| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2021/0031/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/35 |
| Огноо | 2021-03-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | Б.Э |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Энхмэнд,
Шүүгдэгч: Н.Б /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б холбогдох эрүүгийн 2029002210006 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Н.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Сийрст 1-р баг, Уурхайчин 5-168 тоотод оршин суух Б.Доржийн гэрт нэвтрэн орж, 150.000 төгрөгийн үнэтэй орчин цагийн 6-гийн мөнгөн аяга, 800.000 төгрөгийн бага гарын хаш хөөрөг, 30.000 төгрөгийн бага гарын үйлдвэрийн хөөрөг зэрэг эд зүйл хулгайлсан,
2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1-р баг, Уурхайчин хорооллын 7-275 тоот хаягт оршин суух С.Даваасүрэнгийн гэрт нэвтрэн орж 200.000 төгрөгийн хуучин цагийн мөнгөн бүс, 150.000 төгрөгийн орчин цагийн мөнгөн бүс, 120.000 төгрөгийн мөнгөн бөгж, ээмэг, гинж, 70.000 төгрөгийн мөнгөн гинж ээмэг, 70.000 төгрөгийн мөнгөн ээмэг бөгж, 150.000 төгрөгийн бугуйн цаг, 15.000 төгрөгийн плаш, 60.000 төгрөгийн өрөөсөн ээмэг, 15.000 төгрөгийн нокиа гар утас зэргийг хулгайлсан,
2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Сийрст 1-р баг, Уурхайчин хорооллын 8-334 тоотод оршин суух Ч.Цагаанхүүгийн гэрт нэвтрэн орж, 20.000 төгрөгийн мөнгөн бөгж, 30.000 төгрөгийн жижиг мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хулгайлсан,
2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Сийрст 1-р баг, Уурхайчин хорооллын 2-24 тоотод оршин суух Л.Лхагвацэрэнгийн гэрт нэвтрэн орж, 200.000 төгрөгийн мөнгөн аяга зэргийг хулгайлан бусдад нийт 2.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б холбогдох эрүүгийн 2029002210006 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ:
Би 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос Цогтцэций суманд ажил хийх гэж ирсэн. Зам гүүрийн компанид ажиллаж байгаад Дорнод аймгаас эрэн сурвалжлагдсан хэргээс ажлаасаа гараад буцах гэж байгаад Цогтцэций суманд мөнгөгүй болчихсон явж байгаад орой архи уучихсан согтуу гэр хороололд явж байгаад хашаа нь онгорхой айл байхаар нь тооноор орж эд зүйл, мөнгөн аяга, бүс зэргийг аваад гарсан. Буцаж явж байгаад дахин хоёр айлаар орсон. Тэр хоёр айлаас ээмэг, бөгж, мөнгөн аягыг хулгайлсан байгаа. Би тэр айлаас ийм ийм зүйл авсан гэж хольж хутгаад хэлж чадахгүй байна. Авсан бүх зүйлүүдээ Цогтцэций сумын цагдаагийн газар хураалгасан. Би өөрөө Дорнод аймгийн цагдаагийн газар бусад зүйл ангиар шалгагдаж байсан болохоор намайг Дорнод аймаг руу шилжүүлэх гэж явуулсан. Би өөрийн хулгайлсан эд зүйлээ үнэн зөвөөр хүлээж бүх зүйлээ хүлээлгэж өгөөд айл гэрийг зааж өгөөд явсан. Дорнод аймагт эрүүгийн хэргээр шалгагдаж байхдаа энэ хэргийг нэгтгэж шалгуулах гэж Дорнод аймгийн цагдаагийн газар, прокурорын газар, шүүхэд хүсэлт гаргаж байсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлын хувьд мөнгөн бүсийг төлөхийг зөвшөөрч байна, харин мөнгөн аягыг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.
