Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/36   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

Шүүгдэгч: Х.А  нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А холбогдох эрүүгийн 2029001970020 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Х.А нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Солонго нэртэй дэлгүүрт согтууруулах ундааны зүйл хулгайлах үйлдэл хийсэн Д.Ганбатыг Эд зүйл хулгайлсан гэх шалтгаанаар зодож, цөс элэгний эдтэй бэхлэгдсэн хэсгийн шарх, хэвлийн хөндийн цус алдалт, битүү гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас Д.Ганбат нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3-р баг, 3-14 тоот хашаанд 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 43-18 УНП улсын дугаартай Аванте-Эксди маркийн тээврийн хэрэгсэл дотор нас барсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А холбогдох эрүүгийн 2029001970020 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ:

Тэр өдөр манайхаас хулгай хийгээд байсан хүн маань манай дэлгүүрт өглөө нь орж ирээд хулгай хийхэд нь манай ээж, эгч хоёр бариад дахиж хулгай хийж болохгүй шүү гээд гаргаад явуулсан. Тэгсэн тэр хүн маань дахин тэр өдрийн 12 цагийн үед орж ирээд лангуу руу дайраад архи авч байна гэхээр нь би дэлгүүрийнхээ урд лангуу дээрээс орж ирэхэд архиа аваад гарч байхад нь түүнтэй таарсан. Би тэр хүнийг хулгайлсан юмаа гаргаж тавь гэж хэлэхэд юм хулгайлаагүй гээд байсан. Тэгэхээр нь кармаг нь тэмтрээд үзсэн 100 граммын архи 4 ширхэгийг кассан дээр гаргаж тавьсан. Тэгээд тэр хүнд өглөө чамд сануулсан гэсэн яагаад хулгай хийгээд байгаа юм бэ гэж асуухад хулгай хийгээгүй гээд гүрийгээд байхаар нь гэнэт уур хурээд хулгай хийсэн архи чинь юу юм бэ гээд уурласандаа тэр хүнийг цохисон. Тэр хүнийг цохисноос болоод өнгөрчихнө гэж бодоогүй. Зүгээр архи хулгай хийхийг нь таслан зогсоохын тул айлгачих санаатай, хэвлийн тус газар руу цохиод толгой руу нь нэг цохиод, дагзнаас нь татаж чирээд гаргасан. Цохьсон үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна. Хохирогчийн гэр бүлээс уучлалт гуйсан. Хохиролд 15.000.000 төгрөгийг өгсөн гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-23/,

  

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-34/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Насанжаргалын өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Энхцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мэндбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41/,

 

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 53-57/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Насанжаргалын өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-65/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Х.А гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-69/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Ундармаагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 70-71/,

 

-Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Н.Энхцэцэгийн илтгэх хуудас /хх-ийн 72/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Эрдэнэ-Очирын өгсөн мэдүүлэг /хх-ийн 73/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Сүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 74/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Болорын өгсөн мэдүүлэг /хх-ийн 75-76/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Шинэчулууны өгсөн мэдүүлэг /хх-ийн 77-78/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Намжилдоржийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 79/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Дуламсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 80-81/,

 

-Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №82 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ /хх-ийн 84-86/,

 

-Монгол Улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №5045 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-94/,

 

-Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №97 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 100-103/,

 

-Өвөрхангай аймаг шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №82 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ /хх-ийн 106/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Э.Хүрэлсүхийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 108-110/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Х.А яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 119-120/,

 

-Хохирлын баримтууд /хх-ийн 123-150/,

 

-Т.Насанжаргалын иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 152-154/,

 

-Шүүгдэгч Х.А иргэний үнэмлэхийн лавлагаа,  жолоодох эрхийн

лавлагаа, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, оршин суугаа газрын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа,  төрсний бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сангийн хуулбар, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-162, 163, 164, 166, 167, 168, 169, 170, 171-172, 176-191/,

 

