Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0033

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс: 166/2021/0020/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагч  Д.Батмөнх,

Хохирогч Б.Б-,

Шүүгдэгч Х.Б- өмгөөлөгч Б.Ч-,

Шүүгдэгч С.М- өмгөөлөгч Ж.Т-,

Шүүгдэгч Х.Б-, С.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Б-, С.М- нарт холбогдох эрүүгийн 2018002350259 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 417 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Х.Б-

2.Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Дархан, Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээнд ээлжийн монитор ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4/1 дугаартай таслан шийтгэх тогтоолоор 1986 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 239.2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 239 дүгээр зүйлийн 239.3-т тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 11-нии өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулиин тусгаи ангиин 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 212.500 төгрөгөөр торгох ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, С.М-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Х.Х.Б- С.С.М- нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 16-17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт бэлчиж байсан иргэн Б.Б.Б-ын өмчлөлийн 2 тооны хонь буюу бог малыг машин механизм ашиглан хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Х.Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би дэлгүүрт хонь аваачиж өгсөн нь үнэн. Б.Б.Б-ад танай хонь бишээ, мөн байх юм бол танай 2 хонийг 20 болгож өгье, эсхүл хашаанд маань шинэ приус машин байна. Түүнийг өгье гэж хэлсэн. Тухайн үед манай хашаанд хонины шийр толгой нь байсан. Манай эгчээс очоод асуу гэж цагдаа нарт хэлсэн. Хонио харьцуулаад шинжилгээ ав гэж хэлсэн гэв.

 

Шүүгдэгч С.С.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: цагдаа нарын буруутай үйл ажиллагааны улмаас энэ шүүх дээр ирсэн. Тухайн үед намайг цагдаа 3 цаг зогсоосон. Үүдээр хүмүүс шагайгаад жиг жуг хийгээд инээлдээд байсан. Би нуруу өвдөөд  байна гэж хэлсэн, тэгээд доор буугаад хүлээж бай гэсэн. Тэгээд намайг таниулах ажиллагаа хийхдээ 3 жаахан хүүхэдтэй зэрэгцүүлээд эдний хүүхдэд таниулж цээжлүүлсэн. Би ажлын хувцастайгаа байсан, хүн хулгай хийхдээ өмссөн хувцастайгаа хэзээ ч очихгүй, би ажлын хувцастайгаа очсон. Тэгээд ч би майжгий биш, тэнд байгаа хүмүүс энэ хүнийг хар гээд л өө, энэ ёстой мөн энэ тэр гэсэн. Х.Х.Б- гэдэс ав гэж хэлсэн. Тэгээд манай цайны цаг байсан, манай байгууллагын цайны газар хаалттай байсан учраас би гэдэс очиж аваад гэртээ аваачсан. Тухайн үед 3 сар, тарчиг байх үед сайхан шөл ууя л гэж бодоод авсан. Би түүнээс нээх хулгай хийтлээ яахаа алдсан амьдралтай хүн биш гэв.

 

Хохирогч Б.Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:”...хонины хүүхэд даараад байна гээд 16 цагийн үед ирээд хөрсөн бууз идээд, хүрмээ өмсөөд гарсан. Тэгээд дурандаж байж байтал хонь хуйлраад байсан. Тэгээд очиход саарал машин манай хонийг хурааж байгаад зугтчихлаа гэж хонь хариулж байсан хүү хэлсэн. Тэгээд би эхнэрээ суулгаад хойноос нь давхиад явахад 2 үхэр ачсан портер машин явж байхад асуухад нэг нь “УБП” гэсэн серитэй саарал приус 20 машин хар хурдаараа өнгөрсөн, дугаар хараагүй гэж хэлсэн. Тэгээд дэлгүүрээс асуухад манайд хонины мах ирсэн гэсэн. Тэгээд ямар мах өгсөн гэхэд дээд хашааны хүн гээд зааж өгсөн, тэгтэл хүүхэд энэ хүүхэд /Х.Б- руу заав/ хаалгаа оролдоод зогсож байхаар нь нааш ир уулзъя гэтэл зугтчихсан. Тэгээд дараа уулзахад цагдаад битгий хэлээч гээд гуйгаад байсан. Залуу хүүхдүүд байж ингэж болохгүй, нийгмийн харилцаанд орно шүү дээ, ингэж болохгүй гэв.

 

Эрүүгийн  2018002350259 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх 04/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 5-14/...”2020 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 12.40 минутад Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 9 дүгээр хэсгийн задгайд /Х.Х.Б-ийнх/ байв. Хашаа нь хойд хэсгээрээ хашаагүй, хоёр хажуудаа хашаатай, урд хэсэг нь бетон хашаатай байв. ... Уг байшингийн урд 45** УБП улсын дугаартай саарал өнгийн Приус20 маркийн машин ертөнцийн зүгээр зүүн харсан байдалтай байв. Уг машины баруун урд дугуй нь хагарсан байдалтай байх ба Х.Х.Б- нь хулгайлсан хонио уг машинаар тээвэрлэж явсан гэж тайлбарласан тул тухайн машиныг өөрөөр нь онгойлгож үзлэг хийхэд уг машины дотор цэвэрхэн, цэвэрлэсэн байдалтай байв. Уг машины арын багажинд хонио ачсан гэх тул өөрөөр нь багаж хэсэг рүү заалгаж зургыг авав. Хулгайлсан хонио хашаандаа нядалсан гэх ба сэвс нь хашааны ертөнцийн зүгээр хойд хэсэгт хогон дунд байв. Нядалсан хоёр хонины толгой нь байшин дотор байгаа гэж Х.Б- тайлбарласан ба өөрөөр нь байшингийн хаалгыг онгойлгуулах гэсэн боловч цоож нь онгойхгүй байсан болно. Иймд түүний хулгайлж нядалсан гэх хонины мах нь Хийморь нэртэй Дархан сумын 15 дугаар багт байрлах дэлгүүрт байгаа гэж тайлбарласан тул тухайн дэлгүүрт нь очиж махных нь зургыг шинжээчээр авахуулж тухайн махыг дэлгүүрийн эзэн М.Х- түр хадгалуулахаар тогтов” гэжээ.

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-12 хуу/...2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 19 цаг 40 минутад.Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 09 дүгээр хэсэг задгайд хийхээр тогтов. Үзлэгээр...уг байшин руу явж ороход гэрийн зүүн хэсгээр хураасан гэрийн эсгий, бүрээс зэрэг эд зүйл байв. Үзлэгээр уг эсгий, бүрээс зэргийн доод талд нь 2 ширхэг хонины толгой байв” гэжээ.

