Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 016

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: Өлгий сумын  2 дугаар багийн оршин суугч М.Р  нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,Цэнгэл сумын Засаг даргад холбогдох;

             “Цэнгэл сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/87 дугаар  захирамж болон уг захирамжийг үндэслэн “Ботахара овогт Х.А С овогт  М.Н” гэж өөрчлөн бүртгэсэн  ахаданбовог, эцгийн нэр, өөрийн нэр өөрчилсөн бүртгэлийг  хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө,нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Бахытбек,   хариуцагч Цэнгэл сумын Засаг даргын орлогч С.Б, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Е, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч  Х.Зулхаш,орчуулагч А.Е,  шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч М.Рийн шүүхэд гаргасан  нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний аав А.М нь ээж Б.М 1978 онд гэр бүл болж З.Р, Б.М, Н, Ө гэх 6 хүүхэдтэй болсон. Ээж Б.Мнь 1993 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Улмаар аав маань Н.А 1993 оны 3 сард гэр бүл болсон.Хойд ээж Н.А нь /Н эх/ миний аавтай гэрлэх үед А гэх хүүхдээ дагуулж ирсэн юм.  Аав маань А-т өөрийнхөө төрсөн хүүгээс өөрцгүй ханддаг байсан,түүнийг бид нар ямар нэгэн байдлаар гадуурхсан, ялгаварласан зүйл гаргаагүй, бид нартай хамт нэг гэр бүлд  амьдарч өсөж, хүмүүжсэн. Гэхдээ тухайн үед Ан А гэж явдаг байсан ба анх сургуульд А гэдэг нэрээр орсон, 6-7 дугаар анги хүртэл энэ нэрээр явж байсан. Миний аав 2016 оны 7 дугаар сард өвчний улмаас нас барсны дараа бидний дунд маргаан гарсан,хойд ээж маань “өөрт ногдох эд хөрөнгийг авч гэр бүлийн гишүүнээс гарна" хэмээн отгон дүү Өмиржаныг холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэр бүлийн дундын хөрөнгө булаацалдан 1 жил гаран шүүхээр явсны эцэст хэрэг шийдвэрлэгдэж дууссан.Тухайн үед Н.А нь өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа гэр бүлийн дундын хөрөнгөөс үлдсэн хөрөнгийг хүү Аийн нэрээр нэхэмжилж шүүхэд хандах үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид Аийн нэр өөрчлөгдөж миний нас барсан дүү Нын овог, нэрийг ашиглаж улсын бүртгэлд бүртгүүлж төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх авсан болохыг олж мэдсэн. Өөрөөр хэлбэл эцэг, эх нь өөр мөртлөө миний аав М, ээж М нарын төрсөн хүү мэт бүртгэгдэж, нас бараад 23 жил болсон дүү маань улсын бүртгэлээс хасагдаагүй, түүний бүртгэл мэдээллийг өөр хүн ашиглаж ирснийг олж мэдэн ихэд харамссан.Надад Н гэдэг дүү маань байсан нь үнэн бөгөөд тэрээр 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрж, 6 настайдаа буюу 1995 оны 04 дүгээр  сарын 18-ны өдөр цасан шуурганд төөрч осолдож нас барсан.Дээрх байдлыг олж мэдэн иргэний хэргийн шүүхэд нас барсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасны дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 84 дүгээр шийдвэрээр М.Ныг нас барсан болохыг тогтоож, улсын бүртгэлээс нас барсны гэрчилгээ олгосон.Нэгэнт М.Нын нас барсан байдлыг тогтоосон учраас Н нэртэй байсан А нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болж, улмаар улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Н /А/ нь овог, эцгийн нэр, өөрийн нэрээ өөрчилж, өөрийн хуучин нэр буюу төрсөн эцэг, эхээр овоглож Ботахара овогтХ- А нэртэйгээр улсын бүртгэлд бүртгүүлэн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцсон.Х.Аийн нэхэмжлэлтэй хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэж дуусмагц тэрээр Цэнгэл сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/87 дугаартай “Овог, эцгийн нэр, нэр өөрчлөх тухай” захирамжаар Х А гэх ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэрээ өмнөх нэрээр буюу миний нас барсан дүү болох С овогт М.Нын нэрээр сольж өөрчилсөн байна.

Цэнгэл сумын Засаг дарга нь нас барсан хүний нэрээр өөр хүнийг овоглуулсан нь хүний ёсноос гажууд, нас барагчийг хүндэлдэг казах түмний заншил ёсонд үл нийцсэн үйлдэл төдийгүй Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.1-д заасан иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглосон заалтыг бүдүүлгээр зөрчиж, нас барсан дүү Нын нэр төрд халдаж ах, эгч, дүү нар болох биднийг гутаан доромжилсон хэмээн үзэж байна.А нь нэрээ сольж болно. Гэхдээ нас барсан хүний нэрээр биш өөр нэрээр солих боломжтой байсан ч заавал нас барсан талийгаач М.Нын нэрийг авсныг ойлгохгүй байна. М.Н гэдэг хүн нас барсан.  Миний бие ийш тийшээ явахдаа ах М.Нын оршуулгын газарт очиж, шашны зан үйл үйлдэж явдаг. Талийгаач ах М.Нын оршуулгын газарт миний бие шашны зан үйл  үйлдэж байхад энд  М.Н гэж хүн явж байдаг, энэ асуудал бид нарыг эмзэглүүлж байгаа.

Иймээс Цэнгэл сумын Засаг даргын овог, эцгийн нэр, нэр өөрчлөх тухай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.2-т заасан “бодит нөхцөл байдалд нийцсэн, хуульд үндэслэх" зарчимд нийцээгүй, хууль бус захиргааны акт гэж үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.Мөн Засаг дарга нь дээрх захирамжаар овог , нэр өөрчилсөн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгасны дагуу улсын бүртгэгч нь улсын бүртгэлийн гэр бүлийн бүртгэлд М.Нын нас барсан талаарх мэдээлэл байсаар байхад нас барсан хүнийг амьд мэтээр бүртгэсэн байна.Хэрэв дээрх байдлыг залруулахгүй бол буруутай албан тушаалтнуудын хууль бус үйлдлээс болж миний дүү М.Н амьд, үхсэн нь мэдэгдэхгүй нөхцөл байдалд хүрээд байна.Энэ талаар мэдмэгц Цэнгэл сумын Засаг дарга, Улсын бүртгэлийн хэлтэс, дээд шатны Засаг дарга болох аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан боловч хууль, журмын дагуу шийдвэрлэж өгөөгүй ба аймгийн Засаг даргын Тамгын газраас хариу мэдэгдсэнийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч аргагүйн эрхэнд нас барсан дүүгийнхээ эрх ашгийг хамгаалах нь ах, эгч бидний ёс суртахууны үүрэг тул шүүхэд хандаж байна.

