Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0090

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0085/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч Д.П- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.П-д холбогдох 2118000000091 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Д.П, 1971 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, “Цайдам өгөөж” ХХК-нд тракторчин ажилтай, ам бүл 2, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.П- нь 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн 1 дүгээр байрны 8 тоотод Д.Д-той маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “баруун нүдний алимд цус харвалт, дагз, баруун зовхи, хамрын нуруу, эрүү, баруун зүүн бугалга, мөр, баруун зүүн гуя, өвдөгт цус хуралт, дагзны төвгөрт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

-Шүүгдэгч Д.П-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр буюу цагаан сарын шинийн 3-ны өдөр гэртээ байж байтал 16 цагийн үед манай дүүгийн хүүхдүүд болох Дашдолгор, Бат-Оргил нар эхнэр хүүхэдтэйгээ надтай золгох гэж ирсэн. Тэгээд надтай золгочхоод Бат-Оргил нь эхнэр хүүхэд болон Дашдолгорын хүүхдийг аваад манайхаас явсан. Дашдолгор нь бууз идэх гээд үлдсэн. Тухайн үед манай гэрт эхнэрийн найзууд болох Баярцэцэг, Туул хоёр байсан бөгөөд тэд нар юм яриад, хоол болохыг хүлээгээд сууцгааж байсан. Би хэсэг байж байгаад мориндоо тэжээл өглөө гэж хэлчхээд гэрээс гараад удалгүй буцаад иртэл манай гэрт үлдсэн хүмүүс архи ууцгаагаад сууж байсан. Тэгээд намайг ороход манай эхнэр болон найзууд нь “хамт суугаад юм яриад уугаач ээ” гэхээр нь би эхнэрт “би дүүтэйгээ цуг суугаад архи уух эвгүй байна, чи Дашдолгорыг эвтэйхэн хэлээд явуулчих” гэсэн чинь манай эхнэр “миний дүү одоо болно, согтчихсон байна, гэртээ харьж амар” гэж хэлсэн чинь Дашдолгор хаалга саваад гараад явсан. Тэгээд гэрт үлдсэн Баярцэцэг, Туул, эхнэр бид дөрөв юм яриад уугаад сууж байтал Дашдолгор 20 цагийн үед манай гэрт орж ирэхээр нь цай хоол өгөөд суулгасан. Тэгтэл Дашдолгор гэнэт “чи намайг гэрээсээ хөөж гаргалаа” гээд над руу агсам тавиад байхаар нь би аргадах гэтэл “чи намайг ойлгодоггүй, чи муу гуйлгачин” гэж хэлээд гарын салаавч гаргаад миний ам руу тулгаад байхаар нь нүүр лүү нь нэг удаа алгадсан чинь Баярцэцэг намайг салгаад жижиг өрөөнд оруулсан. Би жижиг өрөөнд орчхоод үүд рүү хартал Дашдолгор манай эхнэр Цэцэгтуяаг үсдэж байгаа юм шиг болохоор нь би дахиж очоод нүүр лүү нь чанга алгадсан чинь газарт уначихсан. Тэгээд Баярцэцэг түүнийг босгох гээд ноцолдож байсан, би түүнийг хоёр дахь удаагаа алгадчихаад жижиг өрөөндөө орчихсон юм. Нэг мэдсэн чинь Дашдолгор явчихсан байсан. Удалгүй манай сумын цагдаа нар орж ирээд намайг эрүүлжүүлэхэд хийсэн.

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. гэх мэдүүлэг,

 

-Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6/,

-Д.Д-оос Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 07/,

 