-Хэргийн газар болон хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-16, 46-52, 76-83/
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-38, 60-64, 76-83, 93-96, 114-118/
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Доржийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-20, 21-23/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Баяржаргалын өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25/,
-“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ТХҮ-820/20
дугаартай дүгнэлт /хх-ийн 28-31/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 34, 65, 97, 121, 203-204/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Лхагвацэрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-57, 58-59/,
-“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №813 дугаартай үнэлгээ /хх-ийн 67/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Цагаанхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 85-89/,
-“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 814 дугаартай үнэлгээ /хх-ийн 91/,
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 101-106/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Даваасүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 109-111, 112-113/,
-“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 818 дугаартай үнэлгээ /хх-ийн 123-124/,
-“Хас үнэлгээ” ХХК-иийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 854 дугаар үнэлгээ /хх-ийн 134/,
-Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-136-137, 139-141, 161-164, 165, 166-168/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 183-184, 200-202/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 142-143/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Н.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Сийрст 1-р баг, Уурхайчин 5-168 тоотод оршин суух Б.Доржийн гэрт нэвтрэн орж, 150.000 төгрөгийн үнэтэй орчин цагийн 6-гийн мөнгөн аяга, 800.000 төгрөгийн бага гарын хаш хөөрөг, 30.000 төгрөгийн бага гарын үйлдвэрийн хөөрөг зэрэг эд зүйл хулгайлсан,
2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1-р баг, Уурхайчин хорооллын 7-275 тоот хаягт оршин суух С.Даваасүрэнгийн гэрт нэвтрэн орж 200.000 төгрөгийн хуучин цагийн мөнгөн бүс, 150.000 төгрөгийн орчин цагийн мөнгөн бүс, 120.000 төгрөгийн мөнгөн бөгж, ээмэг, гинж, 70.000 төгрөгийн мөнгөн гинж ээмэг, 70.000 төгрөгийн мөнгөн ээмэг бөгж, 150.000 төгрөгийн бугуйн цаг, 15.000 төгрөгийн плаш, 60.000 төгрөгийн өрөөсөн ээмэг, 15.000 төгрөгийн нокиа гар утас зэргийг хулгайлсан,
2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Сийрст 1-р баг, Уурхайчин хорооллын 8-334 тоотод оршин суух Ч.Цагаанхүүгийн гэрт нэвтрэн орж, 20.000 төгрөгийн мөнгөн бөгж, 30.000 төгрөгийн жижиг мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хулгайлсан,
2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Сийрст 1-р баг, Уурхайчин хорооллын 2-24 тоотод оршин суух Л.Лхагвацэрэнгийн гэрт нэвтрэн орж, 200.000 төгрөгийн мөнгөн аяга зэргийг хулгайлан бусдад нийт 2.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь:
-Хэргийн газар болон хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-16, 46-52, 76-83/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-38, 60-64, 76-83, 93-96, 114-118/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 34, 65, 97, 121, 203-204/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Доржийн өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн орой 19 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манай гэрийн цоож нь байхгүй, хаалга нь онгорхой байсан. Цэнхэр өнгийн дайлантай даваа толгойтой, хаш хөөрөг хэмжээ нь гэвэл бага гарын жижиг хөөрөг, зургаагийн мөнгөн орчин цагийн аяга, үйлдвэрийн цагаан нэг их үнэ хүрэхгүй хөөрөг зэрэг зүйлсээс өөр эд зүйлсээс өөр эд зүйл алдагдаагүй, мөнгөн аягаа нэхэмжилнэ, гомдол саналгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-23/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Баяржаргалын өгсөн “... Би 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 19 цагийн үед ажлаас тараад манай нөхөр залгаад гэрт хулгай орсон байна. Цагдаад мэдэгд гэхээр нь би цагдаад ирж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Лхагвацэрэнгийн өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед гэртээ очиход гэрийн амбаарны цоожийг эвдэлж хулгай орсон байсан. Гэр рүүгээ орж эд зүйлээ бүртгэхэд манай гэр дотроос миний хоол иддэг мөнгөн аяга алдагдсан байсан. Өөр зүйл алга болоогүй...