Иймд Цэнгэл сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/87 дугаартай “Овог, эцгийн нэр, нэр өөрчлөх тухай” захирамж болон хууль бус захирамжийг үндэслэн “Х Аийг С овогт М.Н" гэж өөрчлөн бүртгэсэн Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн овог, эцгийн нэр, өөрийн нэр өөрчилсөн бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Бахытбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Засаг даргын захирамж нь захиргааны актын  хувьд хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар бодит байдалд нийцсэн,  үндэслэл бүхий байх ёстой. Хариуцагчийн саяны тайлбараас үзэхэд 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр эрхийн акт гаргахаас өмнө улсын байцаагчийн дүгнэлт болон холбогдох нотлох баримттай бүрэн танилцсан байсан нь тогтоогдож байгаа ба тухайн үед талууд нэрийн талаар маргаантай гэдгийг мэдэж байсан байна. Тэгсэн мөртлөө нэг талын эрх ашгийг хамгаалж, эрхийн акт гаргасан нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг зөрчсөн үйлдэл гэж харж байгаа. Тухайн үед нэхэмжлэгч сумын Засаг даргад өөрөө очих биш, Захиргааны ерөнхий хуульд зааснаар талуудыг дуудаж сонсох ажиллагаа явуулах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, М.Н гэдэг хүн нас барсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон,түүний дараа Х.А нь М.Н гэж нэрээ өөрчлөх хүсэлт гаргасан, энэ асуудлыг улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч хянаж үзээд ийм дүгнэлт гаргасан байна. Та бүхэн энэ талаар ямар саналтай байгаа вэ гэж талуудаас тодруулах ёстой байсан. Гэвч ийм ажиллагаа явагдаагүй. Улсын байцаагчийн дүгнэлтийг нэхэмжлэгч талд албан ёсоор танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгч тал дүгнэлтийг анхнаасаа мэдэж байсан гэж үзэх боломжгүй юм. Харин 2018 оны 08 дугаар сард Х.Аийн овог, эцгийн нэр, өөрийн нэрийг өөрчилсөн захирамж гарсан талаар бусдаас сонсож мэдээд улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчтай очиж уулзаад холбогдох захирамжийг авсны дараа нэхэмжлэл гаргасан байдаг. Иргэн эцэг, эхээс нь овоглуулсан нэртэй байна гэсэн хуулийн зохицуулалт бий. М.Нд түүний эцэг, эхээс нь “Н” гэсэн нэр өгсөн байх ба тэр хүүхэд 5 настай байхдаа нас барсан байдаг.  М.Ө нь М.Нын мах цусны тасархай төрсөн дүү нь учраас ахынхаа өв залгамжлагч мөн байна. Ахынхаа нэрийг гутаасан аливаа үйлдлийн эсрэг нэхэмжлэл гаргах, түүний зөрчигдсөн эрх ашгийг сэргээх эрх нь М.Өд хуулиар олгогдсон байгаа.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д “Нас барсан этгээдийн нэр, нэр төр, алдар хүндийг гутаасан …” гэж заасан байх ба энэ асуудлыг бид нар нас барсан иргэний нэрийг гутаасан үйлдэл гэж харж байгаа.Учир нь М.Нын нэхэмжлэлтэй, М.Өд холбогдох хэрэг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн. Тэгэхээр шүүхийн шийдвэрийг монгол орон даяар бүх хүн нээлттэй харж байгаа. Түүнийг шууд харсан хүн бол ах нь дүүгээсээ юм нэхэмжилсэн гэж ойлгогдохоор байгаа. Түүнээс биш нэрийг өөрчилсөн хүн дүүгээс юм нэхэмжилсэн байна гэж үзэхгүй. Энэ асуудлыг Цэнгэл сумын 2 дугаар багийн ард иргэд бүгдээрээ мэдэж байгаа. Яагаад үхсэн хүн төрсөн дүүгээсээ юм нэхэж байгаа вэ? Бид нар хүнийг дуудахдаа регистрийн дугаараар нь дуудахгүй, М.Н гэж дууддаг. Мэддэг хүмүүс М гэдэг хүн Н гэдэг хоёр хүүхэдтэй байсан уу, энэ нь зөрчил биш үү гэж гайхдаг. Энэ бүх явдал маань өөрөө нас барагчийн нэрийг гутаасан үйлдэл гэж үзэж байгаа юм. Нас барсан төрөл садны хүний нэрээр ах, дүүс нь нэрлэгдэж, овоглогдох байтугай үхсэн хүнийг талийгаач гэж хүндэтгэдэг казах түмний зан заншил байдаг. Нэхэмжлэгч талын хүсэл зориг бол гуравдагч этгээд М гэдэг эцгийн нэрийг авч болно, гэхдээ М.Н гэдэг нас барсан ахынхаа нэрийг аваад яах юм вэ, Мын А гэсэн нэрээр яагаад явж болохгүй юм вэ гэж маргаж байгаа.Х- А гэдэг хүн өөрийн овог, эцгийн болон өөрийн нэрийг М.Н гэж өөрчилсөн нь казах түмний зан заншил, исламын шашны сургаал, номлолд нийцэхгүй байгаа тул эдгээр үйлдэл нь нас барагчийн нэр төрийг гутаасан үйлдэл гэж үзэж байгаа. Нас барагчийн нэрийг гутаасан үйлдэл удаа дараа гарч байгаа учраас М.Ө болон М.Р нарын аль нэг нь нас барсан ахын нэрийг гутаасан үйлдэлд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага бүрэн үндэслэлтэй тул Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгөхийг эрхэм шүүгч танаас хүсэж байна гэв.

