| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2021/0006/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/10 |
| Огноо | 2021-01-12 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2021/0006/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,
Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч-,
Шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн 2018000000231 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, замчин мэргэжилтэй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав ээжийн хамт оршин суух, урьд:
-2008 оны 01 сарын 03-ны өдрийн 01 дугаартай Дархан-Уул аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147-р зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 8 жил 10 сарын хорих ялаар шийтгүүлж , 2009 оны 07 сарын 27-ны өдөр өршөөлийн хуулиар шүүгчийн захирамжаар хугацааны өмнө суллагдсан
-2011 оны 02 сарын 24-ний өдрийн 55 дугаартай Дархан-Уул аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн,
-2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 147 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн Б.Г-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Б.Б.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Б.Б.Э-ийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тус тус зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Өмнө нь үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Эрүүгийн 2018000000231 дугаартай хэргээс:
Хохирогч Б.Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Б.Б.Г-тай 2019 оны 06 дугаар сараас хойш хамт амьдарч байгаа. Бид хоёр Улаанбаатар хотод нийтийн байр түрээслэн амьдарч байгаад 2020 оны 05 сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум Салхитад байдаг Г- аав, ээжийнх нь гэрт ирсэн. Тэгээд энд ирснээсээ хойш Б.Г- намайг 2,3 удаа зодоод би өнөөдөр буюу 2020 оны 05 сарын 08-ны өдрийн 09 цагийн үед Салхитын эмнэлэг дээр ирж эмчилгээ хийлгэсэн юм тэгээд эмч нар цагдаа дуудсан.
...Эхнийх нь 2020 оны 05 сарын 05-ны өдөр гэртээ байхдаа намайг зодсон. Тэр өдөр намайг эмэгтэй түрийтэй гутлаар толгой тархи луу цохиод, намайг газар унагачихаад нүүр лүү өшиглөөд хоолны том төмөр халбагаар толгой руу 2 удаа хүчтэй цохисон. Тэр үед нь би цагдаад мэдэгдэж чадаагүй. Дараа нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гаднаас согтуу орж ирээд намайг зодсон. Тэгэхдээ намайг гадаа өөрөөс нь нуугдаад сууж байхад хүрч ирээд миний үснээс зулгааж гэр лүүгээ чирч оруулаад нүүр лүү өшиглөөд толгой дээр дэвсээд гараараа хаа тааралдсан газраа цохиж зодсон.” гэх мэдүүлэг /хх 6-7/,
Гэрч С.М- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өглөө 09:40 цагийн үед ажил дээрээ очтол эхнэр, нөхөр хоёр хүн ирээд нөхөр нь надад Эрхтээс урьд шөнө ирж яваад мотоциклтой осолдоод эхнэр минь гэмтчихлээ оёдол тавиад өгөөч гэсэн. Тэгээд эхнэрийнх нь биеийг үзтэл дээд уруул зүүн талдаа сэтэрсэн гар хөл нь хөхөрсөн, зүүн нүд хацар нь хөхөрч хавдсан байдалтай байсан. Тэгээд багийн цагдаа Ш- мэдэгдсэн. Би эхнэрээс нь асуусан чинь мотоциклтой явж унаагүй Б.Г-д зодуулсан гэж хэлсэн. Б.Э- Б.Г-тай танилцаад 1 жил болж байгаа гэсэн.” гэх мэдүүлэг /хх 8/,
Гэрч Э.Ш- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 сарын 08-ны өдөр манай багийн эмч С.М- над руу залгаад энд зодуулсан хүн ирсэн байна гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж магадгүй гэж дуудлага өгсөн тэгэхээр би очиж шалгасан чинь Б.Г-, Б.Э- нар эмнэлэг дээр ирсэн байсан. Би Б.Г-ас эхнэр чинь яасан юм бэ? гэж асуухад бид хоёр явж байгаад мотоциклоос унаад бие нь ийм болсон юмаа гэж хэлэхээр нь сэжиг төрөөд шалгасан чинь эхнэрээ Б.Г- өөрөө зодсон байсан тэгээд цагдаад хүргэсэн байгаа.
