Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0773

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“АБ” СӨХ-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Батцэнгэл,

Нэхэмжлэгч: “АБ” СӨХ,

Хариуцагч: Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №21 дугаартай тогтоолын “13 дугаар хорооллын 3 дугаар байрны 13 давхарт байрлах 2 өрөөнд холбогдох хэсгийг, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас иргэн Д.Зт 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгосон 2019002 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 695 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, хариуцагч нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Д.Ш, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа,

Хэргийн индекс: 118/2022/0372/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 695 дугаар шийдвэрээр:

“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 6.2, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.4, Орон сууц хувьчлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 1, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан АБ сууц өмчлөгчдийн холбооны гаргасан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 13 дугаар хорооллын 3 дугаар байрны 13 давхарт байрлах 2 өрөөнд холбогдох хэсгийг болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэн Д.Зт 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгосон 2019002 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож”” шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

2.1.Өмчлөх, эзэмших эрх үүссэн талаар: Иргэн Д.З нь Сүхбаатар аймгаас 2000 онд Улаанбаатар хотод шилжин ирж эхнэр Т.Н  нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, 3-р байрны Сууц өмчлөгчдийн холбоонд жижүүр, үйлчлэгчээр ажилд орсноор уг байрны 1-р давхрын жижүүрийн өрөөнд 4 ам бүлээр амьдарч эхэлсэн байна. Нөхөр Д.З нь ажилгүйн улмаас эхнэр Т.Н ийн ажилд цэвэрлэгээний ажилд гар бие оролцон хог новшноос нь салгалцаж, тухайн байрыг цэвэр цэмцгэр, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж иржээ. Мөн хүүтэй болж, ам бүл нэмж цаашид жижүүрийн жижиг өрөөндөө багталцахгүй болсны улмаас тус байрны оршин суугчдын санал хүсэлт болон Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр одоогийн оршин сууж байгаа 13-р давхар дахь техникийн ѳрѳѳний буланд байрлах өрөөнд нүүж орсон байна. Ингэхдээ 2012 оноос эхлэн өөрсдийн хүчээр уг өрөөг цэвэрлэн тохижуулж, засвар үйлчилгээг нь хийж, гүйцэтгэх захирлын дэмжлэгтэйгээр мэргэжлийн байгууллагаар цахилгаан, ус, дулааны шугамыг татуулж эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан амьдрах орчноо бүрдүүлж, орон сууцаар өөрсдийгөө хангасан байна. Энэ нь Орон сууцны тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “иргэд эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан орон сууцаар өөрсдийгөө хангах нөхцөлийг бүрдүүлж өгөх”-өөр заасан Төрийн чиг үүрэг, зарчимтай нийцэж байна.

Эдгээр нь 1-р хавтаст хэргийн 138-р талд авагдсан "АБ" СӨХ-ийн даргын 2002 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот “Жижүүрээр авч ажиллуулах тухай" тушаал, 140-р талд авагдсан тус Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захиралтай байгуулсан "Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ", 212-р талд авагдсан "Хөлсөөр ажиллуулах гэрээ" зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

2.2.Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжид “...Орон сууцны техникийн зориулалттай зарим өрөө доод хонгил, шатны доорх зайнд түрээсийн гэрээ, эзэмших эрхийн бичиг, зарим эрх бүхий албан тушаалтны бичгийн болон аман шийдвэрээр амьдралын гачигдалтай айл болон хүн амьдарч орон сууцны зориулалтаар түүнийгээ засан сайжруулж эзэмшсээр ирсэн ба одоо ч ийм айл өрх тэнд амьдарч байна. Эдгээр хүмүүс нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар тухайн байшинд үйл ажиллагаа явуулж байгаа Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн төдийгүй сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч мөн юм. Гэтэл зарим Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал дундын өмчлөлийн эд хөрөнгө, орчны газрыг эзэмшдэг мэтээр ойлгож тэдгээр айл өрх иргэнийг гэрчилгээ эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр орон сууцыг ашиглаж байна, иргэний үүргээ биелүүлдэггүй уг өрөө тасалгаа нь хүн, айл амьдрахад зориулагдаагүй гэх зэрэг үндэслэлгүй хууль бус шалтгаан зааж, тэнд амьдрагсдыг гарахыг шаарддаг төдийгүй эрх бүхий этгээдээс олгосон орон сууц эзэмших, өмчлөх тухай шийдвэр гэрээ гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус юм.