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 15-17/,

Гэрч М.М.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр Мангиртын Хийморь нэртэй дэлгүүрт хонио алдсан, мал, мах зарна гээд хүн ирээгүй биз гэхэд худалдагч эмэгтэй “өчигдөр манайд 2 хонины махыг орой 18 цаг өнгөрч байхад  нэг хүн зарчихаад явсан. Тэр махыг ороод үз” гэхээр нь би нөхрийнхөө хамт ороод үзэхэд манай малын мах мөн байсан. Манай хонь мөн гэдгийг нь биеийнх нь хэлбэрээр болон харлаг хониныхоо өвчүүнд байсан үсээр нь хараад таньсан” гэх мэдүүлэг /хх 1-р хх 29/,

“...2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр манай хонины хүүхэд Б.Б-э хониндоо явж байгаад өдрийн 16 цагийн орчим гэртээ эргэж ирээд дээгүүрээ зузаан хувцас өмсөөд хоол идчихээд явсан. Тэр хооронд хамгийн удаандаа 10 орчим минут болоод л буцаад хониндоо гарсан. Тэгээд хүүхдээсээ үхэр хаана байна гэхэд үхэр энүүхэнд байна 3 үхэр дутуу байна гэхэд нь за үхэр яах вэ? хонь одоо ирэх боллоо очоод хонио аваад ир гэсэн юм. Тэгээд манай хүүхэд морьтойгоо гарч явсан тухайн үед яг зэрэг манай нөхөр Б.Б- бас мод авчрах гээд портер машинаа асаагаад гарсан юм. Тэгээд манай нөхөр ойрхон очоод зогсож байтал манай хонины хүүхэд гэнэт л морьтойгоо хонь руугаа ухаан жолоогүй давхиад явсан. Тэгээд хонио бөөгнүүлээд бүртгэж байгаад цаад талын жалганых нь тэндээс хүний толгой шовойгоод л алга болоод байсан гэсэн. Тэгэхээр нь дөхөөд давхиад очиход өвдөг хавьцаагаа хүрсэн хар куртиктэй, бор ноосон малгайтай тэгээд машин руугаа гүйж байхыг харахад бага зэргийн майжигдуу хүн саарал өнгийн приүс 20 маркийн автомашинд суугаад явсан гэж хэлсэн. Тэгээд бас саарал өнгөтэй приүс машин байсан гэж хэлсэн. Тэгээд би гэртээ 2 зээтэйгээ байж байтал манай нөхөр их ууртай орж ирээд хамаг хонийг чинь хулгайлаад явчихлаа гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр гэрээсээ гараад явж байтал Хонгорын цагаан портер явж байхаар нь ийшээ машин явсан уу? гэж асуухад ийшээ Улаанбаатар дугаартай саарал өнгийн приүс 20 маркийн автомашин ёстой ухаан жолоогүй л гараад явлаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь бид хоёр тэндээ байж байгаад гэртээ буцаад харьсан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 03 дугаар сарын 07-ны өглөө 10 цагийн орчимд “Хийморь" хүнсний дэлгүүрт сүү аваачиж өгөх гээд очсон. Тэгээд дэлгүүрийн худалдагчтай яриад зогсож байгаад би өчигдөр бас 2 хонио алдчихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь манайд өчигдөр 18 цагийн орчимд 33 кг-тай эр хонь, 26 кг-тай эр хонь орж ирсэн. Тэгэхээр нь би худалдаж авсан гэж надад дэлгүүрийн худалдагч хэлж байсан. Тэгэхээр нь би алив тэр мах чинь байгаа юу? эвдээгүй биз дээ гэж асуухад байгаа, чи ороод үз дээ гээд тэгээд орж үзэхэд нэг хонины шийр дээр нь бага зэрэг үс үлдээсэн нэлээн сандарч хуулж авсан байдалтай байсан. Тэгээд би том эр хонь дээрээ очиж харахад бүр сайн таньсан юм. Яаж таньсан бэ гэхээр цээж нь өндөр хойшоогоо унжуу хэлбэртэй байсан мөн манай тэр хэдэн хонь л зөвхөн годонгүй хонинууд байсан юм. Тэгээд тэр хонио бас үзэхэд яг л годонгүй манай хонь мөн байсан. Тэгээд би худалдагчид энэ яг миний хонь мөн байна аа гэхэд худалдагч шууд нэг хүн рүү яриад хүүе чиний энэ авчирч өгсөн мах чинь буруу гарын мах юм биш үү ? гээд ярьж байсан. Тэгээд дэлгүүрийн худалдагч М.Х- надад дээд талд байгаа айл руу заагаад тэр айлын хүн шүү дээ гэж зааж өгсөн. Тэгээд тэр байшингийнхаа хаалгатай ноцолдож байснаа бид нар дөхөөд очиж байсан чинь харангуутаа зугтаасан. Тэгээд бид гурав доороос нь дуудаад хүрээд ирээ уулзаадахъя гэхэд чадахгүй ээ, гээд орилж байсан. Тэгээд тэнд хашаанд нэлээн удаан хүлээж байтал М.Х- над руу залгаад “Наадах чинь над руу залгаад та наад хүнээ таньдаг юм уу ? гэхээр нь би манайд сүү цагаан идээ авчирч өгдөг гэрээтэй хүн шүү дээ, миний таньдаг хүн гэхэд та наад хүнээ аргалаадах гээд байхаар нь би чи юу яриад солиороод байгаа юм бэ? чи өөрөө наад хүнтэйгээ учраа ол” гэж хэллээ гэж ярьсан юм. Тэгж байтал миний гар утас руу нэг дугаараа нууцалсан дугаар залгахаар нь авахад “шууд эгчээ, би байна аа, би танай Говь- Алтайн Төгрөгийн хүүхэд шүү дээ, та А- гэж хүн таних уу? гэхэд нь би "Битгий хуцаад бай, чи хулгайд нутаг ус гэж байдаггүй юм, би чамайг өдөр хүрээд ирээ зүгээр уулзъя гэж хэлсэн, тэгэхэд чи чадахгүй гэсэн биз дээ гэж хэлэхэд эгчээ би тэгэхэд чинь согтуу байсан шүү дээ гэсэн” тэгээд би гар утсаа тасалсан. Тэгээд нэлээн байж байсан чинь М.Х- над руу залгаад за нөгөөдөх чинь ирж байна гэнэ, ирээд уулзаарай гэхэд нь нөхөр хүүхэд бид гурав хамтдаа дэлгүүр рүү ороод арын өрөөнд нь нуугдаж байтал манай хонийг хулгайлсан хүн ороод ирсэн юм. Тэгэхээр нь манай хүү тэр залуу руу уурлаад чи хаана юу хийдэг юм, залуу хүн байж хөгшин аав ээж хоёрын минь хэдэн малыг хулгайлаад, ичээч чи гэхэд нь нөгөө залуу миний урд ирээд л гараа хавсраад мөргөөд л эгчээ намайг үнэхээр уучлаарай, таны хүүхэд шиг чинь л хүн байна шүү дээ, ганцхан удаа намайг өршөө, миний ээж шиг хүн байна та гээд л мөргөж сөгдөөд л гуйгаад байсан. Тэгээд дараа нь надад хандан би таны хонийг 2 ч бай 6 ч бай төлөөд өгье би бас өөрөө малтай гэж байсан юм. Тэгээд би саяхан авсан 9 саяар авсан шинэ приүс 20 байна та ганцхан удаа л намайг уучилчих л даа, би ийшээ Төмөрлөг рүү явж байгаад л авчихлаа уучлаарай гээд байсан. Тэгээд та битгий цагдаа дуудаа эндээ учраа олчихъё гээд байсан. Тэгээд та эсвэл миний шинэ приүсийг ав гэж манай нөхөрт хэлсэн. Тэгээд л би цагдаа дуудсан байсан болохоор удалгүй цагдаа нар ирсэн юм” гэх мэдүүлэг /1-р хх 30-31/,