Хариуцагч Цэнгэл сумын Засаг даргын орлогч С.Бекет шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2018 оны 08 дугаар  сарын 02-ны өдөр А/87 тоот “Овог, эцгийн нэр, нэр өөрчлөх тухай“ захирамж гаргасан. Цэнгэл сумын 2 дугаар багийн иргэн Ботахара овгийн Х- А \****\-ийн хүсэлт, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч А.Еийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 000597 тоот дүгнэлт болон бусад холбогдох материалыг судалж үзээд Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.4 дэх хэсгүүд болон Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “Иргэний овог, эцгийн нэр, нэрийг 1-ээс илүүгүй удаа өөрчлөхийг зөвшөөрнө. Иргэн урьдын овог, эцгийн нэр, нэрээ авахаар өргөдөл гаргаж болно" гэж заасны дагуу Цэнгэл сумын 2 дугаар багийн иргэн Ботахара овгийн Х- Аийг С овогтой М.Н гэж овог, эцгийн нэр, нэрээ өөрчлөх захирамж гаргаж, уг иргэний бичиг баримтад холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрчлөлт оруулж, бүртгэлийн ажиллагаа явуулахыг улсын бүртгэгч О-т зөвшөөрсөн болно. Цэнгэл сумын 2 дугаар багийн иргэн Авил овогтой М нь 1978 онд Бгийн Мтай гэр бүл болж 6 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд эхнэр Б.М нь 1993оны эхэнд нас барж, 1993 оны 03 дугаар сард Н.Атэй гэрлэсэн болно. Н.А нь А.Мтай гэрлэхэд А гэдэг 3 настай хүү дагуулж ирсэн бөгөөд түүнд эцэг болох А.М болон хамаатан саднууд бүгд өөрийнхөө төрсөн хүүгээс өөрцгүй ханддаг байсан болно. 1989 онд төрсөн М.Н осолдож нас барсан. М.Н нас барахад түүний эцэг А.М нь тухайн үед М.Ныг нас барсны бүртгэлд бүртгүүлээгүй, улмаар Н.А гэдэг хүний дагуулж ирсэн Х- А гэдэг хүүхдийг М.Н болгож нэрлэснээр ах, дүү хамаатан садан, багийн иргэд хүртэл А гэдгийг мэдэхгүй, Н гэж нэрлээд ирсэн байдаг. Улмаар М.Н нь 2012 онд Е-тэй гэрлэж, одоо 3 хүүхэдтэй болсон бөгөөд гэрлэлтийн батлах болон хүүхдүүдийн гэрчилгээнд М.Н гэдэг нэрээр бүртгэл хийгдсэн болно. Мөн нутгийн ард иргэд бүгд М.Н гэж нэрлэж заншсан ба 2016 онд “Сумын сайн малчин”-аар шалгарсан өргөмжлөлд М.Н нэрээр үнэмлэх олгосон, жолооны үнэмлэх зэрэг бүх бичиг баримтад М.Н гэдэг нэрээр олгогдсон байна. Гэтэл нэхэмжлэгч талаас бидний хойд ээжтэй хамт ирсэн А нь бидний нас барсан ах М.Нын нэрийг ашиглаж байгаа гэж нэг ч удаа хэлж байгаагүй юм. Тухайн үед миний бие багийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 оноос хойш Цэнгэл сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан үед ч гэсэн энэ асуудлын талаар ямар ч өргөдөл, гомдол гаргаж байгаагүй болно.А.М гэдэг хүн амьд сэрүүн байхад энэ асуудлын талаар юу ч хэлээгүй мөртлөө тэр хүн нас барсны дараа түүний хүүхдүүд нь ингэж маргаж байгаа нь харамсалтай байна.

Энэ нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэрийг хууль бусаар ашигласан үйлдэл биш бөгөөд **** тоот регистрийн дугаартай М.Н 1995 онд нас барсан, харин **** тоот регистрийн дугаартай Х- А нь зохих хууль, журмын дагуу өөрийн овог, эцгийн нэр, нэрээ өөрчлүүлэх хүсэлт гаргаж С овгийн М.Н болгож өөрчлүүлсэн болно. Х- А нь гаргасан өргөдөлдөө “...би 3 настай байхдаа ээжээ дагаж А.Мын гэр бүлд очсон, миний эцэг, эх болон бусад төрөл садны хүмүүс намайг М.Н гэж нэрлэдэг байсан” гэсэн агуулгатай зүйл дурдсан. Аийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гэрлэлтийг гэрчилгээ зэрэг бичиг баримтад М.Н гэж явж байгаа учраас  иргэн нэгээс илүүгүй удаа нэрээ өөрчилж болно гэсэн хуулиа баримталж, овог, эцгийн нэр болон нэрийг өөрчлөх хүсэлтийг хүлээн авсан байгаа.

Тийм учраас Цэнгэл сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/87 дугаартай “Овог, эцгийн нэр, нэр өөрчлөх тухай” захирамж зохих хууль журамд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй болно гэв.

Хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг төлөөлж дарга С.Арманы шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Цэнгэл сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/87 дугаартай “Овог, эцгийн нэр, нэр өөрчлөх тухай захирамж болон түүнийг үндэслэн Х Аийг С овогт М Н” гэж өөрчлөн бүртгэсэн Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн овог, эцгийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн иргэн М овогтой Нын тус хэлтэст  “Миний төрсөн ээж А 1993 оны 12 дугаар сард Мтой гэр бүл болсон ба би тухайн үед 4 настай дагаж очсон. Миний эцгийн нэр Хадан, эхийн нэр А, миний нэр А байсан байна. Гэтэл 1995 онд миний ах болох Н нас барсан бөгөөд тэр үеэс хойш миний аав болох М намайг Н гээд нэрлэдэг болсон. Би 16 нас хүрч иргэний үнэмлэх авах үед миний аав М нь намайг Н гэж нэрлэн иргэний цахим үнэмлэх авч өгсөн. Түүнээс хойш миний бүх бичиг баримт М- Н нэрээр байна. Миний аав 2017 оны 06 дугаар сард нас барсан бөгөөд түүний хүүхдүүд М- Ныг нас барсны бүртгэлд оруулж, намайг өөр хүн мэтээр бичсэн байна. Би төрсөн ааваа огт мэдэхгүй, миний таньдаг, мэддэг аав М бөгөөд намайг Н гээд тэр хүн нэрлэсэн. Нас барсан хүү Н **** регистрийн дугаартай болно. Би М- Н нэрээр **** регистрийн дугаартай бөгөөд одоо намайг **** регистрийн дугаартай М овогтой Н нэрээр улсын бүртгэлд бүртгүүлэх дүгнэлт гаргаж өгнө үү”гэх өргөдөл гаргасан.

