Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:166/2020/0415/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э.Э-,

Хохирогчийн өмгөөлөгч П.Б-,

Шүүгдэгч П.П.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.М-д холбогдох эрүүгийн 2018000000449 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1961 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 59 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, урьд:

-2002 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Төв аймгийн Сүм дундын 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлд зааснаар 123750 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж байсан, П.М-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

П.П.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орой 20 цагийн үед Ц.Ц.Ц-г гэртээ ганцаараа байхад орж ирэн “танай охиныг хайж явна” гэж хэлээд гарахдаа түүнийг түлхэн унагаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.П.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 09 сарын 19 өдөр хадам ээжийнд эхнэрээ хайгаад орсон, орой 7 цагийн үед орсон. Өдөр нь манай эхнэр халамцуу орсон юм байна лээ. Тэгээд орой нь гарсан байсан. Би хадам ээж Ц.Ц-тай маргалдаад би хөөгдөөд гарсан. Маргааш нь эхнэр надаас чи яагаад ээжийг түлхэж унасан бэ? гэхээр нь би “би түлхсэнээ мэдээгүй” гэж хэлсэн. Би үнэхээр мэдээгүй. Би түлхээгүй шиг санагдаад байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Ээжийг гэмтсэн талаар утсаар яриад мэдсэн. Тэгээд очиход ээж маань маш их айчихсан нүд нь эргэлдсэн байсан. Ээж маань их эрт унтдаг. Манай ээжийнх давхар хаалгатай, ээж маань чих хатуу. Тэр өдөр П.М- ээжийн гадаа нь Ц.Ц- гээд хаалгыг нь чанга нүдээд байсан гэж манай орцны хүн хэлсэн. Гэхдээ тэр хүн мэдүүлэг өгөөгүй. Тэгээд ээжийн гэрт ороод шкаф савыг нь ухаад байхаар нь ээж чи юу хайгаад байгаа юм бэ гэхэд танай гуйлгачин охиныг би байртай, машинтай болгосон гэж хэлэхэд нь ээж миний охин айл шил л айл байсан даа гэж хэлэхэд энэ хүн маш их ууртайгаар түрхэж унагаад гарсан байгаа юм. Тэгээд юу гэж хэлснийг нь ээж чих хатуу болохоор сонсоогүй. Ээж маань эрт унтдаг болохоор тэр өдөр унтахаар унтлагын нимгэн хувцастай байсан. Тэгээд үүнийг түлхэж унагасны дараа босож ч чадахгүй гэрээ ч түгжиж чадаагүй газар хэвтэж байсан. Үг хэлэх чадваргүй даараад айчихсан хэвтэж байсан. Утсаа авч чадахгүй байсан. Тэгээд маргааш өглөө эгч ирэхэд нь хаалга нь онгорхой байхаар нь хүн ирсэн юм байх гээд гайхаад ортол ээж маань газар хэвтэж байсан гэсэн. Ингээд ээжийг эмнэлэгт аваачиж байж яасныг нь мэдсэн.  Ээж маань энэ үйл явдлаас хойш бие нь маш муудаж, маш их турсан. Би өөрөө Улаанбаатарт ээжийгээ үзүүлэх гэж яваад машинтай мөргөлдөж ясаа хугалсан.

П.П.М- согтуудаа уурандаа ээжийг түлхээд унагаасан байг. Гэхдээ яагаад одоо болтол уучлалт гуйгаад орж ирж чадахгүй байгаа юм бэ?. Энэ хүнээс би юу ч нэхээгүй, нэхээд ч төлөх чадваргүй, гуйлгачин гээд байгаа, миний эгч сард 700.000 төгрөгийн тэтгэвэртэй гэтэл энэ хүнд ямар ч орлого байхгүй. Би нэхэмжилбэл ээжийнхээ эрүүл мэнд, амь насыг нэхэмжилнэ.

Эгч маань 45 настай байхад нь нөхөр нь нас барсны дараа Заамарт алт ухаж байгаад П.М-тэй танилцаад түүнээс хойш хамт амьдарсан. Эхлээд бид П.М-тэй танилцаж ярилцах гэж үзсэн ер хэл амаа ололцохгүй байсан. Тэгээд эхний 7 жилд нь эгчээсээ салгах гэж үзсэн. Дараагийн 7 жил нь ингээд хамт амьдарсан.

