Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 22

 

2016 оны 12 сарын 27 өдөр

 

Дугаар 183/ШШ2017/00022

            Улаанбаатар хот

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Болд цамхаг, 502 тоотод байрлах “КТК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаад байрлах Иргэний нисэхийн ерөнхий газар,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын 13 дугаар байр, Зам Тээврийн Хөгжлийн яаманд холбогдох

Баталгааны барьцаа төлбөр болон торгууль, хохиролд 746 489 363 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо Буянт-Ухаад байрлах Иргэний нисэхийн ерөнхий газрын,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Болд цамхаг, 502 тоотод байрлах “КТК” ХХК-нд холбогдох

Гэрээний Тусгай нөхцлийн 32.0 заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, доголдлыг арилгахад гарах зардалд 258 338 665 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амаржаргал, Б.Дашням, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням /ШТЭҮ-0897/, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, П.Сүхболд нар, хариуцагч Зам Тээврийн Хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “КТК” ХХК-ийн ерөнхий захирал С.Хонгор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Манай “КТК” ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газартай №ИНЕГ.ТББ/БУ-12-12/136тоот “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлтийн ажлын гэрээ”-г байгуулан ажлаа эхлүүлсэн.

Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ИНЕГ-ын даргын А/405 тоот тушаалаар томилогдсон техникийн комиссын болон Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолын дагуу томилогдсон Улсын комиссын 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03/81/2012 тоот актаар хүлээлгэн өгсөн.

Уг актад гэрээний тусгай нөхцлийн /ГЕН-45.0/ дагуу чанарын барьцаа 193,199,505 /нэг зуун ерэн гурван сая нэг зуун ерэн есөн мянга таван зуун таван/ төгрөгийн баталгаат хугацаанд авч үлдэнэ гэсэн бөгөөд дээрх хугацаа 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дууссан бөгөөд энэ тухай ИНЕГ-т албан тоотоор удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл дээрх төлбөрийг төлөөгүй байна.

Манай компани уг төлбөр хийгдээгүйгээс үүдэн их хэмжээний алдагдал хүлээсэн бөгөөд одоо ч энэ байдал арилаагүй хэвээр байна.

“Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлтийн ажлын гэрээ”-ний 40.1-д “Хэрэв захиалагч төлбөрийг хугацаанд нь хийгээгүй бол хугацаа хоцруулсан төлбөрт ногдох торгуулийг дараагийн төлбөр хийхдээ хамт төлнө. Торгуулийг төлөх ёстой байсан өдрөөс төлбөрийг хийсэн өдөр хүртэл хугацаанд тооцно. Торгуулийг тооцохдоо төлбөрийн валют тус бүрийн арилжааны зээлийн хүүгийн тухайн үеийн зонхилох ханшийг баримтална.” гэж заасны дагуу 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны торгуулийг арилжааны банкны дундаж хүү 2 хувиар тооцон торгууль 33,849,315 төгрөг, Монгол банкны 2013 оны инфляцийн түвшин 28,880,201 төгрөг нийт 259,921,811 төгрөг болж байна.

Иймд Чанарын баталгаат хугацааны гүйцэтгэлийн баталгааны барьцаа төлбөр 193,199,505 төгрөг, түүний торгууль 33,849,315 төгрөг, Монгол банкны 2013 оны инфляцийн түвшин 28,880,201 төгрөг, нийт 259,921,811 төгрөгийг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулж манай “КТК” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү.

Манай “КТК” ХХК нь 2.010 оны 10 дугаарсарын 15-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газартай №ИНЕГ.ТББ/БУ-12-10/136 тоот “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлтийн ажлын гэрээ” -г байгуулан ажлаа эхлүүлж ИНЕГ-ын даргын А/405 тоот тушаалаар томилогдсон техникийн комисс болон Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолын дагуу томилогдсон Улсын комиссын 2012 оны 11 дүгээрсарын 27-ны өдрийн 03/81/2012 тоот актаар хүлээлгэн өгсөн.

Уг актанд гэрээний тусгай нөхцлийн /ГЕН-45.0/ дагуу чанарын барьцаа 193199505 (нэг зуун ерэн гурван сая нэг зуун ерэн есөн мянга таван зуун таван) төгрөгийг баталгаат хугацаанд авч үлдсэн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлтийн ажлын гэрээ” -ний 40.1-д “...Хэрэв захиалагч төлбөрийг хугацаанд нь хийгээгүй бол хугацаа хоцруулсан төлбөрт ногдох торгуулийг дараагийн төлбөр хийхдээ хамт төлнө. Торгуулийг төлөх ёстой байсан өдрөөс төлбөрийг хийсэнөдөр хүртэлх хугацаанд тооцно. Торгуулийг тооцохдоо төлбөрийн валют тус бүрийн арилжааны зээлийн хүүгийн тухайн үеийн зонхилох ханшийг баримтлана.” Гэж заасны дагуу нэхэмжлэл шүүхэд гаргасан өдрөөс өнөөдрийг буюу 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацааны торгуулийг арилжааны банкны дундаж хүү 2 хувиар тооцон торгууль 199.110.140 төгрөг, ажлын зураг болон төсөвт тусгагдаагүй илүү гүйцэтгүүлсэн ажлын хөлс 287 457 462 төгрөг, нийт 486.567.552 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тухай баримт хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд байгаа. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага буюу баталгааны барьцаа төлбөр болон торгууль, хохиролд 746 489 363 төгрөг гаргуулахыг дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөвсгөл аймаг дахь ажлыг гэрээний үндэс дээр 2010, 2011 онд хийгдсэн байгаа. Нийт үнийн дүн нь 3,863,990,107 төгрөг байсан. Үүнээс ажил хийж дуусаад үлдэгдэл барьцаа төлбөр болох 193,199,505 төлбөрийг гэрээ дуусаад чанарын баталгааны 5 хувь гэж авах ёстой байсан. 2012 оны 8 дугаар сард гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 11 дүгээр сарын 02-ны өдөр ажил дууссан. Үүний дагуу томилогдсон улсын комиссод хүлээлгэн өгсөн юм. 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт ажил хийгээд нийт ажил дууссан бөгөөд энэ тухай ИНЕГ-д албан тоотоор удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг хийгээгүй байгаа юм. Чанарын баталгааны барьцаа төлбөрийг үндэслэлгүйгээр төлөөгүй, буцаан өгөөгүй.

Иймд шүүхэд хандаж баталгааны барьцаа төлбөр болох 193 199 505 төгрөг,гэрээнд заасан торгууль болох 265 832 446 төгрөг, илүү гүйцэтгэсэн ажлын хөлс 287457412 төгрөг, нийт 746 489 363 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын хөөрч, буух хучилттай зурвасын засвар, шинэчлэлт хийх ажлыг 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ИНЕГ.ТББ/БУ-12-10/136 тоот гэрээний дагуу “КТК” ХХК гүйцэтгэж 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн.