Гэрч Д.М.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан сумын 15 дугаар баг 15 дугаар хэсэг 6-50 тоотод байрлах “Хийморь” дэлгүүрийг 2012 оноос эхлүүлэн өөрөө ажиллуулж байна. Өчигдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 30 минутын үед намайг дэлгүүр дээрээ сууж байтал манай урд амьдардаг Х.Б- гэх залуу нууцалсан дугаарын утаснаас залгаад та махтай юу? хонины мах авах уу? гэж асуухаар нь хэдэн хонины мах байна гэж асуухад Х.Б- надад 2 хонины мах байна гэхэд нь би авъя гэсэн, тэгээд удалгүй Х.Б- ирэхээр нь дэлгүүрт үйлчлүүлэгчид байсан тул би арын хаалгаа онгойлгож өгөхөд Х.Б- саарал өнгийн приус-20 машин дотроос 2 хонины гулууз мах гаргаж ирээд хамт нэг залуутай өргөлцөж манай дэлгүүрт оруулсан. Тэгээд махыг нь оруулаад дэлгүүрийн арын складад оруулж жин дээр жинлэж үзэхэд 1 нь 33 кг, 1 нь 26 кг-тай 2 гулууз байсан. Ингээд 1 кг-ийг нь 7500 төгрөгөөр тооцож өгнө гэхээр нь би зөвшөөрөөд 442.500 төгрөг болоод үүнээс 150.000 төгрөгийг Х.Б-гийн надад өгсөн 5068267369 дугаарын данс руу хийсэн. 292.500 төгрөгийг бэлнээр нь өгсөн. Ингээд Х.Б- явсан. Тэгээд өнөөдөр дэлгүүр дээрээ сууж байтал манай дэлгүүрт байнга сүү өгдөг М.Э- орж ирээд өчигдөр бэлчээр дээрээ хонио ачуулчихлаа өнөөдөр энүүгээр хонины мах зарна гэсэн хүн байна уу? гэхэд нь би хоёр хонины мах өчигдөр авсан гэхдээ тэр хулгайн мах биш байх өөрсдөө малтай улсууд байгаа юм гэхэд, М.Э- миний авсан махыг үзэхээр склад руу орж хараад энэ нэг нь эр хонь байна манайхаас алдсан нэг хонь нь хар толгойтой байсан гээд ямар хүмүүс авчирсан юм бэ? гэхээр нь би тэнд байдаг хүмүүс гээд цонхоороо Х.Б-гийн гэр лүү заасан. Тэгээд М.Э- нөхрийнхөө хамт Х.Б-гийн гэр лүү очсон байх” гэх мэдүүлэг /1-р хх 32-33/,

“...Тэгээд би тухайн мах зарсан Х.Б-ийн 90370606 дугаар луу залгаад чи хулгайн мах авчраад зарчихсан юм биш үү? гэхэд над руу Юу яриад байгаа юм, яасан яасан гээд байсан юм. Тэгээд би чи энэ хүмүүстэй ирээд уулзаадах гэхэд би очихгүй гэж хэлсэн юм. Тэгсэн чинь би энэ доороос дэлгүүрийнхээ үүднээс хараад зогсож байтал Б.Б-, М.Э- хоёр тухайн Х.Б- гэх хүний гэрийн гадаа нь очиж байтал Х.Б- тэр хоёр хүнийг хараад шууд зугтаачихсан юм. Тэгээд М.Э-, Б.Б- хоёр тухайн Х.Б- гэх хүний гэрийн гадаа нь хүлээж байхад нь над руу дугаараа нууцалсан дугаараас залгаад Та наад хүмүүсээ явуулчихаач би согтуу байна, дараа нь учраа олъё, цагдаа сэргийлэх гээд яах вэ гээд байсан юм. Тэгэхээр нь би тухайн залууд хандан за цагдаа дуудахгүй гэж байна, ирээд уулзаа гэж хэлсэн юм. Тэгээд би М.Э-, Б.Б- хоёрыг дуудчихсан юм.” /1-р хх 34-35/,

“...Х.Б- манай дэлгүүр рүү орж ирээд тэр хоёртой уулзах гээд манай дэлгүүрийн арын өрөө рүү орсон. Тухайн үед би дэлгүүр дотроо үйлчлүүлэгч ихтэй байсан учраас ард талын өрөөнд юу болж байгааг сайн мэдээгүй. Ямар ч байсан М.Э- уурлаад байсан. “Чи хүний буянт малаас хулгай хийж байдаг ямар арчаагүй юм бэ” гээд байсан Гэтэл Х.Б- хариуд нь уучлаарай эгчээ ганц л удаа боломж олгочих л доо бүгдээрээ ярилцъя гээд байсан. Тэгээд бас арынхаа өрөө рүү хальт очиход Х.Б- М.Э-гийн урд нь гуйгаад сууж байгаа харагдсан. Өөр яг юу ярьсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх 88/,

Мал амьтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 93-95/, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Рашаантын Энгэр гэх газарт...Х.Х.Б-ийн эзэмшлийн хонинд үзлэг хийв. Үзлэгээр уг хонь нь баруун чихний дээд, доод хэсгээс ухаж авсан ухсан имтэй, зүүн чих хайчилсан хайчилбар имтэй, сүүлний хувьд том, ууцан дээрээ тод ногоон өнгийн тэмдэглэгээтэй, уг хонин сүрэгт байгаа дундаж биетэй эм хонинд үзлэг хийв. Үзлэгээр мөн хар алаг зүсмийн сувай эм хонинд үргэлжлүүлэн үзлэг хийхэд...баруун чихний доод хэсгээс ухсан имтэй, зүүн чихний үзүүр хэсгээс хайчилж авсан имтэй байв. 

Мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх 14-17/, үзлэгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт явуулав. Хохирогч Б.Б.Б-ын эзэмшлийн бор нүдэн хонь, хар алаг эр хонь зэрэгт хийв. Үзлэгээр бор нүдэн хонь нь баруун, зүүн чих нь адилхан цуулбар имтэй, сүүлний хувьд ууцан сүүлтэй, нас гүйцсэн эр хонь байв. Хар алаг эр хонь нь мөн адил цуулбар имтэй, ууцан сүүлтэй эр хонь байв. Уг хонин сүрэг нь мернуз, крей үүлдрийн хэв шинжтэй хонинууд байв.  

 

            Насанд хүрээгүй гэрч Ц.Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өглөөний 09 цагийн орчимд хониндоо явсан. Тэгээд өдөржингөө явж байгаад өглөө нимгэн хувцастай гараад явсан болохоор би даараад үдээс хойш 16 цагийн орчимд дээгүүрээ нэмж хувцас өмсөнө гээд гэртээ ирсэн юм. Тэгээд гэртээ ороод дээгүүрээ зузаан хувцсаа өмсөөд үсрээд л 10 минут орчим болсон. Тэгээд буцаад гэрээсээ гараад гэрийнхээ хойд хамар дээрээ гараад үхрээ дурандчихаад тэгээд хонь руугаа харсан чинь цөөхөн хэдэн хонь гэр рүүгээ дөхөж явсан юм. Тэгэхээр нь би энэ одоо тал нь хааччихваа гээд морьтойгоо цаашаа давхиад очтол нэг цайвардуу бор ноосон малгайтай хар өнгөтэй өвдөгнийхөө дээгүүр татсан куртиктэй энгэрээ задгай тавьсан хүн манай хонийг эргүүлж байснаа намайг хараад зугтаагаад саарал өнгийн приус маркийн машинд суугаад зугтаагаад явчихсан юм” гэх мэдүүлэг /1-р хх 38-39/,

