| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2021/0115/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/119 |
| Огноо | 2021-04-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/119
2021 04 21 2021/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд
Улсын яллагч Б.Наранмөнх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дгийн Од холбогдох эрүүгийн 2138000300139 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Онийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оний өгсөн: Би охиныхоо
хүүхдүүд болох зургаан ач нартайгаа хамт амьдардаг юм. Ач маань одоо 12 дугаар ангид сурдаг. Тэр өдөр худал хэлж гадуур хэсэж байгаад орой гэртээ ирсэн. Би ачийгаа дээд сургуульд сураасай гэж боддог. Тэр өдөр химийн хичээлийн багш нь давтлагадаа ирэхгүй байна гэсэн. Би утас руу нь залгахад зах дээр явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хурдан багшийндаа очиж шалгалтаа өг гэхэд, одоо очих гэж байна гэж хэлсэн. Орой 17 цагийн үед багшийндаа очиж байна гэж ярьсан. Тэгээд орой 20 цагт гэртээ ирээд над руу муухай хараад уурласан. Тухайн үед миний уур хүрээд ахынх нь суран бүсээр хэд, хэд ороолгосон. Миний зүрх өвдөөд гараад явсан хойгуур гараад явсан байсан. Тэр өдөр ахтай нь хамт хайгаад олоогүй. Дараа нь багш нь өнөөдөр давтлагадаа ирсэн гэхээр нь ачийгаа авахаар очиход гэртээ харихгүй гэсэн. Тэгэхээр нь би нэг цохиод, нэлээн уурлаад гэртээ аваачиж байгаад дахиад зодсон. Тэгсэн чинь 108 руу дуудлага өгсөн байсан. Би уг нь одоо 12 дугаар анги төгсөх болохоор нь сургууль аваасай гэж бодсон юм. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэхдээ бид хоёр эвлэрсэн, гэртээ очсон хэвийн байгаа. Хичээлдээ ч явж байгаа. Ийм аймар зүйл болно гэж бодоогүй. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би 2-19 насны зээ нартай хамт амьдадаг. Ээж нь өөр газар байдаг болохоор ирэхээсээ ирэхгүй нь их байдаг болохоор өөрийнхөө тэтгэврийн мөнгөөрөө л хүүхдүүдээ авч явдаг гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бийн өгсөн: У нь манай нэг цэгийн үйлчилгээний төвд буюу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамгаалах байранд 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр цагдаагийн дэслэгч н.Огийн аюулын зэргийн үнэлгээгээр өндөр гэсэн үнэлгээгээр ирсэн. ... У нь манай хамгаалах байранд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр хүртэл 52 хоног байсан. ...У нь нэг цэгийн үйлчилгээний төвд ирэхдээ уйлсан, нүд нь улайсан, хөхөрсөн, биедээ олон тооны хөхрөлт няцралттай айсан байдалтай, ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. ...Тухайн хүүхэд хохирсон, эмээ нь зодсон, түүний нагац ах нь зодсон гэж мэдүүлэг өгсөн боловч шинжээчийн дүгнэлтээр эмээгийнх нь зодсонд гэмтлийн зэрэг тогтоогдох боломжтой байна гээд хөнгөн зэргийн гэмтлийн зэрэг тогтоогдсон байгаа. У нь хамгаалах байранд байрлах хугацаандаа ямар нэгэн эрсдэлтэй зан үйл болох гадуур гарах зан үйл гаргаж байгаагүй. Хүүхдийн насны онцлогийн зан байдалтай байсан. Эмээ нь өөрийгөө ойлгосон байх. Хүүхдийг хүмүүжүүлэхдээ хуучин цагийн захиргаадалтын арга хэрэглэсэн. Хүүхэдтэй ярилцаж ойлголцдоггүй байсан. ..