Эгч маань энэ хүнтэй хамт амьдарснаас хойш нүд ам нь хөхөрсөн байдалтай яваад байхаар нь цагдаад хандахад эгч маань өөрөө би уначихсан юм аа гэж мэдүүлээд хэрэг нь хаагдсан. П.М- 27 удаа зөрчил гаргаж шийтгэл авахдаа дандаа торгуулсан байсан. Яагаад дараа дараагийн арга хэмжээ авдаггүй юм бэ? багийн цагдаа гэмт хэрэг хийж болзошгүй гээд тэмдэглэсэн байсан. Гэтэл энд гэмт хэрэг үйлдээд ирсэн байна. Энэ хүнд торгуулийн шийтгэл зохихгүй байна. Өөрөө орлогогүй болохоор торгуулиа миний эгчээр төлүүлж байна.” гэв.

Эрүүгийн  2018000000449 дугаартай хэргээс:

Хохирогч Ц.Ц.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг гэртээ ганцаараа байхад 20 цагийн үед манай охин Э.Д-ын хамтран амьдрагч П.М- нь их ууртай согтуу орж ирээд Э.Д- хаана байна? гээд гэрт хайж явсан. Хамаг өрөөгөөр орж шкаф, харанхуй өрөө зэргийг үзээд яваад байхаар нь би түүнд чи юу хайгаад байгаа юм бэ? Э.Д- аль өдөр гараад явсан шүү дээ гэхэд танай муу гуйлгачин охиныг чинь хайж явна гээд хэлсэн бөгөөд гарахдаа миний урдаас түлхэж унагачихаад гараад явсан. Ингэж унасны улмаас миний зүүн талын сүүж хэсэг хугарч гэмтсэн байна. Би П.М-д түлхүүлж унаад хөдөлж чадахгүй хэвтээд хоносон. Харин маргааш өглөө 11 цагийн үед манай том охин Э.До- ирж нөхрийгөө болон бэр Буянтогтох зэргийг дуудаж орон дээр хэвтүүлж улмаар эмнэлэгт хандуулж үзүүлсэн юм. Надад гомдол маш их байна. Хөгшин намайг хэвтрийн болгочихоод байгаад гомдолтой байна. Би таягаа тулаад гадагшаа гарч салхинд суудаг байсан одоо чадахаа больчихлоо.” гэх мэдүүлэг /хх 14-16/,

Гэрч Э.Э.До-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр 11 цагийн үед ээжийнхээ гэрт очиход хаалга нь онгорхой байхаар нь хэн ирсэн юм бол гээд хаалгаа нээгээд харахад ээж үүдэндээ газар хэвтээд байж байхаар нь юу болоо вэ ээж гээд асуухад “Би газар уначихлаа” гэж хэлэхээр нь яаж байгаад уначихсан юм бэ гэж асуухад “Мийгаа орж ирээд өрөөнүүдээр ууртай алхаж юу хайж байгаа нь мэдэгдэхгүй согтуу орж ирээд гарахдаа намайг түлхээд тэгээд би уначихсан” гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд сүүжний яс хугарсан эмчилгээ хийх боломжгүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 17-18/,

Гэрч Л.Ц- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө 11 цагийн үед би өөрийн эхнэр Э.До-ын хамт хадам ээжийгээ эргэж тойрох гээд гэр рүү нь орсон. Тэгсэн манай хадам ээжийн гэрийн хаалга нь завсартай түгжээгүй хагас хаалттай байсан ба яг үүдэнд нь манай хадам ээж Ц.Ц.Ц-гийн модон таяг нь байсан. Харин үүнээс цааш буюу хаалганаас цааш 2 орчим метрийн зайд манай хадам ээж баруун талаараа газар хөндлөн коридорт хэвтэж байсан. Тэгэхээр нь би ээжийгээ эхнэртэйгээ өргөөд оронд дээр нь гаргах гэсэн боловч дийлэхгүй болохоор нь бэр Буянтогтохыг дуудаж бид нар өргөөд хадам ээжийгээ орон дээр нь хэвтүүлээд улмаар эмнэлэгт хандаж үзүүлсэн. Тэгсэн манай хадам ээжийн зүүн талын сүүжний яс нь хугарсан байна гэж байсан. Манай эхнэр болон би хадам ээж Ц.Ц.Ц-гаас юу болсон талаар асуухад охин Э.Д-ын хамтран амьдрагч П.М- нь өчигдөр орой эхнэрийгээ хайж их ууртай гэрт орж ирээд өрөөнүүдээр болон шкаф онгойлгож үзээд яваад байхаар нь юу эрж хайсан юм бэ эхнэр чинь гараад явсан талаар хэлэхэд танай охин чинь гуйлгачин энэ тэр гэж элдвээр хэлж урдаас нь гараараа цээж хэсэг рүү нь түлхэж унагачхаад гараад явсан гэж хэлсэн. Тэгээд манай хадам ээж босож чадахгүй хэн орж ирэх бол гэж хүлээж хэвтсээр байгаад шөнийг өнгөрөөж хэвтэж байсан. Ингээд дээрх байдалтай босож чадахгүй хэвтэж байхад нь манай эхнэр бид хоёр орж ирж таарсан юм байна лээ. Манай хадам ээж Ц.Ц.Ц- нь ерөнхийдөө хөл сайтай гэрээсээ гараад гадагшаа хөгшчүүлтэй хамт даалуу тоглоод л хууч хөөрөөд сууж байгаад гэр рүүгээ чөлөөтэй яваад, гараад орчихдог хүн байсан.” гэх мэдүүлэг /хх 20-21/,