2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улсын комиссын акт баталгаажсан тул мөн оны 12 дугаар сарын 12-ны өдөр дээрх гэрээг дүгнэж, гэрээт ажлыг гэрээний дагуу хэрэгжсэн гэж үзэн гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу гэрээт ажлын чанарын баталгаат хугацааг 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 365 хоногоор тогтоон тухайн хугацаанд гарсан эвдрэл, гэмтлийг гүйцэтгэгч тал бүрэн хариуцахаар тохирсон.

“КТК” ХХК-аас 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Е3-ЯАБ-143 тоот албан бичгээр барьцаа 5 хувийн хөрөнгө болох 193,199,505 /нэг зуун ерэн гурван сая нэг зуун ерэн есөн мянга таван зуун таван/ төгрөгийг авах хүсэлтээ уламжилсны дагуу тухайн гэрээт ажлын ашиглалтын талаар газар дээр нь үнэлэлт, дүгнэлт хийлгэхээр холбогдох инженер, техникийн ажилтнуудыг томилон ажиллуулсан.

Тус газрын Агаарын хөдөлгөөний үйлчилгээний албаны аэродромын инженер Ц.Шижир-Эрдэнэ, техникч С.Батбилэг нар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2013 оны 7 дугаар сарын 25-27-ны хооронд томилолтоор ажиллан “КТК” ХХК-ийн гүйцэтгэсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвасын ашиглалтын байдалд үзлэг, шалгалт хийсэн.

Тус шалгалтаар нилээдгүй зөрчил, дутагдал илэрсэн бөгөөд түүнийг арилгах талаар “КТК” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Мөнхгэрэлд удаа дараа уламжилж тухайн зөрчил, дутагдлыг арилгаж, холбогдох засварыг хийж гүйцэтгэсний дараа гүйцэтгэлийн барьцааг өгөх боломжтой гэдгийг мэдэгдэж байсан.

Гэвч “КТК” ХХК нь тухайн гэрээт ажлын баталгаат хугацаанд гарсан зөрчил, дутагдалыг арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, мөн “КТК” ХХК-тай байгуулсан ИНЕГ.ТББ/БУ-12-10/136 тоот гэрээний 40.1-д “Төлбөр хийхдээ холбогдох урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгийг хасна” 45.1-д “Захиалагч нь гүйцэтгэгчид төлөх гүйцэтгэлийн төлбөр бүрээс гэрээний тусгай нөхцөлд заасан тодорхой хувийг суутгаж үлдээнэ” 45.2-д “үлдсэн хэсгийг чанарын баталгаат хугацаа дууссаны дараа тэр хугацаанд гарсан бүх зөрчил, доголдлыг гүйцэтгэгч арилгасан тухай төслийн менежерийн мэдэгдлийг үндэслэн төлнө” гэж тус тус заасан тул гүйцэтгэлийн баталгааны төлбөрт торгууль, алданги тооцон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Харин “КТК” ХХК-аас чанарын баталгаат хугацаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээ авч манайд мэдэгдэн, хүлээлгэн өгсний дараа гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу гүйцэтгэлийн чанарын барьцаа болгон авсан төлбөрийг эргүүлэн өгөх боломжтой юм.

“КТК” ХХК-аас 2014 оны 4 дүгээрсарын 10-ны өдөр гаргасан “Чанарын баталгаат хугацааны  гүйцэтгэлийн баталгааны барьцаа төлбөр 193,199,505 төгрөгийг торгууль, инфляцийн зөрүү зэргийн хамт нийт 259,921,811 төгрөгийг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 486,567,552 төгрөгөөр нэмэгдүүлж, нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй тул энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

Нэг. Ажлын зураг болон төсөвт тусгагдаагүй илүү гүйцэтгэсэн ажпын хөлс гэж 287 457 412 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл тухайн компанийг илүү ажил хийсэн гэдгийг нотолж тогтоосон баримт байхгүй, нэмэлт, илүү ажил хийхтэй холбоотой гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, ажлын зураг болон төсөвт тусгагдаагүй ажлыг тухайн компаниар хийж гүйцэтгүүлэх талаар хүсэлт манай байгууллагаас албан бичгээр албан ёсоор өгөөгүй байдаг. Иймд “КТК” ХХК-ийн өөрсдийн дур мэдэн хийсэн илүү ажлын зардлыг манай байгууллага төлөх боломжгүй юм.

Хоёр. 2014 оны 4 дүгээрсарын 10-ны өдрөөс 2015 оны 5 дугаарсарын 08-ны өдрийг  хүртэлх хугацааны торгуулийг арилжааны банкны дундаж хүү 2 хувиар тооцон нийт 199,110,140 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь гэрээний 40.1-т “төлбөр хийхдээ холбогдох урьдчилгаа төлбөр болон барьцаа төлбөрийг хасна” гэжзаасан.

Тус компанийн нэхэмжилж буй төлбөр нь гэрээнд заасны дагуу чанарын баталгаат хугацааны гүйцэтгэлийн баталгаа болгож, гэрээний үнийн дүнгийн 5 хувиар тооцон авч үлдсэн барьцааны төлбөр юм. Чанарын баталгаат хугацаанд олон зөрчил дутагдал гарсан бөгөөд тухайн зөрчилтэй ажлуудыг гүйцэтгүүлэгчээр хийлгэж үлдсэний дараа барьцаа төлбөрийг буцаан олгох байсан хэдий ч “КТК” ХХК нь зөрчил дутагдпаа. Арилгалгүй өдий хүрсэн тул манайх баталгаат хугацааны барьцааны мөнгийг нь буцааж олгоогүй.

Иймд “КТК” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шинэчлэлийн ажлыг хүлээн авах техникийн хурлын тэмдэглэлийн 36 дахь талд Чанарын баталгаат хугацаанд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэх ажлыг тодорхой зааж өгсөн байгаа. Энэ нь 2013 оны 8 дугаар сар хүртэл хийж гүйцэтгэх ажлыг тэмдэглэлд тусгасан байгаа юм. 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл хугацаанд ИНЕГ-аас мэргэжилтнүүд чанарын шаардлага хангасан эсэхийг шалгасан байдаг. Чанарын баталгааны өдөр очиж шалгасан байгаа гэж хариуцагч талаас үзэж байгаа. Чанарын баталгаат хугацаандаа очиж шалгахад хийж гүйцэтгэсэн ажлаа бүрэн дуусгасны дараа чанарын баталгаа 5 хувийг өгнө гэж хэлж байсан. Үүнийг техникийн хурлын тэмдэглэлээр нотолж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөн торгууль нэхэмжилж, талуудын хооронд байгуулсан гэрээний 40.1-д заасныг үндэслэсэн боловч энэ нь гэрээний төлбөртэй холбогдох заалт биш юм. Энэ нь чанарын баталгаат хугацаанд хамааралгүй, төлбөр төлөх үүргээ хариуцагч тал биелүүлсэн гэдэгт талууд маргахгүй тул үүнийг үгүйсгэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд “төслийн менежер” гэж байгаа. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-д заасан үүргээ биелүүлсэн бол энэ гэрээг үргэлжлүүлэх, эсвэл ажлаа зогсоох эсэх талаар авч үзэх байсан юм. Иймд захиалагчид мэдэгдээгүй хийсэн ажлын төлбөрийг төлөх боломжгүй бөгөөд гэрээг дүгнэх үед илүү ажил хийсэн гэдгээ мэдэгдэх үүрэгтэй байсан. Хавтаст хэрэгт байгаа баримтын хүрээнд төслийн менежерт хэлсэн болон захиалагчид хүргүүлсэн талаар баримт байхгүй тул илүү гүйцэтгэсэн ажлын хөлсийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сүхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Сүүлийн нэмэлт ажлыг гүйцэтгэж байх үед илүү ажил гарсан гэж байгаа нь гэрээнд заасан болзошгүй үед хэрэглэх төлбөрөөс гарах ёстой байсан. Сүүлд гэрээг дүгнэх үед ч гэсэн нэмэлт ажил хийсэн талаараа хэлээгүй байх тул хүлээн авах боломжгүй байгаа юм гэв.

