Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2018/ДШМ/38

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 02 өдөр                          

         2018/ДШМ/38                                                          Зуунмод

Т.З, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Однямаа, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч Т.З ,

Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч М.Жаргалсайхан,

Нарийн бичгийн дарга Э.Уртнасан нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Т.З, Б.Б нарт холбогдох 201719000056 дугаартай 678 хуудас, 3 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.З , шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч М.Жаргалсайхан нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Т.З , Төв аймгийн Угтаалцайдам суманд 1978 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Төв аймаг, .........  багт оршин суух,  гавьяа шагналгүй,

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 80.000 төгрөгөөр торгох, мөн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 124А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

мөн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 123А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, /РД:НТ12/,

 

2. Б.Б , Төв аймгийн Зуунмод суманд 1986 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, 31 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эх, дүү нарын хамт Төв аймаг, ......  багт оршин суух,  гавьяа шагналгүй,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, /РД:НТ16/,

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/ Яллагдагч Т.З, Б.Б нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутагт бэлчиж байсан П.Галбадрахын өмчлөлийн 11 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж бусдад 22.300.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн Прокурорын газраас: Т.З, Б.Б нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 321 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор: 

 Шүүгдэгч Т.З, Б.Б нарыг бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Т.З, Б.Б нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.З , Б.Б нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус бүрд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.З ын 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг, 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 129 хоногийг, шүүгдэгч Хариугчин овгийн Баатархүүгийн Балжиннямын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 15 хоногийг тус бүр тэдний эдлэх ялд оруулан тооцож,

Шүүгдэгч Т.З, Б.Б нар энэ шийтгэх тогтоолоор хохирогч П.Галбадрахад нийт 22.300.000 төгрөг төлөхийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З аас 11.150.000 төгрөг, шүүгдэгч Хариугчин овгийн Баатархүүгийн Б.Б-с  11.150.000 төгрөг, нийт 22.300.000 төгрөгийг гаргуулан хохирогч НТ58081714 дугаарын регистртэй, Тайж нар овгийн Пүрэвжалын Галбадрахад олгож,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.З т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, шүүгдэгч Т.З , Б.Б  нарын хорих ял эдлэх хугацааг 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж,

 Шүүгдэгч Т.З ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн цагдан хорьсон Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 96 дугаар захирамжийг өөрчилж, түүнийг 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд цагдан хорьж,

 Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.З , Б.Б  нарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.З давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 02 сарын 13-ны өдөр Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял авсан. Уг 4 жилийн ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэргийг шалгасан гэх байцаагч энэ хэрэгт шалгагдаж байсан н.Цацралын хэлснээр мал авчирч өгсөн гол хүн болох Б.Б-г нуун дарагдуулж, байгаагүй гэж хэлсэнд маш их гомдолтой байна. Энэ хэрэгт Б.Б гол үүрэг гүйцэтгэж адууг тууж ирэн хашаанд нь цуг оруулж хийлцсэн. Н.Цацрал болон н.Батнасан гэх ченж Б.Б.Б-с  мал авахгүй хоёулаа тохирьё, чамаас авъя гэж хэлэхээр нь би Б.Б-н малыг зарж өгснөөр буруудах болж 4 жилийн ялаар шийтгүүлсэндээ гомдолтой байна. Иймд хэргийг дахин шалгаж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч М.Жаргалсайхан давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 сарын 13-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоол нь тухайн хэргийн бодит байдалд нийцээгүй, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу доорх гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Б нь Т.З тай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат багийн нутагт бэлчиж байсан П.Галбадрахын өмчлөлийн 11 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж бусдад 22.300.000 төгрөгний хохирол учруулсан гэх хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял эдлэхээр болсон. Уг хэрэг нь 2017 оны 1 сарын 7-ний өдөр гарсан боловч Балжиннямын анх тайлбар өгсөн өдөр нь 1 сарын 15-нд байдаг уг хэргийг анх хохирогч тал олж тогтоож Т.З, Б.Б нарыг бүлэглэн үйлдсэн мэтээр хүчээр мэдүүлэг өгүүлсэн байдаг. Учир нь 2 дугаар хавтаст хэргийн 186-р талд гэрч Л.Нямдоржийн мэдүүлэгт.... Галбадрах гэдэг хүн орж ирээд “би чамд хэлээ биздээ чи яаж байгаа юм” гээд Т.З ыг чирээд аваад гарсан гэж мэдүүлсэн. Мөн 1-р хх-н 40-р талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр Балжиннямын биед гэмтэл тогтоогдсон байдаг. Уг шинжээчийн дүгнэлтийг гаргуулахын тулд өөрт нь хүч хэрэглэж мэдүүлэг өгсөн гэж Б.Б нь бичгээр гомдол гаргасан байдаг ба уг гомдол хэргийн материалд авагдаагүй байсан тул түүнийг дахин шалган тогтоох, Уг хэргийг шийдвэрлэхдээ шүүх хэт яллах талыг баримтлан, зөвхөн Т.Заяабаатрын мэдүүлэгт тулгуурлан гэмт хэрэг хийгээгүй хүнийг яллаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3-д гэмт хэргийн сэдэлт зорилго гэм буруугийн хэлбэр, 1.4 дэх хэсэгт эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулсан ялыг хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, нотолвол зохих асуудлыг заасаар байтал уг асуудлыг нэг бүрчлэн тогтоогоогүй. Тухайлбал уг хэрэгт авагдсан бүх гэрчүүдийн мэдүүлэгт Б.Б нь уг адууг хулгайлсан, худалдсан талаар нэг ч мэдүүлэг байхгүй зөвхөн Т.З  нь махны ченж нар болон бусад адууг худалдан авсан гэрчүүдтэй уулзаж адууг зарж борлуулан мөнгийг нь хүлээн авсан байдаг. /1-р хх-н 11-р талд Д.Цэрэнбямбын мэдүүлэг, /1-р хх-н 28-31-р талд/ махны ченж нар болох Батнасан, Цацрал нарын мэдүүлэг, /1-р хх-н 201-р талд/ гэрч Энхтөрийн мэдүүлгээс харж болно. Уг адууг хулгайн адуу гэж мэдээгүй зөвхөн Т.З , Б.Б-г утсаар дуудаж адуу хашилцаад өг, мөн хашилцаж өгсөн гэдгээ яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ өгдөг Б.Балжиннням нь оюуны хөнгөн хомсдолтой хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувь байдаг. /1-р хх-н 206-р тал/ уг байдлыг далимдуулан хохирогч болон Т.З  нар нь гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн мэтээр мэдүүлэг өгдөг.

 

Шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт 16-17-р талд ... Т.З  Б.Б нарын утасны холболт, хоорондоо ярьсан, орсон гарсан дуудлага. мессэжний лавлагаа зэрэг мэдүүлгийн бус бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Б.Б-н болон түүний өмгөөлөгч М.Жаргалсайхан нарын мэдүүлэг, дүгнэлт нь няцаагдаж үгүйсгэгдэж байгаа болно гэж хэт нэг талыг барьж үндэслэлгүйгээр дүгнэсэн байна. Утасны лавлагааний дагуу шүүгдэгч Б.Б.Б-с  мэдүүлэг авсан, харин Т.З аас мэдүүлэг огт аваагүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2-д “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо. гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр” гэж хуульчилсан байхад үүнийг анхаарч үзэлгүй нотлох баримтыг дутуу үнэлсэн байна. Тус хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-д ... дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол гэснийг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Б.Б-н үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байтал шүүхээс бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь миний үйлчлүүлэгчийг хохироож бусдын үйлдсэн хэргийн төлөө ял эдлэхэд хүргэж байна.