Өөрөөр хэлбэл өөрийн холбооныхоо гишүүн төдийгүй сууцны байшингийн дундын өмчлөлийн эд буюу үйлчлүүлэгчийнхээ эсрэг эрх хэмжээгээ хэтрүүлж байгаа үйлдэл гэж үзэхээр байна гэж онцлон дүгнэжээ.

2.3.Эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар хандсан, олгосон талаар: Тухайн амьдарч буй өрөөнийхөө өмчлөгч, эзэмшигч мөн болохын хувьд Д.З, Т.Н  нар нь эзэмшил, өмчлөлөө баталгаажуулахын тулд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Орон сууц хувьчлах товчоонд хандан магадлан шинжлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд үүнийг нь тус Сууц өмчлөгчдийн холбооноос дэмжсэн байдаг.

2.4.Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2017 оны А/583-А/05 тоот тушаал, захирамжаар байгуулагдсан Магадлан шинжлэх хэсэг "хүн амьдрах шаардлага хангана" гэж дүгнэлт гаргасан байна.

2.5.Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоо 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21-р тогтоолоор Магадлан шинжлэх хэсгийн 02 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

2.6.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь иргэний өргөдөл, Хэрэглэгчдэд үйлчлэх 4-р төв, Сууц өмчлөгчдийн холбооны тодорхойлолт, Магадлан шинжлэх хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаартай дүгнэлт, Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21-р тогтоолыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 15-р хороо, 13-р хорооллын 3-р байрны 45 тоот 2 өрөө орон сууцыг эзэмших эрхийн 2019002 тоот гэрчилгээг Д.Зт олгосон байна.

2.7.Шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлгүй талаар: Анхан шатны шүүхийн шийдвэрт "Нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах дээврийн хонгилд байх өрөөг Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын шийдвэргүйгээр хүн амьдрах боломжтой гэсэн дүгнэлт, орон сууц эзэмших эрхийн бичгээр бусдын эзэмшилд шилжүүлсэн нь хууль бус гэж маргаж буй нь хууль зүйн үндэслэлтэй байна" гэж дүгнэжээ.

Тэгвэл Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж хуульчилсан бөгөөд 7.2 дахь хэсэгт дараах асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан байх бөгөөд үүнд нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад өмчлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх эрх олгогдоогүй байна.

 Үүнээс үзэхэд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна.

2.8.Орон сууц хувьчлах тухай хуулийн 3-р зүйлийн 6-д "сууц өмчлөгч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц болон тухайн байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу хувьчлан авсан иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг хэлнэ гэж хуульчилжээ. Үүнээс үзэхэд дундын өмчлөлийн эд хөрөнгийг хувьчилж авах эрх нээлттэй бөгөөд хувьчлах эрхийг Төр, түүний эрх олгосон байгууллага буюу Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн Засаг дарга, Улсын хэмжээнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар шийдвэрлэхээр байна.

2.9.Харин хувьчлах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Магадлан шинжлэх хэсгийн Дүгнэлт гаргуулж "хүн амьдрах шаардлага хангасан, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой" гэж тогтоогдсон тохиолдолд орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа эзэмшигчдэд нь өмчлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэж байхыг Засгийн газарт УИХ-ын 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 27-р тогтоолоор даалгасан байна. Үүнээс үзвэл эзэмших, өмчлөх эрхийг баталгаажуулах эрхийг МУ-ын Их хурлаас Засгийн газартаа хариуцуулсан бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар шийдвэрлүүлэх зохицуулалт хуульчлагдаагүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2022/0695 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад буруу дүгнэлт өгч, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “АБ” СӨХ-оос “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай тогтоолын “13 дугаар хорооллын 3 дугаар байрны 13 давхарт байрлах 2 өрөөнд холбогдох хэсгийг,

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэн Д.Зт 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгосон 2019002 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус тус холбогдуулан гаргажээ.