            Гэрч Б.У- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Зах дээр явж байхад манай ээж М.Э- над руу залгаад бэлчээр дээрээс машинтай хүмүүс хонь ачаад явчихлаа гэсэн . Би харих гээд Хийморь хүнсний дэлгүүрийн урд буухад манай ээж над руу залгаад хойд зам руу буцаад явчихаж магадгүй юм байна Хийморь дэлгүүрийнхээ урд жаахан хүлээж бай гэж хэлсэн. ...Тэгээд би 40 орчим минут хүлээгээд зогсож байтал саарал приус 20 маркийн машин Хийморь хүнсний дэлгүүрийн урд зогсож байсан. Тэгээд би дөхөөд очтол хөдлөөд Хос шагай хүнсний дэлгүүрийн урд зогсож байснаа буцаад Хийморь дэлгүүрийн цаад талд очоод шууд гудам руу орчихсон. Тухайн үед би айл хайж байсан хүмүүс байх гээд тоогоогүй. Гэтэл 5 минутын дараа дахиад гараад ирсэн. Тэгээд ямар хүмүүс байхыг нь харах гээд дөхөөд очтол жолооны ард өндөр монхор хамартай шар залуу байсан. Эрээн куртик, саарал малгайтай байсан. Харин хажуу талд нь цэнхэр алаг цамцтай гүзээтэй тарган, сахалтай бор залуу байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 42/,

Гэрч М.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг...”Би Х.Б-ийн хүргэн ах нь байгаа юм. За манай гэрт Х.Х.Б- 2020 оны 3 сарын 3-ны өдөр золголтоор ирээд явсан юм. Дараа нь 03 дугаар сарын 06-ны өдөр ирсэн. Ирээд буцахдаа 2 тооны хонь аваад буцсан юм. ...тухайн хонинууд нь Х.Б-ийн өөрийнх нь эзэмшлийн хонь байсан юм. Манайх өөрсдөө малтай, тал дээрээ байдаг, харин Х.Б- төвд байдаг учраас би хонь малыг нь малладаг юм. Манайд Х.Б-ийн эзэмшлийн 150 гаруй хонь, ямаа байгаа. Нэг хар халзан хонь, нөгөөх нь жижиг хар нүдтэй /тойрог нь хар/ тийм хоёр хонь авч явсан юм. Мөнгөний хэрэг гараад байна ахаа хоёр хонь аваад явъя даа гээд аваад явсан юм” гэх мэдүүлэг /1хх-40-41/,  

            Гэрч Э.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээнд ээлжийн диспетчер хийдэг юм. Тэгээд тухайн өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ээлжийн ажилтай байсан учраас өглөөний 08 цагт ажил дээрээ очсон. Зааварчилгаа аваад рп-9 гэх хуваарилах байгууламж дээр очиж хэмжүүр тоолуур лабораторийн албаны дарга Гэрэлт-Одын бригадыг Оргил худалдааны төвийн гүйдлийн трансформаторын кофецент харах тоолуурын схем холбож шалгах ажилд явуулсан юм. Тэгээд 10 цаг өнгөрөөд рп-11 хуваарилах байгууламжийн ячек 5 дугаартай 35кв карьерын агаарын шугамыг дугаарлах ажилд бригад ажилд оруулсан юм. Тэгээд 11 цагийн орчим буцаж ажил дээрээ ирээд техникийн инженерийн дарга, ХАБ-ын инженер хоёрт шалгалтаа өгсөн. Тэрнээс хойш ямар нэгэн ажилд гаралгүй ажлын байран дээрээ байсан.

...Тухайн өдөр би ээлжийн ахлах монтёр С.С.М-, туслах монтёр А- нарын хамтаар ажилласан. Тухайн өдөр манай хоёр монитор өглөөний 2 удаагийн ажилд гарснаас хойш өөр ямар нэгэн ажилд гараагүй байсан. Тухайн өдөр нь С.М- шалгалтаа өгч дуусчихаад 15-16 цагийн орчим 15-16 цагийн орчим Дарханы төв рүү орчихоод ирье гэж хэлээд явсан. Тэгээд ямар ч байсан 19 цагаас дараагийн ээлжинд ажлаа хүлээлгэж өгөөд буусан юм.” гэх мэдүүлэг /1-р хх 44-45/,

“Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн шуурхай ажиллагааны 2020 журнал 04 дугаартай дэвтрийн хуулбар /1-р хх 47-50/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “Тоёота Приус-20 маркийн 45-06 УБП улсын дугаартай суудлын автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 9000000 төгрөг /1-р хх 60-61/,

 

Шүүгдэгч Х.Х.Б-ийн 90370606 дугаарын хэрэглээ хийсэн өдрүүдийн орсон гарсан, яриа, мессежний мэдээлэл /1-р хх 72-85/,

 

Гэрч Э.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн бэлчээр дээрээс манай хонийг хулгайлсан хүнийг Дархан сумын 15 дугаар баг “Хийморь” хүнсний дэлгүүрийн урд талд барьчихлаа гэх дуудлага мэдээлэл дээр эрүүгийн мөрдөгч Б.Д-, хэсгийн байцаагч Б.П- нарын хамт очиж ажилласан. Тухайн үед дуудлагаар очиход Х.Б- гэх залуу болон дуудлага өгсөн гэх хүмүүс байсан. Х.Х.Б- нь хохирогч талын хүмүүст би хонийг чинь авсан нь үнэн, одоо эндээ болсон асуудлаа шийдье, би та нарт хонийг нь шууд өгнө. Болохгүй бол миний шинэ авсан приүс 20 маркийн автомашиныг ав л даа гэх зэрэг зүйлсийг хэлж байсан. Тухайн үед би Х.Х.Б- гэх залуугаас энэ хоёр хонины толгой арьс нь хаана байгаа юм гэж асуухад манай байшин дотор байгаа гэж хэлээд онгойлгох гээд нэг түлхүүр хийгээд тэр нь таарахгүй байгаа бололтой гацаад байсан. Тэгээд тухайн үед дуудлага мэдээлэл дээрээ ажиллаж дуусаад тухайн Х.Х.Б- гэх хүнийг эрүүлжүүлсэн юм.” /1-р хх 228-229/,

Гэрч Х.Ө-мөрдөн байцаалтын шатанд өгсөн...” миний санаж байгаагаар 03 сарын 08-ны өдрөөс өмнө ирж Б-- ахынд байсан өөрийнхөө хониноос хар халзан, хар нүдтэй хоёр хонь авч байсан юм. Би тухайн үед Б- ахтай хамт өвөлжиж байсан юм. Б- нь манай хүргэн ах байгаа юм. Б- ахын гэрт манай ах Х.Б-ийн эзэмшлийн 150 орчим тооны хонь байгаа. Манай ах Х.Б- нь өөрөө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын бүртгэлгүй учраас болдоггүй юм. Харин манай хүргэн ах Б- болон би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Ийм учраас малаа өөрийнхөө нэр дээр болгодоггүй юм” гэх мэдүүлэг /1хх-230-231/

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ТХҮ-820/20 дугаартай нас гүйцсэн эр хонь 170000 төгрөг, соёолон эр хонь 170000 төгрөг нийт 340000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх 248-250, 2-р хх 1/,

 

 