Тухайн үед шалгахад Иргэний бүртгэлийн мэдээллийн нэрийн санд М- Н овог, нэрээр **** регистрийн дугаараар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багт, 1989 оны төрсний, 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бүртгүүлсэн гэрлэсний, иргэний үнэмлэхийн бүртгэлд тус тус бүртгэлтэй байсан, мөн Иргэний бүртгэлийн мэдээллийн нэрийн санд Х А гэх овог,нэрээр хайлт хийхэд **** регистрийн дугаараар тодорхойгүй хаягтай, 1989 оны 09 дүгээр  сарын 24-ний өдрийн төрсний бүртгэл бүртгэлтэй байсан. Төрсний бүртгэлд эцэг нь Т.Х ****, эх нь Н А БЛ61020109 нар бүртгэгдсэн бүртгэл байсан. Тус  хэлтсийн Иргэний бүртгэлийн архиваас М- Нд холбогдох ХААТР-11, ХААТР-21, 2010 оны ИУБ-31, 2015 оны ИУБ-31 маягтын “Б” тал тус тус архивд хувийн хэрэгт хадгалагдаж байсан. **** регистрийн дугаараар М- Н нэрээр бүртгэлтэй 2007 оны иргэний үнэмлэхийн ХААТР-21, 2010 оны ИУБ-31 маягт, 2015 оны ИУБ-31 маягтад зураг нь одоо байгаа Аийн зураг байсан бөгөөд иргэний бүртгэлийн архиваас Х Ат холбогдох хувийн хэрэг гараагүй ба Дэлүүн сумын 1989 оны төрсний бүртгэлийн 193 дугаарт бүртгэгдсэн төрсний бүртгэл хадгалагдаж байсан. Мөн тус хэлтсийн иргэний бүртгэлийн архиваас 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр олгосон №231/000319 дүгээр төрсний бүртгэлийн лавлагаанд: А нь 1989 оны 06 дугаар сарын 23-ны өдөр эцэг Т.Х, эх нь Н А нарын гэр бүлд төрснийг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 193 дугаарт бүртгэгдсэн төрөлтийн бүртгэл байгаа тухай дурдсан, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №130/ШШ2018/00084 дугаар бүхий шийдвэрт:  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар А А, Х А нь **** регистрийн дугаартай, М- Н нь **** регистрийн дугаартай хоёр өөр хүн бөгөөд М- Н нь 1995 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан болохыг тогтоосон, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2-р багийн иргэн М- Нын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн өргөдөлд:            цаашид би**** регистрийн дугаартай,эцгийн нэр М, миний нэр Н нэрээр иргэний бичиг баримт авах тухай хүсэлт гаргасан, тэрээр одоо Е- гэр бүл болсон, 2013 онд Н Н /****, Н С /*****/ гэх хүүхдүүдтэй тул би овог , нэрээ өөрчлүүлэхгүй гэсэн хүсэлтийн хамт ирүүлсэн байсан.

Үүнээс гадна Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 09-ны №211 дугаартай тодорхойлолтод: Цэнгэл сумын иргэн анхны эхнэр нь 1993 оны 03 дугаар  сард нас барж, 02-15 насны 6 хүүхэд хагас өнчрөн үлдсэн ба 1993 оны 12 дугаар сард Н.Атэй гэр бүл болж, 2016 оны 07 дугаар  сарын 24-ний өдөр М нас барах хүртэл нэг өрхөд эхнэр ,нөхрийн ёсоор бүтэн 23 жил хамтран амьдарсан тухай дурдсан.  2018 оны 03 дугаар сарын 19-ний 5 гэрчийн тодорхойлолтод:Энэ зураг дээр байгаа хүн бол иргэн М Н /А/ гэдэг хүн болно гэж А, А, Х, Х.А, Е нарын нэр, гарын үсэгтэй, Нын /А/-ийн зураг наасан, нотариатын үүрэг гүйцэтгэгчээр батлуулсан байсан. Дээрх дурдсан нотлох баримтуудаас дүгнэж үзээд иргэн М- Н /А/-ын гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.

Учир нь,иргэн М овогтой Н нь анх А нэртэй байсан ба 1989 оны 06 дугаар сарын 23-ны өдөр эцэг Т.Х, эх нь Н А нарын гэр бүлд төрснийг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 193 дугаарт төрөлтийн бүртгэлд бүртгүүлсэн, Иргэний бүртгэлийн мэдээллийн нэрийн санд Х А гэх овог,нэрээр хайлт хийхэд **** регистрийн дугаараар тодорхойгүй хаягтай, 1989 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн төрсний бүртгэл бүртгэлтэй, Иргэний бүртгэлийн мэдээллийн нэрийн санд М- Н гэх овог нэрээр хайлт хийхэд **** регистрийн дугаараар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2-р багт, 1989 оны төрсний, 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бүртгүүлсэн гэрлэсний, иргэний үнэмлэхийн зэрэг бүртгэл бүртгэлтэй, тэрээр Е- гэр бүл болсон, 2013 онд Н Н, Н С гэх хүүхдүүдтэй гэх бүртгэлтэй байгаа нь архивын эх нотлох баримтуудаар тогтоогдож байсан. Мөн Х  А нь 2005 оноос эхлэн М- Н нэртэй улсын бүртгэлд иргэний үнэмлэх, иргэний цахим үнэмлэх, гэрлэлтийн бүртгэлд **** регистрийн дугаартай бүртгэлтэй биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд хурууны хээ өгч, зураг нь бүртгэлтэй байсан. Мөн Баян-Өлгий аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №130/ШШ2018/00084 дугаар бүхий шийдвэрээр А А, Х А нь **** регистрийн дугаартай, М- Н нь **** регистрийн дугаартай хоёр өөр хүн бөгөөд М- Н нь 1995 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан болохыг тогтоосон тул иргэний бүртгэлийн зөрчил арилгах, төрсний, иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийг нөхөн бүртгүүлэх зорилгоор Иргэний бүртгэлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “Иргэний бүртгэлийн ажилтан иргэний бүртгэлд хийсэн бичилтийг хүчингүй болгох тухай шүүхийн, эсхүл улсын бүртгэлийн хяналтын байцаагчийн шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлд хийсэн бичилтийг хүчингүй болгоно” заасныг үндэслэн

