Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 5

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн 
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 
 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ц.Н-ын нэхэмжлэлтэй 

Хариуцагч: А аймгийн Засаг даргад холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Ц.Н-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, А аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Н миний бие нь А аймгийн Биеийн тамир спортын хороонд 1987-2006 он хүртэл дасгалжуулагч хийж байгаад 2006 оноос эхлэн тасралтгүй өнөөдрийг хүртэл А аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар, нийт уг салбарт 33 жил тогтвор суурьшилтай ажиллаж байна. Ц.Н миний бие нь А аймгийн Засаг даргын захирамжаар үндэслэлгүйгээр ажлаас халагдлаа. Ажлаас халсан захиргааны акт нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэглэх ёсгүй хууль тогтоомжийг баримталсан, холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн ба миний бие нь 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд ноцтой зөрчлүүд давтан гаргасан зүйл байхгүй.  Аймгийн Засаг дарга нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 “аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын газрын даргыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн томилж, чөлөөлөх” гэсний дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг биеийн тамир, спортын газартай зөвшилцөлгүйгээр ажлаас халсан.
Гэвч хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул миний ажилгүй хугацааны цалин болох 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацааны цалин болох 3.494.418 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас аль ч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан зүйл байхгүй, хэрвээ хариуцагч талаас нэхэмжлэлээс хэсэгчлэн татгалзсан гэж шийдвэрлүүлье гэж байгаа тул хэргээ шүүх хуралдаанаар шийдвэрлүүлнэ. Хариуцагч талаас нэхэмжлэгч Ц.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Харин ажилгүй байсан хугацааны цалинг хэд гэж гаргуулах юм бэ, бидний зүгээс тодорхой үнийн дүн бичээгүй учраас шүүхийн шийдвэрт мөн л тодорхой мөнгөн дүн бичигдэхгүй, тэгэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очоод маргаан үүсээд байдаг гэв.