-Хохирогч Д.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед Д.П- гэх айлд золгох гэж ороход Туул, Баярцэцэг, Цэцэгтуяа нар гэрт нь байсан. Д.П- ахтай орцонд таараад намайг дагаж орж ирээд золгоод гараад явсан. Тэгээд бууз жигнэж байхаар нь хүлээж сууж байх хоорондоо бид нар 1 шил архи уусан. Архи ууж байх хооронд Баярцэцэг гэх эмэгтэй “Отгонтуяа чамайг муу муухайгаар муулж байна лээ” гэсэн. Тэгэхээр нь “юу гэж намайг хэлсэн юм бэ?” гэхээр хэлэхгүй гээд байсан би уурлаад гараад явсан. Эргэж орж ирсэн чинь Отгонтуяа гэх эмэгтэй Д.П- ахын гэрт орж ирчихсэн тэд нартай сууж байхаар нь “та нар нэг нэгнээ байхгүй байхад нь муулаад байсан байж одоо цуг суугаад архи ууж суухаас ичээч.” гэж хэлсэн. Тэгээд намайг чи муу хэлээд байхдаа яадаг юм гээд Отгонтуяаг би Д.П- ахын гэрээс хөөсөн, тэгтэл Отгонтуяа гараад явсан. Тэгтэл Д.П- ах босож ирээд “чи манай гэрт орж ирж агсан тавьсан.” гээд намайг орцонд дагуулж гараад нүүрэн хэсэгт гараараа 3 удаа цохиод гэртээ орсон. Тэгээд би уурлаад араас нь орж гэрт нь орилсон чинь модон сандал барьж аваад 1 удаа цохиж би газар унахад дээрээс дэвсээд байсан. Тэгтэл Чимгээ гэх манай найз намайг чирч тэдний гэрээс гаргасан. Тэгээд гараад цагдаа дуудаад эмнэлэг орсон. Буцаад Д.П- ахын гэрт орж “та нараас болж ийм юм болж байгаа юм.” гээд хэлсэн чинь Цэцэгтуяа миний толгой хэсэгт 3 удаа цохисон, Баярцэцэг цаад талд нь “чи гөлөг минь намайг амжихгүй шүү.” гээд орилоод байсан. Цэцэгтуяа намайг зодохоор нь би дахиж уурлаад цагдаагийн газар дээр ирсэн, өөр зүйл болоогүй.

...Би намайг зодсон нагац ах Д.П-оос эмчилгээний зардал мөнгийг бүрэн авсан. Одоо надад энэ хүнтэй холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8, 36/,

-“Д.Д-ын биед баруун нүдний алимд цус харвалт, дагз, баруун зовхи, хамрын нуруу, эрүү, баруун зүүн бугалга, мөр, баруун зүүн гуя, өвдөгт цус хуралт, дагзны төвгөрт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 114 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 13-14/,

 

-Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 22-24/,

-Цагаан өнгөтэй жижиг модон сандлыг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 27-29/,

 

-Гэрч С.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай гэрт манай найзууд болох Баярцэцэг, Батцэцэг, Отгонтуяа, Туул нар надтай золгох гэж орж ирсэн байсан. Тэгээд Отгонтуяа, Батцэцэг хоёр явсны дараа 16 цагийн үед манай нөхрийн нагац дүү нар болох Бат-Оргил, Дашдолгор нар хүүтэйгээ, Бадамцэцэг нар золгох гэж орж ирсэн. Манай гэрт орж ирээд Бат-Оргил, Бадамцэцэг хоёр нь золгочхоод, цай амсаад гараад явсан. Харин Дашдолгор 10 настай хүүтэйгээ цуг манай гэрт үлдээд хоол унд идээд манай найзуудтай цуг нэг шил архи уугаад суусан. Тэр үед манай нөхөр мориндоо тэжээл өгчхөөд ирсэн ба орж ирэхээр нь би нөхөртөө “чи ганц нэг татах уу?” гэсэн чинь “би юу гэж дүүтэйгээ архи уугаад сууж байдаг юм, наадах чинь согтчихсон байна, чи одоо наадхаа явуул” гэхээр нь Дашдолгорт “миний дүү одоо ингээд хариад амарчих, ах нь бид нартай жаахан сууя гэнэ ээ.” гэсэн чинь уурлаад гараад явсан. Тэгээд бид нар манай гэрт үлдээд ууж сууж байтал орой нь дахиад ганцаараа орж ирээд амьдралаа яриад уйлаад суугаад байсан. Тэгж байгаад манай нөхөр лүү “та намайг гэрээсээ хөөлөө” гээд агсам тавиад орилоод байхаар нь манай нөхөр “чи яагаад байгаа юм бэ?” гэсэн чинь салаавч гаргаад нөхрийн ам руу салаавч хийсэн. Тэгсэн чинь нөхөр Дашдолгорыг алгадаж аваад, тэр хооронд манай найз Баярцэцэг ирж салгаад цаашаа орон дээр суулгасан чинь Дашдолгор агсам тавиад миний үснээс зуураад авсан чинь манай нөхөр буцаж ирээд “чи миний эхнэрт гар хүрдэг хэн бэ?” гээд нүүр лүү нь дахиад нэг алгадчихсан юм. Дашдолгор алгадуулчхаад босож ирээд манай гэрээс шууд гарч явсан. Тэгээд удалгүй цагдаа дагуулаад гэрт орж ирсэн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38/,