1.Иргэний бүртгэлийн мэдээллийн нэрийн санд Х А гэх овог нэрээр хайлт хийхэд буруу **** регистрийн дугаараар бүртгэлтэй төрсний бүртгэл, төрсний гэрчилгээг хүчингүй болгох,

            2.**** регистрийн дугаараар, М- Н овог, нэрээр бүртгэлтэй биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл, иргэний үнэмлэхийг хүчингүй болгох,

            3.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.1-т “ Иргэний бүртгэлийн ажилтан шүүхийн, эсхүл улсын бүртгэлийн хяналтын байцаагчийн шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлд хийсэн бичилтийг сэргээн тогтооно",  Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 13 дугаар зүйлийн 5-т заасныг үндэслэн А нь 1989 оны 06 дугаар сарын 23-ны өдөр эцэг Т.Х ****, эх нь **** нарын гэрт төрснөөр регистрийн дугаар олгож , төрсний бүртгэл нөхөн бүртгэх, төрсний гэрчилгээ олгох,

4. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 7-д “Иргэний овог, эцгийн нэр, нэрийг 1-ээс илүүгүй удаа өөрчлөхийг зөвшөөрнө. Иргэн урьдын овог, эцгийн нэр, нэрээ авахаар өргөдөл гаргаж болно”, Иргэний овог, эцэг /эх/ийн нэр, нэр өөрчлөх журмын 2.1-т заасныг үндэслэн иргэн Аийн эцгийн нэр М, өөрийн нэр Н нэрээр өөрчлөх хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байгаа тул иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчлөх тухай өргөдөл, холбогдох баримт бичгийг үндэслэн хууль журмын дагуу бүртгэх,

              5.Хууль журмын дагуу олгосон регистрийн дугаараар иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгэх, шинээр иргэний цахим үнэмлэх олгох,

              6.Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд ИУБ-11, ИУБ-31 маягтыг тус тус тусгах, архивд байршуулах тухай 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хяналтын улсын байцаагчийн №000597 дугаартай дүгнэлт гаргасан.

              Дүгнэлт гарах болсон үндэслэл нь: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №130/ШШ2018/00084 дугаар шийдвэрийг үндэслэн биелэлтийг хангасан. Тухайн үед 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Иргэний бүртгэлийн тухай хуулийг мөрдөж байсан ба уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д заасныг үндэслэн, мөн 18.8-д“сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол, хорих ял эдэлж байсан хүний овог, эцгийн нэр нэрийг өөрчлөхийг хориглоно” гэж заасан байсан тул Аийн эцгийн нэр М, өөрийн нэр Н нэрээр өөрчлөх хүсэлтийг хангаж шийдвэрлэхэд ямар нэгэн харшлах шалтгаан байхгүй байсан. Тухайн үед нэртэй холбоотой хэн нэгнээс гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэрийг үндэслэн зөвхөн нас барсан, одоо байгаа иргэнийг улсын бүртгэлд зөв бүртгүүлэх, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаарыг зөвтгөх, бүртгэлийн зөрчлийг арилгуулах тухай хүсэлт, өргөдөл ирсэн болно. М.Нд холбогдох бүх бүртгэлийг шалгахад түүний овог, нэр, регистрээр Е- гэрлэсний бүртгэл, 2013 онд Н Н , Н С гэх хүүхдүүдийн төрсний бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй байсан тул М Н нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т заасны дагуу сумын Засаг даргын захирамжийг үндэслэн овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлд бүртгүүлсэн байна.

Нэгэнт хуулиар хориглоогүй байсан тул Аийн эцгийн нэр М, өөрийн нэр Н нэрээр өөрчлөх хүсэлтийг хангаж шийдвэрлэхэд ямар нэгэн харшлах шалтгаан байхгүй тул хууль журмын дагуу бүртгэх тухай шийдвэр гаргасан. Нэг иргэн нас барсан гэж түүний эрх ашиг нь ямар нэгэн байдлаар хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй байхад нөгөө хүний нэрийг өөрчлөх эрхийг хаах эрх байхгүй.

Иймд Засаг даргын захирамж болон түүнийг үндэслэн бүртгүүлсэн овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл хууль зүйн үндэслэлтэй байна, ийм нэр авснаар хэн нэгэн хүний эрх ашиг сонирхолд хохирол учруулсан, ашигласан гэх хууль бус үйлдэл байхгүй байна  гэв.