 

Хэрэв шүүхээс гэм буруутай гэж үзвэл Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдэлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна гэж заасныг хэрэглээгүй. Уг хэргийг прокуророос гэмт хэргийн шинжгүй гэж тогтоол гаргаж хэрэгсэхгүй болгож байсан. /З-р хх-н 5-р талд прокурорын тогтоол/. Махны ченж нар болох н.Батнасан, н.Цацрал, н.Угтаабаяр нарыг мөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж хохирогчийн гомдлоор хэргийг дахин шалгахаар яллагдагчаар татан шалгаж тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, зөвхөн Т.З, Б.Б нарт холбогдуулан шйидвэрлэсэн нь байна үүнийг шүүхээс анхаарч үзээгүй байна. /3-р хх-н 16. 53.56-р тал/

Иймд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн. 39.1 дугээр зүйлийн 1 болон 3 дахь хэсэгт заасныг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзэж тус хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д заасны дагуу хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах, буцaax үндэслэлгүй гэж үзвэл Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан дүгнэлтдээ: “.. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан хохирогч н.Галбадрахын мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон  мэдүүлэг, гэрч н.Батжаргал, яллагдагч Т.З ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, нөхөн үзлэгийн тэмдэглэл зэрэг бусад бичгийн нотлох баримтуудын хүрээнд шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Б.Б-г мөрдөн байцаалтын явцад дарамтлан, зодож мэдүүлэг авсан гэх асуудлыг шинжээч томилж шалгасан ба Б.Б-н биед гэмтэл учраагүй байдаг, Б.Б-н тайлбарыг дарамтлаж авсан гэдэг гэхдээ тухайн тайлбарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д нотлох баримтад орохгүй гэж заасан байна. Шинжээчийн дүгнэлтээр Б.Б-г мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч М.Жаргалсайхан гаргасан тайлбартаа: “..Б.Б нь өөрөө оюуны хөнгөн хомсдолтой, мэдүүлэг өгөх боломжгүй үед нь мэдүүлэг авсан, эрүүл мэндийн байдал болон, сэтгэцийн хувьд шинжээчийн дүгнэлт, эмнэлэгийн байгууллагаар тогтоогддог. Гэтэл энэ талаар мэдүүлэг өгөх боломжгүй үед мэдүүлэг авсан нь /хх-40/ талд авагдсан байдаг. Мөн анхан шатны шүүх хэргийг, мөрдөн байцаалтын, прокурорын шатанд хэргийг хэн үйлдсэн бэ гэдгийг олж тогтоогоогүй. Гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн байдлыг бүрэн тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг мөрдөн байцаагч, прокурор  нь тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгасны үндсэн дээр тогтоох үүрэгтэй. Хэрэгт байдаг махны ченж гээд байгаа Батнасан, Цацрал гэдэг 2 хүний яллагдагчаар татчихаад байцаалт авчихаад хэргийг яаж шийдсэн гэдэг нь тодорхойгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7.2.2 дугаар зүйлд шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр зэргийг дутуу шалгасан. н.Батнасан, н.Цацрал, н.Угтаабаяр гэдэг махны ченж нарын хэргийг яаж шийдсэн талаар дахин шалгах ёстой. Иймд өмгөөлөгчийн зүгээс Б.Б-д холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл Б.Б-н үйлдэл нь өөрөө гэмт хэргийн шинжгүй гэдэг нь харагдаж байгаа тул шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.З  гаргасан тайлбартаа: “....н.Батнасан, н.Цацрал гэх хүмүүс нь энэ хэргийн талаар бүх зүйлийг мэднэ. Ченж нартай хамт гэдэс арилгаж байсан н.Батжаргалын эхнэр н.Бямбаа, н.Отгоо гээд 2 хүнийг шалгаагүй үлдээсэн. Тэр малыг би тууж яваагүй, Б.Б энэ хэргийг хамтарч үйлдсэн гол үүрэгтэй хүн нь юм. Би гомдолтой байгаа тул хэргийг дахин шалгаж өгнө үү.” гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Т.З, Б.Б нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутгаас П.Галбадрахын өмчлөлийн 11 тооны адууг буюу олон тооны малыг бэлчээрээс нь хулгайлж бусдад 22.300.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

