаар ямар байдлаар явуулах вэ гэдэг асуудлаар бичсэн. 7 дахь хүсэлтийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.12-д заасан таслан сэргийлэх арга  хэмжээний талаарх хүсэлтээ гаргасан. Дараагийн дугаарт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааг дууссан бол хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг зөрчсөн байгааг тодорхойлж бичсэн. Дээрх нөхцөл байдлыг шүүхийн шатанд нөхөн гүйцээж хийх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Бас нэг зүйл байна. Сүн Ши гэх хүн байгаа. Энэ хүн, Шиан Дун Шэн нарын хооронд гэрээ хийгдсэн баримт хавтаст хэрэгт бий. Гэтэл Сүн Ши гэгчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж хүн хэрэгт явж байгаа. Тэгэхээр энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 8-ийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгчийг буруу тогтоосон. Энэтэй холбоотой баримтуудыг шинжлэн судлуулахаар хавтаст хэрэгт гаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлсэн. Учир нь Сүн Ши нь би зөвхөн Шиан Дун Шэнээс мөнгөө авна, бид хоёрын хооронд гэрээ хэлцэл хийгдсэн гэж байхад Сүн Шинийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт байгаа үлдэгдэл ам.долларын нэхэмжлэгч гэж үзсэн нь учир дутагдалтай. Тэгэхээр бид хуулийн хүрээнд ажиллаж, хуулийн хүрээнд эрх зүйн баримт бичиг гарах ёстой. Тэгэхээр энэхүү нөхцөл байдлыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

 

Яллагдагч Э.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дарханы Төмөрлөгийн үйлдвэртэй байгуулсан хохирогч Шиан Дун Шэний гэрээний дагуу надад мөнгө шилжүүлэх эрх надад огт байхгүй. Гэтэл Дарханы Төмөрлөгийн үйлдвэр миний итгэмжлэлтэй гэх баримтыг үндэслэн мөнгийг шилжүүлсэн байдаг. Тэрхүү итгэмжлэл дээрх гарын үсэг нь хуурамч, цагдаагийн байгууллагаас энэ талаар ерөөс шалгаагүй. Мөн тамга тэмдэг нь том, жижиг хуурамч байсан. Бүх юм хуурамч, дуурайлгаж хийсэн байсан. Энэ хэргийг шалгаад 7 жил болж байна. Энэ хугацаанд миний эрхийг их зөрчиж, аймар их хэцүү байна. Хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэв.

 

Яллагдагч Э.Хгийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Энэ нь ямар учиртай вэ гэхээр хэргийг дахин дахин мөрдөн байцаалтын шатанд буцаах нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Энэ хүн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсэхгүй байгаа. Үндсэн хуульд заасны дагуу шударга шүүхээр гэм буруугийн байдлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. Иймд түүний гэм буруугийн асуудлыг шүүхээр нэг мөр хагалж шийдвэрлүүлж өгнө үү. Мөн өмгөөллийн үг бүхий тайлбараа бичгээр гаргаж байгаа үүнийг хэрэгт хавсаргаж өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Б, Д.Б, Э.Х, Ч.У нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас прокурорт буцаах захирамж гаргахдаа шүүгдэгч Г.Б, Ч.У, Д.Б нарын өмгөөлөгч Н.Ичинхорлоогийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай 7 үндэслэл бүхий 11 хүсэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтүүдийг няцаасан прокурорын үндэслэлүүдийн талаар тус тусад нь дүгнэлт хийж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн аль хүсэлтийг нь ямар үндэслэлээр хүлээн авч байгаа талаар “Хэргийг Прокурорт буцаах” тухай шийдвэртээ дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн шаардлагыг хангаагүй байх ба энэ талаар бичсэн прокурорын “...Шүүгчийн захирамжид хэргийг прокурорт буцаах болсон үндэслэлийг тодорхойлох хэсэгт тодорхой тусгаж өгөөгүй...” гэсэн эсэргүүцэл үндэслэлтэй байна.  

Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцсэн хүсэлтэд дүгнэлт хийгээгүй байхад давж заалдах шатны шүүхээс үнэлэлт, дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй ба энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэнэ...” гэж заасан байх тул 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 297 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Б, Д.Б, Э.Х, Ч.У нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 297 дугаар захирамжийг хүчингүй болгож, Г.Б, Д.Б, Э.Х, Ч.У нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Г.Б, Д.Б, Э.Х, Ч.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                                 ШҮҮГЧИД                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                            Д.ОЧМАНДАХ