Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0064

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                           Хэргийн индекс:166/2021/0050/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Т-,

Улсын яллагч  Т.Дэлгэрмэнд,

Хохирогч Д.Т-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.З-,

Шүүгдэгч В.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Б--ад холбогдох эрүүгийн 2018004750015 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний хүлээн авч өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, урьд:

-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 239 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 278 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жил 3 сар хорих ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А-146 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1, 183 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 409 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39-р зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-2-т зааснаар 1 жил хорих ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2- д зааснаар 2 жил хорих ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сар баривчлах ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1- д зааснаар 1 сар 15 хоног баривчлах ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар хувьд ноогдох эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 6 сарын хорих ял_

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, В.Б--

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

В.В.Б-- нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Д.Т-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, баруун бугалга, баруун чихний ар хэсэг, зүүн хонго дахь цус хуралт, баруун тохой, зулайны хуйхны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Мөн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Д.Т-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн байнга зодсон гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.В.Б-- өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн.” гэв.

     Хохирогч Д.Д.Т- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ Үндсэн хуульд заасан гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. В.В.Б-- надаас уучлалт гуйсан.” гэв.

Яллах болон цагаатгах талуудаас Эрүүгийн  2018004750015 дугаартай хэргээс дараах нотлох баримтыг судлав.

Хохирогч Д.Д.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 01 сарын 19-ны өдөр  өгсөн: “...В.Б-- бол миний хамтран амьдарч байгаа хүн юм. Миний бие тухайн хүнтэй 2020 оны 07 дугаар сараас хойш хамт амьдарч байгаа юм. В.В.Б-- нь намайг  хамгийн анх 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байх үедээ “цамцаа буруу харуулаад өмссөн байна” гэж толгойгоороо миний нүүр рүү мөргөөд унагаачихсан. Мөн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үдээс хойш 14-15 цагийн үед намайг тухайн нийтийн байрны хашаанд унагаагаад дээрээс дэвсэж байсан.

Дараа нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бид хоёр нийтийн байрнаасаа гарах гээд түрээслүүлдэг хүнээс үлдэгдэл мөнгөө асуухад хэд хоногоос өгнө гэж хэлсэн. Тэгээд В.Б-- намайг мөнгө олж ир, түрээсийн үлдэгдэл мөнгө авчир гэж хэлээд намайг толгойгоороо нүүр рүү мөргөж унагаад куртикнээс барьчхаад өрөө рүү чирч оруулсан. Тухайн үед 16-17 цаг болж байсан шиг санаж байна.” гэх мэдүүлэг /хх 12-14/,

 

            Гэрч Б.Б- 2020 оны 10 сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Одоогоос 3 хоногийн өмнө байх, шөнө харанхуйд манай 8 тоотод орсон эрэгтэй, эмэгтэй 2 хүн байрны гадна хашаанд байсан ба эрэгтэй нь эхнэрийнхээ хоолойг боогоод хананд шахсан байсан. Тэгээд газар унагаад толгой руу нь хэд хэдэн удаа өшиглөж, дэвссэн. Тэр эмэгтэй 2 нүд нь хөхөрсөн босож ирсэн. Тэгээд намайг битгий зодооч би юу ч хийгээгүй шүү дээ гээд орилж байсан. Би цагдаа дуудаж мэдэхгүй болохоор дуудаж чадаагүй. Тэгсэн зодуулж байсан эмэгтэй нь бид хоёр одоо зүгээр та цагдаа битгий дуудаарай гэж хэлээд хамт гэртээ орсон. Нөхөр нь согтуу байсан. Манай байранд ирээд 3-4 хонож байсан, нөхөр нь өдөр болгон согтуу байдаг. Өнөөдөр өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн үед байх нөгөө залуу эхнэрийгээ ноол орох гэсэн чинь араас нь гарч ирээд үсдээд өрөө рүүгээ аваад орсон тэгээд орилуулаад зодоод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх 15-16/,

 

            Гэрч О.У- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байхад Д.Т-, В.Б-- нар гэрт орж ирээд 3-уулаа манайх руу явж хоол идье гээд бид гурав 20:30 цагийн орчим Д.Т-, В.Б-- нарын түрээсэлдэг байранд нь очсон юм. Тэдний гэрт ороод В.Б-- нь Д.Т-г нэг шил архи аваад ир гэхэд Д.Т- яваад 15 орчим минут яваад архи аваагүй, утас болохгүй байна гэхэд В.Б-- чи яасан их уддаг юм бэ, тэр жолоочтой юу хийсэн, цамц чинь буруу харсан байна шүү дээ гээд босож ирээд Д.Т-г гэдэс рүү нь цохиж толгой руу нь мөргөж өвдгөөрөө өвдөглөсөн юм.” гэх мэдүүлэг /хх 21-22/,

 

            Гэрч Ш.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...В.Б-- нь миний том хүү Дарханд 7 дугаар сургуулийн бага ангийг дүүргэж дунд ангиасаа сургуулиа хаясан доороо 2 эмэгтэй, 2 эрэгтэй дүүтэй, олон удаа ял шийтгэл эдэлж байсан. Нэг эмэгтэйтэй хамт амьдраад салдаг ер нь олон хүнтэй хамт амьдарсан. Сүүлд Д.Т- гээд эмэгтэйтэй 6, 7 сарын үед манайд ирээд 1 сар орчим амьдраад буцаад л явсан, ер нь Улаанбаатар хотод л байгаад байдаг, оршин суух тодорхой хаяг байхгүй, Дарханд ирэхээрээ хааяа манайд ирдэг, архи уугаад агсан тавьж янз бүрийн үгээр харааж ална гээд л явдаг. Архи уухаараа аймар хүчирхийлэгч үйлдэгч болдог хүн. 2020 оны 10 сард Д.Т-г зодоод маш аймаар болгосон байсан ер нь их л аймаар ааштай хүн.” гэх мэдүүлэг /хх 93-94/,