 

Хариуцагч Зам Тээврийн Хөгжлийн Яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргаж буй тайлбарыг дэмжиж байна. Барьцаа төлбөрт 5 хувийг буцаан олгох нэхэмжлэлийн шаардлагад үндэслэж хүү, торгууль нэхэмжилж байна. Тухайн үед хэрэгжиж байсан хуулийн заалтаар бол чанарын баталгаат хугацаа нь 3 жил байсан, гэтэл энэ гэрээнд 365 хоног гэсэн нь гэрээ анхнаасаа хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус заалт болж байгаа гэж үзэж байна. Иймд баталгаат хугацааны мөнгийг болон торгуулийг төлөх боломгүй. Мөн 3 жилийн хугацаа 2015 оны 8 дугаар сард дууссан гэж үзэж байгаа бөгөөд энэ үед шүүхэд маргаан хэлэлцэгдэж байсан, нэхэмжлэгч тал барилгын ажлыг дутуу хийсэн, ажлын алдаагаа засаагүй гэдэг нь илэрсэн байсан учраас барьцаа төлбөрийг олгох боломжгүй байсан. Илүү гүйцэтгэсэн ажлыг нэхэмжилж байгаа боловч гэрээний төлбөрт багтааж ажлыг хийх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч тал хариуцагч талуудад мэдэгдэлгүй ажлыг хийсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм. Үндсэн нэхэмжлэл нь хэрэгсэхгүй болох ёстой учраас торгуулийн асуудал яригдах ёсгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгч Т.Лхагвасүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

“КТК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлийн ажлын чанарын баталгаат хугацааны гүйцэтгэлийн барьцаа төлбөр гаргуулах тухай байх тул бид анх “КТК” ХХК-ийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан №ИНЕГ.ТББ/БУ-12-10/136 дугаар бүхий “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлийн ажлын гэрээ”-нд чанарын баталгаат хугацааг 365 хоног байхаар тохиролцсон нь дараах хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Нэг. Монгол Улсын Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлд: 3.1.2,-д "барилгын ажил” гэж бүх төрлийн барилга байгууламжийг барих, өргөтгөл, шинэчлэл, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг, 3.1.4,-д "барилга байгууламж" гэж барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж магадлал хийгдсэн зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан орон сууц, олон нийт, иргэн болон үйлдвэрийн барилга, эрчим хүч, холбоо, зам гүүр, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж, инженерийн шугам сүлжээ, 3.1.6,-д "барилгын чанарын баталгаат хугацаа" гэж барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш түүний чанар, аюулгүй байдлыг барилгын гүйцэтгэгч хариуцах хугацааг гэж тус тус тодорхойлсон бөгөөд 12 дугаар зүйлийн 12.4-д “Барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байна.”гэж заасан байдаг.

Хоёр: Иргэний нисэхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “"аэродром" гэж агаарын хөлгийг байрлуулах, хөөргөх, буулгах, явгалахад зориулж тусгайлан тоноглосон газар болон усан гадаргуу” гэж тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл аэродром нь агаарын хөлөг хөөрч, буухад зориулагдсан тусгайлсан тоног төхөөрөмжөөр тоноглогдсон цогц байгууламж юм. Иймээс энэхүү байгууламжийн баталгаат хугацаа нь 365 хоног байх нь холбогдох хууль бөгөөд бодит байдалд нийцэхгүй юм.

Гурав. Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам болон “КТК” ХХК-ийн хооронд байгуулсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлийн ажлын гэрээний ерөнхий нөхцлийн 32.1-ийн тайлбарт “Чанарын баталгаат хугацааг тогтоохдоо Иргэний болон Барилгын тухай хуулийг баримтална”гэж заасан байдаг. Гэвч гэрээнд Барилгын тухай хуулийг зөрчиж чанарын баталгаат хугацааг тогтоосон байна.

Дөрөв. Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлыг 4С ангилал /Олон Улсын зэрэглэлийн/-ын аэродром болгохоор төлөвлөж “ЭЗТ” ХХК-иар 2010 онд зураг төслийг хийлгэхэд нийт ажлын төсөвт өртөг 11.2 тэрбум төгрөгөөр тооцоологдсон бөгөөд 2010 оны улсын төсөвт 4.0 тэрбум төгрөг батлагдсан тул нийт ажлыг 2 үе шат болгон хувааж эхний үе шатны ажил болох 3.8 тэрбум төгрөгийн ажлыг “КТК” ХХК гүйцэтгэсэн. Хэдийгээр “КТК” ХХК-ийн хийж гуйцэтгэсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлийн ажлаас дутуу орхисон (Хөөрч буух хучилттай зурвас нь хүчитгэлийн 650 м дээр өргөтгөлийн 45 м хийгдэхээс үлдсэн 1.5 м хучилтыг гүйцээх, хучилтын хөвөөний хэсгийн шороон элөмент суларсан 6500м2 талбайн урссан хэсгийг дахин хусаж нягтруулах, хамгаалалтын төмөр торон хашааны 210 урт мөтр нэг загварын хашааг хийж гүйцэтгээгүй байгааг гүйцээх, хучилт хийгдсэн элемөнтүүдэд температурын болон ашиглалтын үед гарсан заадсуудыг засварлах зэрэг)ажлууд нь нислэгийн аюулгүй байдалд саад учруулж, шууд нөлөөлөхгүй ч цаашид хийгдэх тул нисэх буудлын 2 дахь шатны ажилд шууд бусаар нөлөөлж, дутуу орхисон ажлыг гүйцэтгэхийн тулд бид заавал тодорхой хөрөнгө мөнгө зарцуулах шаардлага бий болох юм.

Үүгээр ч зогсохгүй дахин энэхүү гэрээт ажлыг гүйцэтгэлтэй холбоотой эвдрэл, гэмтэл гарч болзошгүй байгаа тул “КТК” ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлийн ажлын №ИНЕГ.ТББ/БУ-12-10/136 дугаар гэрээ”-ний тусгай нөхцлийн “32.0 Чанарын баталгаат хугацаа 365 хоног байна.” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцон чанарын баталгаат хугацааг 3 жилээр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал, П.Сүхболд нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх явцад ИНЕГ-аас шинжээч томилуулах хүсэлт гаргаж, улмаар шүүхээс 2014 оны 07 дугаарсарын 16-ны өдрийн 10260 дугаар шүүгчийн захирамжаар шинжээч томилсон.

Шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтэд:

“1.Хөөрч буух хучилттай зурвасын хүчитгэлийн 650м хэсгийн 45м өргөнтэй байхаар төлөвлөгдсөн бөгөөд тухайн үөд хийгдэж амжаагүй үлдсэн 1,5м өргөн, 500м орчим урттай байдал фальтан бетон хучилтыг гүйцээсэн эсэхийг тодруулахад асфальтан бетон хучилттай зурвасын өргөн нь 43.5м буюу зураг төслийн өргөнөөс 1,5м дутуу хийгдсэн.

2.Хучилтын хөвөөний хэсгийн шороон элемент суларсан 6500м.кв талбай нурсан хэсгийг дахин хусаж нягтруулсан эсэхийг тодруулахад онгоц хөөрч, буух зурвасын хөвөө суусан, угаагдсан, хэлбэр алдагдсан байна. Энэ нь талбайн хэсгийн 6500м.кв байна.

3.Хучилтын төмөр торон хашааны 210 урт метр нэг загварын хашааг хийж гүйцэтгээгүй байгааг гүйцээсэн эсэхийг тодруулахад онгоц хөөрч буух зурвасыг хашаалсан төмөр торон хашааг хэсэгчилсэн 12 цэгт 70 ширхэг секц төмөр тор буюу нийт 210 м урт хашааг засах буюу шинэчлэх шаардлагатай байна.

4.Тухайн хучилт хийгдсэн элментүүдэд темпратурын болон ашиглалтын үед гарсан заадсуудыг засварлах 1500 урт/метр газарт мастик цутгах, 87 м.кв газарт нөхөөс хийсэн эсэхийг тодруулахад нийт 6075м дагуу болон хөндлөн хагарал, ан цав гагнах, 99.6 м.кв талбайд дахин нөхөөс хийх шаардлагатай байна” гэсэн бөгөөд дээрх дутуу хийсэн ажпуудыг хийж гүйцэтгэхэд нийт 257,056.105 төгрөг зарцуулагдах талаар тухайн шинжээч нар тогтоосон байна.

Иймд шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон 257,056.105 төгрөгийг болон 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 21-ний өдрүүдэд шүүгчийн захирамжийн дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн суманд очиж онгоц хөөрч буух зурваст хэмжилт судалгаа хийсэн шинжээчдийн болон хариуцагчийн төлөөлөгч нарын замын болон томилолтын зардлыг ИНЕГ-аас гаргаж зарцуулсан 1,282.560 төгрөг, нийт 258,338,665 төгрөгийг “КТК” ХХК-иас гаргуулж өгнөүү гэжээ.

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Гэрээний тусгай нөхцлийн 32 дугаар зүйлд заасанчанарын баталгаат хугацаа 365 хоног гэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.4, 3.1.6, 12 дугаар зүйлийн 12.4-д заасныг зөрчсөн. Мөн аэродромын ажил гэдэг нь барилгын ажилд хамаардаг тул энэ 356 хоног гэж гэрээнд заасан байгаа нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д заасан 3 жил гэсэн хугацаатай зөрж байгаа учраас хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Тиймээс Иргэний хуульд заасан хууль зөрчсөн хэлцэл юм. Чанарын баталгаат хугацааг тоолсноор нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрх үүсэж байгаа тул 2013 оны 8 дугаар сар хүртэл гүйцэтгэгч нь чанарын баталгаат хугацаанд тодорхой ажил хийж гүйцэтгэх үүргийг техникийн комиссын өмнө хүлээсэн байсан. Иймд сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Иргэний Нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сүхболд шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг дэмжиж байна. Шинжээчийн баг бүрэлдэхүүн, манай компанийн хүмүүс явж ажиллаж байсан зардлыг болон гүйцэтгэгчийн чанарын баталгаат хугацаанд хийж гүйцэтгэх ёстой байсан ажлуудыг шинжээчдийн тодорхойлсноор гаргуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “КТК” ХХК нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар, Зам Тээврийн Хөгжлийн яаманд холбогдуулан баталгааны барьцаа төлбөр болон торгууль, хохиролд 746 489 363 төгрөг гаргуулах, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар нь нэхэмжлэгч “КТК” ХХК-нд холбогдуулан гэрээний тусгай нөхцлийн 32.0 заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг засварлах зардал болон томилолтын зардалд 258 338 665 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “КТК” ХХК нь хариуцагч Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлтийн ажлын №ИНЕГ.ТББ/БУ-12-10/136 тоот гэрээ байгуулж, захиалагч буюу Иргэний нисэхийн ерөнхий газар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлтийн ажлыг /ИНЕГ ТББ/БУ-12-10/ 3 863 990 107 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн гүйцэтгэгч буюу “КТК” ХХК-ийн тендерийг хүлээн зөвшөөрч, гэрээний нийт дүнг 3 863 990 107 төгрөгөөр тогтоосон байна./хэргийн 1 хавтас, 8-20-р хуудас/

Зохигч талууд “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлтийн ажлын №ИНЕГ.ТББ/БУ-12-10/136 тоот гэрээг байгуулсан талаараа хүлээн зөвшөөрсөн маргаагүй, уг гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан шаардлагыг хангасан байх тул “Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам”, “Иргэний нисэхийн ерөнхий газар”, “КТК” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

Хариуцагч Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны нэршил нь гэрээ байгуулагдсанаас хойш буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Зам тээврийн хөгжлийн яам болж өөрчлөгдсөн талаар зохигч талууд хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн, чанарын баталгаат хугацаа дуусгавар болсон тул баталгааны барьцаа төлбөр 193 199 505 төгрөг, гэрээнд зааснаар барьцаа төлбөрийг хугацаандаа шилжүүлээгүй торгууль 265 832 446 төгрөг, илүү гүйцэтгэсэн ажлын хөлс 287 457 412 төгрөг, нийт 746 489 363 төгрөгийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар нь нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлыг доголдолгүй хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгээгүй тул баталгааны барьцаа төлбөр болон торгууль төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, илүү гүйцэтгэсэн ажлын талаар харилцан тохиролцоогүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэх эрхгүй гэж маргаад гэрээний тусгай нөхцлийн 32.0-д “чанарын баталгаат хугацааг 365 хоног” гэснийг Иргэний хууль болон Барилгын тухай хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, ажлын доголдлыг арилгахад зарцуулах зардалд 257 056 105 төгрөг, шинжээчийн хөлс томилолтын зардалд 1 282 560 төгрөг, нийт 258 338 665 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Зам Тээврийн Хөгжлийн яам нь нэхэмжлэгч чанарын баталгаат хугацааны дотор ажлын доголдлыг арилгах үүргээ гүйцэтгээгүй, ажлыг дутуу хийж, гаргасан алдаагаа засаагүй тул торгууль нэхэмжилсэн нь үндэслэлгүй, гэрээний төлбөрт багтаан ажлаа гүйцэтгэх байхад захиалагч нарт мэдэгдээгүйгээр илүү ажил хийсэн, чанарын баталгаат хугацаа хуульд зааснаар 3 жил байхад 365 хоногоор тогтоож хууль зөрчсөн гэж тайлбарлаад хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий ерөнхий газрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна гэсэн.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