Гуравдагч этгээд М.Нын шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М. Н миний бие 1989 оны 06 дугаар сарын 23-нд төрсөн бөгөөд миний төрүүлсэн ээж Н. А нь 1993 оны 12 дугаар сард А. Мтай гэрлэхэд 4 настай дагавар хүүхэд очсон байгаа юм.Анх намайг төрөхөд А гэдэг нэр өгсөн боловч, хожим хойд эцэг А. М нь миний нэрийг өөрчилж, өөрийн нас барсан хүү М. Нын нэрийг өгсөн байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч энэ асуудлын талаар саяхан мэдсэн гэж байна. Түүний энэ мэдүүлэг нь худал,  анхнаасаа дээрх байдлаар М.Н гэж нэрлэгдэж байсан ба 2012 онд гэр бүл болсон, тэгэхэд М.Н нэртэй байсныг эд нар мэдэж байгаа. А.М нас барсны дараа М.Ө нь эгчтэйгээ нийлээд бид нарыг хөөж явуулж, эд хөрөнгө, машиныг хүртэл булааж авсан тул бид нар өргөдөл гаргасан нь үнэн. Тэгээд эд нар  тэгвэл бид нар чамайг  бас “миний ахын нэрийг ашиглаж байгаа гэж шүүхэд өгнө”   гэж өргөдөл өгч маргасан. Ингээд шүүхээр М.Н гэдэг хүүхэд нас барсан байдлыг тогтоолгож байсан юм. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 7 -д “Иргэний овог, эцгийн нэр, нэрийг 1-ээс илүүгүй удаа өөрчлөхийг зөвшөөрнө” гэж, мөн Хууль зүйн сайдын 2000 оны 244 дүгээр тушаалаар баталсан “Иргэний овог, эцгийн (эхийн) нэр, нэр өөрчлөх журам"-ын “Хоёр” дахь хэсгийн 5 -д “төрсөн буюу үрчлэн авсан эцэг, эхийн нэрээр овоглох хүсэлт гаргавал овог, эцгийн нэр, нэр өөрчилж болно” гэж заасны дагуу Х- А нэртэй байсан миний хувьд хойд эцэг А. Мын дагавар хүүхэд тул овог, эцгийн нэр, өөрийн нэрийг өөрчилж, хойд эцэг Мын овог, эцгийн нэрийг авч, хойд эцгийн оноож өгсөн Н нэрийг авсан явдал хууль зөрчөөгүй болно.М. Рийн 1995 онд нас барсан гэх дүү нь **** регистрийн дугаартай М.Н иргэний бүртгэлд тусгагдсан байна.Харин миний хувьд **** тоот регистрийн дугаартай М.Н гэсэн эцгийн болон өөрийн нэрийг өөрчилж авсан тул иргэний бүртгэлд биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл хийгдсэн юм.Тодруулбал: регистрийн “үсгэн өгөгдөл” хоёр ондоо, регистрийн тоон өгөгдлийн эцсийн хоёр тоо адилгүй, талийгаач Нын эцэг нь улсын бүртгэлд “М-” гэж тусгагдсан бол гуравдагч этгээд Н би эцгийн нэр “М" гэж авсан тул “биеийн давхцалгүй өгөгдөл” -тэй болно.М. Н миний бие А. Мын дагавар хүүхэд боловч, түүний төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх учиртай юм. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр  зүйлийн 21.3 -д “Дагавар хүүхэд хойд эцэг, хойд эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх үүрэг үүснэ” гэж, 25 дугаар зүйлийн 25.2 -д “...гэрлэгчдийн хэн нэгний дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхах, эрх ашиг сонирхлыг хохироохыг хориглоно” гэж заасан тул хойд эцэг А.Мын өмнөх ээжээс гарсан хүүхдүүд нь намайг гадуурхах, миний хууль ёсны эрх ашгийг зөрчих эрхгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч М. Рийн нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Иргэн өөрийн нэртэй байна” гэж заасан. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “Иргэний эрх зүйн чадвар нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгавар болно” гэсэн үндэслэлээр талийгаач М.Н нь нас барсныг тогтоосон 2018 оны шүүхийн шийдвэр гарч, улмаар иргэний улсын бүртгэлийн байцаагчийн дүгнэлтээр урьдах бүртгэл хүчингүй болж, түүнийг нас барсныг бүртгэсэн бүртгэл хийгдсэнээр талийгаач М.Нын нэр эзэмших эрх нь дуусгавар болсон байгаа. Тийм учраас талийгаачийг өнөөдөр М.Н гэдэг нэртэй байх ёстой гэдэг нэхэмжлэгч талын тайлбар, шаардлага хуульд нийцэхгүй байна.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “Иргэний овог, эцгийн нэр, нэрийг нэгээс илүүгүй удаа нэрийг өөрчлөхийг зөвшөөрнө” гэжээ. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдаж байгаа Хууль зүйн сайдын 2000 оны 244 дүгээр тушаалаар баталсан “Иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчлөх тухай” журмын 2 дах хэсгийн 5-д “Төрсөн буюу үрчлэн авсан эцэг, эхийн нэрээр овоглох хүсэлт гаргавал монгол улсын иргэний овог, эцгийн нэр, нэрийг өөрчилж болно” гэж заасан тул гуравдагч этгээд М.Нын өөрийн нэр, овог, эцгийн нэрийг өөрчлөх тухай хүсэлт гаргаж Цэнгэл сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/87 тоот захирамжаар овог, нэр өөрчлөх тухай асуудлыг шийдвэрлүүлсэн нь хуульд нийцэж байна. Овог, эцгийн нэр, нэрийг өөрчлөхийг татгалзах хоёрхон үндэслэл байдаг. Тодруулбал, Хууль зүйн сайдын 2000 оны 244 дүгээр тушаалаар баталсан журмын 16 дугаар зүйлд зааснаар өргөдөл гаргагч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хорих ял эдэлж байсан, банк татварын байгууллагад өртэй байсан бол тухайн иргэний овог, эцгийн нэр, нэрийг өөрчлөхийг хориглодог.  Гэтэл гуравдагч этгээдийн хувьд овог, эцгийн нэр, нэрийг өөрчлөхөд дээрх татгалзах үндэслэл байхгүй учраас  эрх бүхий албан тушаалтнаас эрхийн акт гаргаж Х- Аийн овог, эцгийн нэр, нэрийг өөрчлөх тухай захирамж гаргасан нь, мөн иргэний бүртгэлийн улсын байцаагчаас өөрчлөхийг зөвшөөрсөн агуулга бүхий дүгнэлт гаргасан нь үндэслэл бүхий гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага болгож байгаа 1995 онд нас барсан талийгаач М.Нын регистрийн дугаар нь **** байсан ба гуравдагч этгээд М.Нын регистрийн дугаар нь **** байна. Гэр бүлийн тухай  хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Эцэг, эх тохиролцсоны үндсэн дээр хүүхдэд нэр, овог өгнө” гэж заасан байх бөгөөд иргэний бүртгэлийн байгууллага буюу хариуцагчийн төлөөлөл болон гуравдагч этгээдийн тайлбарлаж байгаагаас үзвэл А.М нь амьд сэрүүн байхдаа гуравдагч этгээдийг өөрийн нэр дээр овоглох, нэрийг нь  өөрчлөхгүй байх талаар  эрх бүхий байгууллагад санал тавьж байсан нь нотлогдож байгаа.  Гуравдагч этгээд М.Нын ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэрийг өөрчилснөөр нэхэмжлэгч нарын ямар нэгэн эрх ашиг зөрчигдөөгүй байна. Харин нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх юм бол гуравдагч этгээдийн гэр бүл, хүүхдүүдийн эрх ашиг ноцтой зөрчигдөхөөр байгаа нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа. Ийм учраас Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Овог, эцгийн нэр, нэр өөрчилсөн тухай” А/87 тоот захирамж, иргэний бүртгэлийн улсын байцаагчийн дүгнэлт зэрэг эрхийн актууд нь нэхэмжлэгч нарын ямар нэгэн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй учраас  нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлагыг дараах  үндэслэлээр  бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