би эд зүйлсээ хүлээж авсан эд зүйл бүрэн бүтэн байсан, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 55-59/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Цагаанхүүгийн өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хаан банк руу явчихаад ирэхэд манай гэрийн үүдний амбаарын хаалга онгорхой байсан. Миний хүрэн түрийвчтэй бичиг баримт, мөнгөн бөгж, жижиг мөнгөн аяга, өөр юу алдагдсаныг нь сайн мэдэхгүй байна, алдагдсан эд зүйлээ бүгдийн хүлээн авсан, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-89/,
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 101-106/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Даваасүрэнгийн өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цагдаад хулгай орсон талаар хэлсэн. Анх гэр рүүгээ ороход хаалганы гадна тал цоожтой байсан. Тэгээд гэрээ онгойлгоод ороход гэрийн хамаг юм сандайчихсан, гэрийн тоононы араам уначихсан байсан. Гэрт байсан юмаа бүртгэхэд удам залгаж ирсэн мөнгөн тоногтой эрэгтэй бүс, орчин цагийн мөнгөн тоногтой эрэгтэй бүс, бурханы урд байсан мөнгөн болон зоос, эхнэрийн эвдэрсэн гар утас, миний гарын бугуйн цаг, бичиг баримт хийдэг фаск, эхнэрийн хэрэглэдэг мөнгөн ээмэг, бөгж, гинж зэрэг гоёлын эд зүйл алдагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 109-113/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.Б яллагдагчаар өгсөн “...би 4-н айл руу орж хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 200-202/ шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
1. Хохирогч Б.Доржийн нэхэмжилсэн хохирол төлбөрийн тухайд:
Мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөрдөгчийн тогтоолоор иргэн Б.Доржийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хх-17/
Хохирогч Б.Дорж нь “орчин цагийн 6-гийн хэмжээтэй мөнгөн аяга, бага гарын хаш хөөрөг, бага гарын үйлдвэрийн хуучин хөөрөг” хулгайд алдаж, эд хөрөнгөд нь 980.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ТХҮ-820/20 дугаартай “2020 оны 09 дүгээр сарын байдлаар орчин цагийн 6-гийн хэмжээтэй, хуучин, 1 ширхэг мөнгөн аяга нь 150.000 төгрөг, бага гарын хаш хуучин 1 ширхэг хөөрөг нь 800.000 төгрөг, бага гарын үйлдвэрийн хуучин 1 ширхэг хөөрөг 30.000 төгрөг нийт 980.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-31/-ээр тогтоогдож байна. /хх-28-31/
2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр “...Н.Б биеэс гарч ирсэн цэнхэр өнгийн дайлантай 2 ширхэг хөөрөг, мөнгөлөг саарал өнгийн металл цоож”-ийг хохирогч Б.Доржид хүлээлгэн өгсөн байх /хх-34/ ба хохирогч Б.Дорж нь “...нэхэмжлэх зүйл гэвэл гэр дотроос алдагдсан мөнгөн аягыг нэхэмжилнэ” гэсэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-21-23/-ээр тус тус тогтоогдож байна.
Иймд “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ТХҮ-820/20 дугаартай шинжээчийн үнэлгээ “...орчин цагийн 6-гийн хэмжээтэй, хуучин, 1 ширхэг мөнгөн аяга нь 150.000 төгрөг...”-гээр тогтоогдсон үнээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б 150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Доржид олгохоор шийдвэрлэсэн болно.
2. Хохирогч Л.Лхагвацэрэнгийн нэхэмжилсэн хохирол төлбөрийн тухайд:
Мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөгчийн тогтоолоор иргэн Л.Лхагвацэрэнг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хх-53-54/
Хохирогч Л.Лхагвацэрэн нь “мөнгөн аяга” хулгайд алдаж, эд хөрөнгөд нь 200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №813 дугаартай “1 ширхэг мөнгөн аяга 200.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-67/-ээр тогтоогдож байна.
2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр “...Н.Б биеэс гарч ирсэн орчин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 8 ширхэг чихэр”-ийг хохирогч Л.Лхагвацэрэнд хүлээлгэн өгсөн байх /хх-65/ ба хохирогч Л.Лхагвацэрэн нь “...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-58-59/-гээр тус тус тогтоогдож байна.