Иргэний нэхэмжлэгч Ч.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай зээлийн байгууллагад Х.Х.Б- гэх хүн 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өөрийн хүргэн ах гэх З.М- гэх хүний хамтаар гаалийн бичигтэй 2009 онд үйлдвэрлэгдсэн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Монгол улсад орж ирсэн мөнгөлөг саарал өнгийн тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг урьдчилгаа мөнгө 30 хувийг нь өгөөд манайхаас зээлээр авахаар ирсэн байгаа юм. "эгээд тухайн өдөр нь зээлийн гэрээгээ байгуулаад урьдчилгаа мөнгө болох 30 хувь нь болох 5.000.000 төгрөгийг нь авч манайхаас 9.500.000 төгрөгийн зээлийг гаргаж өгсөн юм. Тэгээд тухайн хүн автомашинаа аваад явсан юм. Зээлээ бүрэн төлж дууссаны дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээг тухайн зээлдэгчийн нэр дээр шилжүүлж өгөхөөр гэрээнд заасан байгаа юм. Тухайн хүн нь тээврийн хэрэгслээ авснаас хойш зээлээ тогтмол эргэн төлөхгүй байгаа. Манай байгууллагын зүгээс тухайн хүнтэй байнга холбоо барих гэж . Манай байгууллагын тусгай активын хоёр ажилтан зээл төлүүлэх, автомашин хураан авах мэдэгдэл өгөхөөр 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ирэхэд би хөдөө явна гэж байсан тул уулзаж чадаагүй юм. Тэгээд энэ мэдэгдлийг нь ерөөсөө өгч чадаагүй юм. Тухайн Х.Х.Б- гэх хүн зээлээ огт төлөхгүй байгаа бол биш гэхдээ гэрээнд заасан зээлийн эргэн төлөлт хийх графикийн дагуу төлөлтөө хийхгүй байгаа. Гэхдээ төлөх ёстой хэмжээнээсээ багаар хийдэг. Зээл төлөх графикаа л биелүүлэхгүй доголдолтой байгаа юм. 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 08 дугаар газын 30-ны өдөр хүртэл зээлээ төлөхгүй 90 хоног болсон юм. Тэгээд манай байгууллагын зүгээс дээр хэлсэнчлэн автомашиныг нь хураан авахаар 09 дүгээр сард ирээд уулзаж чадаагүй юм. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөг хийсэн, 10 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг хийсэн. Өнөөдрийн байдлаар төлөх ёстой мөнгөн дүн нь 4.297.369 төгрөг төлөх ёстой байгаагаас 2.400.000 төгрөгийг төлсөн. Төлөөгүй байгаа нь 1.897.369 төгрөг байгаа юм. /2-р хх 24-25/,

 

“Омни капитал” ББСБ-ийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, зээл эргүүлэн төлөх тухай мэдэгдэл, зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлийн өргөдөл /2-р хх 27-39/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх 43-46/,

 

Гэрч Н.Г- мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 05 сарын 28-нд  өгсөн: Манай Монгол Улсад монгол, барга, үзэмчин, крей, байдраг, баяд, говь-алтай, сартуул, дархад, хангай, орхон, тал нутгийн цагаан, сүмбэр, тамир, ерөө, торгууд, хотонт гэх мэт 17 төрлийн хонины үүлдэр гарал байдаг юм. ...яг зурагнаас харахад нэг хонь мөн байна, биш байна гэдгийг сайн мэдэхгүй байна. Хэрэв мах, арьс нь байдаг бол ДНК-ийн шинжилгээгээр тогтоогдоно доо. Зураг үзүүлээд...арьс махыг нь харахад бол Монгол, баяд хонь байна л гэж харагдаж байна” гэх мэдүүлэг /1хх-90/,  2020 оны 06 сарын 02-нд өгсөн ...“...Х.Х.Б- гэж хүний хонинд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үзлэг хийхэд мэргэжилтнээр оролцсон. 2020 оны 03 дугаар сарын сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргасан зурган дээр 2 ширхэг арьс, шир толгойтой им тамга зүсээрээ 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үзлэг хийсэн хоньтой таарч байна гэж хэлэхэд хэцүү. Тухайн айлууд хонинууд 2-3 төрлийн имтэй байсан. Хэргийн газрын үзлэг дээр байсан ухсан эмтэй хонинууд тухайн Х.Х.Б- гэх айлын бэлчээр дээр байгаа хонин сүрэгт бас их байсан./2-р хх 56/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 57-58/,

 

Шүүгдэгч С.С.М-ын, Х.Х.Б- нарын үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа,  иргэний үнэмлэхийн лавлагаа, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 120, 121, 123, 128-143, 160-168/,

 

45 ** УБП улсын дугаартай Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1-р хх 144/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Насанд хүрээгүй гэрч Ц.Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх18-21/,”-г нотлох баримтаар шүүх үнэлээгүй. Үнэлээгүй үндэслэлийг хэргийн талаарх үйл баримтад тайлбарласан болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Х.Б- шүүгдэгч С.С.М- нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 16-17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт бэлчиж байсан иргэн Б.Б.Б-ын өмчлөлийн 2 тооны хонь буюу бог малыг машин механизм ашиглан хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч С.С.М-ыг шүүгдэгч Х.Х.Б-той бүлэглэн, машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдлийг хангалттай нотлон тогтоогүй байна гэж үзлээ.

2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр насанд хүрээгүй гэрч Ц.Б.Б-ээр таньж олуулах ажиллагаа хийжээ./1хх-18-19/

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “таньж олох хүнийг түүнтэй гаднах байдлаараа адил төстэй хоёроос дээш хүний хамтаар таньж олуулах гэж байгаа хүнд харуулна” гэсэн хуульд заасан шаардлагыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл таньж олуулах ажиллагаанд таньж олох хүнийг түүнтэй гаднах байдлаараа төстэй хоёроос дээш хүний хамтаар таньж олуулах гэж байгаа хүнд харуулна гэсэн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл насны байдал, царайны төрх зэрэг нь илтэд төсөөтэй биш хүмүүстэй хамт зогсоож ажиллагааг хийсэн, 2020 оны 10 сарын 29-ний өдрийн таньж олуулах ажиллагаа нь гэрэл зурган дээр явагдсан хэдий ч өмнөх дүр төрх бүхий байдлаар авагдсан гэрэл зургийг ашигласан нь зохисгүй /1хх-18/, /2хх-43/ байх тул  нотлох баримтаар тооцохгүй байх нь зүйтэй гэж үзлээ.

Насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн мэдүүлэг...”нэг цайвардуу бор ноосон малгайтай хар өнгөтэй өвдөгнийхөө дээгүүр татсан куртиктэй, энгэрээ задгай тавьсан хүн манай хонийг эргүүлж байснаа намайг хараад зугтаагаад саарал өнгийн приус маркийн машинд суугаад зугтаагаад явчихсан юм, зугтаахаар нь ардаас нь харахад жоохон майжигдуу хөлтэй, нилээн далбайсан том хар куртиктэй, 170 орчим см өндөртэй, жоохон махлаг, бага зэргийн сахалтай, бор царайтай хүн байсан. Нөгөө надаас зугтаасан хүн бол надаас ойролцоогоор 30-40 орчим метр зайтай байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Б.У- ...” жолооны ард өндөр монхор хамартай шар залуу байсан. Эрээн куртик, саарал малгайтай байсан. Харин хажуу талд нь цэнхэр алаг цамцтай гүзээтэй тарган, сахалтай бор залуу байсан.” гэх мэдүүлэг,