Б.Э- их айсан маягтай байсан цагдаад зодуулснаа хэлэх юм бол охинтой нь цуг ална гээд айлгасан байсан.” гэх мэдүүлэг /хх 10/,
Гэрч Б.Г- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...19 цагийн үед гэртээ очсон, гэртээ ороод сууж байсан чинь манай хажуу талын айлын Б.Г- гэх хүний сая авчирсан шинэ эхнэр Б.Э- манай гэрт орж ирээд ахаа гар утсаараа нэг яриулаач гэсэн. Тэгэхээр нь би гар утсаа өгсөн, авч гараад миний утсаар хэсэг ярьж байгаад оруулж ирж өгчихөөд гараад явсан, тэгээд би гараад манай найз Б- төрсөн өдөр болж байна гэхээр тэдний гэр лүү явах гээд гарсан чинь хажуу талын Б.Г- Б.Э- хоёр маргаад хэрэлдээд байсан тэгээд би цаашаа яваад Б- гэрт байж байгаад орой гэртээ ирээд унтсан.” гэх мэдүүлэг /хх 13/,
Насанд хүрээгүй гэрч Д.У- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Г- гэдэг ах манай ээжтэй суусан хүн байгаа юмаа. Манай ээж бид хоёр Б.Г- ах Салхитад хүрээд ир гээд байхаар нь Салхитад ирээд 4 хонож байсан ирээд байж байгаад манай ээжийг 2020 оны 05 дугаар сарын 06-07-ны өдөр, шөнө хоёр хоног зодсон байгаа. Ээжийг Б.Г- ах найзтайгаа хардаад зодоод байсан. 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гараараа зодоод халбага шидэж үсдэж зодсон байгаа, 2020 оны 05 дугаар сарын 07-ны орой болохоор ээжийг бас Б.Г- согтуу байж байснаа зодоод үснээс нь зулгаагаад чирээд байсан, тэгтэл ээж орилоод гараад гүйсэн чин араас нь гараад цохиод байсан тэгээд ээжийг үсдэж чирч оруулж ирээд дахиад зодсон. Манай ээжийг Улаанбаатар хотод нийтийн байранд байж байхдаа ээжийг Б.Г- ах зодоод нүдийг нь хөх эрээн болгоод заазуур шидэж хутга тулгаад хувцсаа тайл гэд шөнөжин байнга зодож тамалдаг байсан. Б.Г- гэх хүнтэй манай ээж суугаад 1 жил болж байна зөндөө зодуулсан.” гэх мэдүүлэг /хх 20/,
1.Д.У- биед цээжний баруун хажуу хэсгийн зулгаралт тогтоогдлоо.
2.Дээрх зөөлөн эдийн зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Уг зөөлөн эдийн зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийн сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх 23-24/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 396 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Б.Б.Э-ийн биед доод эрүүний зүүн талын үений сэртэнгийн суурь хэсгийн битүү хугарал, хамар ясны хугарал, дээд уруулын шарх, тархи, доргилт нүүр, баруун мөр, зүүн гарын бугалга шуу, баруун өвдөг, зүүн гуя хуйхны цус хуралт тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Б.Б.Э-т учирсан гэмтэл нь шинэ гэмтэл болно.
4.Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.
5.Б.Б.Э-т учирсан гэмтэл нь цаашдын байнгын хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд нөлөөлөхгүй /хх 26-27/,
Шүүгдэгч Б.Г- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 45/, тээврийн хэрэгсэл эзэмшдэг эсэх тодорхойлолт /хх 48/, эзэмшил, өмчлөлийн газартай эсэх тодорхойлолт /хх 50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 64-75/,
Хохирогч Б.Б.Э-ийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 52-53/,
Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 54-55/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б.Г- ньд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Б.Б.Э-ийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тус тус зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульд заажээ.
Хохирогч Б.Б.Э-ийн биед учирсан доод эрүүний зүүн талын үений сэртэнгийн суурь хэсгийн битүү хугарал, хамар ясны хугарал, дээд уруулын шарх, тархи, доргилт нүүр, баруун мөр, зүүн гарын бугалга шуу, баруун өвдөг, зүүн гуя хуйхны цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Б.Б.Г- “хардалт”-ын улмаас шалтаглан хохирогч Б.Б.Э-ийг 2020 оны 05 сарын 05, 07-нд тус тус зодож цохисон санаатай үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Хохирогч Б.Б.Э-, шүүгдэгч Б.Б.Г- нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй хэдий ч хамтран амьдрагчийн хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна..
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж үзнэ гэж Гэр бүлйн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлжээ.
Шүүгдэгч Б.Б.Г- нь хамтран амьдрагч Б.Б.Э-ийг хардалтын улмаас шалтаглан зүй бусаар харьцаж, үргэлжилсэн үйлдлээр бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Прокуророос шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Г- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б.Г- өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж байсан ч хүсч үйлдсэн, хохиролд зориуд хүргэж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогч Б.Б.Э-ийн хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх 133/ гэсэн тул шүүгдэгч Б.Г- бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б.Г- нь энэ хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, 2019 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон 28 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Хохирогч Б.Б.Э- “түрийтэй гутлаар цохиж зодсон” гэж мэдүүлсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд уг гутлыг эд мөрийн баримтаар тооцож ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Г- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Г- 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Г-д оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г- цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