 

-Гэрч А.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дашдолгорын ээж болох Дашдулам нь 22 цагийн үед над руу утсаар яриад “Д.П- Дашкаг зодоод байна гэнэ, чи гэрт нь очоод салгаад аваад гэрт нь хүргээд өгчхөөч.” гэхээр нь би Д.П- ахын гэрт очиход Дашдолгорын нүд нь хөхөрчихсөн “эд нар намайг нийлээд зодчихлоо.’’ гээд байсан. Тэгээд намайг орсны дараа Д.П- нь Дашдолгорыг сандлаар толгой руу нь цохихоор нь би Дашдолгорын хоёр гараас нь чирээд гэрээс нь аваад гарсан. Тэдний гэрээс гараад эмнэлэг явах замдаа цагдаад дуудлага өгчхөөд би Дашдолгорыг эмнэлэг хүргэж өгчхөөд өөрөө түрүүлээд гэр лүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40/,

 

-Гэрч П.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.П- ах орж ирээд “агаагийн дүү нилээн согтчихсон байна, болохгүй бол эндээ унтаад явах юм уу?” гэж хэлж байсан. Тэгээд бүр дийлдэхээ болиод болохгүй болохоор нь Пүрэвээ ах Цэцэгтуяа эгчид "наадхаа эвтэйхэн хэлээд явуулчих аа.” гэж хэлсэн чинь Цэцэгтуяа эгч их эвтэйхэн хэлээд Дашдолгорыг гэрээсээ гаргаж явуулсан. Тэгээд Дашдолгор гарч яваад их удаагүй 10 орчим минут л болсны дараа эргэж орж ирээд Д.П- ах руу агсам тавиад “чи яахаараа намайг хөөдөг юм бэ?" гээд гарын салаавч гаргаад ам руу нь хийгээд, урд нь алцайж суучхаад шүлсээ шалан дээр хаяад байсан чинь Д.П- ах нүүр лүү нь алгадчихсан юм. Тэгэхээр нь би очиж салгаад Пүрэвээ ахыг орон дээр суулгаж байсан чинь Дашдолгор Цэцэгтуяа эгчийн үсний том боолтоос нь бариад авсан чинь Д.П- ах дахиж очоод “чи яахаараа миний эхнэрийг үстдэг юм” гэж хэлээд дахиж очоод нүүр лүү нь алгадсан чинь Дашдолгор газар уначихсан. Тэгээд дийлдэхгүй бас л орилж чарлаад болохгүй, би зууралдаад байж байтал Дашдолгорын найз Чимэгээ ирээд Дашдолгорыг аваад гарсан. Тухайн үед Дашдолгор нь Д.П- ахын ширээг бүгдийг нь нураасан. Тэгээд түүнийг явсны дараа бид нар гэрт нь сууж байтал цагдаа нар орж ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44/,

 

-Шинжээч эмч Г.Галиндэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Д-ын биед учирсан нүдний алимны цус харвалт, дагз, баруун зовхи, хамрын нуруу, дагзны төвгөрт зөөлөн эдийн няцрал, баруун бугалгын цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51/,

 

-Хохирогч Д.Д-ын “... Миний бие цаашид эмчилгээ хийлгэх шаардлагагүй, Д.П-оос эмчилгээний зардал бүрэн авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 83/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч Д.П- нь 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн 1 дүгээр байрны 8 тоотод Д.Д-той маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “баруун нүдний алимд цус харвалт, дагз, баруун зовхи, хамрын нуруу, эрүү, баруун зүүн бугалга, мөр, баруун зүүн гуя, өвдөгт цус хуралт, дагзны төвгөрт зөөлөн эдийн няцрал” гэмтэл учруулсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 114 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 13-14/ нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.П-ид холбогдох хэргийн зүйл, хэсэг зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч Д.Д- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.П-оос гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.П- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч Д.П- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 450000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.П-ид анхааруулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.П- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг модон сандлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Д.П-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.П-д үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч Д.П-д анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг модон сандлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