Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс: 166/2021/0012/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагч  Ч.Мядагбадам,

Хохирогч Т.Д-,

Шүүгдэгч А.Б- өмгөөлөгч Б.С-,

Шүүгдэгч Ц.Э- өмгөөлөгч Н.Б-,

Шүүгдэгч А.А.Б-, Ц.Ц.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Б-, Ц.Э- нарт холбогдох эрүүгийн 2018000000337 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, оршин суух, урьд:

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн, А.Б-

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгиин Сайхан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой тракторын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, төрсөн эхийн хамт оршин сууж байгаа, урьд:

Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 170 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай хорих ялаар,

Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4121 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 03 сарын хугацаатай хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Ц.Э-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

А.А.Б-, Ц.Ц.Э- нар нь бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шөнийн 03 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах Т.Т.Д-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар нэвтэрч Toshiba маркийн хар өнгийн нөтбүүкийг /notebook/ хууль бусаар авч 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч А.А.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

     Шүүгдэгч Ц.Ц.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:”Өмнө мэдүүлэг өгсөн учраас дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

     Хохирогч Т.Т.Д- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр 2020 оны 07 дугаар сарын 26 билүү 27-ны шөнө билүү сайн санахгүй байна. Намайг эмээ дуудаад хэрэгтэй зүйлийг нь хүргэж өгөхөөр Дарханаас 1 цаг орчим явдаг Бүрэнтолгойд эмээгийнх рүү явсан хойгуур ийм зүйл болсон байсан. Шөнө 3 цагийн үед гэрт орж ирсэн юм шиг байна лээ. Миний өрөө тагттай залгаа байдаг, тагтаар орж ирээд сандал дээр миний нөтбүүк байсныг аваад буцаад гарсан юм шиг байна лээ. Тагтны хаалган дээр юмыг яаж мэдэх вэ гээд өндөр толь тавьсан байдаг юм тэр толь унаад манайхан мэдсэн гэсэн. Тухайн нөтбүүкийг алдахаасаа 4 хоногийн өмнө ахаасаа 550,000 төгрөгөөр худалдаж авсан байсан” гэх мэдүүлэг,

Эрүүгийн  2018000000337 дугаартай хэргээс:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 77-14/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15/,

Гэрч Г.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...аав бид 2 миний хажуугийн өрөөнд ортол тагтны хаалга онгорхой тэр өрөөнд 1 хүний буйдан дээр байсан нөтбүүк байхгүй тагтны өмнө байсан миний нүүрний будаг зарим нь газар унасан байсан. Аав бид 2 хамт тагт руу гарахад хэн ч юу ч байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх 36/,

Гэрч З.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...дээд давхарт чимээ гараад байсан. Гэнэт маш чанга чимээ гарахад охин ааваа гээд орилсон. Би дээш гараад очиход охин минь гадны хүн байх шиг байна гэсэн. Тэгээд тагтны хаалга онгорхой болохоор нь очоод үзэхэд хүн дуугараад байх шиг байхаар нь буугаад хартал хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх 38/,

 “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 550000 төгрөг /хх 47-48/,

 

Шүүгдэгч Ц.Ц.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар  /хх 70, 72-73, 78-80/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 91/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолтууд /94-101/,

 

Шүүгдэгч А.А.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /104, 107-109/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 128/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолтууд /144-151/

 

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч А.А.Б-, Ц.Ц.Э- нар нь бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шөнийн 03 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах Т.Т.Д-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар нэвтэрч Toshiba маркийн хар өнгийн нөтбүүкийг /notebook/ хууль бусаар авч 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

Шүүгдэгч А.А.Б-, Ц.Ц.Э- нар нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, тэдний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч А.А.Б-, Ц.Ц.Э- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай оронд байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.А.Б-, Ц.Ц.Э- нарын үйлдлийн улмаас хохирогч Т.Т.Д-д 550000  төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч А.А.Б- нь хохирол төлбөрт 275000 төгрөг, шүүгдэгч Ц.Ц.Э- нь 275000 төгрөгийг төлж барагдуулан холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.  

 

Шүүгдэгч А.А.Б-, Ц.Ц.Э- нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

 Иймд шүүгдэгч А.А.Б-, Ц.Ц.Э- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч А.А.Б-ыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч Ц.Ц.Э-ыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Ц.Э- нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/412 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 06 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоохоор шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж заасан ба шүүгдэгч Ц.Ц.Э-ыг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 06 сар 22 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон байх тул түүний эдлээгүй үлдсэн 06 сар 22 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ц.Ц.Э-ын биечлэн эдлэх ялын хэмжээг 02 жил 06 сар 22  хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 ширхэг саравчтай малгайг шүүгдэгч Ц.Ц.Э-ад буцаан олгож, хар өнгийн компьютерын залгуурыг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.А.Б-ын цагдан хоригдсон 37 хоног, шүүгдэгч Ц.Ц.Э-ын цагдан хоригдсон 12 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.Б-, Ц.Э- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.А.Б-ыг 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Ц.Э-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.Ц.Э-ад Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/412 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 06 сар 22 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 02 жил 06 сар 22  хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.Б-од оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Ц.Э-ад оногдуулсан 02 жил 06 сар 22 хоногийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.Б-ын цагдан хоригдсон 37 хоног, шүүгдэгч Ц.Ц.Э-ын цагдан хоригдсон 12 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 ширхэг саравчтай малгайг шүүгдэгч Ц.Ц.Э-ад буцаан олгож, хар өнгийн залгуур 1 ширхгийг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

            7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А.Б-, Ц.Ц.Э- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.А.Б-, Ц.Ц.Э- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