Гэрч З.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө намайг гэртээ байхад манай хүргэн Ц- над руу утасдаад ээж коридортоо уначихсан байна. Хүрээд ирээч гэхээр нь би явж очоод хүргэн Цогтбаяр болон түүний эхнэр Э.До- нартай ээжийг өргөж орон дээр нь тавьсан. Намайг очиход манай хадам ээж Ц.Ц.Ц- гэрийнхээ коридортоо баруун хажуугаараа хэвтэж байсан. Түүнийг татаад өргөх гэхэд зүүн ташаа орчмоор өвдөөд байна гээд байсан тул даавуун дээр тавьж байгаад өргөөд орон дээр нь хэвтүүлж эмнэлэгт дуудлага өгч үзүүлэхэд зүүн талын сүүжний яс нь хугарсан байна гэж хэлж байсан. Ингээд хадам ээж Ц.Ц.Ц-гаас түүний охин Э.До- бид нар яаж байгаад гэмтчихсэн юм бэ, юу болсон бэ гэж асуухад П.М- нь өчигдөр орой буюу 2020 оны 09 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн үед согтуу эхнэрээ манайхаар хайж орж ирээд хамаг өрөөгөөр явж байснаа гарахдаа миний эгц урдаас гараараа түлхэж унагачихаад гараад явчихсан. Би уначхаад босох гээд босож чадахгүй, зүүн талын ташаагаар маш их өвдөж улмаар хөдөлж чадахгүй хэвтсэн чигээрээ хоносон гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх 22/,

Гэрч Э.Э.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрөө ээжийнхээ гэрт байгаагүй болохоор яг юу болсон талаар мэдэхгүй байна. 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 10 цагийн үед ээжийнхээ гэрт ороход цагдаа нар ирчихсэн ээжээс мэдүүлэг авч байсан бөгөөд юу болсон талаар ээжээсээ тодруулахад П.П.М- нь намайг түлхээд унагачихсан. Ингэж унаад би гэмтчихсэн гэж хэлж байсан. Харин би тухайн өдөр байрныхаа ойр орчмоор явж байгаад П.П.М-тэй тааралдаж уулзаад ээжийг маань яаж байгаа юм бэ гэхэд би түүнийг ерөөсөө түлхээгүй, яагаад намайг түлхэж гэмтээсэн талаар худлаа яриад байна гээд байсан. Тэрнээс хойш түүнтэй огт уулзаагүй.” гэх мэдүүлэг /хх 23/,

Гэрч Ц.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн үед манай ээж Э.До- над руу утасдаад эмээ Ц.Ц.Ц- нь гэмтчихсэн эмнэлэг дээр байна, буцаад гэр рүү нь хүргэх хэрэгтэй байна гэхээр нь юу болсон юм бэ гэхэд за ямар ч байсан хүрээд ир гэхээр нь нэгдсэн эмнэлэг дээр нь даруй яваад очиход манай эмээ түрдэг орон дээр хэвтчихсэн байдалтай хөдөлж чадахгүй байсан. Эмнэлэг дээр манай ээж Э.До- бэр Б- аав Ц- нар байсан. Ингээд миний машинд суулгах гэхэд эмээ маань насилк дээр багтахгүй байсан тул дүүгийн маань том машинд суулгаж авч явсан. Ингээд эмээ Ц.Ц.Ц-г гэрт нь хүргээд түүнээс юу болсон талаар нь асуухад хүргэн П.П.М- охин Э.Д-ыг хайж өчигдөр манай гэрт 20 цагийн үед орж ирээд гарахдаа түлхээд унагаачихсан гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хх 25/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 771 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Ц.Ц.Ц-гийн биед зүүн хөлийн дунд чөмгөний дээд 1/3 хэсгийн битүү зөрөөтэй хугарал тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Хохирогчид учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

