Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяа Ганбат |
Хэргийн индекс | 109/2019/0006/З |
Дугаар | 6 |
Огноо | 2019-05-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 6
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Б
Хариуцагч: А аймгийн Засаг дарга
А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар
Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн төрийн албан хаагчийн хувийн хэрэг, холбогдох баримт бичигт хяналт хийсэн тухай” дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож, А аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Г.Б-н хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/12, “Э.У-г ажил түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож, А аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэдээ: Г.Б миний биеийг А аймгийн Засаг дарга 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцалж ажлаас халах тухай мэдэгдэл өгч улмаар 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Б/12 дугаар “Г.Б-н хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” захирамжаар А аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас үндэслэлгүйгээр халсан.
Г.Б миний бие нь 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр А аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байранд зарлагдсан сонгон шалгаруулалтад орж тэнцэн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байна. Мөн шаардлага гарсан тохиолдолд зохих журмын дагуу холбогдох албан тушаалтнаас чөлөө зөвшөөрөл авч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй байтал 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Г.Б-н хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/12 дугаар захирамжид удирдлагад мэдэгдэж, чөлөө зөвшөөрөл авалгүйгээр 3 хоногийн ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, Боловсрол, соёл, урлагийн газрын дүгнэлтээр ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдож байх тул 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б-н хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэжээ. Миний хувьд чөлөө зөвшөөрөл авалгүйгээр ажил тасалсан зүйл байхгүй. Мөн ажил, албан тушаалдаа яагаад тэнцэхгүй болсон талаараа мэдсэн зүйл байхгүй. Боловсролын газраас дүгнэлт гарсан гэж Засаг дарга захирамжандаа дурьджээ. Ямар дүгнэлт хэзээ, яаж гарсан талаар надад мэдэгдээгүй.
Иймд А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн төрийн албан хаагчийн хувийн хэрэг, холбогдох баримт бичигт хяналт хийсэн тухай” дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож, А аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Г.Б-н хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, А аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. А аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Э.У-г ажил түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас 1 шаардлагаас нь татгалзсан байгаа. Эхний шаардлага болох Г.Б-г ажлаас халах тухай аймгийн Засаг даргын захирамжтай холбоотой тайлбараа гаргая. А аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Б/12 дугаартай захирамжаар Г.Б-н хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Тухайн захирамж нь хууль, эрх зүйн хувьд үндэслэлгүй байна. Учир нь аймгийн Засаг даргын зүгээс сургуулийн захирлуудад чөлөө, зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэдэггүй гэдэг нь аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээнээс харагдаж байна. Г.Б нь сумынхаа Засаг даргаас чөлөөгөө авсан, сумын Засаг даргаасаа чөлөө авсан талаарх материалаа авч ирж өгсөөр байтал Г.Б-г ажлаас халах тухай захирамж гарсан. Ажлаас халах тухай мэдэгдэлд 3 хоног ажил тасалсан талаар дурдсан атлаа маргаан бүхий актад Боловсрол, соёл, урлагийн газрын дүгнэлтийг үндэслэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Гэтэл Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Боловсрол, соёл, урлагийн газраас хяналт, шинжилгээ хийх талаар эрх нь зөрчигдөж байгаа этгээдэд сонсох ажиллагаа хийж, мэдэгдээгүй.
Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага болох Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн төрийн албан хаагчийн хувийн хэрэг, холбогдох баримт бичигт хяналт хийсэн тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага байгаа. Үүн дээр тайлбар хэлэхэд А аймгийн Боловсрол, соёл урлагийн газар нь Г.Б-г ажил албан тушаалдаа тэнцэхгүй байгаа талаар дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага биш.
Боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх тусгай журам заавартай. Боловсрол, соёл, шинжлэн ухааны сайдын зөвлөлийн 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 321 дүгээр тушаалд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх шалгуур үзүүлэлтийг ашиглан хөндлөнгийн үнэлгээ өгч, жил бүрийн 1 дүгээр сард багтаан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга нарт үүрэг болгосон. Энэ тушаалд Боловсролын газар юуг үндэслэж хяналт-шинжилгээг хийх ёстой байсан юм бэ гэдэг асуудлыг бүгдийг нь тусгаж өгсөн байгаа.