2.Маргаан бүхий Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт батлах тухай” 21 дүгээр тогтоолоор[1] Магадлан шинжлэх хэсгийн 2018 оны 02, 03 дугаар дүгнэлтүүдийг зөвшөөрч, тогтоолын биелэлтийг хангуулж ажиллахыг Орон сууц хувьчлах товчооны нарийн бичгийн даргад даалгажээ.

3.Мөн Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 дүгээр тогтоол, Магадлан шинжлэх хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаартай дүгнэлт, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 4-ийн тодорхойлолт, “АБ” СӨХ-ны тодорхойлолт, удирдах зөвлөлийн шийдвэр, гуравдагч этгээдийн өргөдөл зэргийг үндэслэн маргаан бүхий 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2019002 дугаар гэрчилгээгээр[2] Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хороолол 3 дугаар байр 3 дугаар орц 45 тоот 2 өрөө орон сууцыг эзэмших эрхийг гуравдагч этгээд Д.Зт олгосон болох нь тогтоогдож байна.

Маргаан бүхий орон сууц гуравдагч этгээдийн эзэмшилд шилжсэн үндэслэлийн тухайд:

4.Анх “АБ” СӨХ-ны “Жижүүрээр авч ажиллуулах тухай” 2002 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 04 тушаалаар[3] Т.Н ийг 3 дугаар байрны жижүүрээр авч ажиллуулжээ.

5.Улмаар “Алтай бараа” СӨХ-ны харьяа 3-р байрны 1 дүгээр орчны мансартны 30 м.кв талбайтай өрөөг 1 сарын 12,000 төгрөгөөр хөлсөөр ашиглуулахаар “АБ” СӨХ-г гүйцэтгэх захирал Д.Гэзэг болон жижүүр Т.Н  нарын хооронд Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний хуримтлалын гэрээг[4] 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулж, гуравдагч этгээдээс маргаан бүхий орон сууцыг түрээслэн эзэмшиж эхэлсэн байна.

6.Мөн “АБ” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр[5] “3 дугаар байрны жижүүр ам бүл нэмэгдэж, 5-уулаа болсонтой нь холбогдуулан байрных нь нөхцөлийг сайжруулж өрөө гаргаж өгөхийг дэмжиж СӨХ-ны захирал Д.Гэзэгт үүрэг болгож” шийдвэрлэжээ.

7.Үүний дагуу “АБ” СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаар “Тодорхойлолт”[6]-оор Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт “... мэргэжлийн байгууллагын хувьд магадлан шинжилж, шалган хүсэлтийн дагуу шийдэж өгөхөд СӨХ-ны зүгээс татгалзах зүйлгүй гэж дэмжиж байна” гэж тодорхойлжээ.

8.Мөн “АБ” СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаар албан бичгээр[7] “... өөрсдийн хөрөнгө оруулалтаар засварласан мансардын 45 тоотын 42 м.кв 2 өрөөг хувьчилж өгөхийг дэмжихийг хүсэж байна” гэж Нийслэлийн Захирагчийн ажлын албанд тус тус хандсан болох нь тогтоогдож байна.

9.Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, “АБ” СӨХ-ны удирдах зөвлөл, мөн тус холбооны гүйцэтгэх захирлаас өөрийн холбооны 3 дугаар байрны 13 дугаар давхрын техникийн өрөө болох 2 өрөөг тус СӨХ-д 16 жил оршин суугчдын тав тухыг хангаж, хариуцлагатай ажилласан ажилтан болон түүний гэр бүлийг дэмжиж, 3 хүүхэд төрүүлж, ам бүл 5-уулаа болсон нөхцөл байдлыг нь харгалзан, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор түүний гэр бүлд уг 2 өрөө орон сууцыг эзэмшүүлэхээр зөвшөөрч, улмаар уг орон сууцыг хувьчлах асуудалтай холбоотойгоор холбогдох захиргааны байгууллагуудад хандсан болох нь тогтоогдож байна.