- хохирогч П.Галбадрахын: “...Би хээр азаргатай, 8 гүү, 1 шүдлэн үрээ, 1 сарвай, бүгд  11 тооны адуу алдсан. Адуунууд 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн үед сумын төвийн хогын цэгийн хойд талд бэлчиж байсан, түүнээс хойш хараагүй. Миний адуунууд хурдны үржүүлгийн чиглэлийн шинэ цагийн адуунууд байсан ба дандаа хурдны угшилтай”  / 1 дүгээр хавтас 11-12 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

- гэрч Э.Батнасангийн: “...эхнэр бид хоёр Угтаалын 6 дугаар тасаг орчихоод орой 19 цаг өнгөрч байхад буцаж ирээд Т.З тай  үнэ хөлсөө тохироод 7 тооны адуу худалдан аваад хашаан дотор нь нядалсан. Энэ үед Т.З  өөрөө байсан ба мөнгийг авсан. Миний адуу гэж байсан” /1 дүгээр хавтас 28-29, 200 хуудас/ гэх мэдүүлэг,

 

- гэрч Ж.Цацралын: “...2 хоногийн өмнө Т.З  над руу залгаад зарах адуу байна та хэзээ ирэх вэ гэсэн. Т.З тай Нацагням гэх айлын хашаанд уулзаад зарах гэж байгаа адуунуудыг нь харсан. Т.З тай үнэ тохироод гарал үүслийн бичиг хийлгүүлж авсан, адууг нядлаж дуусаад Т.З т мөнгийг нь өгсөн. 7 тооны адуу нь дандаа бараан зүсмийн адуунууд байсан тамга, нас, хүйсийг нь анзаарч хараагүй” /1 дүгээр хавтас 30-31, 201, 202  хуудас/  гэх мэдүүлэг,

 

- гэрч Д.Цэрэнбямбын: “...2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 11 цагийн үед Т.З  манай гэрт ирээд манай отрын найз адуу зарах гэсэн юм гэхээр нь би жолооч Түвшинтөрийг очиж үзээд гайгүй тарган адуу байвал авчих гээд явуулсан. Түвшинтөрийн авчирсан адууг нь харахад хээр зүсмийн шүдлэн үрээ байх шиг байсан” /1 дүгээр хавтас 13 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

- гэрч Б.Түвшинтөрийн: “...би Т.З ын хамт очиж үзэхэд хашаан дотор 4 адуу байсан, хээр үрээг зармаар байна гэхээр нь 150.000 төгрөгөөр авсан. Бас нэг даага байсныг 150.000 төгрөгөөр зарна гэхээр нь би авч аавынхаа адуунд нийлүүлсэн.” /1 дүгээр хавтас 14-15 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

- гэрч Э.Энхтөрийн: “...2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Т.З   над руу залгаад “4 адуу зармаар байна” гэсэн, очсон чинь хашаан дотор 2 адуу байсан.  Нийлүүлээд 800.000 төгрөгөөр худалдан авсан. Сартай хүрэн гүү, жижигхэн бахимдуу биетэй хээр азарга байсан” / 1 дүгээр хавтас 211 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

-  гэрч Ш.Батжаргалын: “...2017 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө нэг туранхай адуугаа нядлаад сумын төв явсан...орой нар шингэх үеэр Т.З  2-уулаа хөшөөт толгой гарчихаад нэг юманд явчихаад ирье гээд гуйхаар нь  зөвшөөрсан. Замдаа Т.З  нь “Балжаа Заамараас хэдэн адуу туугаад ирсэн байгаа” гэхээр нь  Т.З ыг хулгай хийх гэж байх шиг гэж бодоод уурлаад “чи өмнөх хулгай хэрэг дээрээ хашраагүй дахиж хулгай хийж байгаа юм уу, би энэнээс цааш явахгүй чи эндээс алхаад яв” гээд машинаасаа буулгаад, эргээд сумын төв рүү явсан. Адууны мах зарах гээд очтол Т.З , танихгүй залуугийн хамт ирсэн байсан” / 1дүгээр хавтас 18-19 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