Иймд хохирогч Л.Лхагвацэрэн нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
3. Хохирогч Ч.Цагаанхүүгийн нэхэмжилсэн хохирол төлбөрийн тухайд:
Мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөгчийн тогтоолоор иргэн Ч.Цагаанхүүг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хх-84/
Хохирогч Ч.Цагаанхүү нь “мөнгөн аяга, мөнгөн бөгж” хулгайд алдаж, хаалганы цоож эвдэрч эд хөрөнгөд 55.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 814 дугаартай “...1 ширхэг мөнгөн аяга 30.000 төгрөг, 1 ширхэг мөнгөн бөгж 20.000 төгрөг, 1 ширхэг хаалганы цоож 5.000 төгрөг нийт 55.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-91/
2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр “...жижиг орчин цагийн хуучин мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөлөг өнгийн металл лууны хээтэй бөгж, jeep гэх бичиглэлтэй бор өнгийн цахилгаантай хэтэвч, хэтэвчний дотор талд цээж зураг, Төрийн банкны виза карт, Цагаанхүүгийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, 500 төгрөг 1 ш, 100 төгрөг 5 ш, 5 юань 7 ш, 1 юань 2 ш, 20 төгрөг 1 ш, 10 төгрөг 1 ш зэргийг” хүлээлгэн өгсөн байх ба хохирогч Ч.Цагаанхүүгийн “...надад ямар нэгэн санал хүсэлт гэх зүйл байхгүй манай гэрээс алдагдсан зүйлсийг би хүлээн авсан” гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-88-89/-гээр тус тус тогтоогдож байна.
Иймд хохирогч Ч.Цагаанхүү нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
4. Хохирогч Г.Даваасүрэнгийн нэхэмжилсэн хохирол төлбөрийн тухайд:
Мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор иргэн Г.Даваасүрэнг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хх-107-108/
Хохирогч Г.Даваасүрэн нь “2 ширхэг мөнгөн бүс 350.000 төгрөг, мөнгөн иж бүрдэл /бөгж, ээмэг, гинж/ 120.000 төгрөг, мөнгөн гинж ээмэг 70.000 төгрөг, мөнгөн ээмэг, бөгж 70.000 төгрөг, бугуйн цаг /эрэгтэй/ 150.000 төгрөг, плаш диск 15.000 төгрөг, мөнгөн ээмэг /өрөөсөн/ 60.000 төгрөг, гар утас /nokia/ 15.000 төгрөг нийт 850.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-123/
2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр “...Н.Б биеэс гарч ирсэн хар өнгийн чихэвч, ногоон өнгийн бугуйн цаг 1 ш, улаан, шар өнгийн асаагуур 2 ш, бор хүрэн өнгийн 4 ш, цахилгаантай фаск 1 ш, nokia маркийн хар өнгийн товчлууртай гар утас 1 ш, Samsung маркийн бор өнгийн дэлгэц нь салсан гар утас 1 ш, naviforce гэх бичиглэлтэй бугуйн цаг, 100 төгрөг 3 ширхэг, 50 төгрөг 50 ширхэг, 20 төгрөг 20 ширхэг, 10 төгрөг 9 ширхэг, 1000 вон 2 ширхэг, 5 металл зоос 10 ширхэг, металл бөгж 7 ширхэг, металл ээмэг бөгжний хослол, металл хос ээмэг 1 ширхэг, металл өрөөсөн 3 ширхэг ээмэг, металл гинж 2 ширхэг, металл бугуйвч 2 ширхэг, жижиг гялгар уутанд Mongolia гэсэн бичиглэлтэй ээмэг, бөгж гинжний хослол, гинж ээмэгний хослол, 3 ширхэг цэнхэр үзэг, v rohto гэсэн бичиглэлтэй шингэн дуслага” зэргийг хүлээлгэн өгсөн байх ба хохирогч Г.Даваасүрэнгийн “... хулгайд алдсан зүйлсээ буцааж авсан ганцхан ширхэг мөнгөн бүс буцааж аваагүй” гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-112-113/-гээр тус тус тогтоогдож байна.