10.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д “Удирдах зөвлөл дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:”, 10.8.3-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эсэхийг шийдвэрлэх”, 12 дугаар зүйлийн 12.4-т “Гүйцэтгэх захирал дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:”, 12.4.5-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах”, 12.4.6-д “холбооны нэрийн өмнөөс буюу 2-оос доошгүй сууц өмчлөгчийн хүсэлтээр эрх бүхий байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх” гэж заасныг “АБ” СӨХ-ны удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирлаас зөрчсөн, эрхээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

11.Өөрөөр хэлбэл, “АБ” СӨХ-ны удирдах зөвлөлөөс тус орон сууцны техникийн зориулалттай өрөөг өөрийн ажилтнаар удаан хугацаагаар ажилласан, 3 хүүхэдтэй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гуравдагч этгээдийн гэр бүлд уг техникийн өрөөг эзэмшүүлэх агуулгатай шийдвэр гаргасан. Улмаар хүн амьдрах мэргэжлийн этгээдийн дүгнэлтийн үндсэн дээр орон сууцыг эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхтэй эрх бүхий этгээдэд албан бичиг хүргүүлсэн үйлдлийг дээр дурдсан хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

12.Иймд анхан шатны шүүхийн “...удирдах зөвлөлөөс ...өрөө гаргаж өгөхийг гүйцэтгэх захиралд үүрэг болгосон байхад холбооны гүйцэтгэх захирал ...эрхээ хэтрүүлэн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хувьчлах үр дагавар бүхий магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт, орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус тус хандсан нь хууль бус болжээ” гэсэн дүгнэлт хуульд нийцээгүй байна.

Техникийг өрөөг орон сууцны зориулалтаар олгосон хариуцагч нарын шийдвэр нь хуульд нийцсэн эсэх  тухайд:

13.Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байр нь 1986 онд ЗСБНХУ-ын Москва хотод “Шинжлэх ухаан, соёл, технологийн ажилчдад зориулсан 132 айлын орон сууцны барилга” нэртэйгээр зурагдсан зургийн[8] дагуу 1990 онд ашиглалтад орсон, төрийн өмчийн орон сууц байна.

Маргаан бүхий гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа орон сууц нь тус зургаар техникийн давхар, техникийн шатны план хэсэгт буюу дээврийн давхарт, лифтний удирдлагын өрөөтэй залгаа байрлах техникийн өрөөний зориулалтай хэсэг гэж үзэхээр байна.

14.Мөн гуравдагч этгээдээс өөрийн хөрөнгөөр мэргэжлийн этгээдээр цахилгаан, цэвэр, бохир ус, дулааны шугам тавиулж, ариун цэврийн өрөө, цонх гаргаж, лифтний техникийн хэсгийн аюулгүй байдлыг ханган тусгаарласан гэдэг нь гуравдагч этгээд болон СӨХ-ны гүйцэтгэх захирал асан Д.Гэзэгийн тайлбар[9], Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичиг[10] зэргээр тогтоогдож байна.

15.Дээрхээс гадна, магадлан шинжлэх хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтээр[11] “13 давхарт байрлах ашиглалтгүй байсан зай талбайг орон сууцны зориулалтаар тохижуулан 2014 оноос хойш амьдарсан тус айлын цахилгааны болон усан хангамж, ариутгах татуургын холболт, монтаж нь тус байрны бусад айл өрхийн ашиглалтад сөргөөр нөлөөлөх зүйлгүй, стандартын дагуу даралт даах, шугам хоолой, холбох хэрэгсэл, утас, кабель, тоног төхөөрөмжөөр хийгдсэн, цахилгаан болон усны хэрэглээгээ баталгаат тоолуулаар тооцож, цахилгаан эрчим хүчээр хангагдах гэрээ байгуулан төлбөр тооцоогоо цаг тухайд нь хийж хэвшсэн” гэж үзжээ.