Зохигч талуудын хооронд байгуулсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлтийн ажлын гэрээний 3 дугаар зүйлд “гэрээний нийт дүн 3 863 990 107 төгрөг, үүнээс 2010 онд 890 000 000 төгрөг, 2011 онд 2 973 990 107 төгрөг”, мөн гэрээний Ерөнхий нөхцлийн А.Ерөнхий заалтын 45.1-д “захиалагч нь гүйцэтгэгчид төлөх гүйцэтгэлийн төлбөр бүрээс гэрээний тусгай нөхцөлд заасан тодорхой хувийг суутган үлдээнэ”, гэрээний Тусгай нөхцлийн 45.0-д “барьцаа хөрөнгийн хувь нь 5 хувь байна” гэж тус тус зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар нь гэрээний нийт үнийн дүнгээс 5 хувь болох 193 199 505 төгрөгийг барьцаа хөрөнгөөр суутгасан талаар хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ажил болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж, хариуцагчид хүлээлгэн өгсөн, мөн чанарын баталгаат хугацаа дууссан тул барьцаа хөрөнгө болох 193 199 505 төгрөгийг авах эрхтэй гэж, хариуцагч нь хийж гүйцэтгэсэн ажилд нь гологдол доголдол гарсан, чанарын баталгаат хугацааг хууль зөрчиж тогтоосон гэж мэтгэлцсэн.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний Ерөнхий нөхцлийн А.Ерөнхий заалтын 45.2-д “ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийг үндэслэн суутгасан үнийн дүнгийн 50 хувийг гүйцэтгэгчид төлөх бөгөөд үлдсэн хэсгийг чанарын баталгаат хугацаа дууссаны дараа тэр хугацаанд гарсан бүх зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгасан тухай төслийн менежерийн мэдэгдлийг үндэслэн төлнө”, гэрээний тусгай нөхцлийн 32.0-д “чанарын баталгаат хугацаа 365 хоног” байна гэж заажээ. /хэргийн 1 хавтас, 15-17-р хуудас/

Нэхэмжлэгч “КТК” ХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлтийн ажлыг гэрээний Тусгай нөхцлийн 17, 26-д “ажил дуусгахаар төлөвлөсөн өдөр 2011 оны 11 дүгээр сарын 11”-д гэж заасан хугацааны дотор гүйцэтгэж, хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №03/81/2012 дугаар акт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 1 хавтас, 18-20-р хуудас/

Уг комиссын актад “...1.6.Энэхүү барилга байгууламжийг А02-10/01М дугаартай зураг төслөөр 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр барьж эхэлсэн ба 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр барьж дууссан байна.

2.1.Нэг.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт Улсын төсвийн санхүүжилтаар хэрэгжсэн “Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлтийн ажлыг улсын комиссын гишүүдийн 100 хувийн саналаар хүлээн авахаар,

Хоёр.Тус аэродромын барилгын ажлын баталгаат хугацаанд гарсан технологийн эвдрэлийг засварлах ажлыг гүйцэтгэгч “КТК” ХХК-нд хариуцуулахаар шийдвэрлэв.

Гурав.Улсын комиссын гишүүдээс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг комиссын гишүүдээр шалгуулан баталгаажуулсны дараа комиссын актад улсын комиссын дарга гарын үсэг зурснаар акт хүчин төгөлдөр болно.

2.2.Энэ барилга байгууламж нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж иргэний нисэхийн зориулалтаар ашиглахад шаардлага хангасан гэж үзээд ашиглагч байгууллага болох ИНЕГ, Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын мэдэлд 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс ашиглуулахыг зөвшөөрөв.

2.3 Улсын комиссоос даалгах нь а/гүйцэтгэгч байгууллагад: 1.Асфальтобетоны заадсуудыг дахин засах” гэж заасан байх бөгөөд актанд комиссын дарга гарын үсгээ зурснаар хүчин төгөлдөр болсон байна. /хэргийн 1 хавтас, 20-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний Ерөнхий нөхцлийн А.Ерөнхий заалтын 1.1.-д “чанарын баталгаат хугацаа” гэж гэрээний тусгай нөхцөлд заасан ажил дууссан өдрөөс эхлэн тоологдох хугацааг хэлнэ. Энэ хугацаанд илэрсэн зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч “КТК” ХХК нь гүйцэтгэсэн ажлаа хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт хүлээлгэн өгснөөр буюу 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн чанарын баталгаат хугацаа тоологдохоор байна.

Мөн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Захиалагч гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан ИНЕГ.ТББ/БУ-12-10/136 тоот гэрээ дүгнэсэн актаар захиалагч Зам тээврийн яам нь чанарын баталгаат хугацаа буюу 365 хоногийн /2012-7-10-ны өдрөөс эхлэн/ хугацаанд гарсан эвдрэлийг гүйцэтгэгч “КТК” ХХК хариуцахаар харилцан тохиролцжээ. /хэргийн 1 хавтас, 35-р хуудас/

Иймд “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлтийн ажлын №ИНЕГ.ТББ/БУ-12-10/136 тоот гэрээний Ерөнхий нөхцлийн А.Ерөнхий заалтын 45.2-д зааснаар ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн тул хариуцагч нь суутган авсан үнийн дүнгийн 50 хувийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэг үүсч байна. Харин үлдэх 50 хувийг чанарын баталгаат хугацаанд гарсан зөрчил дутагдлыг арилгасны дараа төлөхөөр тохиролцжээ. 

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажилд доголдол гарсан, чанарын баталгаат хугацаанд уг доголдлыг арилгаагүй болох нь хэрэгт авагдсан 2013 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Мөрөн нисэх буудлын ХБХЗ-нд үзлэг хийсэн ажлын тайлан, шинжээчийн дүгнэлт, Хөвсгөл аймгийн Мөрөн агаарын хөлөг хөөрч буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлтийн ажлыг хүлээж авах улсын комиссын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 03/81/2012 тоот тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Мөрөн онгоц буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлтийн ажлын баталгаат засварын хугацаанд буюу 2013 оны 8 сар хүртлэх хийж гүйцэтгэх ажлын календарчилсан төлөвлөгөөгөөр нотлогдоно гэсэн. /хэргийн 1 хавтас, 91-117, 202-225-р, 2 хавтас 72-85-р хуудас/

Хэрэгт авагдсан 2013 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Мөрөн нисэх буудлын ХБХЗ-нд үзлэг хийсэн ажлын тайланд “...үзлэг шалгалт хийж өргөтгөлийн 1.5 м дутуу хучилтыг гүйцээх, шороон элемент суларсан 6500 м.кв талбайн урссан хэсгийг дахин хусаж нягтруулах, хамгаалалтын төмөр торон хашааны 210 у/м нэг загварын хашааг хийж гүйцэтгээгүй болно, далан шуудууны нягтруулалт суларсан, даацыг гаргах өгөх, ашиглалтын үед гарсан заадсуудыг засварлах зэрэг ажлуудыг хийлээ”  гэж тэмдэглэлд тусгажээ.

