Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0075

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                           Хэргийн индекс:166/2021/0069/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагч  Т.Дэлгэрмэнд,

Хохирогч Х.М-,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ч-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б-,

Шүүгдэгч В.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Б-т холбогдох эрүүгийн 2018004550017 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний хүлээн авч өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 02-ны өдөр, Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч түүний хүүхдийн хамт оршин суух, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргиин анхан шатны шүүхиин 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж байсан, В.Б-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

В.В.Б- нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр******* хамтран амьдрагч Х.Х.М-г зодож Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 346 дугаартай шүүгчийн шийтгэврээр 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл,

Мөн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө ******* тоотод мөн дахин хамтран амьдрагч Х.Х.М-г зодож Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаартай шийтгэврээр 30 хоног тус тус баривчлах шийтгэл авсан,

Үүний дараа 2020 оны 07 дугаар сарын 31-ээс 2020 оны 08 дугаар сарын 01-ний шилжих шөнө, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд******* дугаар орцны подвалд мөн 2020 оны 09 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол*******, 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дархан сум 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 2 дугаар байрны 1 дүгээр орцны подвалд тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хөгжлийн бэрхшээлтэй Х.Х.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон,

2020 оны 07 дугаар сарын 31-ээс 2020 оны 08 дугаар сарын 01-ний шилжих шөнө, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хөгжлийн бэрхшээлтэй Х.Х.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч В.В.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би байрны жижүүр хийдэг байсан юм. Тэгээд нэг танил маань намайг 12 сар хүртэл хотод очоод ажил гээд надад 20,000 төгрөг өгсөн. Гэтэл Х.М- ганц юм уучихъя гээд байхаар нь нэг 0,500 граммтай “Түмний хишиг” гэж архи уусан. Түүнийгээ ууж дуусаад дахиад нэг “Түмний хишиг” авч уусан. Архиа ууж дуусаад 9 давхрын 2-р орцыг шалгаад доошоо бууж ирэхэд Х.М- 0,750 граммтай Хараа архийг ундааны саванд хийчихсэн талд нь ортол уусан байсан. Тэгээд би “...аяганд хийж уухгүй яасан юм бэ” гээд нэг удаа цохиж, 2 удаа өшиглөсөн. Дараа нь би Улаанбаатар явах гээд билетээ авчихсан байхад Х.М- утасдаад 4-н 2-р байранд хүрээд ир гэж дуудсан. Очиход миний найз П- хамт 0,750 граммтай архийг талыг нь уучихсан байсан. Тэгээд П- “...найздаа яаж тал архи өгөх вэ дэлгүүр орж архи авч өгнө” гэхээр нь би “...яах юм бэ хот явах гэж байж архи уухгүй” гэсэн. Тэгээд бид 3 дэлгүүр орсон, буцаж орж ирээд сууж байтал Х.М- П- утас, тамхийг нь аваад халаасандаа хийчихсэн. Тэгэхэд П- “...танай авгай чинь архи уух болгонд миний юмыг авчих юм, чи аваад өгөөч” гэсэн. Би М- “...чи яах гэж хүний юм авдаг юм бэ өгөөч” гэхэд өгөхгүй байсан. Тэгээд би Х.М-г түлхсэн, түүнээс хойш би хот яваад 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ирсэн.” гэв.

   Хохирогч Х.Х.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө******* кабелын утас хэд давхарлаж байгаад аймаар их ороолгож зодсон, хайруулын таваг, DVD зэрэг эд зүйл авч шидсэн, түлхэж унагааж, хоолой ам боож зөндөө зодсон.

Би 3 хүүхэдтэйгээ 4-7-р байрны подвалд амьдардаг байсан юм. 2020 оны 08 дугаар сарын 06-нд шилжих шөнө В.В.Б- унтаж байхад согтуу орж ирээд хоолой багалзуурдаж, үг дуугүй мушгиж ухаан алдуулж унагааж, барьсан зүйлээрээ шидэж зодсон.