4.Ц.Ц.Ц-гийн биед илэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. /хх 42-43/,

 

Шүүгдэгч П.П.М-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 63/, тээврийн хэрэгслийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 67-71/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч П.П.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орой 20 цагийн үед Ц.Ц.Ц-гийн гэрт хамтран амьдрагч Э.Э.Д-ыг хайж очсон байх ба хохирогч Ц.Ц.Ц-г үл хүндэтгэн харьцаж “танай гуйлгачин охиныг хайж явна” гэж хэлэн шкаф, харанхуй өрөө зэргийг шалгаж, гэрээс гарахдаа түүнийг түлхэн унагасан үйл баримт тогтоогдож байна.

 

Хохирогч Ц.Ц.Ц-гийн ...”манай охин Э.Д-ын хамтран амьдрагч П.М- нь их ууртай, согтуу орж ирээд Э.Д- хаана байна? гээд гэрт хайж явсан. Хамаг өрөөгөөр орж шкаф, харанхуй өрөө зэргийг үзээд яваад байхаар нь би түүнд чи юу хайгаад байгаа юм бэ? Э.Д- аль өдөр гараад явсан шүү дээ гэхэд танай муу гуйлгачин охиныг чинь хайж явна гээд хэлсэн бөгөөд гарахдаа миний урдаас түлхэж унагачихаад гараад явсан. Ингэж унасны улмаас миний зүүн талын сүүж хэсэг хугарч гэмтсэн байна. Би П.М-д түлхүүлж унаад хөдөлж чадахгүй хэвтээд хоносон” гэх мэдүүлгээр,

Гэрч Э.Э.До-ын ...”өнөөдөр 11 цагийн үед ээжийнхээ гэрт очиход хаалга нь онгорхой байхаар нь хэн ирсэн юм бол гээд хаалгаа нээгээд харахад ээж үүдэндээ газар хэвтээд байж байхаар нь юу болоо вэ? гээд асуухад “Би газар уначихлаа” гэж хэлэхээр нь яаж байгаад уначихсан юм бэ гэж асуухад “Мийгаа орж ирээд өрөөнүүдээр ууртай алхаж юу хайж байгаа нь мэдэгдэхгүй согтуу орж ирээд гарахдаа намайг түлхээд тэгээд би уначихсан” гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд сүүжний яс хугарсан эмчилгээ хийх боломжгүй гэж хэлсэн.” гэх мэдүүлгээр,

Гэрч Л.Ц-...” эхнэр болон би хадам ээж Ц.Ц.Ц-гаас юу болсон талаар асуухад охин Э.Д-ын хамтран амьдрагч П.М- нь өчигдөр орой эхнэрийгээ хайж их ууртай гэрт орж ирээд өрөөнүүдээр болон шкаф онгойлгож үзээд яваад байхаар нь юу эрж хайсан юм бэ эхнэр чинь гараад явсан талаар хэлэхэд танай охин чинь гуйлгачин энэ тэр гэж элдвээр хэлж урдаас нь гараараа цээж хэсэг рүү нь түлхэж унагачихаад гараад явсан гэж хэлсэн” гэх мэдүүлгээр.

Гэрч З.Б- ...”хадам ээж Ц.Ц.Ц-гаас түүний охин Э.До- бид нар яаж байгаад гэмтчихсэн юм бэ, юу болсон бэ гэж асуухад П.М- нь өчигдөр орой буюу 2020 оны 09 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн үед согтуу эхнэрээ манайхаар хайж орж ирээд хамаг өрөөгөөр явж байснаа гарахдаа миний эгц урдаас гараараа түлхэж унагачихаад гараад явчихсан гэж хэлсэн” гэх мэдүүлгээр,

Гэрч Ц.А-...”эмээ Ц.Ц.Ц-г гэрт нь хүргээд түүнээс юу болсон талаар нь асуухад хүргэн П.П.М- охин Э.Д-ыг хайж өчигдөр манай гэрт 20 цагийн үед орж ирээд гарахдаа түлхээд унагаачихсан гэж ярьсан” гэх мэдүүлгээр,