Тухайн захиргааны байгууллага нь өөрт хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргасан буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр А аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Г.Б нь заах арга зүйн сургалтад, удирдах албан тушаалыг хашихад шаардлагатай сургалтад хамрагдсан байгаа. Цаашлаад мэргэшсэн магистрийн дипломоо хамгаалчихсан байгаа. Нэхэмжлэгч Г.Б-н гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн хувьд бүрэн хангагдах үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч А аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Б нь Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа удирдлагад мэдэгдэж, чөлөө зөвшөөрөл авалгүйгээр 2018 оны 12 дугаар сарын 31, 2019 оны 01 дүгээр сарын 02, 03-ны өдрүүд буюу 3 хоногийн ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, мөн Боловсрол, соёл, урлагийн газрын дүгнэлтээр ажил албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг үндэслэн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б-н хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэгч Г.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Боловсрол, соёл, урлагийн газрын даргын “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн төрийн албан хаагчийн хувийн хэрэг, холбогдох баримт бичигт хяналт хийх тухай“ 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А/01 тоот тушаалын дагуу ажлын хэсгийн дүгнэлтийг илт хууль бус гэснийг эс зөвшөөрч байна. Учир нь Боловсрол, соёл, урлагийн газар нь Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу боловсролын тухай хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, хяналт шалгалт хийх эрхтэй болно. Тушаал болон дүгнэлт нь илт хууль бус акт биш юм.
Иймд Г.Б-н А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 351 тоот тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт, мөн Төрийн албаны тухай хууль, Багшийн хөгжлийн тухай хуулиудыг үндэслэж Боловсрол, соёл, урлагийн газрын даргын тушаалаар ажлын хэсэг томилогдож удирдах албан тушаалтан болон багш нарын хувийн хэрэгт үзлэг хийхэд Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б нь Ерөнхий боловсролын сургуулийн захиралд тавигдах ажлын байрны шаардлагыг хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан. Багш мэргэжилтэй биш, хэвлэлийн графикч мэргэжилтэй учраас үндсэн бакалаврын мэргэжил нь таарахгүй байгаа, тиймээс Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 281.1 .4 дэх заалтыг үндэслэж дүгнэлт гаргасан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх иргэн Г.Б-с А аймгийн Засаг даргад /цаашид аймгийн Засаг дарга гэх/ холбогдуулан гаргасан “А аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Г.Б-н хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, А аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Б-с “Ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, А аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Э.У-г ажил түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгох , А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдуулан А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн төрийн албан хаагчийн хувийн хэрэг, холбогдох баримт бичигт хяналт хийсэн тухай” дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоох ” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тус тус нэмэгдүүлжээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн төрийн албан хаагчийн хувийн хэрэг, холбогдох баримт бичигт хяналт хийсэн тухай” дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож, А аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Г.Б-н хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, Г.Б-г А аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай” гэж тодорхойлон, “А аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Э.У-г ажил түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
Нэхэмжлэгч “А аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Э.У-г ажил түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “...нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно...”, гэж заасан хуулийн дээрх заалттай нийцэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг батлах нь зүйтэй байна.
Иймд үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох “А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн төрийн албан хаагчийн хувийн хэрэг, холбогдох баримт бичигт хяналт хийсэн тухай” дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож, А аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Г.Б-н хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, А аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
I. А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн төрийн албан хаагчийн хувийн хэрэг, холбогдох баримт бичигт хяналт хийсэн тухай” дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/01 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, 2017 оны Төрийн албаны тухай хууль, Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.4 дэх заалт, 2017 оны Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 351 дүгээр тогтоолыг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарын хувийн хэрэгт үзлэг хийх ажлын хэсгийг байгуулжээ.
Дээрх тушаалын дагуу ажлын хэсэг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн төрийн албан хаагчийн хувийн хэрэг, холбогдох баримт бичигт хяналт хийсэн тухай” дүн гаргаж, “ ... Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б нь Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Хэвлэлийн график, дизайн” мэргэжлээр дизайны бакалавр D200622078 дипломтой төгссөн багш мэргэжилгүй болно ... захирлын ажлын байрны мэргэжлийн шаардлагыг хангахгүй байгаа тул боловсролын байгууллагад ажиллах боломжгүй гэж дүгнэж байна” гэж тэмдэглэн, дүгнэлт хэсэгт “Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 351 дүгээр тушаалаар баталгаажуулсан ажлын байрны мэргэжлийн шаардлага”-ыг хангахгүй байгаа Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б ... асуудлыг хууль, журмын дагуу шийдвэрлэх шаардлагатай гэж дурдсан байна.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас дээрх дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.3 дахь хэсэгт “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6 дахь хэсэгт “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна гэж тайлбарласан.
