Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/108

 

 

 

 

 

 

 

 

                             

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,                     

              Улсын яллагч Ч.Батзориг,

              Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Эгийн Дт холбогдох эрүүгийн 2138000000114 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Д нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл хасуулсан үедээ 85-10 УБЭ улсын дугаартай “Тоёота Приус”-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчин явсан С.Бын эрүүл мэндэд хүнд  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Дын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2138000000114 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Д нь 2021 оны 02 дугаар  сарын 22-ны өдрийн 19 цагийн үед өөрийн эзэмшлийн 85-10 УБЭ улсын дугаартай, “Тоёота Приус”-20 маркийн  тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрийн  асфальтан зам дээр  явган зорчигч С.Быг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт хохирогч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 19 цагийн үед Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвд байдаг хүнсний дэлгүүр орчхоод гарч явж байгаад машин зам дээр машинд мөргүүлсэн юм. Би машинд мөргүүлчхээд газарт хэвтэж байхад намайг мөргөсөн машины жолооч залуу өөрийн машинаараа сумын эмнэлэгт хүргэж өгсөн...намайг эмнэлгийн байгууллагаар  эмчлүүлж байхад Э.Д  нь миний  бүх зардлыг төлсөн байх, надаас гарсан мөнгө төгрөг байхгүй...надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/,

Гэрч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай найз Э.Д өөрийн “Тоёота Приус”-20 маркийн 85-10 УБЭ улсын дугаартай автомашинтайгаа манай гэрийн гадаа ирээд бид 2 уулзсанаас хойш 30-40 минутын дараа төрлийн ах нь залгаад Ш-ны амнаас ирээд авчих гэсэн. Тэгээд бид 2 очиж автал ах нь жаахан согтууруулах ундааны зүйл үнэртүүлчихсэн орж ирж суусан. Тэгээд машины бензин дуусах гэж байхаар нь шатахуун түгээх газар руу очтол ах нь картаа мартчихаж гэхээр нь шатахуун авахаа болиод буцаад төв замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байтал замын хойд талаас гэнэт хүн гарч ирээд мөргүүлсэн...Ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...Гэнэт гараад ирэхээр нь тоормос дарсан байх, сайн санахгүй байна. Тухайн үедээ би сандарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-тал/,

Гэрч Л.ЭрБын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би айлд жаахан архи уугаад гэртээ хүргүүлэхээр Э.Д дүүгээ дуудсан Э.Д нь өөрийн “Тоёота Приус”-20 маркийн 85-10 УБЭ улсын дугаартай автомашинтайгаа найзын хамт намайг авахаар ирсэн. Тэгээд машины бензин дуусах гэж байхаар нь шатахуун түгээх газар руу очтол би картаа мартчихсан, нөгөө хоёр мөнгөгүй гэхээр нь шатахуун авахаа болиод буцаад төв замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байтал замын хойд талаас гэнэт хүн гарч ирээд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/,

Гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хуваарийн дагуу яаралтай дуудлагын жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад оройн 19 цаг 42 минутад машинд хүн мөргүүлсэн гээд эрэгтэй, эмэгтэй 2 хүн дамжилдаад оруулж ирсэн. Тухайн үед өвчтөний биеийн байдал тааруу байсан. Тэгээд их эмчээ дуудаад бид нар яаралтай тусламж үзүүлсэн...Өвчтөн бол хэрэглэсэн байсан, илэрхий үнэртэж байсан. Жолооч бол согтуу эсэх нь сайн мэдэгдэхгүй байсан. Эмч яаж байгаад мөргөчихдөг юм бэ? чи өөрөө согтуу юм уу гэж асуухад өөрөө л машины урд руу орж ирээд мөргүүлчихлээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/,

Гэрч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хуваарийн дагуу яаралтай дуудлагын жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад оройн 19 цагийн үед машинд мөргүүлсэн хүн ирсэн. Ирэхдээ өвчтөн нь согтуу, нүүр нь хувцас нь цус болсон байдалтай байсан. Тэгээд бид нар яаралтай тусламж үзүүлсэн. Өвчтөн нь хөдлөхөөрөө л ёолоод байсан. Хөнгөн цэвэрлэгээ хийсний дараа шарханд нь оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,

Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон “....Жолооч Э.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг  жолоодох  эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн уг дүрмийн 12.2 дах хэсэгт заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд  жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой  хурдыг сонгож явна, мөн дүрмийн 12.3 дахь хэсэг зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг, явган зорчигч  С.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дах хэсэгт заасан  явган зорчигч  нь явган  хүний гарц буюу гармаар зам хөндлөн  гарна... гэсэн заалтуудыг  зөрчсөн байна... гэх эрх бүхий албан тушаалтны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн магадалгаа /хх-ийн 17-р тал/,