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн агаарын хөлөг хөөрч буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлтийн ажлыг хүлээж авах улсын комиссын хурлын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №03/81/2012 тоот тэмдэглэлээр “гүйцэтгэгчид асфальтбетон хучилтын заадсуудыг засах, хамгаалалтын зурвасын налууг гаргах, хучилтад гарсан эвдрэлийг засах”-аар даалгаж, баталгаат засварын хугацаанд буюу 2013 оны 8 сар хүртлэх хийж гүйцэтгэх ажлын календарчилсан төлөвлөгөөг гаргасан байх тул хариуцагчийн чанарын баталгаат хугацааны дотор гарсан доголдлыг арилгуулахаар даалгасан болох нь тогтоогдож байна гэж үзэв. /хэргийн 2 хавтас, 85-р хуудас/

Нэхэмжлэгчээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа чанарын баталгаат хугацаанд дээрх эвдрэл гэмтлийг засаж сайжруулан хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан бөгөөд энэ нь 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Улсын комиссын үүрэг даалгаврын биелэлтэд дурдсанаар “...хөвөөний налууг автогрейдерээр тэгшилж янзалж нягтруулав. Асфальтбетоны мастик цутгаж янзлав. Мөн температураас үүссэн хагарлыг мастикаар гагнав” гэснээр хүлээн авсан улсын комиссын тэмдэглэлд заагдсан ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь нотлогдож байна. /хэргийн 2 хавтас, 86-88-р хуудас/

Талуудын хооронд байгуулсан гэрээний Ерөнхий нөхцлийн ерөнхий заалтын 1.1-д “төслийн менежер” гэж ажлын гүйцэтгэлд хяналт тавьж гэрээний удирдлагыг хэрэгжүүлэх үүрэг бүхий гэрээний тусгай нөхцөлд дурдсан этгээд /эсхүл төслийн менежерийн оронд ажиллуулахаар захиалагчийн томилж, гүйцэтгэгчид мэдэгдсэн этгээд/-ийг хэлнэ гэж заасан байх бөгөөд төслийн менежерээр ИНЕГ-ын хяналтын инженер С.Батбилэг ажиллаж байсан гэж зохигч талууд тайлбарласан болно.

            Талуудын хооронд байгуулсан гэрээний В.Чанарын хяналт 30.1-д “төслийн менежер гүйцэтгэгчийн ажлыг шалгаж, илэрсэн зөрчил гологдлын талаар түүнд мэдэгдэнэ. Энэхүү шалгалт нь гүйцэтгэгчийн үүрэг хариуцлагыг хөндөхгүй. Төслийн менежер зөрчил, гологдол байж болзошгүй гэж үзсэн аливаа ажилд зөрчил гологдол хайх, уг ажлын далд хэсгийг нээж шалгалт, туршилт явуулах талаар зааварчилгааг гүйцэтгэгчид өгөх эрхтэй”, 32.1-д төслийн менежер гэрээний тусгай нөхцөлд заасан чанарын баталгаат хугацаа дуусахаас өмнө зөрчил гологдол арилгах тухай мэдэгдлийг гүйцэтгэгчид өгнө. Чанарын баталгаат хугацааг зөрчил, гологдлыг арилгаж дуусах хүртэл сунгана” гэж заасан бөгөөд төслийн менежер нь нэхэмжлэгч “КТК” ХХК-нд чанарын баталгаат хугацаа дуусахаар өмнө мэдэгдэл өгч, баталгаат хугацааг сунгасан эсэх талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

            Хэрэгт авагдсан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын хүсэлтээр шинжээчээр томилогдсон Барилга хөгжлийн төв, Авто замын хяналт эрдэм шинжилгээний судалгааны төв, Авто замын зөвлөх инженер Я.Баярхүү нарын гаргасан 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 21-ний хооронд хийсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлтийн ажилд “КТК” ХХК-ийн нэхэмжлэлтэй Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох иргэний хэрэгт шинжээчээр ажилласан ажлын хэсгийн дүгнэлтэд:

1.хөөрч буух хучилттай зурвасын хүчитгэлийн 650 м хэсгийг 45м өргөнтэй байхаар төлөвлөгдсөн бөгөөд тухайн үед хийгдэж амжаагүй үлдсэн 1.5 м өргөн, 500 м орчим урт талбайд асфальтбетон хучилтыг гүйцээсэн эсэхийг тодруулахад асфальтбетон хучилтын зурвасын өргөн нь 43,5м байгаа буюу зураг төслийн өргөнөөс 1,5 м дутуу хийгдсэн

2.Хучилтыг хөвөөний хэсгийн шороон элемент суларсан 6500 м.кв талбайн урссан хэсгийг дахин хусаж нягтруулсан эсэхийг тодруулахад онгоц хөөрч буух зурвасын хөвөө суусан, угаагдсан хэлбэр алдагдсан байна.Энэ нь талбайн хэсгийн 6500 м.кв байна

3.Хучилтын төмөр торон хашааны 210 урт метр загварын хашааг засах буюу шинэчлэх шаардлагатай байна

4.нийт 6075 м дагуу болон хөндлөн хагарал, ан цав гагнах, 99,6 м.кв талбайд дахин нөхөөс хийх шаардлагатай байна.

“Барилга хөгжлийн төв” ТӨҮГ-ын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлтийн ажилд шинжээчээр ажилласан ажлын хэсгийн тайланд “төсөвт өртөг 257 056 105 төгрөг” гэжээ. /хэргийн 1 хавтас, 91-117-р хуудас/

Уг шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “КТК” ХХК-ийн хүсэлтээр шинжээчээр томилогдсон “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын 2015 оны 7 дугаар сарын 22-ны Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлтийн ажилд шинжээчээр ажилласан ажлын хэсгийн тайлан, дүгнэлтэд “...1.6500м.кв талбайн хэсгийн ажил нь КТК ХХК, ИНЕГ-ын хооронд байгуулсан гэрээний хавсралтад байхгүй,тоо хэмжээнд дээрх ажил тусгагдаагүй байна.

2.тухайн хучилт хийгдсэн элементүүдэд температурын болон ашиглалтын үед гарсан заадсуудыг засварлах ажлын тоо хэмжээг гадаргуу дээр нь нягталж үзэхэд дагуу чиглэлд 650м х6 м=3900м.кв, хөндлөн чиглэлд 43,5 м х50м =2175 м.кв буюу нийт 6075 м.кв хагарал, 99,6 м.кв нөхөөс хийсэн байна. Харин дээрх тоо хэмжээг төсөвт тусгахдаа 1500 урт/метр газарт мастик цутгах ажлыг давхардуулан тооцсон, мөн 99,6 м.куб ээр тооцоолон нэгжийн алдаа гаргасан байна.Энэ төсвийг дахин тооцоход 112 102 528 төгрөг байна.

