| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2021/0063/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0070 |
| Огноо | 2021-03-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2021/0063/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагч: Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгч А.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т холбогдох эрүүгийн 2118000000075 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой.гадаад харилцааны гаалийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, А.Т- /Регистрийн дугаар ******* /,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А.А.Т- нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нөүтбүүкээ 1 өдөр түр хэрэглүүлээч ах нь ажлын тайлангаа файл хэлбэрээр явуулах хэрэгтэй болоод байна маргааш мөнгөтэй чинь хэмт эргүүлээд өгье гэж Х.Х.Н-ийг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Самсунг брэндийн i5-2 маркийн 64 GВ багтаамжтай нөүтбүүкийг залилан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.А.Т- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч А.А.Т- нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Х.Х.Н-ээс “ажлын тайлангаа явуулаад өгье” гэж хуурч, Самсунг брэндийн i5-2 маркийн 64 GВ багтаамжтай зөөврийн компьютерыг авч ”Дархан ломбард” ХХК-ий барьцаалдан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьсан, хохирогч Х.Х.Н-э зөөврийн компьютероо авахаар шаардахад нь “найзындаа орхисон байгаа, найзаас маань корона вирус илрээд тусгаарлагдсан байна” гэх зэргээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.А.Т-гийн үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2118000000075 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.
Хохирогч Х.Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр над руу залгаад чи ахдаа нөүтбүүкээ нэг өдөр хэрэглүүлчих ах нь ажлын тайлангаа файл хэлбэрээр явуулах хэрэгтэй болоод байна маргааш мөнгөтэй чинь хамт эргүүлээд өгье гэхээр нь би итгээд өөрийн эзэмшлийн Самсунг брэндийн i5-2 үйлдлийн системтэй хар өнгийн нөүтбүүкээ өгсөн. Маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 250000 төгрөгийг манай найз Э.Э- эзэмшлийн Хаан банкны 51313***17 дугаартай данс руу шилжүүлсэн боловч миний нөүтбүүкийг өгөөгүй алга болсон. Би хэд хоногийн дараа таг чиг байгаад байхаар нь гэрт нь яваад очтол ах нь найзынхаа гэрт ууж байгаад хоорондоо маргалдаад зодоон цохион болоод нөүтбүүкийг чинь орхиод гараад ирсэн байна. Би найзыгаа нэлээд айхтар зодчихсон чинь нөүтбүүкийн чинь авчихаад өгөхгүй байна гэж хэлсэн. Маргааш нь утсаар ярьтал манай найзаас корона вирус илрээд тусгаарлалтад орчихжээ гэр нь цоожтой би орж авч чадахгүй байна гэхээр нь “та тэгээд хавьтагч болдоггүй юм уу” гэж асуухад надаас шинжилгээ авсан зүгээр гарсан гэж байсан. Би өөрөө залгаад утсаа авахгүй байхаар нь хамаатныхаа ах болох*******оор залгуултал өөдөөс нь танай дүүгийн нөүтбүүкийн ломбардад тавьчихсан байгаа уучлаарай маргааш гэхэд аваад өгнө гэж хэлээд алга болсон.” гэх мэдүүлэг /хх 7-8/,
Гэрч Б.С- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Х.Н-э ирээд сарын төлбөр болох 250000 төгрөг өгөөд 1 хоноод маргааш нь аав ээж дургүйцээд байна гарахаар болчихлоо гэхээр нь наад өрөөнд чинь хүн орвол мөнгийг нь буцааж өгье одоо мөнгө алга гэж хэлээд явуултал хэд хоногийн дараагаас мөнгөө авах гээд нэхээд байсан. Манай найз залуу уг нь аргалаад тайлбарлаад хэлээд л байх шиг байсан. Тэгтэл нөгөө охин мөнгөө нэхээд байсан чинь манай хүн өөрийнх нь нөүтбүүкийн ломбарданд тавиад мөнгийг нь өгсөн байсан. Надад эхлээд хэлээгүй харин ломбарданд тавиад ирснийхээ дараа хэлж байсан. Мөнгөө нэхээд байхаар нь ломбарданд тавьчихлаа гэж байсан.” гэх мэдүүлэг /хх 17-18/,
Гэрч Т.М- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17:20 цагийн орчим манай ломбардаар А.А.Т- гэх залуу орж ирээд Самсунг маркийн i5-2 үйлдлийн системтэй хар өнгийн нөүтбүүк үзүүлсэн. Би тухайн үед шалгаж үзээд мөн А.А.Т-гийн бичиг баримтыг шалгаад 300 000 төгрөгөөр үнэлж авсан. Тэгээд А.А.Т- гэх залуугаас мөнгөө бэлнээр авах уу дансаар авах уу гэхэд 295 000 төгрөгийг Хаан банкны 5890*****87 Б.С- гэх данс руу шилжүүлээд үлдсэн 5000 төгрөгийг бэлнээр аваад явсан.” гэх мэдүүлэг /хх 39/,
“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: Үнэлгээнд хамрагдсан Самсунг i5-2 маркийн 64 GB нөүтбүүкийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 1 200 000 төгрөг /хх 45/,
“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: Үнэлгээнд хамрагдсан нөүтбүүкийн цүнх /хуучин/ зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 35000 төгрөг /хх 45/,
“Дархан ломбард”-ын барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх 28/,
Шүүгдэгч А.А.Т-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 72/, оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /хх 80-83/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.А.Т- нь гэмт үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, зориуд хохирол, хор уршигт хүргэж санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.А.Т-ыг бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч Х.Х.Н-ийн “хохирол төлбөрөө барагдуулж авсан. Санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх тайлбараар /хх 58/ шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол хор уршиг, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж байгаа зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 50.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Т-ыг бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.Т-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 10 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.Т- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.А.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