16.Мөн магадлан шинжлэх 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар дүгнэлтээр[12] “өөрсдийн хөрөнгө хүчээр дотор заслаа хийсэн, төвийн халаалт, халуун, хүйтэн ус, цахилгаан хангамжтай, бохир усны нэгдсэн системд холбогдсон ердийн агааржуулалттай, ариун цэврийн өрөөндөө суултуур, угаалтуур тоноглогдсон, байгалийн гэрэлтүүлэгтэй, хүн амьдрах хэрэгцээ шаардлага хангагдсан” гэж үзэн “хүн амьдрах шаардлага хангана” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

17.Орон сууцны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Орон сууцны тухай хууль тогтоомж нь ..., Иргэний хууль, ..., Орон сууц хувьчлах тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэж,

Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.1-д “"орон сууц" гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг” гэж,

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс орон сууцны талаар дараахь зарчим баримтална:”, 4.1.1-д “иргэд эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан орон сууцаар өөрсдийгөө хангах нөхцөлийг бүрдүүлж өгөх” гэж тус тус заажээ.

18.Орон сууц хувьчлах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хувьчлах явцад төрийн эрх бүхий байгууллага иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.” гэж,

Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:”, 1-д  “"нийтийн зориулалттай орон сууцны байшин" гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг”, 3-д “"сууц" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь нэг гэр бүл аж төрөхөд зориулагдсан нэг буюу хэд хэдэн өрөө бүхий цогцолборыг”, 5-д “"сууц эзэмшигч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц / нэг буюу нэгээс дээш өрөө/ -ыг сууц эзэмших эрхийн бичиг / ордер/ , орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг” гэж,

Мөн хуулийн 4 дүгээр зүйл 1 дэх хэсэгт “Орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны байшингийн /цаашид "орон сууц" гэх/ нэг сууц /өрөө/-ыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын нь үндсэн дээр, нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар, хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг баримтална.” гэж,

Уг хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Орон сууц хувьчлах товчоо орон сууц хувьчлах ажлыг хэрэгжүүлэхдээ дараахь бүрэн эрхтэй:”, уг хэсгийн 1 дэх заалтад “тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд орон сууцны хувьчлалд хамаарах төрийн өмчийн орон сууцны байшин, ... хувьчлах орон сууц бүрт магадлан шинжилгээний дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулах”, 2 дахь заалтад “эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах тухай иргэнээс гаргасан өргөдлийг хүлээн авах” гэж тус тус заасан.

Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын хамтын шийдвэрээр хувьчлах орон сууцны чанар, аваарь, осолгүйн байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн болон техникийн шаардлага хангасан эсэхийг тогтоож, тухайн орон сууц хүн амьдрах шаардлага хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах бүрэн эрхтэй орон тооны бус магадлан шинжлэх хэсгийг байгуулна.”, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Магадлан шинжлэх хэсэг тухайн орон сууц хүн амьдрах шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргана.” гэжээ.

19.Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт  “Хот, тосгоны өөрийн мэдлийн өмчийг хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулж, тэдгээрийг шинээр бий болгох, түрээслэх асуудлыг шийдвэрлэнэ.”, 2 дахь хэсэгт “Хот, тосгоны оршин суугчдын ашиг сонирхолд нийцүүлэн хот, тосгоны өөрийн мэдлийн өмчийг хувьчлах асуудлыг боловсруулж хууль тогтоомжид заасан журмаар шийдвэрлүүлнэ.” гэж зохицуулсан.

20.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:”, 4.1.3-д “"сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог” гэжээ.

Уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна:”, 15.1.1-д “орон сууцны байшингийн ..., доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, ... орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, ..., тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж зохицуулсан.

21.Улсын Их Хурлын 2003 оны 27 дугаар тогтоолын 2 дахь заалтаар “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь техникийн өрөөг магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр хүн амьдрах шаардлага хангасан, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэж тогтоогдсон тохиолдолд уг техникийн өрөөг зохих эрхийн бичгийн үндсэн дээр сууцны зориулалтаар ашиглаж байгаа эзэмшигчдэд нь өмчлүүлэх эсэх асуудлыг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгажээ.