Гэрч Э.О- ...”Тухайн өдөр би ээлжийн ахлах монтёр С.С.М-, туслах монтёр А- нарын хамтаар ажилласан. Тухайн өдөр манай хоёр монтёр өглөөний 2 удаагийн ажилд гарснаас хойш өөр ямар нэгэн ажилд гараагүй байсан. Тухайн өдөр нь С.М- шалгалтаа өгч дуусчихаад 15-16 цагийн орчим 15-16 цагийн орчим Дарханы төв рүү орчихоод ирье гэж хэлээд явсан. Тэгээд ямар ч байсан 19 цагаас дараагийн ээлжинд ажлаа хүлээлгэж өгөөд буусан юм.” гэх мэдүүлэг, яллагдагч С.С.М-ын...”би тухайн өдөр ажлынхаа хувцастай явж байсан, тэгээд ажилтай байж байгаар гэр рүүгээ цай уух гээд гараад очиход манай эхнэр А- нь надад хандан Х.Б- ирээд хонины гэдэс ав гэж байна гэхээр нь хурдан очиж авчихаад буцаад гэртээ аваачиж тавиад ажил руугаа явсан юм” гэх мэдүүлэг,

Гэрч М.М.Х-гийн...” 2 хонины гулууз мах гаргаж ирээд, хамт нэг залуутай өргөлцөж манай дэлгүүрт оруулсан” гэх мэдүүлэг, гэрч М.М.Х-гаар таньж олуулах ажиллагаа хийлгэсэн тэмдэглэл...”2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 17 цаг 30 минутын орчим миний ажиллуулдаг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Хийморь нэртэй хүнсний дэлгүүр дотор Х.Б- гэх хүнтэй хамт хоёр тооны хонины мах оруулж ирсэн хүн 3 гэсэн дугаартай байна. Энэ хүнийг гадаад шинж байдал, биеийн өндөр, биеийн галбираар нь таньж байна” гэв /1хх-224-225/,

Гэрч А.А-... “С.М-ын гэрт очиход эхнэр нь шөлтэй хоол хийсэн байсан. ...хоолоо идчихээд сууж байсан чинь нэг хүний нэр хэлээд хонины гэдэс авчихаач гэж байна. Тэгсэн чинь С.М- за би очоод авчихаад ирье дээ гээд хэлээд явсан. Би тухайн үед нь С.М-ын гэрт зурагт үзээд үлдсэн юм. Тэгээд удаачгүй 10-15 минутын дараа тортой зүйл барьчихсан ороод ирсэн. С.М-...тод цэнхэр куртик, гялгар цагаан канттай ард талдаа улбар шар өнгийн бичигтэй ажлынхаа хувцастай явж байсан. Ажилтай үедээ өөр ямар нэгэн хувцас өмсөх эрх бид нарт байдаггүй юм.”гэх мэдүүлэг /1хх-235/,

Гэрч Д.А-...” надтай манай нөхрийн дүү Эрдэнэсүрэнгийн эхнэрийн дүү Х.Б- гэх залуу над руу гар утсаараа залгаад “та гэдэс янзалдаг бол гэдэс авч цэвэрлэж идээч” гэж хэлсэн юм. Тэгээд манай нөхөр 15 цаг өнгөрч байхад өөрийнхөө туслах А- гэх хүний хамт ирээд хоол идсэн, тэгээд хоолоо идэж дуусахаар нь би “Х.Б- ирж шинэ гэдэс аваач гээд байна, чи ажил чинь гайгүй байвал очоод аваад ирээч” гэж хэлсэн. Тэгээд хоолоо идчихээд С.М- 10-20 орчим минут болоод буцаад гараад явсан юм. Тухайн үед манай гэрт С.М-ын туслах А- үлдсэн байсан юм. Тэгээд гарч яваад 10-15 минутын дараа буцаж ирээд гэдсээ оруулж өгөөд гараад явсан юм” гэх мэдүүлэг /1хх-226/,

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч С.С.М- нь “гэдэс ирж аваарай” гэсний дагуу шүүгдэгч Х.Х.Б-ийн гэрт очсон ба Х.Х.Б-ийн мах өргөлцөөд дэлгүүрт оруулаад өгөөч” гэсний дагуу махыг дэлгүүрт өргөлцөж оруулсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл “Хийморь” дэлгүүрийн эзэн М.М.Х-д мах худалдах, үнэ өртөг, төлбөр тооцоонд биечлэн оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Түүнчлэн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд С.С.М- ажил үүргээ гүйцэтгэж байсан гэх нөхцөл байдал гэрч Отгонцэцэгийн мэдүүлэг, гэрч Д.Адилбишийн мэдүүлэг, гэрч А.Ансаганы мэдүүлэг, “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ”ХК-ий шуурхай ажиллагааны журнал, 2020 оны 03 сарын Шуурхай үйлчилгээ мэдээллийн албаны ажиллах график болон шүүгдэгч С.С.М-ын мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн ажилтай байсан учраас ажлынхаа цэнхэр куртиктай явж байсан гэх шүүгдэгчийн мэдүүлэг нь хөндлөнгийн гэрч Б.Улсболдын...” жолооны ард өндөр монхор хамартай шар залуу байсан. Эрээн куртик, саарал малгайтай байсан. Харин хажуу талд нь цэнхэр алаг цамцтай гүзээтэй тарган, сахалтай бор залуу байсан.” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч С.С.М-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2020 оны 03 сарын 06-ны өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Б.Б-ын 2 тооны эр хонио хулгайд алдсан үйл баримт дараахь нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.Б.Б-ын...”2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед намайг гэртээ байж байтал хонинд явсан дүү Б- /Б.Б-э/ орж ирээд гадаа хүйтэн байна гээд дээлээ солиод буцаад мордсон. ...би Б.Б-ийн араас дортер машинтайгаа дуран тавихаар гарсан. Тэгээд би дурангаараа хонин дээр байгаа Б.Б-э руу хартал хонио бөөгнүүлээд морьтойгоо зогсож байхаар нь очоод юу болов гээд асуутал “Сая намайг иртэл саарал өнгийн Приус 20 маркийн машинтай 1 хүн манай хонийг хураагаад урдуур нь гүйж байгаад намайг хараад зугтаачихлаа, би араас нь морьтой давхиад дугаар нь харж чадсангүй. Ямар ч байсан саарал өнгийнПриус20 маркийн машин байсан” гэсэн. Тэгээд явсан замаар нь араас нь портертойгоо дагаад төмөрлөгийн зам руу ороход урдаас цагаан өнгийн портер ирэхээр нь “танай машинтай саарал өнгийн Приус20 машин зөрөв үү” гэж асуухад зөрсөөн, Улаанбаатар дугаартай саарал өнгийн Приус 20 машин их хурдтай зөрсөн гэсэн. Тэгэхээр нь би цаашаа араас нь хайж яваад олоогүй. Тэгээд орой нь хонио зүсээр нь тоолоход манай хониноос нас гүйцсэн болоод соёолон зүсмийн 2 хонь алга болсныг мэдсэн. Нас гүйцсэн эр хонь хар толгойтой, эвэртэй, Соёолон нь болохоор шар нүдэн, жижигхэн эвэртэй. Манай хонинууд бүгдээрээ цуулбар имтэй” гэх мэдүүлэг /1хх-23-24 хуу/,

Насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн мэдүүлсэн...”Тухайн өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өглөөний 09 цагийн орчимд хониндоо явсан. Тэгээд өдөржингөө явж байгаад өглөө нимгэн хувцастай гараад явсан болохоор би даараад үдээс хойш 16 цагийн орчимд дээгүүрээ нэмж хувцас өмсөнө гээд гэртээ ирсэн юм. Тэгээд гэртээ ороод дээгүүрээ зузаан хувцсаа өмсөөд үсрээд л 10 минут орчим болсон. Тэгээд буцаад гэрээсээ гараад гэрийнхээ хойд хамар дээрээ гараад үхрээ дурандчихаад тэгээд хонь руугаа харсан чинь цөөхөн хэдэн хонь гэр рүүгээ дөхөж явсан юм. Тэгэхээр нь би энэ одоо тал нь хааччихваа гээд морьтойгоо цаашаа давхиад очтол нэг цайвардуу бор ноосон малгайтай хар өнгөтэй өвдөгнийхөө дээгүүр татсан куртиктэй энгэрээ задгай тавьсан хүн манай хонийг эргүүлж байснаа намайг хараад зугтаагаад саарал өнгийн приус маркийн машинд суугаад зугтаагаад явчихсан юм” гэх мэдүүлэг /1-р хх 38-39/,