Иймд “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №818 дугаартай шинжээчийн үнэлгээ “...орчин цагийн орц хийц тодорхойгүй 1 ширхэг, мөнгөн бүс 150.000 төгрөг...”-гээр тогтоогдсон үнээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б 150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Даваасүрэнд олгохоор шийдвэрлэсэн болно.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Н.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Сийрст 1-р баг, Уурхайчин 5-168 тоотод оршин суух Б.Доржийн гэрт нэвтрэн орж, 150.000 төгрөгийн үнэтэй орчин цагийн 6-гийн мөнгөн аяга, 800.000 төгрөгийн бага гарын хаш хөөрөг, 30.000 төгрөгийн бага гарын үйлдвэрийн хөөрөг зэрэг эд зүйл хулгайлсан,
2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1-р баг, Уурхайчин хорооллын 7-275 тоот хаягт оршин суух С.Даваасүрэнгийн гэрт нэвтрэн орж 200.000 төгрөгийн хуучин цагийн мөнгөн бүс, 150.000 төгрөгийн орчин цагийн мөнгөн бүс, 120.000 төгрөгийн мөнгөн бөгж, ээмэг, гинж, 70.000 төгрөгийн мөнгөн гинж ээмэг, 70.000 төгрөгийн мөнгөн ээмэг бөгж, 150.000 төгрөгийн бугуйн цаг, 15.000 төгрөгийн плаш, 60.000 төгрөгийн өрөөсөн ээмэг, 15.000 төгрөгийн нокиа гар утас зэргийг хулгайлсан,
2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Сийрст 1-р баг, Уурхайчин хорооллын 8-334 тоотод оршин суух Ч.Цагаанхүүгийн гэрт нэвтрэн орж, 20.000 төгрөгийн мөнгөн бөгж, 30.000 төгрөгийн жижиг мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хулгайлсан,
2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Сийрст 1-р баг, Уурхайчин хорооллын 2-24 тоотод оршин суух Л.Лхагвацэрэнгийн гэрт нэвтрэн орж, 200.000 төгрөгийн мөнгөн аяга зэргийг хулгайлан бусдад нийт 2.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь урьд 9 удаа ял шийтгүүлж байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”-ээр санал гаргасан ба шүүхээс шүүгдэгч Н.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, хохирлоо барагдуулахаа бодитоор илэрхийлж чадаагүй, хувийн байдлын тухайд урьд хулгайлах гэмт хэргээр ял шийтгүүлсэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан үзээд Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Ялтан Н.Б нь Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/347 дугаар шийтгэх тогтоолоор 01 жил 11 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба тус шүүхийн шийтгэх тогтоол гарах өдрийн байдлаар ялтан Н.Б нь 05 сар 17 хоногийг эдэлсэн, 01 жил 05 сар 22 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/347 дугаартай шийтгэх тогтоол /хх-161-164/, ялын тооцоо /хх-196/-аар тус тус тогтоогдож байна.
Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний 2021/ЦХШЗ/07 дугаартай захирамжаар Н.Б яллагдагчаар шилжүүлэн авчирч цагдан хорьсон ба тус шүүхийн шийтгэх тогтоол гарах өдрийн байдлаар нийт 49 хоног цагдан хоригдсон болохыг дээр заасан хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/347 дугаар шийтгэх тогтоолоор 01 жил 11 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 03 жил 05 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэг бүртгэлтийн 202900221 дугаартай хэрэгт 202900222, 202900223, 202900225 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртлэх хугацаанд Н.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Б нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Барга овогт Н,Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Б 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/347 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 11 сар 09 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 03 жил 05 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Б оногдуулсан 03 жил 05 сар 22 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч Н.Б цагдан хоригдсон 49 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсон болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б 150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Доржид, 150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Даваасүрэн нарт тус тус олгосугай.
7. Хохирогч Ч.Цагаанхүү, Л.Лхагвацэрэн нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурьдсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэг бүртгэлтийн 202900221 дугаартай хэрэгт 202900222, 202900223, 202900225 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, тусгаарлагдсан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Н.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН