Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                            Хэргийн индекс:166/2021/0032/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч Б.Б.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-д холбогдох эрүүгийн 2018004670023 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Сайн мэдээ” ХХК-ны захирал, “АВ КУС” ХХК-ны менежер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суух урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, Б.Х-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Б.Б.Х- нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 23 цаг 50 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Queen” баарны хаалганы урд талд иргэн С.С.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Б.Б.Х- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б.Х- нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 23 цаг 50 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Queen” баарны хаалганы урд талд иргэн С.С.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Б.Х-ы үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2018004670023 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл ургийн үзүүлэлт /хх 7-8/,

            Хохирогч С.С.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...21 цагийн орчимд хуримаасаа гараад Queen гэх нэртэй бар руу өөрийн найз Г.--а, Б,--, О,--э нарын хамтаар дөрвүүлээ орсон юм. Тэгээд баар хаахаас өмнө О,--э, Б,-- хоёр гэр гэртээ харих гээд явсан байсан юм. Тэгээд ардаас нь манай найз Г.--а бид хоёр 23 цаг 50 минутын орчимд баарнаас гарсан юм. Тэгээд гарч ирээд тухайн баарны үүдэн дээр би тамхи татаад зогсож байтал манай найз Г.--ыг гурван залуу “чи ирээд машин барь” гээд байсан. Тэгэхээр нь Г.--а “би машин барьдаггүй, машин барьдаг хүн биш” гэж хэлсэн юм. Тэгээд хоорондоо бага зэрэг маргалдсан юм. Тэгэхээр нь би тухайн залуучууд дээр очоод “наад хүн чинь жолоо барьдаг хүн биш, тэгээд ч архи уусан хүн байгаа” гэж хэлэхэд шууд жолоо барь гээд орилоод дайраад, дарамтлаад дээрэлхсэн шинжтэй яриад байсан. Тэгээд буцаад явах гэж байтал нэг залуу нь “чи юу вэ ? хэн бэ ?” гээд дайраад байсан. Тэгэхээр нь би залуучуудаа одоо боль, зүгээр салцгаая гэж хэлэхэд нэг залуу нь миний шанаа хэсэг рүү 7-8 удаа цохисон... Би урьд өгсөн мэдүүлэгтээ намайг хоёр залуу зодсон мэтээр мэдүүлэг өгсөн байна. Тухайн үедээ би өөрөө их архи уусан, согтуу байсан учраас хоёр хүн зодсон гэж бодож байсан. Харин дараа нь тухайн үед хамт байсан найзаасаа асуухад нэг хүнд л зодуулсан юм байна. Би намайг зодсон Б.Х- гэх хүнтэй уулзаж, эмчилгээний зардалд 200.000 төгрөг хүлээн авсан.” гэх мэдүүлэг /хх 10-11/,

            Гэрч Д.Г.--ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.О- бид хоёр 23 цаг 50 минутын орчимд баар хааж байхад гарсан юм. Тэгээд тухайн баарны шатны хажууд талд С.О- тамхи татаад байж байтал гурван залуу гарч ирээд намайг “машин барь” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би тухайн үедээ дуудлагын жолооч дуудсан юм байх андуурсан байна гэж бодсон. Тэгээд би жолооч биш андуурсан байна гэж хэлсэн. Тэгсэн чинь өөдөөс шууд “чамайг барь гэж байна, дуугай барь” гэж хэлсэн. Тэгээд хоорондоо муудалцсан чинь манай найз С.О- наадах чинь машин барьдаг хүн биш та нар боль гэж хэлсэн чинь нэг залуу нь шууд С.О-г газарт унагаагаад л цохиод байсан. Тэгээд тухайн гурван хүний хоёр нь манай найз С.О-г зодож байсан залууг “С,---о, одоо боль, явъя” гэж хэлээд байсан.Тэгэхээр нь би тухайн залууг С,---о гэдэг юм байна гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх 12-13/,

            Гэрч С.С- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө эрүүлжүүлэх, саатуулах байранд 24 цагийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. Яг албан ёсны иргэний бүртгэл дээрээ С,--- гэх нэртэй хүн эрүүлжүүлэгдээгүй гэхдээ та тухайн орой жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж байсан санагдаж байна тэгээд надаас С,--- гэдэг нэртэй эрүүлжүүлэгдсэн үү ? гэж асуухад би гар утсаа салгахгүйгээр шууд цаашаа очиж С,--- гэх нэртэй хүн байна уу ? гэж асуухад Б.Х- гэх залуу намайг С,--- гэдэг юм гэж хэлсэн. Өөрийг чинь Б.Х- гэсэн биз дээ яахаараа С,--- болчихдог юм гэж хэлэхэд намайг гэрийнхэн маань С,--- гэж хочилж дууддаг юм” гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх 20/,

Гэрч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Queen бааранд хамгаалагчаар ажилд орсон юм. 2020 оны 10 дугаар сарын 03-ны орой манай бар 00 цаг гээд хүмүүсээ бүгдийг нь гаргачхаад байж байсан юм. Тэгээд бүх гэрлээ унтраагаад баарнаасаа гарсан хүмүүсээ шатнаас доошоо буулгах гээд гарсан юм. Тэгсэн чинь 5 залуу тойроод зогсчихсон 3, 2-оороо тус тусдаа явж байгаа хүмүүс байсан. Тухайн хүмүүс нь бүгдээрээ манай баарнаас гарч явж байсан юм. Хоорондоо маргалдаад муудалцаад байх шиг байсан. Тэгсэн чинь костюмтай сахалтай ах цаад талд нь нэлээн согтсон бололтой бөөлжөөд байж байсан чинь тэр ахын найзыг нь гурван залуу дээрэлхээд байх шиг байхаар нь тухайн ах хүрч ирээд та нар боль гэж байх шиг байсан. Тэгсэн чинь тухайн гурвуулаа хамтдаа явж байсан хүмүүсийн бор савхитай өндөр махлаг ах нь тухайн костюмтай сахалтай ахыг цохиод газар унагаасан. Тэгэхээр нь би очоод шууд салгасан юм. Тэгээд найзыг нь босгоод салгасан. Тэгээд тэндээ хэсэг байцгааж байгаад тухайн хүмүүс нь бүгдээрээ тараад явцгаасан юм. Тэгээд би хаалгаа хаагаад түгжээд орсон юм. Өндөр, махлаг, тухайн өдөр бор өнгийн савхитай байсан. Бас үсний хоёр талаар нь бага зэргийн бууралтсан байсан гэх мэдүүлэг /хх 23/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 24-25/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 818 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.С.С.О-гийн биед хамар ясны хугарал, нүүрний цус хуралт, зулгаралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.С.С.О-гийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Уг гэмтэл нь хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сарын 03-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

5.С.С.О-гийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх 30-31/,

 

Хохирогч С.С.О-д эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тухай хуудас /хх 34-35/,

 

Шүүгдэгч Б.Б.Х-ы хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 65/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх 66/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /хх 68-74/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 75-78/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б.Х- нь гэмт үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, зориуд хохирол, хор уршигт хүргэж санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б.Х- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Б.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч С.С.О- нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх 95/ өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч Б.Б.Х-д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Х-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Х- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

   5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