3.1,5 м өргөн 500 м орчим урт талбайд асфальтобетон хучилтыг гүйцээсэн эсэх гэсэн асуулт нь зөвхөн хучилтын талаар тодруулга байсан тул газар шорооны ажлын тоо хэмжээг хасаж тооцсон бөгөөд энэ удаа газар шорооны ажил хийгдсэн эсэх, хэрэв хийгдсэн бол ямар хэмжээний ажил хийснийг тодруулан төсвийн тооцоонд оруулав.Захиалагч тал алдаатай тэнхлэг шугам хүлээлгэж өгснөөс болж 1,5 м өргөнтэй 650 м газарт,гүйцэтгэгч тал газар шорооны ажил илүү гүйцэтгэсэн байна. Энэ ажлыг төсөвт тооцож оруулсан.Нийт ажлын төсөвт өртгийн дүн 251 224 365 төгрөг болно “ гэжээ. /хэргийн 1 хавтас, 202-224-р хуудас/

Дээрх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Барилгын хөгжлийн төв, Авто замын хяналт, эрдэм шинжилгээний судалгааны төв, Зам тээврийн хөгжлийн төвийг тус тус шинжээчээр томилсон бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэд:“...уг ажлын үр дүнд аэродромын хүчитгэл, өргөтгөлийн ажлын хүрээнд батлагдсан зураг төсөлд зааснаас дутуу хийгдсэн ажлын зардлын төсөв нь 69 759 365 төгрөгний дүнтэй байх тооцоог гаргав. “КТК” ХХК-ийн гэрээнд заасан үүргээс илүү хийсэн ажлын зардлын төсөв нь 128 205 057 төгрөгийн дүнтэй байх тооцоо гарч байна.

Аэродромын иж бүрэн шинэчлэлийг хийх боломжгүй болсон, мөн хөөрч буух хучилттай зурвасын үндсэн хэсэг нь 43,5 м өргөнтэй байгаа зэргийг харгалзан дутуу хийгдсэн 1,5 м асфальт бетон хучилтыг гүйцээх шаардлагагүй гэж үзэж байна.

КТК ХХК-ийн гэрээгээр гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээнд Хучилтын хөвөөний ажил огт тусгагдаагүй байх тул “Хөвөөний хэсгийн шороон элемент суларсан 6500 м.кв талбайн урссан хэсгийг дахин хусаж, нягтруулах” ажил нь тус компанийн гүйцэтгээгүй гэрээний үүрэгт хамаарахгүй юм.

Хучилтын нөхөөсний ажлын тоо хэмжээг нягталж, өмнөх шинжээч нарын тогтоосончлон 99,6м.кв талбайтай байгааг магадлав” гэжээ. /хэргийн 2 хавтас, 13-26-р хуудас/

Зохигч талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Барилгын хөгжлийн төв, Авто замын хяналт, эрдэм шинжилгээний судалгааны төв, Зам тээврийн хөгжлийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

Иймд нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу ажлаа гүйцэтгэж гүйцэтгэсэн ажлын үр дүнг шилжүүлэн өгсөн тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний ерөнхий нөхцлийн А.Ерөнхий заалтын 45.2-т зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар нь барьцаа хөрөнгөөр суутган авсан 193 199 505 төгрөгний 50 хувийг, мөн чанарын баталгаат хугацаанд доголдлыг арилгасан бол үлдэх 50 хувийг буцаан олгох нь зүйтэй байна гэж үзэв.

Гэвч нэхэмжлэгчээс чанарын баталгаат хугацаанд гарсан зөрчил дутагдлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласан боловч шинжээчийн дүгнэлтүүд, 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Хурлын тэмдэглэл, Мөрөн нисэх буудлын аэродромын өргөтгөл, хүчитгэлийн ажлын гүйцэтгэлтэй газар дээр явж танилцсан байдлын фото зургийн үзүүлэлт зэрэг баримтуудаар дутуу хийгдсэн ажил байгаа болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д зааснаар түүний барьцаа хөрөнгөнөөс 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дутуу хийгдсэн ажлын зардлын төсөв 69 759 365 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй байна. /193 199 505- 69 759 365=123 440 140 төгрөг/

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрыг барьцаа хөрөнгийг буцаан өгөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж торгууль 265 832 446 төгрөгийн нэхэмжилж, гэрээний 40 дүгээр зүйлд үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол торгууль төлөхөөр харилцан тохиролцсон гэж тайлбарласан.

Зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний 40.1-д “төлбөр хийхдээ холбогдох урдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгийг хасна. Захиалагч нь төслийн менежерийн баталсан дүнг гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаанд гүйцэтгэгчид төлнө. Хэрэв захиалагч төлбөрийг хугацаанд нь хийгээгүй бол хугацаа хоцруулсан төлбөрт ногдох торгуулийг дараагийн төлбөр хийхдээ хамт төлнө. Торгуулийг төлбөр төлөх ёстой байсан өдрөөс төлбөрийг хийсэн өдөр хүртлэх хугацаанд тооцно” гэж заасан боловч энэ нь төлбөрийн талаар харилцан тохиролцсон гэж зохигч талууд шүүх хуралдаанд тайлбарласан, гэрээний үнийг хугацаандаа төлсөн талаар хэн аль нь маргаагүй болно.

Иймд нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөд суутгаж авсан 193 199 505 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд чанарын баталгаат хугацаа нь 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон, мөн чанарын баталгаат хугацаанд дутуу ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон тул хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар нь барьцаа хөрөнгийг хугацаандаа шилжүүлээгүй гэж торгууль төлөх үүрэг үүсэхгүй гэсэн хариуцагч нарын тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Харин нэхэмжлэгч нь гэрээнд зааснаас илүү хийсэн ажлыг хийж гүйцэтгэсний  зардал гэж 287 457 412 төгрөгийг нэхэмжилж, шороон зурвасын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь улсын комиссын акт, шинжээчийн дүгнэлтээр нотлогдоно, илүү ажил хийж гүйцэтгэсэн талаар хариуцагчид буюу захиалагч нарт мэдэгдсэн гэж тайлбарласан.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийг илүү ажил гүйцэтгэх, гүйцэтгэсэн талаар мэдэгдээгүй гэрээгээ зөрчсөн, мөн илүү ажил гүйцэтгэсний хөлсийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-д “гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй”, мөн зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 37.1-д “төслийн менежер шаардсан бол гүйцэтгэгч өөрчлөлтөөр хийгдэх ажил үнийн саналыг түүнд гаргаж өгнө. Төслийн менежер шаардсанаас хойш 7 хоногийн дотор, эсхүл төслийн менежерийн тогтоосон хугацаанд үнийн саналыг ирүүлнэ. Төслийн менежер үнийг саналыг хянаж үзсэний дараа өөрчлөлт хийх зөвшөөрөл өгнө” гэж тус тус заасан боловч нэхэмжлэгч 2011 оны 5,6 сард аэродромын шороон зурвасын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь шинжээчийн дүгнэлтүүд болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул илүү гүйцэтгэсэн ажлын хөлсийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгч “КТК” ХХК-д олгох нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийг илүү хийсэн ажлын хөлсийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж маргасан боловч зохигч талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан, улсын комиссын актаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн, чанарын баталгаат хугацаа нь 2013 оны 7 дугаар сарын 10-нд дууссан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэснийг зөрчөөгүй, хариуцагч нарын  тайлбар  үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч илүү гүйцэтгэсэн ажлын хөлс 287 457 412 төгрөгний зардал гарсан гэж нэхэмжилсэн боловч 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр “...“КТК” ХХК-ийн гэрээнд заасан үүргээс илүү хийсэн ажлын зардлын төсөв нь 128 205 057 төгрөгийн дүнтэй байх тооцоо гарч байна” гэсэн байх тул хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас нэхэмжлэгчийн илүү гүйцэтгэсэн ажлын хөлс 128 205 057 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Иймд хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас барьцааны 193 199 505 төгрөгнөөс дутуу гүйцэтгэсэн ажлын зардал 69 759 365 төгрөгийг хасч, илүү гүйцэтгэсэн ажлын зардал 128 205 057 төгрөгийг нэмж, нийт 251 645 197 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “КТК” ХХК-нд олгохоор шийдвэрлэв. /193 199 505-69 759 365=123 440 140+128 205 057=251 645 197 төгрөг/