С овогт А М, Бгийн  М нар нь Р, Н ,Өмиржан нарын 6 хүүхэдтэй байсан, эх Б.М  нь 1993 оны 03 дугаар сард нас нарсны дараа эцэг болох  А.М нь иргэн Н.Атэй хамтран амьдрах болсон, тухайн үед Н.А нь 1989 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн  хүү Х- Аийг дагуулж ирсэн, А.М 2016 оны 07 дугаар сард нас барсан, А.М, Б.М нарын  гэр бүлд 1989 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, **** регистрийн дугаартай хүү  Н нь 1995 онд нас барсан боловч  эцэг нь түүнийг нас барсны бүртгэлд  бүртгүүлээгүй байх бөгөөд 2018 онд шүүхээс М-ын Ныг 1995  оны 04 дүгээр сарын 18-ны өдөр  нас барсан гэдгийг тогтоожээ.  1995 онд Ныг нас барсны дараа  Х- А нь  Н  гэж нэрлэгдэн, 2005 оноос **** регистрийн дугаараар  М-ын Н гэсэн нэрээр  иргэний үнэмлэхийн, биеийн давхцахгүй өгөгдлийн, гэрлэлтийн бүртгэлд бүртгэгдсэн, 2012 онд Е-тэй гэрлэж,   2013, 2016 онд 2 хүүхэдтэй болсон  бөгөөд хүүхдүүд нь  төрсний бүртгэлд Нын Н, Нын С гэж бүртгэгдсэн байх ба эдгээр үйл баримтууд нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар[1] тус тус тогтоогдож байна.

2018 оны 03 дугаар сард гуравдагч этгээд  М.Н  /Х- А/  нь “Намайг эцэг Т.Х, эх Н.А нарын гэр бүлд төрснөөр **** регистрийн дугаартай төрсний бүртгэлийг нөхөн бүртгэх, М- Н гэх **** регистрийн дугаараар бүртгэлтэй  холбогдох бүртгэлийг хүчингүй болгох,  М.Н болгож эцгийн нэр, нэрээ өөрчлөн бүртгүүлэх тухай” , нэхэмжлэгч М.Рийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө нь “Шүүхийн шийдвэрийг үндэслэн М.Нын нас барсан байдлыг  нас барсны бүртгэлд бүртгэж,  нас барснаас хойш  түүний регистрийн дугаараар олгогдсон  иргэний бичиг баримтуудыг хүчингүй болгох” гэсэн агуулгатай өргөдөл  аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус  гаргаснаар[2] хяналтын улсын байцаагчаас  2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 000597 дугаартай “Зөрчил арилгах, бүртгэл хүчингүй болгох, нөхөн бүртгэл хийх тухай”    дүгнэлт[3] гаргажээ.

Уг дүгнэлтээр “**** регистрийн дугаараар, М- Н овог, нэрээр бүртгэлтэй  биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл,  иргэний үнэмлэхийг хүчингүй болгох, **** регистрийн дугаартай М- Нын  нас барсны  бүртгэлийг нөхөн бүртгэх,     А нь 1989 оны   06 дугаар сарын 23-ны өдөр эцэг Т.Х  /БЖ ****/, эх Н А /БЛ****/  нарын гэр бүлд  төрснөөр  регистрийн дугаар олгож, төрсний бүртгэлд нөхөн бүртгэх,  төрсний  гэрчилгээ олгох , Аийн эцгийн нэр М, өөрийн нэр Н гэж өөрчлөх хүсэлтийг хангаж шийдвэрлэх  зүйтэй байх тул  иргэний овог, эцэг/эх/-ийн нэр, нэр өөрчлөх  тухай өргөдөл, холбогдох   баримт бичгийг  үндэслэн  хууль журмын дагуу бүртгэх, хууль журмын дагуу олгосон  регистрийн дугаараар  иргэний  биеийн давхцахгүй өгөгдлийн  бүртгэлд бүртгэх, шинээр  иргэний цахим үнэмлэх олгох“ гэж шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч талаас уг дүгнэлтийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Уг дүгнэлтийг үндэслэн **** регистрийн дугаартай, 1989 оны 06 дугаар сарын 24-нд төрсөн, Санырау овгийн М-ын Н 6 настайдаа 1995 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нас барсныг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нас барсны бүртгэлийн 14  дугаарт, эцэг Т.Х /****/, эх Н. А /БЛ 61020109/ нарын  гэр бүлд 1989 оны 06 дугаар сарын 23-нд төрсөн хүү Х- Аийг **** регистрийн дугаараар 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрөлтийн бүртгэлийн 0006/04 дугаарт тус тус бүртгэсэн, мөн **** регистрийн дугаартай Х- Ат  2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр  иргэний үнэмлэх олгосон байна. Улмаар Х.А нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр С овогт М.Н гэж овог, эцгийн нэр, нэр өөрчлөх тухай өргөдөл гаргаснаар Цэнгэл сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/87 дугаар захирамжаар тус сумын 2 дугаар багийн иргэн Х Аийг /регистрийн дугаар ****/ С овогт М.Н гэж овог, эцгийн нэр, нэрийг өөрчилсөн байна. Энэ захирамжийг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн 8337000004  дугаарт  уг овог, эцгийн нэр, нэр өөрчилснийг бүртгэсэн, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр М.Н гэсэн иргэний үнэмлэх олгосон  болох нь тус тус  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4] тогтоогдсон болно.