Гэрч М.М.Э-гийн...“..2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр манай хонины хүүхэд Б.Б-э хониндоо явж байгаад өдрийн 16 цагийн орчим гэртээ эргэж ирээд дээгүүрээ зузаан хувцас өмсөөд хоол идчихээд явсан. Тэр хооронд хамгийн удаандаа 10 орчим минут болоод л буцаад хониндоо гарсан. ...Тэгээд манай нөхөр ойрхон очоод зогсож байтал манай хонины хүүхэд гэнэт л морьтойгоо хонь руугаа ухаан жолоогүй давхиад явсан. Тэгээд хонио бөөгнүүлээд бүртгэж байгаад цаад талын жалганых нь тэндээс хүний толгой шовойгоод л алга болоод байсан гэсэн. Тэгэхээр нь дөхөөд давхиад очиход өвдөг хавьцаагаа хүрсэн хар куртиктэй, бор ноосон малгайтай тэгээд машин руугаа гүйж байхыг харахад бага зэргийн майжигдуу хүн саарал өнгийн приүс 20 маркийн автомашинд суугаад явсан гэж хэлсэн. Тэгээд бас саарал өнгөтэй приүс машин байсан гэж хэлсэн. Тэгээд би гэртээ 2 зээтэйгээ байж байтал манай нөхөр их ууртай орж ирээд хамаг хонийг чинь хулгайлаад явчихлаа гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр гэрээсээ гараад явж байтал Хонгорын цагаан портер явж байхаар нь ийшээ машин явсан уу? гэж асуухад ийшээ Улаанбаатар дугаартай саарал өнгийн приүс 20 маркийн автомашин ёстой ухаан жолоогүй л гараад явлаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх 30-31/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх5-14/ зэрэг яллах талын бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Х.Б- өөрийн 2 тооны хонийг Сэлэнгэ аймгийн Хушаат сумд байх хүргэн ах Б--ийнхөөс авчирсан гэж мэдүүлж байх боловч шүүгдэгчийн мэдүүлэг нь  аймгаас аймаг хооронд мал, мах тээвэрлэж явах үед гарал үүслийн бичгийг зохих журмын дагуу аваагүй,   гэрч Г- ...” 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зурган дээрх хоёр ширхэг арьс шир, толгойтой им тамга зүсээрээ 2020 оны 06  сарын 02-ны өдөр үзлэг хийсэн хоньтой яг таарч байна гэж хэлэхэд хэцүү” гэх мэдүүлгээр зэргээр үгүйсгэгдсэн тул  шүүх хүлээн авах боломжгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч- гэм буруугийн шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ...” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, нотолбол зохих ёстой зүйлийг нотлоогүй. Энэ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт хангалтгүй гэж үзэж байна. Хонь малаа алдсан ч бай алдсан хүн хэцүү гэхдээ яг энэ 2 хүн авсан гэдгийг хөдөлбөргүй нотлоогүй, тогтоогоогүй. Эдгээр хүмүүс хохирогчийн малыг авсан гэхэд эргэлзээ төрж байна. Тухайн үед нэг нь ажилтай, нөгөөх нь ах эгчээсээ мал авсан гэх байдал тогтоогдож байна. Гэм буруугүй гэх санал гаргаж байна” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Хэрэгт гэрч М.Б--, гэрч Х.Өлзий-Орших нар нь шүүгдэгч Х.Х.Б-ийг өөрийн эзэмшлийн хониноос 2 тооны хонийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр авч явсан талаар мэдүүлж байгаа боловч гэрч М.Б--ийн 2019 оны мал тооллогын ганц баримтаар шүүгдэгч Х.Х.Б-ийг малтай гэж үзэх үндэслэлгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д өөрийн болон гэр бүлийн гишүүд... эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд эрхээ эдлээгүй мэдүүлэг өгсөн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг нотолсон гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд гэрч Х.Ө-, гэрч М.Б-- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Х.Х.Б- өөрийн 2 тооны хонийг авч явсан” гэх мэдүүлгийн эх сурвалжийг зааж хэлээгүй тул дангаараа нотлох баримт болохгүй гэж үзлээ.

 

Хохирогч Б.Б.Б-ын 2 тооны хонийг шүүгдэгч Х.Х.Б- хулгайлсан болох нь:

Хохирогч Б.Б.Б-ын...”манай эхнэрийн гар утас руу нэг нууцалсан дугаараас нөгөө эрэгтэй залгаад “эгч ээ би танай нутгийн хүүхэд байна шүүдээ, хохирлыг чинь барагдуулъя, цагдаа дуудаад яахын бэ?” гэсэн. ...ахаа намайг уучлаарай, би хонийг чинь хэд нугалаад хамаагүй төлье. Надад энэ хавар авсан шинэ Приус 20 машин байна. Та тэр машиныг авах уу? Эсвэл 20 ширхэг хонь өгье, цагдаад мэдэгдэхгүй тохирох уу ахаа? Гэхээр нь би тийм юм байхгүй, угаасаа цагдаад мэдэгдсэн байгаа гэж хэлэхэд ухас хийгээд зугтаах гэж оролдсон”  гэх мэдүүлгээр,

Гэрч М.М.Э-гийн ...”би таны хонийг хоёр ч бай зургаа ч бай төлөөд өгье, би бас өөрөө малтай” гэж байсан. Тэгээд би саяхан авсан 9 саяар авсан шинэ приус машин байна, та ганцхан удаа л намайг уучилчихдаа, би ийшээ Төмөрлөг явж байгаад авчихлаа, уучлаарай гээд байсан” гэх мэдүүлгээр