 

            Шинжээч эмч Д.Д.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Д.Т- гэх хүнд үзлэг хийхэд нүүрэн дээрээ хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун шанаанд цус хурсан байдалтай байсан. Гараар тэмтэрч үзэхэд хацар ясны хугаралт, цууралт гэх шинж тэмдэг илрээгүй. Гавал тархины эгц хажуу рентген зургийг үзэхэд ямар нэгэн хугарал цууралттай гэж харагдахгүй байсан. Тийм учраас дүгнэлтээр тархи доргилт, нүүр, баруун бугалга, баруун чихний ар хэсэг, зүүн хонго дахь цус хуралт, баруун тохой, зулайны хуйхны зулгаралт гэмтэл тогтоогдсон. Хацар ясны урд хана, зүүн талд цууралттай байсан ч гэсэн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд өөрчлөлт орохгүй юм.” гэх мэдүүлэг /хх 32-33/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 825 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Д.Д.Т-гийн биед тархи доргилт, нүүр, баруун бугалга, баруун чихний ар хэсэг, зүүн хонго дахь цус хуралт, баруун тохой, зулайны хуйхны зулгаралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дэмбэрэлийн Д.Т-гийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Дэмбэрэлийн Д.Т-гийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 24-25/,

 

Хохирогч Д.Д.Т-д эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тухай хуудас /хх 26/,

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 04/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8/,

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 46-47/,

 

Шүүгдэгч В.В.Б--ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 34/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 96-152/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 73/, эзэмшил, өмчлөлийн газартай эсэх тодорхойлолт /хх 75/, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг төлдөг эсэх талаарх лавлагаа /хх 79/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Хохирогч Д.Д.Т-г 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хохирогчоор тогтоож мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан “өөрийн болон гэр бүлийн гишүүд... эсрэг мэдүүлэг өгөхгүй эрхтэй” гэсэн эрхийг сануулаагүй мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд засан мэдүүлэг авах журмыг зөрчсөн байх тул шүүх уг нотлох баримтыг үнэлээгүй болно.

            Шүүх шүүгдэгчид холбогдох Эрүүгийн 2018004750015 дугаартай хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч В.В.Б-- нь гэр бүлийн хамаарал бүхий хохирогч Д.Д.Т-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчим хохирогч Д.Д.Т-г хардаж, жолоочтой юу хийсэн “цамцаа буруу харуулсан байна” гэж  толгойгоороо нүүрэн тус газарт мөргөж зодсон, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 14-15 цагийн орчим “архинд удаан явлаа” гэдгээр шалтаглан  нийтийн байрны хашаан дотор унагааж тогой руу дэвсэж зодсон,  2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16-17 цагийн орчим “түрээсийн үлдэгдэл төлбөр авчир” гэж шалтаглан тус тус зодсон үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч В.В.Б--ын 2020 оны 10 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд  зодсон үйлдлийн улмаас хохирогч Д.Д.Т-гийн эрүүл мэндэд тархи доргилт, нүүр, баруун бугалга, баруун чихний ар хэсэг, зүүн хонго дахь цус хуралт, баруун тохой, зулайны хуйхны зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон болох нь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 825 дугаар дүгнэлтээр нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон үйл баримтын хүрээнд дүгнэвэл шүүгдэгч В.В.Б-- гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Д.Т-г 2020 оны 10 дугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд зодсон үйлдэл нь олон удаагийн давтамжтай буюу хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн бие даасан шинжийг хангажээ.

 

Шүүгдэгч В.Б- 2020 оны 10 сарын 6, 7, 8-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжинд байгаа хүмүүсийн хоорондын харилцааг,  “Гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг тус тус ойлгохоор тодорхойлсон байна.

Шүүгдэгч В.В.Б--, хохирогч Д.Д.Т- нар нь гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй хэдий ч  2020 оны 07 сараас эхлэн хамтын амьдрал үүсгэж  амьдарч буй хамтран амьдрагч болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч Б.Б-, О.У-, Ш.Б- нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Шүүгдэгч В.В.Б--ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хөнгөн хохирол учруулсан  үйлдлийг дахин хүндрүүлсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч В.В.Б--ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийг үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Д.Д.Т- нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч В.В.Б--ыг бусдад төлөх төлбөргүй байна үзлээ.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.З- дүгнэлтдээ...”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.  Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ялыг хөнгөрүүлэх үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэмт хэргийн хохирол хор уршгийг арилгасан байхаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт этгээдийн хувийн байдлыг харгалзан хэрэглэх зохицуулалт бөгөөд заавал биелүүлэхээр үүрэг хүлээлгэсэн императив хэм хэмжээ биш юм.  Түүнчлэн шүүгдэгчид хорих ял оногдуулж тэнсэж өгнө гэсэн өмгөөлөгчийн санал нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журамд нийцэхгүй тул хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Шүүх В.В.Б--ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулан шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хуульд зааснаар өөр өөр төрлийн ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч В.В.Б--ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг ажлын 8 цагаар тооцож нийт хорих ялыг 40 хоногт шилжүүлж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 9 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч В.В.Б--ын 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 65 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч В.Б--ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2.Шүүгдэгч В.Б--ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3.Шүүгдэгч В.В.Б--ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч В.В.Б--ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, нийт хорих ялыг 40 хоногт шилжүүлж, 40 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 9 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч В.В.Б--ад оногдуулсан 9 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.В.Б--ын цагдан хоригдсон 65 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            7.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.В.Б--ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч В.В.Б--ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