хамгийн сүүлд 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр У өөрөө гарах хүсэлтэй байна гэсэн бөгөөд эмээтэйгээ ойлголцсон, эмээдээ гомдол, санал байхгүй гэсэн тул манай байгууллагын зүгээс журмынхаа дагуу хохирогчийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн хамтарсан багт хүлээлгэж өгсөн. Үүний үндсэн дээр 10 дугаар багийн хамтарсан баг холбогдох үнэлгээнүүдийг хийгээд тухайн орчинд амьдрах боломжтой байна гэж үзээд дараагийн шатанд хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг болон эрүүгийн 21380003000139 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.О нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 05-10 тоотод өөрийн гэртээ зээ охин Б.Уг гадуур тэнэж, давтлагадаа явсангүй гэх шалтгаанаар суран бүсээр ороолгож цохисон, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 19-17 тоотод Ц.Оын гэрт зээ охин Б.Уг гэртээ ирж хонолгүй тэнэж явлаа гэх шалтгаанаар толгой, нүүр хэсэгт нь цохиж биед нь баруун мөр, бугалга, шуу, зүүг бугалга, шуу, баруун гуя, шилбэ, зүүн гуя шилбэ, баруун хөхөнд цус хуралт, баруун савруунд шарх, баруун зулайн хуйх, баруун зүүн, шууны зөөлөн эдэд няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан
Насанд хүрээгүй хохирогч Б.Угийн өгсөн: “ ... 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 19 цаг өнгөрч байхад гэртээ харьсан. Гэртээ ортол миний эмээ О хаагуур яваад байдаг юм бэ, гэдсээ чирээд ирэх болох нь 2 өдөр дараалан оройтож ирлээ гээд миний төрсөн ах Бэ ахын өмдний тэлээг тайлж аваад тэр тэлээгээр миний биеийн энд тэнд ороолгосон... Тэгтэл эмээ маань чамаас боллоо гээд босож ирээд гараараа миний нүүр рүү олон удаа алгадсан. Ээж маань хувцаснуудаа цүнхлээд энд байж чадахгүй юм байна гээд сууж байтал эмээ над дээр ахиж хүрч ирээд чи ээжийгээ авч үлдэж чадахгүй бол өөрөө араас нь зайлаарай гэж хэлээд гэрээс гарсан...Тэгээд би ангийн найз охин Цг дуудаад Ц ирж намайг аваад тэдний гэрт хальт сууж байгаад бас ангийн найз М руу залгаж ярихад ээжтэйгээ хоёулаа хамт байна. Хүрээд ир гэхээр нь Мынд очиж 4 хоносон. Тэгээд өчигдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 12.00 цагийн үед Оа багшийн гэрт очиж давтлагандаа суугаад буцаад гартал эмээ, ээжийн дүү Ш ахын хамт гадаа нь зогсож байхаар нь буцаад багшийнд гүйж ороод багшид болсон бүх зүйлииг хэлэхэд итгээгүй, эмээтэйгээ хэл амаараа учраа ол гэж хэлсэн. Тэгээд би тэнд нилээн удаан уйлж суугаад байж байтал, эмээ маань орж ирээд, одоо харъяа хаагуур дэмий тэнээд яваад байдаг юм бэ?, одоо гэдэс, бөгс хоёр чинь цадаа байлгүй гэхээр нь би явмааргүй байна гэхэд эмээ толгой руу цохиж, нүүр рүү алгадаж, үснээс зулгаагаад авч гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р тал/,
Гэрч Ш.Бгийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай ээж рүү Угийн багш нь залгаад У 2 өдөр давтлагандаа явсангүй гэж залгасан байсан. Тэгээд У тэр орой 20.00 цагийн үед гаднаас орж ирээд эмээ рүүгээ эмээ та одоо араас юун олон юм яриад байгаа юм бэ?, юу гээд хүний араас залгаад байгаа юм бэ? гээд гэмшсэн царайгүй, эмээгээ загнасаар орж ирсэн. Тэгээд эмээ нь Уд уурлаад Угийн нуруу руу нь өөрийн барьж явсан дээлний бүсээр хэд ороолготол Б.У би ямар хэссэн юм уу? гээд хэрэлдээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,