- гэрч Н.Угтаабаярын: “...Намайг ирэхэд манай хашаанд мал нядалсан байсан ба Цацрал “эгч нь мал нядалсан юм” гэж байсан. /1 дүгээр хавтас 25-26 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

- гэрч Б.Болдбаатарын: “...2017 оны 01 дүгээр сарын 07-ны орой 18-19 цагийн үед ээж адуу нядлахаар боллоо хүрээд ир гэсэн. Хашаан дотор 7 адуу хашчихсан байсан ба адууны эзэн гээд нэг хүн байсан, бид адууг нь нядалсан. 03 цагийн үед дуусгаад махыг нь машинд ачуулсан. Адуунууд бүгд ижилхэн англи S үсгэн тамгатай,  бараан зүсмийн адуунууд байсан” /1 дүгээр хавтас 32 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

- гэрч Л.Доржхандын: “...Нацагнямын гэрт орсон чинь Галбадрах нь энэ миний тэр морины шийр, энэ миний тийм морины шийр гээд чулуудаад байсан. Мөн намайг сумын төвөөс ирэх үед манай хашааны хаалга онгорхой, хашаагаар дүүрэн морины хомоол болсон байсан...” / 2 дугаар хавтас 13 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

- гэрч Т.Баярцогтын: “...Тэр өдөр Болдбаатар нь манай аав ээж хоёр хэдэн мал нядлаад өгөөч гэнэ гээд эхнэр бид хоёрыг аваад явсан. Орой 22 цагийн үед Угтаалцайдам суманд ирээд хашаанд байсан 7 тооны адуу нядлаад гэдсийг нь арилгаад үүрээр дуусгасан. Адууны эзэн нь халамцуу, адууг нядалж дуустал тэдний гэрт байсан” / 2 дугаар хавтас 181-182 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,  

 - гэрч Д.Гэрэлмаагийн: “...айлын хашаанд 7 тооны адуу хашсан байсан, Болдбаатар, манай нөхөр хоёр нядлаад тэр айлын эгч бид хоёр гэдсийг арилгаж цэвэрлэсэн юм” / 2 дугаар хавтас 183 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,  

 

- гэрч Л.Нямдоржийн: “...Т.З   архи уучихсан “адуу мал авах уу манай найз отроор явж байгаа хэдэн адуу мал зарна” гэхээр нь алив үзэж харъя боломжийн юм бол цагдаагаар шалгуулаад бичиг  аваад авч болох байх гэсэн чинь орой ирнэ гээд үзүүлэхгүй байсан. Тэгээд сүүлд сонсоход Т.З  нь Галбадрах гэх хүний адууг хулгайлаад зарах гэж байсан юм” / 2 дугаар хавтас 186 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,  

 

- яллагдагч Б.Балжиннямын: “...2047 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 19 цаг өнгөрч байхад Т.З  Батжаргал гэх хүний машинтай баруун зүг рүү хүйтэн жалга даваад явсан адуу тууж ирэхээр явлаа гэж надтай утсаар ярьсан. Удалгүй Т.З  явган Батжаргал нь машинаа бариад хоёр талаас нь хөөгөөд  ирсэн,  Т.З   хашилцаад өг гэхээр нь би өөрийнх нь хашаа руу хашилцаж өгчихөөд яваад өгсөн. Т.З  Батжаргал нарын тууж ирсэн адуунууд нь дандаа хээр голдуу 11 тооны адуунууд байсан. Орой 23 цагийн үед Т.З  над руу залгаад ирээд нядлалцаад өг гэхээр би утсаа салгасан. Т.З  2-3 хоногийн өмнө надад хэлэхдээ 2-уулаа азарга адуу хөөж ирээд Бугын фирм дээр очиж нядалчихъя гэж байсан.” / 1 дүгээр хавтас 147-148 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,  

 