Хуулийн дээрх заалтын агуулгыг тодруулбал, “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж захиргааны байгууллага, албан тушаалтан өөрт хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргасан тохиолдол;
“иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасан тохиолдлыг тус тус хамааруулан ойлгох заалт байна.
Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. Аймаг, нийслэлийн боловсролын газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 281.1.4.-д “боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт-шинжилгээ хийх” гэж заасан бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар нь харьяалах боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт-шинжилгээ хийх эрхтэй байх боловч хяналт-шинжилгээг үндэслэн тухайн байгууллага, албан тушаалтанд холбогдуулан “дүгнэлт” гаргах талаар хуулиар тусгайлан эрх олгогдоогүй байна.
Харин Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15.-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасан бөгөөд аймаг, нийслэлийн боловсролын газар нь харьяалах байгууллага, албан тушаалтанд холбогуулан “санал” гаргах, уг саналаа аймаг, нийслэлийн засаг даргад хүргүүлэх боломжтой юм.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Г.Б-н тухайд, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг “Хэвлэлийн график дизайн” мэргэжлээр суралцан, дизайны бакалавр зэрэгтэй D200622078 дугаар дипломтой төгссөн байх боловч Монгол Улсын Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Боловсрол судлалын ухааны магистр зэрэг хамгаалж, 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Е20114610 дугаартай диплом авсан, багшлах эрхийн хорооны 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 0042579 дугаартай багшлах эрхийн үнэмлэх тус тус олгосон байна.
Мөн Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” 354 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт “В” ТАВИГДАХ ШААРДЛАГА хэсэгт Ерөнхий шаардлага “Мэргэжил-Боловсролын чиглэлээр” гэж заасан байх боловч энэхүү тушаалаар баталсан ажлын байрны тодорхойлолт нь үлгэрчилсэн тодорхойлолт бөгөөд заавал биелүүлэх шинжгүй, нэхэмжлэгч Г.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас зохион байгуулсан “Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал”-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцож, 67.5 оноо авсан, А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 176 дугаар албан бичгээр Г.Б-г Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилох саналыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн, А аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Г.Б-г ажилд жинхлэн томилох тухай” Б/57 дугаар захирамжаар Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдсон байна.
Хариуцагч А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй “ажлын байрны мэргэжлийн шаардлагыг хангахгүй” гэх үндэслэлээр иргэн Г.Б-г тухайн ажил, албан тушаалыг эрхлэх боломжгүй хэмээн дүгнэсэн нь хариуцагч өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргасан байх бөгөөд гаргасан захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдал тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.
Түүнчлэн хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар дээрх асуудлаар “дүгнэлт”-ээс өөр захиргааны акт гаргасан эсэх талаар маргаагүй болно.
Иймд дээрх үндэслэлээр А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн төрийн албан хаагчийн хувийн хэрэг, холбогдох баримт бичигт хяналт хийсэн тухай” дүгнэлтийг илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.
II. А аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Г.Б-н хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, А аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагын тухайд:
А аймгийн Засаг дарга 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Г.Б-н хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/12 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1, Боловсрол, соёл, урлагийн газраас ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн удирдлагад мэдэгдэж, чөлөө зөвшөөрөл авалгүйгээр 3 хоногийн ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, Боловсрол, соёл, урлагийн газрын дүгнэлтээр ажил албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбал болгон Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г. Б-н хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Мөн өдрийн “Э.У-г ажил түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/13 дугаар захирамжаар Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Э.У-г 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн томилсон байна.
а. Удирдлагад мэдэгдэж, чөлөө зөвшөөрөл авалгүйгээр 3 хоногийн ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэх тухайд:
Хариуцагч А аймгийн Засаг даргаас Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б-г “ ... удирдлагад мэдэгдэж, чөлөө зөвшөөрөл авалгүйгээр 3 хоногийн ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан ...” гэж үзжээ.
А аймгийн Засаг дарга болон А аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний Найм. Гэрээг дуусгавар болгох буюу цуцлах 8.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 39, 40 дүгээр зүйл, болон байгууллагын дотоод журамд заасан холбогдох заалт, дараах ноцтой зөрчлийг гаргах нь захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно. Үүнд: Шалтгаангүйгээр 3 хүртэл өдрийн ажил тасалсан гэж;
Аймгийн Засаг дарга, Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарын хооронд 2017 онд байгуулсан Үр дүнгийн гэрээний Гурав.Талуудын хүлээх үүрэг 3.1. Төсвийн шууд захирагч буюу сургуулийн захирлын үүрэг 3.1.5-д “Төсвийн шууд захирагч буюу сургуулийн захирал нь томилолт, чөлөөг сумын Засаг даргаас, ээлжийн амралтаа аймгийн Засаг даргаас авна”, 3.2 Төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг даргын хүлээх үүрэг 3.2.7-д “Төсвийн шууд захирагч буюу сургуулийн захирлын ээлжийн амралтыг олгоно” гэж тус тус заасан байна.