Гэрч Ц.Оын өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 14.00 цагийн үед миний давтлаганы хүүхдүүд гэртээ ирэхэд У бас ирсэн байсан. Тэгээд давтлагаа өгөөд сууж байтал Угийн эмээ над руу танай хаяг хэд билээ гэсэн мессэж ирүүлсэн байхаар нь би өөрийн хаягаа явуулсан. Удаагүй Угийн эмээ над руу залгаад танай гадаа байна гэхээр нь би У ирсэн байна, та авахаар ирсэн үү. Давлага дуусах болоогүй байна гэдгээ хэлсэн. Тэгтэл У намайг эмээтэйгээ ярьсаныг мэдсэн бололтой багшаа таньтай уулзмаар байна гэхэд нь бид хоёр байшингийн таампарт гарч уулзсан. У шууд уйлаад л би гэртээ байхгүй, эгчийндээ байгаа, гэрээсээ гараад 4-5 хонож байна гэхээр нь ямар эгчийндээ байгаа юм бэ? гэхэд эгчийндээ байгаа л гээд байсан. Тэгээд У ээж, эмээ хоёр намайг зодоод би зугатаагаад гэрээсээ гараад харьж чадаагүй гэсэн. Эмээ нь чанга чанга дуугараад л байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/,
Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Уийн өгсөн: “...2021 оны 1 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. Манай эгч У 11 цагт давтлагатай гээд гараад явсан. Угаасаа өглөө гараад орой ирдэг. Нэг өдөр эмээ рүү У эгчийн багш нь залгаад давтлагадаа ирдэггүй яасан юм бол гэж асуусан байсан. Тэгээд эмээ У эгч рүү залгаад "хаана байгаа юм гэсэн чинь давтлагандаа байна гэж хэлээд дараа нь дахиад залгасан чинь “зах дээр утсаа янзлуулж байна" гэж хэлээд орой гэрт орж ирээд эмээ рүү уурлаад байсан чинь эмээ гарсан юм. Тэгсэн У эгч хувцсаа аваад гараад явсан. 4 хоног гэртээ ирээгүй. Тэр 4 хоногт эмээ, агаа 2 хайгаад найзуудаас нь асуусан. Эмээ багштай нь ярьж байгаад давтлаганаас нь тарахыг хүлээж байгаад гэртээ цуг ирээд нагац ах Б У эгчийн гар руу 2 удаа цохисон. Тэгээд уг нь тэр хоёр эвлэрлээд агаан дүү энэ тэр гээд байж байсан. Б ах “эмээгээ ирэхээс өмнө гадаа хашаагаа цэвэрхэн болгочих” гээд дулаан хувцасыг нь өмсгөөд гаргасан чинь цагдаа дуудсан юм шиг байна лээ... Эмээ тэлээгээр нуруу, гар, хөл рүү нь тэлээгээр ороолгосон. 3-4 удаа л ороолгосон байх. Яг аль хэсэг рүү цохисоныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80-р тал/,
Арван найман насанд хүрээгүй гэрч Г.Цгийн өгсөн: “...Манай найз Б.У нь түргэн ааштай, хүмүүстэй харилцахдаа нээлттэй харилцдаг. Гэр бүлийнхээ асуудлын талаар саяхан намраас их дэлгэрэнгүй надад ярьсан. Ам бүл болоод хэн хэнтэйгээ амьдардаг, ээж нь ямар хүн гээд энэ талаар бүгдийг ярьсан. У багаасаа хими, биологиор гүнзгийрүүлж үзсэн болохоор анги дундаа бид нараас илүү сурдаг. Хичэээлдээ сайн байдаг... Хэзээ гэдгийг нь санахгүй байна. Анх зодуулсан өдрөө орой 20 цагийн үед байх харанхуй болсон байхад над руу “залгаарай” гээд чат бичсэн байхаар нь би залгасан чинь “эмээдээ зодуулчихлаа, найзыгаа хүрч ирээд аваач, гэрээсээ 2 гудамжны наана байна” гэхээр нь би очиж уулзах үед хувцасаа, дэвтэр номоо авсан байж байсан. Тэгээд би “яах гэж байгаа юм бэ?” гэсэн “эмээдээ зодуулчихлаа, буцаж очиж чадахгүй" гэхээр нь бид хоёр такси бариад манайд очсон. Манайд очоод юмнуудаа тавьчихаад “найз нь элдэв янзын юм болохоор танайд ирдэг, энэ удаад өөр газар очъё" гээд найз З руу яриад “танайд очоод хонож болох уу? гэж асуусан чинь “болно, найз нь урдаас нь тосох уу” гээд урдаас нь ирсэн. Би дөхүүлж өгсөн. Тэрнээс хойш нэг их уулзаагүй. Чат бичээд, ярьдаг болсон. Каринтилсан учраас нэг их уулзаагүй... Хамгийн анх 9 дүгээр сард байх манайд нэг орой ирсэн. Тэгээд би гараад харсан подволктой, бэлтгэлийн өмдтэй, гар, нүүр