22.Уг тогтоолын энэхүү 2 дахь заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан Засгийн газрын 2004 оны 140 дүгээр тогтоолоор “Төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь хүн амьдрах шаардлага хангасан үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдийн өмчлөлд зохих журмын дагуу шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасан байна.

23.Дээрх хууль тогтоомж, эрх зүйн актуудын зохицуулалтуудаас дүгнэхэд, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг анхдагчаар буюу шинээр баталсантай холбоотойгоор өмнө нь төрийн өмчид байсан орон сууцуудын хувьд тус шинэ хуулиар сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд оруулахаар зохицуулсан техникийн болон үйлчилгээний өрөөг хэрэв магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр хүн амьдрах шаардлага хангасан, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэдэг нь тогтоогдсон тохиолдолд зохих эрхийн бичгийн үндсэн дээр орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа эзэмшигч иргэдэд өмчлүүлэхийг эрх бүхий этгээдэд даалгажээ.

Тодруулбал, өмнө үйлчилж байсан төрийн өмчийн орон сууцыг иргэдэд нэг удаа үнэгүй хувьчлан өгөх, өмчлүүлэх харилцаа буюу төрөөс иргэдийг орон сууцтай болох боломжийг бүрдүүлэх хууль, эрх зүйн зохицуулалтын дагуу төрийн өмчийн орон сууцны техникийн болон үйлчилгээний өрөөг эзэмшигч нарын тус орон сууцыг эзэмших, өмчлөх эрхийг хамгаалах, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах зорилгоор шинэ хуулиар сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд хамааруулсан техникийн өрөө болон үйлчилгээний өрөөнөөс онцлог байдлаар авч үзсэн.

Хууль тогтоогчоос өөрийн хуулийг дагаж мөрдөх журам, зохицуулалтыг шийдвэрлэх эрх хэмжээний хүрээнд буюу шинэ хуулийг хэрэгжүүлэхэд шилжилтийн үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж зохицуулсан шинжтэй, төрийн бодлогын арга хэмжээ гэж үзэхээр байна.

24.Энэхүү эрх зүйн онцлог зохицуулалтыг маргааны тохиолдлын хувьд авч үзвэл, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байр нь 1990 онд баригдсан төрийн өмчийн орон сууц бөгөөд шинэ хуулийг хэрэгжүүлэх явцад шилжилтийн үеийн нөхцөл байдлыг зохицуулсан хууль, УИХ, Засгийн газрын шийдвэрээр хариуцагч нарт  нийслэлийн өмчийг хувьчлах асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ олгогдсон.

Үүний дагуу тус төрийн өмчийн байрны дээврийн хэсэгт байрлах техникийн өрөөг “хүн амьдрах шаардлага хангасан” гэх мэргэжлийн байгууллага буюу магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтийг баталсан маргаан бүхий 21 дүгээр тогтоол болон нэхэмжлэгч тухайн орон сууцыг өөрийн хөрөнгөөр тохижуулан 4 жил гаруй хугацаанд орон сууцны зориулалтаар ашиглаж байсан нөхцөл байдал, СӨХ-ийн зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг тус тус үндэслэн Улаанбаатар хотын захирагчийн албанаас 2019002 орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хуульд нийцээгүй гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймээс анхан шатны шүүхийн “Орон сууц хувьчлах тухай хуулийн зорилт нь төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хувьчлах явцад төрийн эрх бүхий байгууллага иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад орших тул орон сууцны байшингийн дээврийн хонгил буюу дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах хэсэгт магадлан шинжлэх хэсэг ажиллуулж дүгнэлт гаргуулах, цаашлаад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ олгох хуульд заасан үндэслэл байхгүй..., дундын өмчлөлийн эд хөрөнгөд эзэмших эрхийн гэрчилгээ олгох эрх хэмжээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд олгогдоогүй” зэрэг дүгнэлт үндэслэлгүй болжээ.  

25. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар зөвхөн хэлэлцэх асуудлыг хуульчилсан. Үүнээс үзэхэд маргаан бүхий Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 13 дугаар хорооллын 3 дугаар байрны 13 давхарт байрлах 2 өрөөг бусдад хувьчлуулах эсэх асуудлыг шийдвэрлэхийн тулд зайлшгүй сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын саналыг харгалзан үзэх талаар тусгайлан зохицуулаагүй.