-Хохирол төлсөн баримт /хх-ийн 233/,

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Насанжаргалын хүсэлт /хх-ийн 236, 248/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Х.А нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Солонго нэртэй дэлгүүрт согтууруулах ундааны зүйл хулгайлах үйлдэл хийсэн Д.Ганбатыг Эд зүйл хулгайлсан гэх шалтгаанаар зодож, цөс элэгний эдтэй бэхлэгдсэн хэсгийн шарх, хэвлийн хөндийн цус алдалт, битүү гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас Д.Ганбат нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3-р баг, 3-14 тоот хашаанд 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 43-18 УНП улсын дугаартай Аванте-Эксди маркийн тээврийн хэрэгсэл дотор нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлэг,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-23/,

 

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-34/,

 

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-53-57/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Х.А гэрчээр дахин өгсөн ...тэгээд би тэр хүнийг дахиж битгий хулгай хийгээрэй, чамд манай ээж дахиж битгий хулгай хийгээрэй гэж сануулсан байсан шүү дээ гэхэд би хулгай хийгээгүй гээд гүрийгээд байхаар нь миний уур хүрээд хувцаснаас нь угзарч яагаад эмэгтэй хүнийг дээрэлхээд байгаа юм бэ гээд баруун гарын ар хэсгээр уг хүний гэдэсний зүүн хэсэгт 1 удаа цохиод нөгөө хүн би хулгай хийгээгүй шүү дээ гээд гэдсээ бариад доошоо суусан тэгэхээр нь би наад авсан байгаа архи чинь юу юм бэ, одоо босоод гар гээд дух хэсэг рүү нь баруун гараараа зөөлөн цохиод зүүн гараараа цамцнаас нь татаж босгоод дахиж хулгай хийхгүй мэдвүү гээд ар дагз хэсэг рүү нь нэг удаа зөөлөн цохисон. Тэгээд би дэлгүүрээс гараад цагдаад өгнө гэхэд үүдний коридорт чагталж зогсчихоод явахгүй байснаа өмдөндөө шээчихсэн. Тэр үед хүмүүс орж гарах гээд овоороод байхаар нь чирээд гаргахад гадаа гараад газарт хэвтчихээд босохгүй байсан. Тэр үед би чи манайхаас удаа дараа хулгай хийсэн одоо чамайг цагдаад өгнө гэхэд босохгүй хэвтээд байсан. Тэгээд би хүргэн Тэмүүжинг явуулж цагдаа дуудахад нэг эмэгтэй цагдаа бас нэг эрэгтэй хүн дагуулж ирээд уг хүнийг босгоод сугадаад дагуулаад явсан. Тэрнээс хойш би тэр хүнийг хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 67-69/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Болорын өгсөн би дэлгүүрээ онгойлгоод удаагүй байхад 8 цаг 45 минутын үед хүн бараг орж ирээгүй байхад дээгүүрээ ногоон алаг зузаан ноосон цамцтай эрэгтэй хүн орж ирсэн. Би тэр хүнийг нээх анзаараагүй. Тэгсэн чинь манай үйлчлэгч Шинээ тэр хүнийг дагуулж харж байсан юм байна лээ, тэр хүнийг барьж аваад хараад байсан чинь шууд гарах нээ гээд цамцных нь халааснаас 100 гр савалгаатай 2 шил архи гаргаж ирсэн. Тэгэхээр нь би тэр хүнд яагаад архи хулгайлж байгаа юм бэ гэхэд өөдөөс юм хэлэхгүй байхаар нь би дахиж битгий орж ирээрэй гээд явуулсан юм...12 цаг өнгөрч байхад нөгөө хүн дахиад ороод ирсэн. Тэр хүнийг үйлчлэгч Шинээ хараад нөгөө хүн чинь ороод ирлээ гэж хэлсэн. Би тэр хүнийг сайн хараарай гэж хэлчихээд хүн их байсан болохоор ажлаа хийж байхад Шинээ нөгөө хүнийг харж байхад тэр хүн шууд