нь цус болсон зогсож байхаар нь би гэртээ оруулах гэсэн чинь найз нь ээжээс чинь санаа зовоод байна гээд ороогүй. Тэгэхээр нь би машин дотор хамт сууж байгаад машины гэрлийг асаагаад хартал гар нь хөхрөөд хавдсан, өмдөө тайлаад харуулсан чинь хөл нь гуя хэсгээрээ хөхрөөд хавдсан байсан. Би гэрээс нойтон салфетка гаргаж ирээд цусыг нь арчаад манайд тэр орой хоносон... Яг тэр үедээ юунаас болсоныг нь санахгүй байна. Ямар ч байсан эмээ нь галын хайчаар цохиод, толгой руу өшиглөсөн үү, хүнд зүйлээр цохисон уу би мэдэхгүй байна гэж У надад хэлж байсан. Тэгээд би “яагаад ийм зүйл болов? Өмнө нь ийм зүйл болж байсан уу? гэж асуухад “өмнө нь ер нь бол иймэрхүү юм болдог. Ийм байдалд орж байсан” гэж хариулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-86-р
тал/,
Гэрч О.Мын өгсөн: “...яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Нилээн дээр хичээл дээр ирэхдээ нуруу хэсгийг нь аймар тод санаж байна. Аймар хөрөхсөн байх үед юу болсон талаар асуухад хүүхдэд зодуулсан гэж хэлж байсан. ... Саяхан эмээдээ гэсэн өдрөө манайд орой Цтой ирсэн. Тэр үедээ нэх их юм яриагүй. Нэлээн уйлчихсан, гар бугуйнаас дээшээ хөхөрсөн, хөлийн булчин хэсгээрээ хөхрөөд доголсон байдалтай ирсэн... “ гэх мэдүүлэг /хх-ийн 90-91-р тал/,
Гэрч Х.Нын өгсөн: “...Б.У нь ерөнхийдөө бол биеэ даасан шинжтэй. Сая 01 дүгээр сараас өмнө хувийн асуудлынхаа талаар ерөөсөө ярьдаггүй байсан. Сая хүүхэд хамгааллын байранд ирсэнээс хойш би Утой 2-3 удаа уулзаж ярилцаад хүүхдийн эрсдлийн үнэлгээ хийсэн. Мөн хүчирхийлэгч гээд байгаа эмээд нөхцөл байдлын үнэлгээ хийж, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Ерөнхийдөө хоёулаа бие биенийгээ өмөөрсөн байдалтай ярилцлага өгсөн. Ер нь У зарим яриаг нь сонсох үед худлаа яриад байгаа юм шиг санагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаартай: ““...Б.Угийн биед баруун мөр, бугалга, шуу, зүүн бугалга, шуу, баруун гуя, шилбэ, зүүн гуя шилбэ, баруун хөхөнд цус хуралт, баруун сарвуунд шарх, баруун зулайн хуйх, баруун, зүүн шууны зөөлөн эдэд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаандаа мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Б.Угийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 97-р тал/,
Шинжээч М.Батмөнхийн өгсөн: “...Баруун сарвууны шарх, зүүн шууны гадна дээр хэсгийн цус хуралт, баруун зүүн гуяны цус хуралтууд нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Биеийн бүх гэмтлүүд нь нийлбэр дүнгээрээ хөнгөн зэрэгт хамаарагдна...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-р тал/,
Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ болон аюулын зэргийн үнэлгээ / хх-ийн 26-33-р тал/,
Нэг цэгийн үйлчилгээний сэтгэл зүйчтэй ярилцсан тэмдэглэл /хх-ийн 44-р тал/,
Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ / хх-ийн 45-56 дугаар тал/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-60-р тал/,
Шүүгдэгч Д.Оний мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа
хүлээн зөвшөөрч өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 18-нд байх. Ер нь У өглөө болгон давтлагатай гэж гараад орой орж ирдэг юм. Тэгээд нэг өдөр хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Химийн багш нь над руу залгаад “У химийн давтлагадаа 2 өдөр ирсэнгүй, өнөө орой сорилттой байна” гэж хэлсэн. Тэгээд би У руу залгасан чинь утсаа авахгүй байж байгаад дахиад залгасан авснаа “би зах дээр байна” гэхээр нь “17 цагаас өмнө ирж сорилтын ажлаа өг гэж байна” гэж би хэлсэн. Хэсэг байж байгаад У руу залгасан чинь “би багшийн гадаа ирж байна” гэж хэлсэн. Тэгээд орой 20 цагийн үед гэртээ орж ирээд "эмээ яачхаад байгаа юм" гээд цэхэлзэж ууртай орж ирэхээр нь би юм хэлээгүй хоолыг нь идүүлээд сууж байсан юм. Гэнэт л миний уур хүрээд нуруу руу нь гараараа цохисон чинь У “би яасан юм” гэхээр нь би "чи химийн давтлагад очоогүй юуны давтлагад яваад байгаа юм” гэсэн чинь “би биологийн давтлагад явж байгаа” гэхээр нь багшаас нь асуусан “давтлагад гэр нь хол учраас явуулахгүй байгаа, химийн давтлагад явж байгаа” гэхээр нь “худлаа хэллээ, ингээд хэсээд бай” гэж хэлээд хөлийн урд ард хэсэг, гарын урд ард хэсэг, нуруу, ууц, бүдүүн гуя гээд бараг биеийн бүх хэсэг рүү нь цохиж ороолгосон. Тэгээд миний зүрхээр хатгаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-117-119 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Б.Угийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Оний үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Б.Угийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Оний үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.Оний үйлдэл идэвхтэй, насанд хүрээгүй хохирогч Б.Угийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Д.Оний гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Онийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 05-10 тоотод өөрийн гэртээ зээ охин Б.Уг гадуур тэнэж, давтлагадаа явсангүй гэх шалтгаанаар суран бүсээр ороолгож цохисон, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 19-17 тоотод Ц.Оын гэрт зээ охин Б.Уг гэртээ ирж хонолгүй тэнэж явлаа гэх шалтгаанаар толгой, нүүр хэсэгт нь цохиж биед нь баруун мөр, бугалга, шуу, зүүг бугалга, шуу, баруун гуя, шилбэ, зүүн гуя шилбэ, баруун хөхөнд цус хуралт, баруун савруунд шарх, баруун зулайн хуйх, баруун зүүн, шууны зөөлөн эдэд няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.Оний гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд насанд хүрээгүй хохирогч Б.У болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б нар мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд арван найман насанд хүрээгүй хохирогч Б.У шүүгдэгч Д.Отэй эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Иймд шүүгдэгч Д.Онийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Онийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Оний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хавтаст хэргийн 121-126 дугаар талд авагдсан түүний хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.О нь ам бүл 9, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 5-10-9 тоотод амьдардаг, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүгдэгч Д.О гаргаж, прокурор хүлээн авч 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 62 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Онийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж,
уг ялаас чөлөөлөх нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирно гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Дгийн Онийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, шүүгдэгч Д.Онийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН