Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                            Хэргийн индекс:166/2021/0021/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагч: Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э-,

Шүүгдэгч Б.Г-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-од холбогдох эрүүгийн 2118000000021 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1971 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Бэрх суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын “Баялаг энержи ресурс” ХХК-д оператор ажилтай, ам бүл-3, хүүхдүүдийн хамт оршин сууж байгаа, урьд:

-Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,

-Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Б.Г-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Б.Б.Г- нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 22 цаг 50 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах Россия нийтийн байрны 18 тоотод С.С.А-гийн зүүн гарын шуун тус газар нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Б.Б.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б.Г- нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 22 цаг 50 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах Россия нийтийн байрны 18 тоотод хохирогч С.С.А-гийн зүүн гарын шуун тус газар нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Б.Г-ын үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2118000000021 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл ургийн үзүүлэлт /хх 2-5/,

            Хохирогч С.С.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ амарч байсан чинь манай найзууд болох Э-, Б.Г- нар ирсэн. Ирэхдээ 2 ширхэг 0.75 граммын савлагаатай Хараа архитай ирсэн юм. Тэгээд бид 3 хамтдаа тухайн нэг шил архийг хувааж уугаад дуусаад хоол хийгээд дуусаж байсан юм. Тэгсэн чинь Б.Г- бид 2 Монгол алтанд хамтдаа ажиллаж байсан юм. Тэгээд тухайн үеийн зүйлсээ яриад маргалдах гээд байсан юм. тэгэхээр нь би за одоо болно чимээгүй бай гэж хэлсэн чинь Б.Г- яах ийхийн зуургүй миний зүүн гарыг гэнэт л манай гэрийн хоол хийдэг хар иштэй хутгаар зүсээд авсан юм. тэгээд л миний гараас баахан цус гараад эмнэлэг болон цагдаа нар ирсэн. Надад гаргах гомдол санал байхгүй. Гомдолгүй байна.” гэх мэдүүлэг /хх 10-11/,

            Гэрч Д.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хаалга нүдэхээр нь нээсэн чинь өндөр бүдүүн залуу нь би хүн алчихлаа эмнэлэг дуудаад өгөөч гэхээр нь яасан юм бэ гээд ороод хартал С.А- зүүн гараа нугалчихсан гарын шуу орчимд зүсэгдсэн маш их цус гарсан байсан. Хажууд нь нэг байнга ирж архи уудаг найз нь гарыг нь барьчихсан бас гар нь цус болсон байсан ба би өөрийн дугаараас цагдаад дуудлага өгөөд дараа нь эмнэлэг дуудсан юм.” гэх мэдүүлэг /хх 12/,

            Гэрч Т.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 00 орчихоод гараад ирсэн чинь С.А-гийн гарнаас цус гарчихсан орон дээрээ сууж байсан тэгэхээр нь би гүйж очоод гар дээр нь дарсан юм. ...эмч орж ирээд юу болсон бэ гэж асуухад Б.Г- эмчид хандан би хутгаар зүсчихсэн юмаа гэж хэлж байсан учраас Б.Г- л зүссэн гэж бодсон” гэх мэдүүлэг /хх 16/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.С.С.А-гийн биед зүүн гарын шуунд шарх тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.С.С.А-гийн биед илэрсэн гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд буюу 2021.01.12-ны өдөр үүссэн байх боломжтой.

4.С.С.А-гийн биед илэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

5.С.С.А-гийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх 20-21/,

 

Хохирогч С.С.А-д эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тухай хуудас /хх 22-23/,

 

Шүүгдэгч Б.Б.Г-ын хувийн байдлыг тогтоосон арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /хх 37-45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 50-60/, ам бүлийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 62-66/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б.Г- нь гэмт үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, зориуд хохирол, хор уршигт хүргэж санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б.Г- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч С.С.А- нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Г-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Г-од оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Г- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

   6.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

   7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