- яллагдагч Т.З ын: “...2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Балжиннямтай уулзахад “ хэдэн адуу зарах гэсэн юм таньдаг ченж байна уу,  5 адуу байна, мөнгөний хэрэг байна” гэхээр нь би Цацрал эгчтэй утсаар яриад  хэлсэн... Б.Б колонкийн зүг рүү хэдэн адуу туугаад явж байсан. Би араас нь очоод бид хоёр тэдгээр адууг Нацагням гэх хүний хашаанд оруулсан.Тэгээд Б.Б нь удалгүй 7 адуугаа ялгачихлаа гээд ороод ирсэн. Цацрал эгчийн хамт малын эмч дээр очоод бичиг авч өгсөн,  7 адууны тооцоо гээд 2.800.000 төгрөг авсан.  Б.Б нь надад хэдэн төгрөг өгөх вэ гэхээр нь би 600.000 төгрөг өгсөн.  Маргааш өглөө нь 11 цагийн үед Б.Б  4 адуу зармаар байна, миний тэжээж байгаа адуунууд гэсэн. Хээр зүсмийн 2 адууг Гантөрт зарсан. Орой нь Б.Б нь адуу, даага хоёр хөтлөөд зогсож байсан ба “намайг адуу зарж байна гэж битгий хэлээрэй, отрын хүн зарах гэж байгаа гэж хэлээрэй” гэж надад хэлсэн. Төрөөд адууг нийт 800.000 төгрөгөнд зарсан.” / 1 дүгээр хавтас 156-157, 3 дугаар хавтас 47-48 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,  гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас 2 дугаар хуудас/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас 196-199 дүгээр хуудас/, хохиролийн  үнэлгээ, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 42-111 дүгээр хуудас,  2 дугаар хавтас 33-51 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас 212-216 дугаар хуудас, 2 дугаар хавтас 167-171 дүгээр хуудас/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтас 172-75 дугаар хуудас/, гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлүүд /1 дүгээр хавтас  203-204, 205-206 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Т.З ын “Энэ хэрэгт Б.Б гол үүрэг гүйцэтгэж адууг тууж ирэн хашаанд оруулж хийлцсэн. Иймд хэргийг дахин шалгаж өгнө үү.” гэх,

 

Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч М.Жаргалсайханы  “хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг тогтоогдоогүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу үнэлж дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, Б.Б-н үйлдэл  гэмт хэргийн шинжгүй байхад зөвхөн Т.З ын мэдүүлэгээр хэт яллах талыг барьж шийдвэрлэсэн тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах, буцaax үндэслэлгүй гэж үзвэл Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хянавал:

 

2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч П.Галбадрахын 11 тооны адуу бэлчээрээсээ хулгайд алдагдсан, зүс бүхий эдгээр адуунаас Т.З  7 адууг Ж.Цацралд, 2 адууг Б.Түвшинтөрд, 2 адууг Э.Энхтөрд зарж худалдсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон, энэ талаар маргадаггүй бөгөөд харин хулгайн үйлдлийн  талаар Т.З   Б.Балжиннямтай бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж мэдүүлдэг, харин Б.Б гэмт хэрэгт оролцоогүй гэж гэм буруугийн тал дээр маргаж байна.

 