2020 оны 09 дүгээр сарын 25-с 26-нд шилжих шөнө түрүүн ярьсан “Түмний хишиг” уусан гэж, энэ архийг би цалингаасаа авч уусан нь үнэн. Ууж дуусгаад  унтаж амаръя гэж байтал байрны тог тасарсан юм. Тэр шөнөдөө тог ирээгүй, би хаалгаа дотроосоо цоожлоод унтсан. Гэтэл шөнө дунд В.Б- цонхоор орж ирээд шууд багалзуурдаж аваад, дээрээс дэвсэж, өмсөж явсан төмөртэй гутлаараа нүүр амгүй өшиглөж, үснээс зулгааж чирч унагаагаад бяцартал нүдсэн. Тэгээд зодуулж байхад хүмүүс өглөө машинаа авах гээд дуудах үед нь хүмүүс дуудаж, би зугтааж дүү дээрээ очсон. Тэгэхэд миний нүүр ам хүн харах аргагүй болсон байсан. Дүүгээсээ таксины мөнгө авч эмнэлэг орж үзүүлэхэд томографын зураг авхуул гэсэн. Надад мөнгө байхгүй яаж зураг авхуулах вэ дээ гээд уйлаад явж байтал Сүмийн пастер таараад “...манай сүм танд тусална, та намайг дагаад яв гэж дагуулж яваад Сүмээс надад 200,000 төгрөг гаргаж өгсөн. Тэр мөнгөөрөө зураг авхуулахад хамар хугарсан, хавирга хугарсан байсан.

2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 4-2-р байранд жижүүрээр ороод 3 сар гаруй болж байсан. Тэнд А- гээд 2 хүүхдээ дагуулаад явдаг хүүхэн орох газаргүй гэхээр нь нэг талынх нь өрөөнд амьдар, адилхан эмэгтэй хүн гэж бодоод хамт амьдарч байсан юм. Тухайн өдөр В.Б- хот явах гэж байгаа гэхээр нь мантуун бууж идээд яв гээд аргадаж оруулж ирж байгаад байцаагч дуудаж баривчлуулах санаатай дуудсан. Гэтэл согтуу орж ирээд намайг зодсон. Тухайн үед В.Б-ын найз Д-. манайд ирээд нэг шил архи хувааж уусан. Архиа уугаад дуусаж байтал В.Б- Д-.тай хамт миний утсыг булааж аваад маргааш нь ломбардад тавиад явчихсан байсан. Тэгээд хот явсных нь дараа асууж, заалгаж байж тэр ломбардаас нь утсаа авсан.

Одоо ингээд бодоход энэ хүнээс хол 2 сар болоход тархи толгойдоо цохиулахгүй, зодуулахгүй байхад ямар сайхан юм бэ? намайг 7 хоног бүр цохиж зоддог байсан.” гэв.

Яллах болон цагаатгах талуудаас Эрүүгийн  2018004550017 дугаартай хэргээс дараах нотлох баримтыг судлав.

            Гэрч Х.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө намайг гэртээ байхад 8 цаг дөнгөж болж байхад манай төрсөн эгч Х.М- дух нь хавдчихсан, хамраас цус гарч мурийж гэмтсэн байдалтай уйлчихсан орж ирсэн. Тэгэхээр нь түүнээс юу болсон талаар асуухад В.В.Б- урьд шөнө согтуу орж ирээд намайг зодчихлоо гэж байсан. Тэгээд түүний хувцсыг тайлуулаад биеийг нь харахад хоёр гарын булчин, шуу, хоёр хөлийн өвдөг, гуя зэрэг нь бүгд хөхөрч цус хурсан байдалтай мөн хоолойг нь гараараа боосон бололтой зулгарч улайж ором гарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх 28/,

 

            Гэрч Х.Д- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эгч Х.Х.М- нь 2020 оны 08 дугаар сарын 01, 06-ны өдрүүдэд хамтран амьдрагч В.В.Б-т зодуулсан гээд манай гэрт 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ирж надтай уулзаж байсан. Тухайн үед В.В.Б- мөнгө төгрөгөө хамаагүй юманд үрж дуусгалаа мөн архи уусан үедээ хий хардаж сэрдээд маргалдаад зодчихлоо гэж ярьж байсан. Тухайн үед эгч маань эмнэлэгт .зүүлээд явж байна гэж ярьж байсан. Үүний дараа 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр хэдэн гэдгийг нь санахгүй байна В.В.Б- согтуу шөнө ирээд зодчихлоо одоо эмнэлэг явж толгойны зураг авхуулах хэрэгтэй байна мөнгө байна уу гээд асууж байсан. Тухайн үед мөн нүүр нь хавдаж хөхөрчихсөн, хамар мурийчихсан бололтой байсан. Тэр үед В.В.Б- нь манай эгч Х.Х.М-тай хамт явж байсан. Би тэгэхээр нь В.В.Б-аас чи яагаад эгчийг минь зодож байгаа юм бэ гэхэд В.В.Б- нь их хэмжээний архи уугаад тасарчихсан байна лээ. Түүнийг хардаад л зодчихлоо гэсэн зүйл яриад байсан.” гэх мэдүүлэг /хх 30/,

 

            Гэрч С.А- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Х.Х.М- эгч рүү түүний нөхөр гэх В.В.Б- гэдэг залуу залгаад энэ хоёр утсаар яриад байсан....Түүний дараа В.В.Б- нь чи П- унтдаг биз дээ чи надад Улаанбаатар руу явах замын зардал өг өгөхгүй бол гар утсыг чинь авлаа гэж хэрэлдэж байгаад хоолойг нь боож байснаа болиод хоёр гарынх нь сарвууг нь мушгиад байсан. Тэгснээ үснээс нь зулгаагаад хоёр гарынх нь сарвуу руу нь цохиод хоолойг нь боож үстэж хана руу толгойгоор нь хоёр удаа мөргүүлж зодсон. Тэгэхэд нь би боль боль гээд болиулсан чинь Х.Х.М-гийн куртикнээс халаасанд байсан маркийг нь мэдэхгүй мэдрэгчтэй гар утсыг нь аваад явчихсан.” гэх мэдүүлэг /хх 31/,

 

Гэрч Д.Д-.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Х.Х.М- эгч орцны хог авахад туслаач гэж дуудахад би очсон. Цэвэрлэж дуусаад С.А- гээд эмэгтэйн гэр болох Хээтэй хорооллын 4-2-р байрны 1 дүгээр орцны подвалд очсон. В.В.Б- хүрч ирсэн тэгээд намайг харчихаад Х.Х.М-г надтай хардаад түүнд уурлаж хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь би гараад явчихсан. Тэгсэн маргааш нь Х.Х.М- эгч утасдаад нөгөө В.В.Б- чинь өчигдөр чамайг явсны дараа намайг зодчихсон хүрээд ирээч гэхээр нь яваад очиход Х.Х.М-гийн эрүү нь хөхөрчихсөн хоолой нь улайчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх 33/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 782 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Х.Х.М-гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, нүүр, баруун мөр, баруун гарын шуу, баруун сарвуу, зүүн сарвуу, баруун гуя, хэвлийн 2 хажуу, цээжний өмнө, баруун чихний дэлбэнгийн цус хуралт, зулгаралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд буюу 2020.09.25-наас 26-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

4.Х.Х.М-гийн биед илэрсэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

5.Х.Х.М-д учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 39-40/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 820 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Х.Х.М- нь 2020.08.01 болон 06-ны өдрүүдэд бусдад зодуулж гэмтсэн гэх асуудал нь гэмтлийн гаралтай болох нь Дархан-Уул аймгийн НЭ-ийн хүлээн авах тасагт хандаж үзүүлсэн яаралтай тусламжийн 2020.08.01-ний өдрийн хуудас, 2020.08.06-ны өдрийн баруун сарвуу шууны рентген зураг, амбулаторын картанд байх 2020.08.06-ны өдрийн гэмтлийн эмчийн тэмдэглэл зэргээр батлагдаж байна.

2.Х.Х.М- нь 2020.08.01-ны өдөр үүссэн байх боломжтой зүүн гуя, дух нүүрний цус хуралт, баруун 3-р хурууны язралт зэрэг гэмтэл авсан ба энэ нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Х.Х.М- нь 2020.08.06-ны өдөр үүссэн байх боломжтой тархи доргилт, зүүн гуя, баруун шуу, цээжний зөөлөн эдийн няцралын гэмтэл авсан ба энэ нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4.Х.Х.М- нь 2020.09.28-ны өдөр үзүүлсэн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №782-д тусгагдсан ““Х.М- 47 эм” гэсэн цээжний рентген зургийн тайлбарт: зүүн 5-р хавирга эгэмний дунд шугамаар зөрөөгүй хугаралтай, бороо үүссэн...” гэмтэл нь цаг хугацааны хувьд 2020.08.01 болон 06-ны өдөр үүссэн байх боломжтой байна.

5.Х.Х.М-гийн биед 2020.08.01 болон 06-ны өдрүүдэд бусдад зодуулснаас үүссэн гэмтэл нь тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

6.Х.Х.М-д учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 48-49/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн 921 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Х.Х.М-гийн биед эрүүн дор, баруун бугалган дахь цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрх цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Х.Х.М-гийн биед учирсан цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар хамрагдах талбай бага, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх 56-57/,

 

Шүүгдэгч В.В.Б-ын тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, нийгмийн халамжийн дэвтрийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 75-79/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 93-100/, Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулж байсан шийтгэврийн хуулбар /хх 143, 146, 177-178,

 

Хохирогч Х.Х.М-гийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх 221//, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тахир дутуугийн хувь тэнцсэн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг гэх тодорхойлолт /хх 238/, шүүх сэтгэц, эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа /хх 241/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх шүүгдэгчид холбогдох Эрүүгийн 2018004750015 дугаартай хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч В.В.Б- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч Х.Х.М-г 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шөнө “халамжийн мөнгөнөөс хүүхдийн хичээлийн хэрэгсэл авлаа” гэдгээр шалтаглан цахилгааны утсаар хоёр хөлийн гуя, бөөр, цээж нуруу рүү ороолгож зодсон, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр******* согтууруулах ундааны зүйл хэргэглэсэн үедээ “хэнтэй утсаар яриад байгаа юм бэ” гэж хардан Ди ви ди тоглуулагч бөөр лүү шидэх, хайруулын тавгаар зүүн хөлийн шагай орчимд шидэх, хоолой боох зэргээр зодсон, 2020 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол******* “архи асгалаа” гэдгээр шалтаглан гэдэс орчим 3-4 удаа дэвсэж хоёр хөлийн гуя, зүүн баруун бөөрөнд 3-4 удаа гараараа цохиж зодсон, 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дархан сум 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 2 дугаар байрны 1 дүгээр орцны подвалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хот руу явах замын зардал өг” гэж хоолойг нь боож, хана мөргүүлэх зэргээр  зодсон,

Мөн 2020 оны 07 дугаар сарын 31-ээс 2020 оны 08 дугаар сарын 01-ний шилжих шөнө, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Х.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүхээс тогтоосон үйл баримтын хүрээнд дүгнэвэл шүүгдэгч В.В.Б- гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Х.М-г зодсон үйлдэл нь олон удаагийн давтамжтай буюу хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн бие даасан шинжийг хангажээ.

 

Шүүгдэгч В.В.Б- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь олон удаагийн давтамжтай буюу хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн бие даасан шинжийг хангажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжинд байгаа хүмүүсийн хоорондын харилцааг,  “Гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг тус тус ойлгохоор тодорхойлсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хууль тогтоогчоос хөгжлийн бэрхшээлтэй иргэний эсрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заажээ.

Хохирогч Х.Х.М- нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д зааснаар хөдөлмөрийн чадвараа 70%-иар алдсан иргэн болох нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Шүүгдэгч В.В.Б-ын 2020 оны 07 дугаар сарын 31-ээс 2020 оны 08 дугаар сарын 01-ний шилжих шөнө, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хөнгөн хохирол учруулсан  үйлдлийг байнгын шинжээр нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг байнга үйлдсэн” гэх шинжээр нь тухайн зүйл хэсгээр хүндрүүлж яллах үндэслэл болжээ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг дангаар хангаагүй тохиолдолд тухайн зүйл хэсгээр яллах үндэслэл болно гэж үзлээ.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн нэг бүлэгт заасан бие даасан хоёр гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжүүд нь давтагдаж хүндэрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч В.В.Б-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хөгжлийн бэрхшээлтэй хүнийг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Х.Х.М- нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч В.В.Б-ыг бусдад төлөх төлбөргүй байна үзлээ.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх В.В.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулан шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хуульд зааснаар өөр өөр төрлийн ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч В.В.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг ажлын 8 цагаар тооцож нийт хорих ялыг 40 хоногт шилжүүлж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч В.В.Б-ын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 76 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Х.Х.М-гийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, толгойны рентген зураг, гарын сарвууны рентген зураг, арзгар ултай нэг хос хар гутлыг буцаан олгож, улаан өнгийн DVD  тоглуулагчийг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч В.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2.Шүүгдэгч В.Б-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хөгжлийн бэрхшээлтэй хүнийг байнга зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3.Шүүгдэгч В.В.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч В.В.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, хорих ялыг 40 хоногт шилжүүлж, 40 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч В.В.Б-т оногдуулсан 1 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.В.Б-ын цагдан хоригдсон 76 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Х.Х.М-гийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, толгойны рентген зураг, гарын сарвууны рентген зураг, арзгар ултай нэг хос хар гутлыг буцаан олгож, улаан өнгийн DVD  тоглуулагчийг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

            8.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.В.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч В.В.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