Иймд анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгч “сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах дээврийн хонгилд байх өрөөг СӨХ-ны бүх гишүүдийн хурлын шийдвэргүйгээр “хүн амьдрах боломжтой” гэсэн дүгнэлт, орон сууц эзэмших эрхийн бичгээр бусдын эзэмшилд шилжүүлсэн нь хууль бус” гэж маргаж буй нь ...хууль зүйн үндэслэлтэй байна” гэсэн агуулга бүхий дүгнэлт үндэслэлгүй байна.

26.Дүгнэхэд, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “"орон сууц" гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг” хэлэхээр зааснаас үзэхэд орон сууц нь хүний наад захын амьдрах амьжиргааны үндсэн хэрэгцээний эд хөрөнгө юм. “АБ” СӨХ-ны удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлаас тус СӨХ-д олон жил сайн ажилласан, олон хүүхэдтэй ажилтандаа төрөөс хуулиар олгосон иргэдийг орон сууцтай болгох боломжийг бүрдүүлсэн нөхцөл байдлыг ашиглан амьдралын үндсэн хэрэгцээ болох орон сууцтай болоход нь тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор гуравдагч этгээдэд маргаан бүхий өрөөг эзэмших эрхийг шилжүүлэхийг зөвшөөрсөн.

Энэхүү нөхцөл байдал нь хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байх тул “АБ” СӨХ-ны удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор өмнөх удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын ажилтнаа орон сууцтай болгох боломжийг бүрдүүлсэн шийдвэрийг үгүйсгэх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

27.Цаашлаад хариуцагч нараас төрөөс иргэдийг орон сууцтай болгох боломжийг бүрдүүлсэн эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэх өөрт хуулиар олгогдсон үүргээ биелүүлэн гуравдагч этгээдэд орон сууц эзэмших эрх олгохтой холбоотой шийдвэрүүд гаргасан, тодруулбал, амьжиргааны үндсэн хэрэгцээгээр хангагдах хүний үндсэн эрхийг эдлэх боломжийг захиргааны байгууллагаас бүрдүүлжээ.

Иймд эдгээр маргаан бүхий шийдвэрийг захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Энэхүү хуульд нийцсэн захиргааны шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгч “АБ” СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн эрх, хууль ёс ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүхээс үзэх үндэслэлгүй байна.

28.Захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилго нь захиргааны хууль бус шийдвэрийн улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг шалгаж, дүгнэлт өгч, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, сэргээн тогтооно.

Гэтэл анхан шатны шүүхээс төрөөс иргэдээ орон сууцтай болгох боломж бүрдүүлсэн нөхцөл байдлыг судлан тогтоолгүйгээр “хүний орон сууцтай болох, амьжиргааны үндсэн хэрэгцээгээр хангагдах” хүний үндсэн эрхийг хөндсөн, дордуулсан агуулгатай шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байгааг анхаарах нь зүйтэй.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.3, 12 дугаар зүйлийн 12.4.5, 15 дугаар зүйлийн 15.1.1,  Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 2  дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2022/0695 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “АБ” СӨХ-ны “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай тогтоолын “13 дугаар хорооллын 3 дугаар байрны 13 давхарт байрлах 2 өрөөнд холбогдох хэсгийг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэн Д.Зт 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгосон 2019002 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 38 дахь тал

[2] Хэргийн 2-р хавтас 15 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 89 дэх тал

[4] Хэргийн 1-р хавтас 91 дэх тал

[5] Хэргийн 2-р хавтас 45 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 64 дэх тал

[7] Хэргийн 2-р хавтас 21 дэх тал

[8] Хэргийн 1-р хавтас 80-88 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 70-71, 104 дэх тал

[10] Хэргийн 1-р хавтас 19 дэх тал

[11] Хэргийн 1-р хавтас 98-99 дэх тал

[12] Хэргийн 1-р хавтас 100-101 дэх тал