Нэхэмжлэгч нь Иргэний нисэхийн ерөнхий газар болон Зам Тээврийн Хөгжлийн яаманд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдааны явцад хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулахаар нэхэмжилсэн гэж тайлбарласан тул хариуцагч Зам Тээврийн Хөгжлийн яаманд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор  шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар нь гэрээний Тусгай нөхцлийн 32.0-д “чанарын баталгаат хугацаа 365 хоног байна” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, доголдлыг арилгахад гарах зардал буюу шинжээчийн зардал, томилолтын зардалд нийт 258 338 665 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний Тусгай нөхцлийг харилцан тохиролцоод тогтоосон, чанарын баталгаат хугацаанд хийгдэх ажлыг гүйцэтгээд хүлээлгэн өгсөн тул доголдлыг арилгахад гарах зардал болон шинжээчийн томилолтын зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргасан.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлтийн ажлыг гэрээний Тусгай нөхцлийн 32.0-д “чанарын баталгаат хугацааг 365 хоног” гэж заасан байх бөгөөд талууд уг гэрээг байгуулсан эсэх талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн боловч хариуцагч нар нь гэрээний 32.0-д заасан “чанарын баталгаат хугацааг 365 хоног” гэснийг гэрээ байгуулахдаа анзаарч мэдээгүй бөгөөд энэ заалт нь хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бусад тооцогдоно гэж тайлбарласан.

Хариуцагч нар нь гэрээ байгуулахдаа чанарын баталгаат хугацааг 365 хоног гэснийг мэдээгүй гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын акт, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Захиалагч гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан ИНЕГ.ТББ/БУ-12-10/136 тоот гэрээ дүгнэсэн актаар чанарын баталгаат хугацааны дотор буюу 365 хоногийн дотор ажил гүйцэтгэхийг даалгаж байсан болох нь нотлогдож байх тул  мэдээгүй, анзаараагүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. /хэргийн 1 хавтас, 19-20, 35-р хуудас/

Хариуцагч нь гэрээний тусгай нөхцлийн 32.0 заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, Барилгын тухай хуульд чанарын баталгаат хугацааг 3 жилээр тогтоосон байхад хууль зөрчиж 365 хоногоор тогтоосон гэсэн.

2008 оны Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д “Барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байна” гэж заасан боловч талуудын хооронд байгуулсан гэрээнд чанарын баталгаат хугацааг Иргэний хууль болон Барилгын тухай хуульд зааснаар тогтооно гэж харилцан тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана” гэж заасан байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй байхыг ойлгох бөгөөд зохигч талууд гэрээндээ чанарын баталгаат хугацааг 365 хоног байхаар харилцан тохиролцсон, энэ нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааасныг зөрчөөгүй байх тул гэрээний Тусгай нөхцлийн 32.0 заалт нь хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй байна гэж үзэв.

 

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар нь нэхэмжлэгч нь ажлаа доголдолтой, дутуу гүйцэтгэсэн болох нь 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 21-ний хооронд  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлтийн ажилд хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул “Барилга хөгжлийн төв” ТӨҮГ-ын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлтийн ажилд шинжээчээр ажилласан ажлын хэсгийн тайлангаар тогтоосон 257 056 105 төгрөг, шинжээчийн зардал болон томилолтын зардал 1 282 560 төгрөг, нийт 258 338 665 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч нь уг шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй, тоо тооцоолол буруу зөрүүтэй гарсан гэж маргаад дахин шинжээч томилсон, чанарын баталгаат хугацаанд гүйцэтгэхээр заасан ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-д “захиалагч нь доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч нь ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж түүнтэй холбогдох зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй” гэж заасан боловч хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар нь уг шинжээчийн дүгнэлтээр дутуу хийгдсэн ажлыг хийж гүйцэтгэсэн гэх баримтгүй, шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй гарсан гэж дахин шинжээч томилсон, мөн нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөнөөс дутуу хийсэн ажлын зардал 69 759 365 төгрөгий хасч тооцсон тул хариуцагчийн доголдлыг арилгахад гарах зардалд 257 056 105 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Мөн хариуцагчаас шинжээчийн зардал болон томилолтын зардалд 1 282 560 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтаар авлагын дэлгэрэнгүй бүртгэлийг нотлох баримтаар шүүхэд ирүүлжээ. /хэргийн 1 хавтас 139-р хуудас/

Уг баримтад дурдсанаар харилцагчийн нэр Сүхболд, Сүхболд нарын 6 хүний тээврийн зардал 586 560 төгрөг, П.Сүхболд, Н.Энхбат, С.Батбилэг, Д.Батбаатар нарын хүний томилолтын зардал 696 000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх боловч хариуцагчийн нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой зардал гэж үзэж хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иймд хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлэгч “КТК” ХХК-нд холбогдуулан гаргасан гэрээний Тусгай нөхцлийн 32.0 заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, доголдлыг арилгахад гарах зардал, шинжээчийн хөлс томилолтын зардалд нийт 258 338 665 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116,118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 251 645 197 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “КТК” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 494 844 166 төгрөг, хариуцагч Зам Тээврийн Хөгжлийн яаманд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-д зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлэгч “КТК” ХХК-нд холбогдуулан гаргасан гэрээний нөхцлийн 32.0 заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг арилгахад гарах зардал, шинжээчийн зардал болон томилолтын зардалд нийт 258 338 665 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “КТК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 457 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 1 416 175 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “КТК” ХХК-нд олгож, нэхэмжлэгч “КТК” ХХК-иас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжид 2 590 787 төгрөг, хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий газраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжид 1 449 994 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод тус тус оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ХУЛАН