Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01765

 

 Э ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00990 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1484 дүгээр магадлалтай,

   Э ын нэхэмжлэлтэй,

            Г , Б  нарт холбогдох

         Түрээсийн гэрээний үүрэгт төлсөн 800,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагч Г , Б , нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 08 сарын 11-ний өдрөөс эхлэн хариуцагч Г гийн байрыг түрээслэхээр тохиролцож нэг сарын түрээсийн төлбөр болох 250,000 төгрөгийг 9 дүгээр сарын 08-ны өдөр түүний данс руу шилжүүлсэн. Цаашид энэхүү байранд амьдрах боломжтой гэж үзэж, 2017 оны 09 сарын 16-ны өдөр 10 сарын төлбөр болох 2,000,000 төгрөгийг төлсөн. Улмаар 2018 оны 01 сарын 03-ны өдөр өмнө нь түрээсэлж байсан н.Хандаа гэх хүн гэрээгээ цуцалж хариуцагч Б  уг байрыг авсан. Байрыг авахдаа миний 6 сарын түрээсийн төлбөр болох 1,200,000 төгрөгийг Г гаас суутгуулсан байсан. Би 2018 оны 03 сарын 15-ны өдөр энэхүү байрыг чөлөөлж өгсөн бөгөөд үлдсэн 4 сарын түрээсийн төлбөр болох 800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зулгэрэлийн гаргасан тайлбарт: Анх Г  нь Б тай орон сууц түрээслэх гэрээгээр дэлгүүрээ шилжүүлж авсан. Нийт тооцоо нь 3,841,744 төгрөгөөр хүлээлцсэн бөгөөд хажуу өрөөнд байсан Э  гэх хүний 10 сарын түрээсийн төлбөрийг авсан байсан учраас бэлэн мөнгө байхгүй болохоор хүлээлцэж байгаа бараа бүтээгдэхүүндээ 1,200,000 төгрөгийг хасч тооцоо нийлсэн. Улмаар Э ад 6 сарын төлбөрийг бараа материалд хасуулж тооцсон болохоор энэ хугацаандаа асуудалгүй байж байгаад гараарай гэж хэлсэн. Бид нар 800,000 төгрөгийг Б д шилжүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Б гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018 оны 01 сарын 05-ны өдөр н.Хандаа гэх хүнээс энэ дэлгүүрийг түрээсэлж байсан Г гаас 3,800,000 төгрөгийн бараа материалыг хүлээж авсан. Би Э аас мөнгө хүлээж аваагүй учраас уг мөнгийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.                        Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00990 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар Э , Г  нарын байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, хариуцагч Г гаас 800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Б д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Б.Болортуяагаас 23,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ад олгож шийдвэрлэжээ.                                          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1484 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00990 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: 2017 оны 08 сарын 11-ний өдрөөс эхлэн хариуцагч Г гийн байрыг түрээслэхээр тохиролцож нэг сарын түрээсийн төлбөр болох 250,000 төгрөгийг 9 дүгээр сарын 08-ны өдөр түүний данс руу шилжүүлсэн. Цаашид энэхүү байранд амьдрах боломжтой гэж үзэж, 10 сараар түрээсийн гэрээ хийж сарын төлбөрийг 200,000 төгрөгөөр тохиролцож 2017 оны 09 сарын 16-ны өдөр 10 сарын төлбөр болох 2,000,000 төгрөгийг төлсөн. Улмаар 2018 оны 01 сарын 03-ны өдөр н.Хандаа гэх хүн Г тай байгуулсан гэрээгээ цуцалж хариуцагч Б  уг байрыг авсан. Г  уг байрыг түрээсэлж байсныг би мэдээгүй. Улмаар Г  байрыг авахдаа миний 6 сарын түрээсийн төлбөр болох 1,200,000 төгрөгийг Б д тооцооноосоо суутгуулж авсан. Надтай ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, ярилцаагүй. Би 2018 оны 03 сарын 15-ны өдөр энэхүү байрыг чөлөөлж өгсөн бөгөөд үлдсэн 4 сарын түрээсийн төлбөр болох 800,000 төгрөгийг өгөлгүй намайг хохироож байна. Энэ 2 хүний хоорондоо хийсэн тооцооноос болж миний бие хөрөнгө мөнгөний хохирол үзэж байна. Иймд миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

                                                                ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 800,000 төгрөгийг хариуцагч Г  болон Б  нараас гаргуулахаар шаардсан бөгөөд нэр бүхий хариуцагч нар хоорондоо тооцоотой гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар Э , Г  нарын байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, хариуцагч Г гаас 800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Б д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Э , Г  нарын хооронд “Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ” гэсэн хэлцэл хийгдэж, нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 49 дүгээр байрны 31 тоот 36 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны хажуу 1 өрөөг  2017.09.16-наас 2018.07.16-ныг хүртэл, сарын 200,000 төгрөгөөр хөлслөхөөр тохирч, 2017.09.16-ны өдөр 10 сарын хөлс 2,000,000 төгрөгийг Г гийн дансанд шилжүүлсэн байх бөгөөд энэ үйл баримтын тухайд талууд маргаагүй.

2017.08.13-нд Э  нь дээрх байранд нүүж орохдоо гэрээ байгуулах хүртэл урьдчилгаа гэж 250,000 төгрөгийг 2017.08.09-ний өдөр Г гийн дансанд шилжүүлсэн ба талуудын тайлбараар уг орон сууцны өмчлөгч солигдсоноор Э  нь 2018.03.15-нд байрыг чөлөөлсөн тул үлдсэн 4 сарын хөлс 800,000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 305 дугаар зүйлийн 305.1-д зааснаар талууд орон сууц хөлслөх гэрээ байгуулах ёстой байжээ гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн хэдий ч маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тодорхойлж, мөн хуулийн 56.5-д зааснаар 800,000.00 төгрөгийг хариуцагч Г гаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

Э , Г  нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүсч, улмаар нэг тал гэрээнээс татгалзсанаар нэхэмжлэгчид Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан шаардах эрх үүссэн гэж үзнэ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Б тай гэрээ байгуулаагүй, тэдний хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэн, хариуцагч Б д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт нийцсэнгүй.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хариуцагч Б д хэргийн материал танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд тайлбар гарган мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж буруутгасан нь, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй гэж үзнэ.

Иймээс нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1484 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00990 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Г гаас 800,000.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Б д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Э ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 23,750.00 /хорин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН