Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                           Хэргийн индекс:166/2021/0027/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагч  Ч.Мядагбадам,

Хохирогч Т.Т.О-,

Шүүгдэгч Г.Г.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-т холбогдох эрүүгийн 2118000000012 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух урьд:

-Дархан-уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 198/а/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.147.2 зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 460 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял,

-2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Г.Э-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Г.Г.Э- нь 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 68 дугаар брак байрны ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.Т.О-ийн нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Г.Г.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би хөдөө уурхайд ажилладаг байсан. Гэтэл намайг хардсаар байгаад 2 удаа ажилгүй болгосон. Тэгээд би “нэг бол та 2-оос салаад хол очиж амьдаръя” гэж хэлсэн. Яг хэрэг болдог орой найз ирсэн байсан. Тэгээд би ханийгаа дуудахад очиж байна гэсэн. Би нэлээд халсан. Манай найз явах гэхээр нь би байж байгаад яв л даа гэхэд миний эхнэр явах гээд байгаа хүнийг явуул, чи өөрөө шар толгойтой хүүхэн дээрээ дагуулаад очооч, хамт тэврээд унтдаг гэл үү гэхээр нь би хүний хажууд тэгж хэллээ, явсны дараа хэлж болно шүү дээ, надад тийм хүн байхгүй гэж хэлээд цохисон.” гэв.

     Хохирогч Т.Т.О- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өмнө нь мэдүүлэг өгсөн учир гэр бүлийнхээ гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж дахин хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилнэ. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэв.

Эрүүгийн  2118000000012 дугаартай хэргээс:

            Гэрч Ж.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.О- гэдэг эмэгтэйн гэрт охинтойгоо орсон чинь Т.О-ийн намар 2 нүд, шанаа, хацар нь хөхөрчихсөн байдалтай байхаар нь би түүнээс юу болсон бэ яагаад ийм болчихсон юм бэ гэхэд тэр хэд хоногийн өмнө нөхөр маань намайг зодоод ийм болгочихсон гэж хэлсэн. Тэгээд тэр надаас миний нүүрний зургийг утсан дээрээ аваад өг гэж гуйхаар нь би түүнд утсаа өгтөл тэр өөрийнхөө нүүрний зургийг миний утсан дээр дарсан ба 4 ширхэг зураг дарсан.” гэх мэдүүлэг /хх 14/,

 

            Гэрч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өглөө нь би тэдний гарт сандал гуйх гэж ортол эхнэрийнх нь нүд, хамар, нүүр нь хөх няц болчихсон нэлэнхүйдээ хавдсан байдалтай нэг нүд нь хавдсанаасаа болоод аньчихсан байсан юм. Тэгэхэд нөхөр нь гэртээ хоол хийгээд байж байсан бөгөөд би эхнэрээс нь юу болсон бэ наад нүүр чинь яачихсан юм бэ гэтэл Т.О- гэх эхнэр нь юу ч хэлэхгүй доошоо хараад байсан юм. Нөхөр Г.Э- нь хэлэхдээ найзыгаа зодох гэж байхад нь эхнэр нь урдуур нь ороод цохиулсан гэсэн бөгөөд зүгээр хүний урдуур ороод цохиулахад тийм болох ёсгүй. Учир нь нүүр, ам, хамар нь нэлээд эвгүй болчихсон байсан юм.” гэх мэдүүлэг /хх 16/,

 

            Гэрч С.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.Т.О- бага зэрэг согтчихсон нөхөр рүүгээ “чи тэр шар хүүхэн рүүгээ яв, зайл” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь би Т.Т.О-т “чи нөхрийгөө учир шалтгаангүй хардаж байхаа боль” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хэрэлдэж маргалдаад байхаар нь би хэрэлдэж маргалдахаа боль би харилаа гэж хэлээд гэртээ харьсан.” гэх мэдүүлэг /хх 20/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Т.Т.О-ийн биед баруун хөмсгөнд шарх, тархи доргилт, нүүрэнд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3Т.Т.О-ийн биед илэрсэн гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд буюу 2020.12.24-ний өдөр үүссэн байх боломжтой.

4.Т.Т.О-ийн биед илэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

5.Т.Т.О-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх 23-24/,

 

Хохирогч Т.Т.О-т эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тухай хуудас /хх 25-26/,

 

 

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 04/,

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 05-06/,

 

Шүүгдэгч Г.Г.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 42-49, 81-87/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /хх 59-68/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Г.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 68 дугаар брак байрны ** тоотод хохирогч Т.Т.О-ийг хардсан гэдгээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

                       

Шүүгдэгч Г.Г.Э-ын нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Шүүгдэгч Г.Г.Э-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-н улмаас хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох зохицуулалттай.

 

Иймд шүүгдэгч Г.Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Т.Т.О- нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эм, эмчилгээний зардалтай холбоотой 118150 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч Г.Г.Э-оос 118150 төгрөг гаргуулж хохирогч Т.Т.О-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Т.Т.О- хөмсөгний сорви арилгуулах, тархи доргилттой холбоотой  эмчилгээ хийлгэх шаардлагатай тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно гэж мэдүүлж байх тул учирсан хор уршгийг арилгахад гаргасан зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго  нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх...дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршдог тул шүүгдэгч Г.Г.Э-т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй.

Шүүхэд нийтэд тустай ажил хийлгэх ажлын санал ирүүлээгүй тул ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгүүлэх нь зүйтэй.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Э-ыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Г.Э- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Г.Э-оос 118150 /нэг зуун арван найман мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулан хохирогч Т.О -т олгосугай.

 

            5.Хохирогч Т.Т.О- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй..

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