Нэхэмжлэгч талаас энэхүү захирамж болон овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нас барсан хүний нэрээр өөр хүнийг нэрлэсэн нь хүний ёсноос гажууд, нас барагчийг хүндэлдэг казах түмний заншил ёсонд үл нийцсэн үйлдэл юм. М.Нын нэхэмжлэлтэй, М.Өд холбогдох хэрэг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн. Шүүхийн шийдвэрийг монгол орон даяар бүх хүн нээлттэй харж байгаа. Түүнийг харсан хүн бол ах нь дүүгээсээ юм нэхэмжилсэн гэж ойлгогдохоор байгаа. Түүнээс биш нэрээ өөрчилсөн хүн дүүгээс нь юм нэхэмжилсэн байна гэж үзэхгүй. Энэ бүх явдал нь нас барагчийн нэрийг гутаасан үйлдэл гэж үзэж байгаа тул дүүгийнхээ  хууль ёсны өв залгамжлагчийн хувьд нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарласан.

Маргаан бүхий захиргааны актуудыг гаргах үед  хүчин төгөлдөр үйлчилж байсан  Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 18 дугаар зүйлийн 18.1-д “Иргэний овог,эцгийн нэр, нэр өөрчилснийг өргөдөл гаргагчийн  оршин суугаа, эсхүл оршин байгаа болон төрснийг бүртгэсэн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан Засаг даргын захирамжийг үндэслэн бүртгэнэ”, 18.4-т “Иргэн овог,эцгийн нэр, нэрээ  өөрчлөх тухай өргөдлөө /өргөдөлд өргөдөл гаргагчийн  овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, оршин суугаа газрын хаяг,  гэр бүлийн байдал, төрсөн болон үрчлэн авсан хүүхдийн овог, эцгийн нэр, нэр ,  өргөдөл гаргагчийн сонгож авсан  овог,эцгийн нэр, нэр, тэдгээрийг өөрчлөх болсон үндэслэл зэргийг дурдсан байна/ гаргаж дараах баримт бичгийг хавсаргана”, 18.7-д ”Иргэний овог, эцгийн нэр, нэрийг 1-ээс илүүгүй удаа  өөрчлөхийг зөвшөөрнө. Иргэн урьдын овог, эцгийн нэр, нэрээ авахаар өргөдөл гаргаж болно”, 18.8-д “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол, хорих ял эдэлж байсан хүний овог, эцгийн нэр,  нэр өөрчлөхийг хориглоно” гэж тус тус зохицуулсан. Мөн Хууль зүйн сайдын 2014 оны А/61 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Иргэний овог, эцэг /эх/-ийн нэр,  нэр өөрчлөх журам”-ын 2.1-д  “Иргэний  овог,эцэг /эх/-ийн нэр,  нэрийг  Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д заасны  дагуу тус бүр 1 удаа өөрчилж болно”  гэж зохицуулснаас гадна   6.1.1-6.1.4-т иргэний  овог,эцэг /эх/-ийн нэр,  нэрийг өөрчлөхөөс татгалзах 4 тохиолдлыг   заажээ.

Эдгээр зохицуулалтуудаас үзэхэд иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчлөхөд тодорхой  үндэслэл заагаагүй, өөрөөр хэлбэл хууль болон журамд заасан дээрх хориглох, татгалзах  үндэслэлүүдээс бусад тохиолдолд  ямар нэг хязгаарлалтгүйгээр  овог, эцгийн нэр, нэрээ 1  удаа өөрчлөх буюу сонгож авах эрхийг иргэнд олгосон байна.

Дээрх хориглох,  татгалзах үндэслэлүүд нь  энэ  тохиолдолд  хамаарахгүй байх тул Х- Аийн  хуульд заасан холбогдох баримт бичгийг хавсарган гаргасан овог, эцгийн нэр, нэр өөрчлөх  тухай өргөдлийг  хүлээн авч хянаад Цэнгэл сумын Засаг даргаас гаргасан  овог, эцгийн нэр, нэр өөрчлөх  тухай  захирамж  нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1,18.4,18.7-д заасантай  тус тус нийцсэн, эрх бүхий этгээдээс эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн гаргасан үндэслэлтэй шийдвэр байна гэж дүгнэлээ.

Мөн **** регистрийн дугаартай Х- А нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр хуульд заасан журмын дагуу    М.Н гэж  овог, эцгийн нэр, нэрээ өөрчилснөөр **** регистрийн дугаартай,  1995 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан М-ын Нын нэрийг  гутаасан гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар М-ын Нын нэрийг гутаасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Үндсэн  хуулийн 16 дугаар зүйлийн 14-т зааснаар Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах нь Монгол улсын иргэний үндсэн эрх тул Х.А нь  овог, эцгийн нэр, нэрээ хуульд заасан журмын дагуу өөрчлөхөөс өмнө  2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр олгосон иргэний үнэмлэхийн дагуу М-ын Н гэсэн нэрээр  тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхэд нэхэмжлэл гаргасан[5]  нь  М-ын Нын нэрийг гутааж , түүний эрх , хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэх эрх зүйн үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн “Цэнгэл сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/87 дугаар  захирамж болон уг захирамжийг үндэслэн “Х Аийг С овогт  М.Н” гэж өөрчлөн бүртгэсэн  ахаданбовог, эцгийн нэр, өөрийн нэр өөрчилсөн бүртгэлийг  хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14,  107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 18 дугаар зүйлийн 18.1,18.4,18.7 дах заалтыг тус тус баримтлан   нэхэмжлэгч М.Рийн “Цэнгэл сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/87 дугаар  захирамж болон уг захирамжийг үндэслэн “Х Аийг С овогт  М.Н” гэж өөрчлөн бүртгэсэн  ахаданбовог, эцгийн нэр, өөрийн нэр өөрчилсөн бүртгэлийг  хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЕРКЕШ

 

           

 


[1]Хэргийн 4,7-8,32,33-36,65,79-81,82,83-86,88,92-93-р хуудас

[2]Хэргийн 64,67-68,71-р хуудас

[3]Хэргийн 59-63-р хуудас

[4]Хэргийн 5,27,30 /ар тал/ 93,94,108,109-р хуудас

[5] Хэргийн 123-140-р хуудас