Хохирогч С.Бын  биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон “...С.Бын биед дух, баруун зулай, дагз ясанд хугарал, суурь ясанд цууралт, тархины хатуу бүрхүүлийн дор цусан хураа, тархины аалзавчин бүрхүүлийн дор цус харвалт, тархины эдэд няцралт, духанд шарх, зулгаралт, зүүн ташаанд зулгаралт, баруун өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмт нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн хүчтэй үйлчлэлээр үүсгэгдсэн байна.С.Бын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д тус тус зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар  сарын 01-ний өдрийн 117 дугаартай дүгнэлт /хх-35 тал/,

Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон ”...Жолооч Э.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а дах хэсэгт заасан  тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн уг дүрмийн 12.2 дах хэсэгт заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн дүрмийн 12.3- дах хэсэгт заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг, явган зорчигч С.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д  дах явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна  гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...”  гэх Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бямбалхамын магадалгаа /хх-ийн 44-46-р тал/,

2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр: “...Тариалан сумын  хяналтын камерын 3 минут 22 секундийн  бичлэгийг  хуулбарлан зөрчлийн хэрэгт хавсаргав...” гэх тэмдэглэл /хх-н 14-р тал/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 43-р тал/,

Хэргийн газрын  үзлэгийн  тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16-р тал/,

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаартай: “...Э.Д гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37-р тал/,

               шүүгдэгч Э.Дын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж “...2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн үед өөрийн “Тоёота Приус”-20 маркийн 85-10 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй найз, ахын хамтаар явж байгаад ахыгаа хүргэж өгөхөөр Тариалан сумын Мандал багийн төв гудамжны замд явж байтал нэг согтуу хүн замын хажууд зогсож байсан. Миний урдаас нэг машин явж байсан. Тэгтэл нөгөө согтуу хүн зам хөндлөн гарах гээд зам дээр гараад ирсэн. Тэгээд тэр хүнийг мөргөсөн. Мөргөөд шууд эмнэлэгт мөргөсөн хүнээ хүргэж өгсөн,...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүү, саруул байсан. Би тухайн үед жолоодох эрхээ хасуулсан байсан. Өмнө нь В ангилалын үнэмлэхтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6, 58-р тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.Б, гэрч Б.Ц, Л.ЭрБ, Б.О, Б.Ц нарын өгсөн мэдүүлэг түүнчлэн шүүгдэгч Э.Дын гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар  сарын 01-ний өдрийн 117 дугаартай дүгнэлт, эрх бүхий албан тушаалтан болон  мөрдөгчийн магадалгаа зэргээр уг осол гарах шалтгаан нь шүүгдэгч Э.Дыг замын хөдөлгөөний дүрмээр хориглосон тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд  жолооч  өөрийн үзэгдэх  хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой  хурдыг сонгож явна,  хөдөлгөөнд аюул саад учирсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл шууд нөлөөлжээ.

              Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Бын  бие махбодод хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.Дын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

              Шүүгдэгч Э.Д нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, гаргахгүй гэж тооцсон боловч хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, зөрчсөн тохиолдолд хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэх үүрэг бүхий этгээд юм.

              Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Дын гэм буруутай үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна

               Шүүгдэгч Э.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч С.Быг эмнэлэгийн байгууллагад хэвтүүлэн эмчлүүлсэнтэй холбоотой бүх зардал 1309880 төгрөгийг шууд төлж, хохирогч С.Бтой эвлэрлийн гэрээг  байгуулсан байх тул  шүүгдэгч Э.Д нь төлөх төлбөргүй байна.

              Харин хохирогч С.Б нь цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

              Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Э.Дын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч Э.Дын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

              Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлж, эвлэрлийн гэрээ байгуулсан”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

              Шүүгдэгч Э.Д нь урьд ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 5, эцэг эх дүү нарын хамт Хөвсгөл  аймгийн Тариалан сумын 2 дугаар багт оршин суудаг зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн 61-62 дугаар талд авагдсан,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, найман сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.

Хэрэгт мөрдөгчийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар   тогтоолоор /хх-ийн 24 тал/ битүүмжлэгдсэн 85-10 УБЭ улсын дагаартай, “Тоёота Приус”-20 маркийн тээврийн хэрэгсэл нь хохирол болон өмчлөлтэй холбоотойгоор иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож шүүгдэгч Э.Дын эзэмшилд үлдээх нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн нэг ширхэг CD-ыг хэргийн хамт хадгалж,  тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

            Хөвсгөл аймгийн Прокурорын газар нь шүүгдэгч Э.Даас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 9.250 төгрөгийг нэхэмжлэн  холбогдох нотлох баримтуудыг хавсарган ирүүлсэн байх боловч дээрх зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зардлуудад хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Эгийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодож эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Э.Дт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Э.Дт мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.Дт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Э.Дт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын шүүгдэгч Э.Даас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нэхэмжилсэн 9.250 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Эрүүгийн 2138000000114 дугаар хэрэгт хураагдан ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн нэг ширхэг “CD”-г  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,  хэрэгт 85-10 УБЭ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг битүүмжилсэн Прокурорын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

10.   Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ДӨЛГӨӨН