 Гэрч М.Х-гийн...”2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 30 минутын үед намайг дэлгүүр дээрээ сууж байтал манай урд амьдардаг Х.Б- гэх залуу нууцалсан дугаарын утаснаас залгаад та махтай юу? хонины мах авах уу? гэж асуухаар нь хэдэн хонины мах байна гэж асуухад Х.Б- надад 2 хонины мах байна гэхэд нь би авъя гэсэн, тэгээд удалгүй Х.Б- ирэхээр нь дэлгүүрт үйлчлүүлэгчид байсан тул би арын хаалгаа онгойлгож өгөхөд Х.Б- саарал өнгийн приус20 машин дотроос 2 хонины гулууз мах гаргаж ирээд хамт нэг залуутай өргөлцөж манай дэлгүүрт оруулсан. өнөөдөр дэлгүүр дээрээ сууж байтал манай дэлгүүрт байнга сүү өгдөг М.Э- орж ирээд өчигдөр бэлчээр дээрээ хонио ачуулчихлаа өнөөдөр энүүгээр хонины мах зарна гэсэн хүн байна уу? гэхэд нь би хоёр хонины мах өчигдөр авсан гэхдээ тэр хулгайн мах биш байх өөрсдөө малтай улсууд байгаа юм гэхэд, М.Э- миний авсан махыг үзэхээр склад руу орж хараад энэ нэг нь эр хонь байна манайхаас алдсан нэг хонь нь хар толгойтой байсан гээд ямар хүмүүс авчирсан юм бэ? гэхээр нь би тэнд байдаг хүмүүс гээд цонхоороо Х.Б-гийн гэр лүү заасан. Тэгээд М.Э- нөхрийнхөө хамт Х.Б-гийн гэр лүү очсон байх” гэх мэдүүлэг /1-р хх 32-33/, “...Тэгээд би тухайн мах зарсан Х.Б-ийн 90**0606 дугаар луу залгаад чи хулгайн мах авчраад зарчихсан юм биш үү? гэхэд над руу Юу яриад байгаа юм, яасан яасан гээд байсан юм. Тэгээд би чи энэ хүмүүстэй ирээд уулзаадах гэхэд би очихгүй гэж хэлсэн юм. Тэгсэн чинь би энэ доороос дэлгүүрийнхээ үүднээс хараад зогсож байтал Б.Б-, М.Э- хоёр тухайн Х.Б- гэх хүний гэрийн гадаа нь очиж байтал Х.Б- тэр хоёр хүнийг хараад шууд зугтаачихсан юм. Тэгээд М.Э-, Б.Б- хоёр тухайн Х.Б- гэх хүний гэрийн гадаа нь хүлээж байхад нь над руу дугаараа нууцалсан дугаараас залгаад Та наад хүмүүсээ явуулчхаач би согтуу байна, дараа нь учраа олъё, цагдаа сэргийлэх гээд яах вэ гээд байсан юм. Тэгэхээр нь би тухайн залууд хандан за цагдаа дуудахгүй гэж байна, ирээд уулзаа гэж хэлсэн юм. Тэгээд би М.Э-, Б.Б- хоёрыг дуудчихсан юм.” /1-р хх 34-35/,“...Х.Б- манай дэлгүүр рүү орж ирээд тэр хоёртой уулзах манай дэлгүүрийн арын өрөө рүү орсон. Тухайн үед би дэлгүүр дотроо үйлчлүүлэгч ихтэй байсан учраас ард талын өрөөнд юу болж байгааг сайн мэдээгүй. Ямар ч байсан М.Э- уурлаад байсан. “Чи хүний буянт малаас хулгай хийж байдаг ямар арчаагүй юм бэ” гээд байсан Гэтэл Х.Б- хариуд нь уучлаарай эгчээ ганц л удаа боломж олгочих л доо бүгдээрээ ярилцъя гээд байсан. Тэгээд бас арынхаа өрөө рүү хальт очиход Х.Б- М.Э-гийн урд нь гуйгаад сууж байгаа харагдсан. Өөр яг юу ярьсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх 88/, “...Х.Б- манай дэлгүүр рүү орж ирээд тэр хоёртой уулзахаар манай дэлгүүрийн арын өрөө рүү орсон. Тухайн үед би дэлгүүр дотроо үйлчлүүлэгч ихтэй байсан учраас ард талын өрөөнд юу болж байгааг сайн мэдээгүй. Ямар ч байсан М.Э- уурлаад байсан. “Чи хүний буянт малаас хулгай хийж байдаг ямар арчаагүй юм бэ” гээд байсан Гэтэл Х.Б- хариуд нь уучлаарай эгчээ ганц л удаа боломж олгочих л доо бүгдээрээ ярилцъя гээд байсан. Тэгээд бас арынхаа өрөө рүү хальт очиход Х.Б- М.Э-гийн урд нь гуйгаад сууж байгаа харагдсан. Өөр яг юу ярьсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх 88/,

Гэрч Э.Н-... “...2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн бэлчээр дээрээс манай хонийг хулгайлсан хүнийг Дархан сумын 15 дугаар баг “Хийморь” хүнсний дэлгүүрийн урд талд барьчихлаа гэх дуудлага мэдээлэл дээр эрүүгийн мөрдөгч Б.Д-, хэсгийн байцаагч Б.П- нарын хамт очиж ажилласан. Тухайн үед дуудлагаар очиход Х.Б- гэх залуу болон дуудлага өгсөн гэх хүмүүс байсан. Х.Х.Б- нь хохирогч талын хүмүүст би хонийг чинь авсан нь үнэн, одоо эндээ болсон асуудлаа шийдье, би та нарт хонийг нь шууд өгнө. Болохгүй бол миний шинэ авсан приүс 20 маркийн автомашиныг ав л даа гэх зэрэг зүйлсийг хэлж байсан. Тухайн үед би Х.Х.Б- гэх залуугаас энэ хоёр хонины толгой арьс нь хаана байгаа юм гэж асуухад манай байшин дотор байгаа гэж хэлээд онгойлгох гээд нэг түлхүүр хийгээд тэр нь таарахгүй байгаа бололтой гацаад байсан. Тэгээд тухайн үед дуудлага мэдээлэл дээрээ ажиллаж дуусаад тухайн Х.Х.Б- гэх хүнийг эрүүлжүүлсэн юм.” /1-р хх 228-229/,

 

Гэрч Б.П-...”тухайн өдөр Х.Б- гэх хүн нь хохирогч талын хүмүүст би хонийг чинь авсан нь үнэн. Одоо эндээ асуудлаа шийдье, би та нарт хонийг нь шууд өгнө. Болохгүй бол миний энэ шинэ авсан приус 20 машиныг ав л даа гэх зэрэг зүйлсийг хэлж байсан” гэх мэдүүлэг /2хх-19-20хуу/ гэх мэдүүлгээр тус тус  нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Х.Х.Б- нь гэмт үйлдэлдээ 45-**УБП улсын дугаартай Тоёота Приус20 маркийн автомашиныг  өөрийн үйлдлээ хөнгөвчлөх, хулгайн зүйлээ зөөж тээвэрлэх зорилгоор ашигласан гэж үзэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаас тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Х.Х.Б-ийг бусдын 2 тооны малыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Х.Х.Б- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй, зориуд хохирол учруулж гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

Шүүгдэгчийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б.Б-ад бага хэмжээнээс дээш буюу 320000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ТХҮ-820/20 дугаартай нас гүйцсэн эр хонь 170000 төгрөг, соёолон эр хонь 170000 төгрөг нийт 340000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэнийг хохирогч хүлээн зөвшөөрч маргаагүй болно. / 2 хх-1/

 

Хохирогч Б.Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт...”би шүүгдэгч нараас хохирол төлбөр авахгүй, хуульд заасныг дагуу шийтгүүлмээр байна. Төрийг эсхүл намайг доромжлоод байгаа юм уу, би нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д хохирогч гэм хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй, хохирол нөхөн төлүүлэх эрхээсээ татгалзсаныг шүүх хүлээн авч шүүгдэгч Х.Х.Б-ийг төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 45 06 УБП улсын дугаартай Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгсэл нь “Омни Капитал” ББСБ-тай байгуулсан Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн график, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1хх144/, “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээгээр “Омни капитал” ББСБ-ийн өмчлөлд байдаг нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураан авах боломжгүй гэж үзэн түүний үнэ болох 9000000 төгрөгийг шүүгдэгч Х.Х.Б-оос гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ./2хх 27-40/

 

 Иймд шүүгдэгч Х.Х.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Х.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт С.М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын мал хулгайлсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Х.Х.Б-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.Б-ид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Х.Б-оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 45 ** УБП улсын дугаартай Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 9000000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

            6.Хохирогч Б.Б.Б- нь хохирол төлбөр нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурдсугай.

 

            7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

            8.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Х.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Х.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