Мөн нэхэмжлэгч Г.Б нь 2018 онд аймгийн Засаг даргатай Үр дүнгийн гэрээ байгуулаагүй байх бөгөөд, нэхэмжлэгч Г.Б-тай адил албан тушаал эрхэлж буй А аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар сургууль, А аймгийн Хашаат сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын 2019 оны үр дүнгийн гэрээний 3.1.5-д “Төсвийн шууд захирагч буюу сургуулийн захирал нь томилолт, чөлөөг сумын Засаг даргаас, ээлжийн амралтаа аймгийн Засаг даргаас тус тус авна” гэж заажээ.
А аймгийн Х сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3/75 дугаар албан бичигт: “тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан, чөлөө хүсэх өргөдөл нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 28-ны өдрүүд, 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал чөлөө авахыг тусгасан. Тус өргөдлийг авч үзээд нийт 6 хоногийн чөлөөг олгож шийдвэрлэсэн нь үнэн болно” гэх тайлбар ирүүлсэн байна.
Дээрх асуудлыг тодруулбал, А аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус сумын Засаг даргад хандан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажлын 6 өдрийн чөлөө олгох тухай хүсэлт гаргажээ. Х сумын Засаг дарга дээрх хүсэлтийг хүлээн авч, чөлөө олгох талаар сумын Засаг даргын тамгын газрын даргад мэдэгдсэн байна.
Иймд нэхэмжлэгч Г.Б-г удирдлагад мэдэгдэж, чөлөө зөвшөөрөл авалгүйгээр 3 хоногийн ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
б. Боловсрол, соёл, урлагийн газрын дүгнэлтээр ажил албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлийн тухайд:
Энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн I дүгээрт А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн төрийн албан хаагчийн хувийн хэрэг, холбогдох баримт бичигт хяналт хийсэн тухай” дүгнэлтийг илт хууль болохыг тогтоож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Г.Б-г Боловсрол, соёл, урлагийн газрын дүгнэлтээр ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр А аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Г.Б-н хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Б-г А аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс маргаан бүхий А аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Г.Б-н хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Б-г А аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгаж шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3. дахь хэсэгт “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 4.4. дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, 41 дүгээр зүйлийн 41.3. дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл. “Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор”, 69 дүгээр зүйлийн 69.1. “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно.”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл. “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам” 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаагаар тооцон нэхэмжлэгчид олгож, түүнээс холбогдох шимтгэл, даатгалын тооцоо, нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг А аймгийн Засаг дарга /Засаг даргын Тамгын газарт/-д даалгах нь зүйтэй гэж үзэв.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас гаргасан илт хууль бус дүгнэлт болон чөлөө зөвшөөрөл авалгүйгээр 3 хоногийн ажил тасалсан гэх үйл баримт нь тогтоогдоогүй байхад дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
III. Хариуцагч А аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд:
Хариуцагч аймгийн Засаг дарга 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01/285 дугаар албан бичгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.М-г оролцуулж, Ц.М-д захиргааны хэргийн бүх шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээх талаар дурджээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: “ А аймгийн Засаг дарга болон А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдуулан иргэн Г.Б-с гаргасан захиргааны хэргийн шүүх хуралд биеийн байдлаас шалтгаалан оролцох боломжгүй байгаа тул миний эзгүйд хэргийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйл. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүйгээс гарах холбогдол 91.4. “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно”. 91.5. “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж тус тус заажээ.
Хариуцагч А аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй талаараа хүсэлт гаргаж, хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэхийг хүссэн, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, нараас шүүх хуралдааны ирцтэй холбоотой ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4, 91.5 дахь хэсэгт дагуу хариуцагч А аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.1.,106.3.2., 106.3.12. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б-г “А аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Э.У-г ажил түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.
2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн төрийн албан хаагчийн хувийн хэрэг, холбогдох баримт бичигт хяналт хийсэн тухай” дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож, А аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Г.Б-н хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, Г.Б-г А аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагч А аймгийн Засаг даргад даалгасугай.
3. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчид /Г.Б/ 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилтийг хийхийг А аймгийн Засаг дарга /Засаг даргын Тамгын газарт/-д даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