Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 949

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/00949

 

 

Ч.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00638 дугаар шийдвэртэй

 

            Нэхэмжлэгч Ч.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч Үйлдвэр урлалын политехник коллежид холбогдох

 

            Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай хэргийг

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болорчимэг

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Сосорбарам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Болор-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  Ч.Болор-Эрдэнэ нь тус сургуульд 2004 оны 9 сард компьютерийн багшаар орсон. Ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа, алдаа, дутагдал гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Тус сургуульд нийт 12 дахь жилдээ компьютерийн багшаар ажиллаж байна. 2016 оны 11 сарын 24-ний өдөр захирал Б.Даваажав өрөөндөө дуудсаны дагуу очиход чамтай холбоотой өргөдөл ирсэн гээд уг өргөдөлд сургалтын орчинг сайжруулж өгөхийг хүссэн байсан. Гэтэл захирал “чамайг ажиллуулахгүй, ажлаас чинь халлаа” гэж хэлсэн. Маргааш нь тушаалаа авахаар очиход тушаал гараагүй байсан. Хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаагүй байхад ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, үндэслэлгүйгээр ажлаас халж, тушаал шийдвэр өгөхгүй одоог хүртэл хохироож байгаад гомдолтой байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжпэгч Ч.Болор-Эрдэнийг үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүп мэддийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Үйлдвэр урлалын политехник коллежийн шүүхэд гаргасан тайлбарт: Ч.Болор-Эрдэнэтэй уулзаж хариуцсан ажлын талаар нь ярьж, зүй ёсны шаардлага тавихад хүлээн авдаггүй байдал ажиглагдаж байсан. Өөрөө тушаал гараагүй байхад ажлаас халагдсан тушаалаа авъя гэж хэлсэн, ажлаа хий гэж хэлэхэд Ч.Болор-Эрдэнэ нь өөрөө дур мэдэн 2016 оны 11 сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажлаа хаяж явсан. Ч.Болор-Эрдэнэ нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийн захиргаанд бичгээр "Миний бие Ч.Болор-Эрдэнэ нь тус сургуульд Мэдээлэл технологийн багшаар тасралтгүй 12 дахь жилдээ ажиллаж байгаа билээ. Тус сургуульд цааш үргэлжлүүлэн ажиллах боломжгүй байгаа тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхийг хүсч байна. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж тушаалыг минь яаралтай гаргаж өгнө үү" гэсэн хүсэлт гаргаж, гарын үсгээ зурсан. Уг хүсэлтийг сургуулийн захирал 2017 оны 1 сарын 9-ний өдөр хүлээн авч танилцаж Ч.Болор-Эрдэнийн өөрийнх нь гараар бичсэн эх хувиар хүсэлтийг нь ав гэж цохолт хийсэн болно. Ажлаас халсан тушаал гараагүй байхад шүүхэд нэхэмжлэл өгчээ. Ч.Болор-Эрдэнэтэй хүний нөөцийн ажилтан утсаар энэ талаар ярих гэж удаа дараа залгасан боловч утас нь холбогдохгүй байна. Сургуулийн захиргаанаас Ч.Болор-Эрдэнийг ажлаас халсан тушаал гаргаагүй учир энэ хэргийн хувьд хариуцагч болох эрх зүйн үндэс алга байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ч.Болор-Эрдэнийн гаргасан хариуцагч Үйлдвэрлэл урлалын политехник коллежид холбогдох ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасньгдагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Ч.Болор-Эрдэнэ нь тус сургуульд 12 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай багш юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д "Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй" гэж заасан атал хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Ч.Болор-Эрдэнийг ажлаас чинь халлаа, халсан тушаал гаргана гээд ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй, тушаал шийдвэрийг нь өгөлгүй хохироочихоод шүүхэд өөрийн хүсэлтээр гарсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм.

Хариуцагчийн 2017 оны 02-р сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбарт өөрөө халагдсан тушаалаа авья гэж тушаал гараагүй байхад хэлсэн гэжээ. Энэ олон жил ажиллачихаад зүгээр ажлаа хийж байсан хүн гэнэт ажлаас халсан тушаалаа авья гэж хэлэх боломжгүй юм. Ямар нэг шахалт дарамт үзүүлсэн гэдэг нь хариуцагчийн гаргасан хариу тайлбараар нотлогдож байгааг анхан шатны шүүхээс анхаарч үзсэнгүй.

Хэрэв нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтэй байсан бол шүүхэд хандах шаардлага байхгүйг мөн анхан шатны шүүхээс анхаарч үзсэнгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл болгож буй ажил олгоч ажлаас халсан тушаал, шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй гэх тайлбар нь нотлогдохгүй байна гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар ажил олгогч нь ажилтныг ажил, үүрэг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцлөөр хангах үүрэгтэй байхаар заасан. Ажил олгоч энэ үүргээ биелүүлэхгүй өөрийн давуу байдлыг ашиглан ажилтныг хохироож байсан учраас нэхэмжлэгч өөрийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажилтан өөрөө дур мэдэж ажил эрхлэх боломжгүй бөгөөд ажил олгогч тушаал, шийдвэр гаргах, ажил, үүргээр хангах тал дээр ямагт давуу эрхтэй байдаг гэдгийг шүүх харгалзан үзсэнгүй.

Иймд нийслэлийн давж заалдах шатны шүүх магадлалдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний гаргасан гомдлыг хангаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.03-ны өдрийн 181/ШШ2017/00638 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ч.Болор-Эрдэнэ хариуцагч Үйлдвэрлэл урлалын политехник коллежид холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь үйлдвэрлэл  урлалын политехник коллежтой 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр мэдээлэл технологийн багшаар ажиллаж байгаад  сурагчдаас ирүүлсэн өргөдлийн улмаас 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр сургуулийн захиралтай маргасан үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч нь “байгууллагын захирал намайг өрөөндөө дуудаж, чамтай холбогдуулж сурагчдаас өргөдөл ирсэн гэж загнаж, ажлаас халлаа гэсэн” гэж тайлбарладаг боловч ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлаагүй байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн “нэхэмжлэгчийг ирж ажил үүргээ гүйцэтгэх талаар утсаар залгасан боловч утас нь холбогдохгүй байсан” гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэж тайлбар гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцно. Иймд хариуцагчийг нэхэмжлэгчид ажил үүргийг нь гүйцэтгэх боломж олгоогүй, өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 болон хөдөлмөрийн гэрээний 3.2.1-д заасан ажиллах нөхцөл, ажлаар хангах үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй.

Хэрэв ажил олгогч талаас ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулсан, гүйцэтгүүлэхгүй байх зэрэг зохисгүй үйлдэл гаргасан бол нэхэмжлэгч үүнийг баримтаар нотлох ёстой. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрийн тайлбараа баримтаар нотлох үүрэгтэйг тайлбарлан таниулсан боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Үйлдвэр урлалын политехник коллежид “миний бие Ч.Болор-Эрдэнэ тус сургуульд  мэдээлэл технологийн багшаар тасралтгүй 12 дахь жилдээ ажиллаж байна. Тус сургуульд цааш үргэлжлүүлэн ажиллах боломжгүй тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхийг хүсч байна” гэсэн өргөдөл гаргасан байх боловч хариуцагч тал дээрх өргөдлийг үндэслэн ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй байна.

Хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан, ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй байхад нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд нэхэмжлэгчийг хуульд заасан журмын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ сайн дураар гаргасан гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                              

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ    

                                                      ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА         

                                                                                                           А.МӨНХЗУЛ