| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2021/0048/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0054 |
| Огноо | 2021-03-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2021/0048/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгч М.М.А-- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А--т холбогдох эрүүгийн 2118000000042 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Зэвсгийн засварчин, нярав мэргэжилтэй, дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар ангид тасгийн захирагч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М.А--
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
М.М.А-- нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 09 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 14-68 тоот хаалганаас Ц.Ц.А-г түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.М.А-- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин мэдүүлэг өгөхгүй. Цаашид бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй” гэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч М.М.А-- нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 09 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 14-68 тоотод хохирогч Ц.Ц.А- “шөнийн цагаар шуугиан ихтэй, амгалан тайван байдлыг алдагдуулж байна” гэж зүй ёсны шаардлага тавьсны хариуд энгэрээс нь заамдаж, гэрээс түлхэж унагаасан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч М.М.А--ын хүний бие эрх чөлөөнд хууль бусаар халдсан үйлдлийн улмаас хохирогч Ц.Ц.А-гийн баруун алганд шарх, цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.М.А--ын үйлдэлд Эрүүгийн хуулийн 4 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн 2118000000042 дугаартай хэргээс:
Хохирогч Ц.Ц.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр аавындаа байж байгаад 19 цагийн үед гэртээ ирсэн юм. гэртээ иртэл дээд айл буюу 68 тоот айл шуугилдаад инээлдээд байсан. би тэвчээд чихэндээ чихэвч зүүгээд хэсэг хугацаанд хэвтсэн. Тэгээд бүр чимээгүй болохгүй чанга яриад инээлдээд байхаар нь 23 цагийн үед дээд айлын паарыг нүдсэн. Тэгээд ч нэмэргүй байсан ба шөнийн 01 цаг 26 минутад дээд айлын хаалга нь дугараад ирсэн хүмүүс нь гараад явсан. Тэгтэл миний нойр хүрэхгүй унтаж чадахгүй байсаар өглөө болгосон. Тэгээд би 09 цагийн үед гараад дээд давхрын 68 тоот айлын хаалгыг нүдсэн. Тэгтэл тэр айлын эхнэр нь хаалгаа онгойлгосон. Тэгэхээр нь би гэрт нь орж байгаад би та нарыг өчнөөн тэслээ шүү дээ та нар шөнийн 01 цаг хүртэл хүмүүс авчирч орилолдлоо шүү дээ гэж хэлтэл эхнэр нь өөдөөс чи тэгвэл хаусандаа очиж амьдраач гэж хэлэхээр нь миний дургүй хүрээд өөдөөс нь дайртал тэр эмэгтэй чи одоо хар өглөөгүүр орж ирчихээд яагаад хэрүүл хийгээд байгаа юм бэ, тийм бол хэлдэг газар нь хэлэхгүй юу гээд намайг хаалгаараа гаргах гээд түлхсэн. Тэгэхээр нь би өөдөөс эсэргүүцээд бид 2 гараараа түлхсэн. Тэгтэл тэр эмэгтэй орилоод нөхрийгөө дуудсан ба нөхөр нь бололтой нэг залуу өрөөнөөс гарч ирээд чи муу юу юм бэ гэж хэлээд намайг заамдаж аваад түлхээд гэрээсээ гаргасан ба тухайн үед би баруун гартаа гэрийнхээ түлхүүрийг атгачихсан байсан тул баруун гарыг чанга түлхсэн ба түлхэгдэж гарахдаа нурууныхаа зүүн талаар хүчтэй унасан. Тэгээд би гэртээ орж байгаад цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх 10-11/,
Гэрч Б.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цагийн үед манай хаалгыг хүчтэй нүдэхээр нь очоод “хэн бэ” гээд асуутал дугарахгүй байхаар нь хаалганы дурангаараа жижигхэн эмэгтэй хүн байхаар нь хаалгаа жижигхэн зай гаргаад онгойтол гаднаас тэр эмэгтэй угз татаад гэрт ороод ирсэн. Орж ирээд тэр эмэгтэй над руу шууд гараа саваад цохиод дайраад ороод ирсэн. Тэр эмэгтэй хана цохиод бас эргэн тойрны эд зүйлс рүү цохиод дайраад байсан. Би эргээд харахад манай хоёр хүүхэд миний ард талд сэрчихсэн айгаад зогсож байсан. Би айсандаа нөхрийгөө дуудсан. Манай нөхөр 00-н өрөөнөөс гарч ирээд тухайн эмэгтэйн куртикных нь гадна энгэрээс бариад өргөөд гар гэж хэлээд хаалгаар гаргаад хаалгаа хаасан. Тэгтэл тэр эмэгтэй орилоод манай хаалгыг нүдэж байгаад гэр лүүгээ орсон. Орой 20 цагаас 01 цагийн хооронд найзууд ирээд даалуу тоглосон. Тэгэхдээ чимээ шуугиан гаргаагүй. Тухайн үед шуугилдаа, ориллоо гэж доод болон хажуугийн айлуудаас гомдол гаргаагүй.” гэх мэдүүлэг /хх 19/,
Шинжээч эмч Г.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг гэмтэл нь арьсны булчин өөхөн эд зэрэг бүх давхаргыг хамарсан, орчиндоо цус хуралт хавдар зэрэг шархны шинжүүдийг агуулсан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулж байгаа зэрэг шинжээр гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэх мэдүүлэг /хх 25/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 52 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Ц.Ц.А-гийн биед баруун алганд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх 27-28/,
Хохирогч Ц.Ц.А-д эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тухай хуудас /хх 44-45/,
Шүүгдэгч М.М.А--ын хувийн байдлыг тогтоосон Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны хүндэт тэмдгүүдээр шагнагдаж байсан үнэмлэхүүдийн хуулбар /хх 49-51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 61/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх 65/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.М.А-- нь гэмт үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, зориуд хохирол, хор уршигт хүргэж санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.М.А--ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч Ц.Ц.А- нь “ямар нэгэн мөнгө, төгрөг нэхэмжлэхгүй” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэхэд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.А--ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.А--ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.А--т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.А-- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М.А--т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.М.А--т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