Хариуцагч А аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Н нь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар үүрэгт ажлаасаа халагдсан. Санхүүгийн хяналт аудитын албанаас аймгийн Засаг даргад “Биеийн тамир, спортын газрын даргад хариуцлага тооцуулах тухай” саналыг улсын ахлах байцаагчийн 3 актын хамт ирүүлсэн.
Санхүүгийн хяналт аудитын албанаас Биеийн тамир, спортын газрын 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар: Улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17/04/86 дугаар актаар "... ур чадварын нэмэгдэл болон урамшууллыг тогтоосон хэмжээнээс илүү олгосноос 5 хүнтэй холбоотой 1.061.329 төгрөгийн төлбөр... ”, Улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17/04/87 дугаар актаар “...мэргэжлийн бус, тус газрын үйлчлэгч, жижүүр, архив, бичиг хэргийн ажилтнуудад шүүгчийн хөлс олгосноос 6 хүнтэй холбоотой 216.000 төгрөгийн төлбөр ...”, Улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17/04/88 дугаар актаар “...батлагдаагүй орон тоонд ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс олгосноос 4 хүнтэй холбоотой 1.668.064 төгрөгийн төлбөр ...” зөрчлүүд гаргасан болох нь тогтоогдсон.
Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Н-н гаргасан эдгээр зөрчлүүд нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8, 6.6.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5 дахь заалт, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэг, Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоол, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид шагнал, урамшуулал олгох журам”-ын 5, Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны 63/104 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 3 дахь заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн учир Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу нэхэмжпэгчид хариуцлага тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Н-ын нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.У би оролцож байна. Хариуцагчаас нэхэмжлэгч Ц.Н-г ажлаас халсан захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх иргэн Ц.Н-с А аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “А аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Ц.Н-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, А аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 01 дүгээр сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд нэхэмжлэгч талаас ажилгүй байсан хугацааны цалин 3494418 /гурван сая дөрвөн зуун ерөн дөрвөн мянга дөрвөн зуун арван найм/ төгрөг гаргуулахаар шүүх хуралдаанд бичгээр гаргаж өгсөн болно. /2-р х.х-н 21/
А аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Ц.Н-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/02 дугаар захирамжаар Биеийн тамир, спортын газрын санхүүгийн үйл ажиллагаанд удаа дараа зөрчил гарч, уг зөрчил нь өнөөг хүртэл арилаагүй, зөрчлийг арилгах талаар удирдах албан тушаалтнаас идэвх, санаачлага гаргаж ажилгүй, 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд ноцтой зөрчлүүд давтан гарсан нь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17/04/86, 17/04/87, 17/04/88 дугаар актуудаар тогтоогдсон гэх үндэслэлээр Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Н-г үүрэгт ажлаас нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон халсан байна. /1-р х.х-н 4/
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас “ ... ажлаас халсан захиргааны акт нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэглэх ёсгүй хууль тогтоомжийг баримталсан, холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн ба миний бие нь 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд ноцтой зөрчлүүд давтан гаргасан зүйл байхгүй. Аймгийн засаг дарга нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 “аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын газрын даргыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн томилж, чөлөөлөх” гэсний дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг биеийн тамир, спортын газартай зөвшилцөлгүйгээр ажлаас халсан ...” гэж;
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “ ...  Санхүүгийн хяналт аудитын албанаас аймгийн Засаг даргад “Биеийн тамир, спортын газрын даргад хариуцлага тооцуулах тухай” саналыг улсын ахлах байцаагчийн 3 актын хамт ирүүлсэн. Санхүүгийн хяналт аудитын албанаас Биеийн тамир, спортын газрын 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар: Улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17/04/86 дугаар актаар "... ур чадварын нэмэгдэл болон урамшууллыг тогтоосон хэмжээнээс илүү олгосноос 5 хүнтэй холбоотой 1.061.329 төгрөгийн төлбөр... ”, Улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17/04/87 дугаар актаар “...мэргэжпийн бус, тус газрын үйлчлэгч, жижүүр, архив, бичиг хэргийн ажилтнуудад шүүгчийн хөлс олгосноос 6 хүнтэй холбоотой 216.000 төгрөгийн төлбөр ...”, Улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17/04/88 дугаар актаар “...батлагдаагүй орон тоонд ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс олгосноос 4 хүнтэй холбоотой 1.668.064 төгрөгийн төлбөр ...” зөрчлүүд гаргасан болох нь тогтоогдсон. Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Н-н гаргасан эдгээр зөрчлүүд нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8, 6.6.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5 дахь заалт, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэг, Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоол, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид шагнал, урамшуулал олгох журам”-ын 5, Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны 63/104 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 3-т заасныг тус тус ноцтой зөрчсөн учир Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэгчид хариуцлага тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй ...” гэж тус тус маргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч талаас А аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 01/476 дугаар албан бичгээр А аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Ц.Н-г ажлаас халах тухай” Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгосон захирамжийн хуулбарыг ирүүлжээ. /2-р х.х-н 17/
Тодруулбал, А аймгийн Засаг дарга 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай” Б/20 дугаар захирамжаар  Аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/20 дугаар “Ц.Н-г ажлаас халах тухай” захирамж нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 дахь заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгож, аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаар “Р.Б-г даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийн хэрэгжилтийг дуусгавар болсонд тооцож, Ц.Н-д ажлыг хүлээлцүүлэх ажлын хэсгийг томилсон байна. /2-р х.х-н 18/
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “ ... хариуцагчаас нэхэмжлэгч Ц.Н-г ажлаас халсан захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ...” гэж тайлбарлажээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсэгт “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3 дахь хэсэгт Засаг даргын захирамж хууль тогтоомжинд нийцээгүй бол өөрөө .... өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд “ Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох” 48.1. дэх хэсэгт “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 109 дүгээр зүйлийн 109.1.дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус зааснаар хариуцагч талаас маргааны бүхий актыг хүчингүй болгож /А аймгийн Засаг дарга 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаар захирамж/ захиргааны акт гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. 
Мөн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны өмнө хариуцагч А аймгийн Засаг дарга маргаан бүхий 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Ц.Н-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ц.Н-г А аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох ажилгүй байсан хугацааны цалин 3494418 /гурван сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун арван найм/ төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь дээрх хуулийн заалтуудад нийцсэн байна. 
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсныг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй болно.

Иймд нэхэмжлэгч Ц.Н-н нэхэмжлэлтэй А аймгийн Засаг даргад холбогдох “А аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Ц.Н-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, А аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажиллагаагүй хугацааны цалин /3494418 төгрөг/ гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчийн зөвшөөрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Түүнчлэн А аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/104 дүгээр албан бичгээр Ц.Н-н нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр  Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.У-г томилсон бөгөөд захиргааны хэргийн бүх шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 27, 28, 36 дугаар зүйлд заасан хариуцагчийн эрх үүргийг бүрэн эдлүүлэхээр итгэмжилсэн болохыг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх заалт,  Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан “Ц.Н-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, А аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин 3494418 /гурван сая дөрвөн зуун ерөн дөрвөн мянга дөрвөн зуун арван найм/ төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, Ц.Н-н нэхэмжлэлтэй А аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.


                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ОДОНТУЯА