Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 113/ШШ2019/0017

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Гомдол гаргагч: Т.Г;

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Э;

 Гомдлын шаардлага: “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 0063327 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Т.Г, хариуцагч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Гомдол гаргагч Т.Г шүүхэд гаргасан гомдолдоо: “Иргэн Т.Г би Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Байгаль орчны хяналтын улсын байцаагч гэх Г.Э нь өнөөдрийг хүртэл энэ талаар надад тайлбар өгөөгүй, болсон явдлын талаар хэнээс ямар мэдээлэл авч энэхүү шийтгэлийг ногдуулж байгаад иргэн би гомдолтой байна.

          Иймд би Монгол Улсын иргэнийхээ хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу хуулийн байгууллагад хандаж байна” гэжээ.

Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “...2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Шивээговь сумын Цагдаагийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.З нь иргэн О.Г-оос бичгээр гаргасан “Шивээговь сумын 2-р багийн нутаг дэвсгэр 21-р зөрлөгийн орчим баригдаж буй “С” ХХК-ийн үйлдвэрээс тавигдаж буй сайжруулсан замын ажлыг 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Т.Г гэгч нь үргэлжлүүлэн ажиллуулахгүй гэж өөрийн авто машинаар техникийг хааж саад учруулсан” гэх гомдлыг хүлээн авч 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч О.Г, гэрч Д.Ш, гэрч С.А нараас, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр холбогдогч Т.Г-оос мэдүүлэг авч тэмдэглэл хөтөлсөн байна. 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Шивээговь сумын Цагдаагийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.З нь 231 дугаартай гомдлыг шалгаж харьяаллын дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлжээ.

...Миний бие 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр уг материалыг хүлээн авч шалгаад, Т.Г гэгч зөрчил гаргасан болох нь Д.Ш, С.А нараас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл, Т.Г-оос холбогдогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл, О.Г-оос хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл, өргөдөлд хавсаргасан бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1917000066 дугаартай зөрчлийн хэргийг нээсэн.

Зөрчлийн хэрэг нээсэн Т.Г-т холбогдох 1917000066 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дуусч хэргийн материалыг холбогдогчид танилцуулахаар 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө 08 цаг 35 минутанд өөрийн 91042929 дугаараас холбогдогч Т.Г-ийн 88550525 дугаарын утсанд холбогдож иргэн О.Г-оос гаргасан гомдлын дагуу танд зөрчлийн хэрэг нээсэн. Хэргийн материалтай ирж танилцана уу гэхэд яриаг таслан эрс эсэргүүцэж, ...танилцахгүй, очихгүй гэв. Шийтгэлийн хуудсын тухай хэлэхэд ...хэл амаар доромжлов. ...Тэгвэл шийтгэлийн хуудсыг нь шууданд өгч явуулъя гээд утсаа салгасан.

...2019 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө шийтгэлийн хуудсыг шууданд хүргүүлсэн. Тус өдөр 14 цаг 35 минутанд сумын ЗДТГ-ын 2 давхарт холбогдогч Т.Г, ИТХ-ын төлөөлөгч А.Б-тэй хамт явахад нь таарч 208 тоот өрөөнд шийтгэлийн хуудсыг шууданд хүргүүлсэн тухайгаа хэлсэн.

Иймд ...”БОХУБ Г.Э нь өнөөдрийг хүртэл надад тайлбар өгөөгүй, болсон явдлын талаар хэнээс ямар мэдээлэл авч энэхүү шийтгэлийг ногдуулж байгаад иргэн би гомдолтой байна” хэмээснийг би эсэргүүцэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Т.Г-оос Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Э-д холбогдуулан гаргасан “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 0063327 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэн О.Г-оос Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдлыг шалгаж харьяаллын дагуу шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Улмаар дээрх гомдлыг Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлснийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Э хүлээн авч иргэн Т.Г-ийг холбогдогчоор татан 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 1917000066 дугаартай зөрчлийн хэрэг нээжээ. Хариуцагч улсын байцаагч Г.Э зөрчлийн хэрэг нээсэн  тогтоолдоо “...Зөрчлийн тухай хуулийн 10.27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулсан” гэх зөрчлийг үйлдсэн, зөрчлийг нотлох баримтаар тогтоогдсон...” гэж дүгнэн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 0063327 дугаартай шийтгэлийн хуудсаар Т.Г-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 300000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Цагдаагийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.З нь 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч О.Г, гэрч С.А, Д.Ш нараас авсан мэдүүлэгт холбогдогч Т.Г-ийг “...2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн орчимд зам тавих ажил хийж байсан автогридрийн урдуур машинаараа зам хааж зогссон” гэсэн боловч холбогдогч Т.Г-ийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”-д “...2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цагийн орчимд автогридрийн хажууд очиж зогссон...” гэж мэдүүлжээ.

Мөн гомдол гаргагч Т.Г шүүх хуралдаан дээр “...ажлаасаа буугаад явж байхад 18 цагийн үед би очсон. Миний машин автогридрийн урдуур нь орж хаах боломжгүй. Ажилд саад болоогүй. …” гэж тайлбарлаж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж зааснаас үзвэл эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох үүрэгтэй.

Гэтэл хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын мэдүүлгийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлд заасан өөр бусад баримтаар нотлоогүй нь хуулийн дээр дурдсан заалтад нийцээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар дахин шинэ акт гаргах хүртэл Шивээговь сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 0063327 дугаар шийтгэлийн хуудсыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

Учир нь холбогдогч Т.Г тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан гэх зөрчлийг нотлох үүрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар эрх бүхий албан тушаалтанд байгаа бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн болно.

 Мөн эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 10.27 дугаар зүйлийн 1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан шийтгэл оногдуулахдаа холбогдогч ямар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн аль хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан болохыг нотлосны үндсэн дээр шийтгэл оногдуулах нь хуульд нийцэхийг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Э-ийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 0063327 дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гомдол гаргагч Т.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                        Н.ДАМДИНСҮРЭН