Мөрдөн байцаалтын  шатанд хохирогч П.Галбадрах, гэрч Д.Цэрэнбямба Б.Түвшинтөр нарын “мөнгөний хэрэг болоод манай отрын найз адуу зарж байгаа талаар Т.З  ярьсан” гэх мэдүүлгүүд,   гэрч Ш.Батжаргалын “..орой нар шингэх үеэр Т.З   2-лаа хөшөөт толгой гараад нэг юманд явчихаад ирье гээд гуйхаар нь би зөвшөөрсөн. Т.З  замдаа “Балжаа Заамараас хэдэн адуу туугаад ирсэн байгаа” гэхээр нь би уурлаад Т.З ыг хулгай хийх гэж байх шиг байна гэж бодоод  машинаас буулгаад явсан” гэх мэдүүлэг, гэрч Э.Батнасангийн “...би Т.З аас энэ хэний адуу юм гэж асуухад Т.З  миний адуу байгаа юм гэж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Цацралын “...зарах адуу байна та ирж үзэхгүй юу” гэж Т.З  утсаар ярьсан талаарх мэдүүлэг, Б.Б-н “...2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 19-20 цагийн үед Т.З  над руу утсаар яриад “хөгшин нөгөө хэдэн адуунуудаа хулгайлчихлаа, чи ирээд хашилцаад өгчих” гэхээр нь очиход хашаандаа 11 адуу хашсан байсан. Тэгээд бид 2 тэр адуунуудыг Нацагнямын хашаа руу туугаад хашиж өгөөд би явсан”, “19 цагийн үед Т.З  Батжаргал гэх хүний машинтай баруун зүг рүү хүйтэн жалга даваад явсан, адуу тууж ирэхээр явлаа гэж надтай утсаар ярьсан. Удалгүй Т.З  явган, Батжаргал нь машинаа бариад хоёр талаас нь хөөгөөд  ирсэн, хашилцаад өг гэж Т.З  хэлэхээр нь  би өөрийнх нь хашаа руу хашилцаж өгчихөөд явсан, дандаа хээр голдуу 11 тооны адуунууд байсан” гэх мэдүүлэг, Т.З ын “...Б.Б хэдэн адуу зарах гэсэн юм гэхээр нь Цацрал ченжтэй утсаар ярьсан. Б.Б колонкийн зүг рүү хэдэн адуу туугаад явсан, би араас нь очоод бид хоёр тэдгээр адууг Нацагням гэх хүний хашаанд оруулсан. Цацрал эгчид 7 адууг  2 сая гаран төгрөгөөр зарж,  Б.Б 1700000 төгрөгийг, би үлдсэнийг нь авсан. Маргааш өглөө нь Б.Б 4 адуу зармаар байна гэхээр нь хээр зүсмийн 2 адууг Төрөөд зарсан. Орой нь 2 адууг Энхтөрд 800000 төгрөгөөр зараад  100000-г би авч үлдсэнийг Б.Б авсан”, “Адууг хашаанд хамт хашсан. Б.Б адууг эндээс ялгаж өгнө шүү, нэг адууг 400000 төгрөгнөөс буулгахгүй гээд адууг ялгаж өгсөн”, “Б.Б адууг тууж хулгайлсан, би зарж борлуулсан, бүлэглэж гэмт хэргийг үйлдсэн” гэх сэжигтэн яллагдагчаар өгсөн  мэдүүлгүүдээс дүгнэхэд бусдын өмчлөлийн 11 тооны адууг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Т.З, Б.Б нар үйлдлээрээ хамтран оролцсон, хууль ёсны өмчлөгчийн хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр, шууд санаатай шунахай сэдэлттэйгээр өөрсдийн мэдэлд авч, захиран зарцуулсан нь хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан  байх тул шүүгдэгч Т.З ын “хэргийг дахин шалгуулах”, шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч М.Жаргалсайханы “хэргийг шүүхэд буцаах, эсвэл Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай  давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд уг хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан тохиолдолд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялаас хүндэрч байх тул  хууль буцаан хэрэглэхгүй гэж  анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа зохих хуулийг баримтлаагүй байна.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн байх тул анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн дээрх зүйл заалтуудыг баримтлалгүй  орхигдуулсан  алдааг засаж зөвтгөх нь зүйтэй байна.           

 

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дүгээр сарын 13-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн

- 2 дахь заалтын “Шүүгдэгч Т.З , Б.Б  нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг

“Шүүгдэгч Т.З , Б.Б  нарыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж  өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           

3. Шүүгдэгч Т.З ын “хэргийг дахин шалгуулах”, шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч М.Жаргалсайханы “хэргийг шүүхэд буцаах, эсвэл Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий  давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол,  эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.БОЛОРМАА

 

                              ШҮҮГЧИД                                Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                              О.ОДНЯМАА