Гэрч Э.Э.Д-ын...” . 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 10 цагийн үед ээжийнхээ гэрт ороход цагдаа нар ирчихсэн ээжээс мэдүүлэг авч байсан бөгөөд юу болсон талаар ээжээсээ тодруулахад П.П.М- нь намайг түлхээд унагачихсан. Ингэж унаад би гэмтчихсэн гэж хэлж байсан” гэх тус тус мэдүүлгээр хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

 

Хохирогч Ц.Ц.Ц-г хохирогчоор тогтоож мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт заасан эрхийг эдлүүлж, 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, үнэн зөв мэдүүлэг өгөх илэрхийлж баталгаа гаргасны дараа авсан мэдүүлгийг үнэн зөвд тооцох хуульзүйн үндэслэлтэй байна.

 Хэрэгт гэрч Э.Э.До-, Л.Ц-, З.Б-, Ц.А-, Э.Э.Д- нар мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэх бөгөөд тухайн хэрэгт хохирогч Ц.Ц.Ц-тай хамгийн түрүүнд уулзаж, түүнд эрүүл мэндийн туслалцаа үзүүлсэн гэрч нар байна. Мөн нэр бүхий гэрч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан эдэлбэл зохих эрх,  Үндсэн хуулиар олгогдсон өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй эрхийг урьдчилан тайлбарласан, худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээхийг сануулж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1-д заасан мэдүүлэг авах журамд нийцсэн байна.

 

Шүүгдэгч П.П.М-гийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Ц.Ц.Ц-гийн зүүн хөлийн дунд чөмөгний дээд 1/3 хэсгийн битүү зөрөөтэй хугарал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр хохирол учирсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 771 дугаартай шинжээчийн дүгнэлтээр  тогтоогджээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанаар Улсын яллагч шүүгдэгч П.П.М-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж, шүүгдэгч П.П.М- өөрийгөө өмгөөлж хохирогч Ц.Ц.Ц-гийн биед хүндэвтэр хохирол учруулаагүй гэж, хохирогчийн өмгөөлөгч П.Б-...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 10.1 дүгээр зүйлийн 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдал болно гэж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн гэж, мөн хохирогчийн биед учирсан хохирол нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.2-3 дахь хэсэгт 2.2-4 хэсэгт заасан шинжүүд хангалттай тогтоосон бол хүнд гэмтэл болно. Эдгээр нөхцөл байдлуудын улмаас хэргийг зүйлчлэл буруу байгаа учир хэргийг прокурорт буцаах саналтай байна” гэж тус тус  мэтгэлцлээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад шүүгдэгч П.П.М-гийн “хохирогч Ц.Ц.Ц-г түлхээгүй, хүндэвтэр хохирол учруулаагүй” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул хүлээн авах үндэслэлгүй.

Хохирогчийн өмгөөлөгч П.Б- хэргийг прокурорт буцаалгах тухай хүсэлтийг тус тус хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь:

Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хохирогч Ц.Ц.Ц- өөрийгөө хамгаалах чадваргүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнийг өндөр настай өөрийгөө хамгаалах чадваргүй гэж шүүгдэгч П.П.М- ухамсарлан мэдэж, гэмт үйлдлээ урьдчилан тооцоолж хохирогчийг өвтгөн шаналгасан, тарчлаан зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон гэх гэмт хэргийн шинж гэж тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан байх ба хохирогч Ц.Ц.Ц-д гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирсан болохыг Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 771 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар гэмт хэргийн хор уршигт тооцогдох тул шүүгдэгч П.П.М-г хүнд хохирол учруулсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч П.П.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч П.П.М- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.П.М- нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цалин хөлс түүнтэй адилтгах орлого олдог эсэх нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа нь нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэл болсон болно.

Хохирогч Ц.Ц.Ц- хохирол, хор уршгийг арилгахад 1.350.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч П.П.М- 1.725.000 төгрөг төлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ц.Ц-гийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол учирсан бөгөөд эдгэрэлт нь эмчлгээний үр дүнгээс шалтгаалах тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрллэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч П.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П.М-г 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.П.М- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч П.П.М- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

5.Хохирогч Ц.Ц.Ц- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.П.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ТӨМӨРХҮҮ