чигээрээ алхаад архины лангуунаас 4 шил 100 граммын савлагаатай архи аваад үүд рүү явах үед нь өөдөөс нь манай хүү А орж ирээд тэр хүнийг зогсоогоод хувцаснаас нь барьж аваад чи яагаад дахин дахин орж ирж хулгай хийгээд байгаа юм бэ наад авсан юм аа гарга гэхэд нэг талын карманаасаа 2 шил архи гаргаж ирэх шиг болсон. Тэгээд хөдлөхгүй байхаар нь дахиад байгаа биз дээ гарга гэхэд дахиад 2 шил архи гаргаж ирээд лангуун дээр тавьсан. Тэгсэн чинь А тэр хүнд чи яагаад эмэгтэй хүнийг элэг бариад байгаа юм бэ чамд өглөө сануулсан биз дээ гэхэд өөдөөс нь яадгийн гэх шиг болсон. Тэгсэн А тэр хүнийг мөрнөөс татаад цохих шиг болсон. Тэр хүн хөргөгчний хажууд тонгойгоод суучихсан Ариунбаатар бос хөөё гээд байсан. Тэгэхээр нь би наад хүний аваад гараа энд үйлчлүүлэгч ихтэй байна гэж хэлсэн. Тэгээд А тэр хүнийг босгоод мөрнөөс нь бариад гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Шинэчулууны Би 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө ажилдаа ирээд дэлгүүр онгойлгоод лангууны бараагаа янзалж байхад жижиг биетэй хүн орж ирээд архины лангуун дээрээс жижиг шилтэй архи аваад шууд цамцныхаа кармаанд хийсэн. Би тэр үед та наад архиа унагаагаад хагалчихав аа гэхэд өөдөөс юм хэлээгүй амандаа үглэх шиг болоод касс руу чиглээд явахаар нь араас нь дагаад явж байсан чинь шууд хаалга чиглээд явчихсан. Тэгэхээр нь би хувцаснаас нь барьж аваад яах нуу гээд хараад байсан чинь шууд гарах гэж байна наад авсан архиа гаргаад ир гэхэд 100 гр савалгаатай жижиг архи 2-г гаргаж ирээд лангуун дээр тавьсан. Өшөө байгаа гарга гэхэд хөдлөхгүй болохоор нь би цамцных нь энгэрийн кармаанаас 1 шил жижиг архи гаргаж авсан. Тэр үед Болороо эгч чи дахиж битгий орж ирж хулгай хийгээрэй гэж хэлэхэд тэр хүн гаргаад явсан. Тэгээд би ажлаа хийж байхад үдээс хойш тэр хүн дахиад орж ирж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Болороо эгчид нөгөө хүн чинь дахиад ороод ирлээ гэхэд сайн харж байгаарай гэсэн. Тэгсэн чинь тэр хүн архины лангуун дээр очоод жижиг архи харжигнуулаад кармандаа хийсэн...тэгээд би тэр хүнийг дагаад явж байхад дахиад кассны хажуугаар гарах гэхээр нь ханцуйнаас нь барьж аваад та наад авсан архиа өг гэхэд цамцныхаа нэг талын кармаанаас жижиг архи 2-г гаргаж ирсэн. Тэр үед нөгөө талын халаасанд нь архи харжигнаж дуугарсан. Тэгээд би та нөгөө кармаанд байгаа архиа гаргаад өг гэж байх үед А орж ирээд тэр хүнийг чи эмэгтэй хүн элэг барилаа гэхэд өөдөөс нь тийм гээд нэг чанга хэлсэнээ дахиад 2 шил архи кармаанаас гаргаж ирсэн. Тэгээд би эргээд явах үед А тэр хүнийг авч гарах гээд хувцаснаас нь татаж байсан. Тэгээд би ажлаа хийсэн. Яг хэдэн удаа цохьсоныг сайн хараагүй. Намайг харж байхад чи яагаад эмэгтэй хүнийг элэг бариад байгаа юм бэ гээд хэвлий хавьд нь нэг удаа цохиход тэр хүн доошоо суучихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Насанжаргалын өгсөн ...гэртээ аваад ирэхэд өмдөндөө бааж шээчихсэн байсан тэгээд гэртэй оруулж би усанд оруулсан тэгэхэд хэвлий хэсэгт хөхөрсөн байсан. Чи хүнд зодуулчихсан байна ш дээ гэхэд ямар ч мэдээ мэдрэлгүй дуугарахгүй байсан. Гудамжнаас олоход ханиа харъя гэхээс өөр юм хэлэхгүй байсан. Гэртээ байнга ирж хонодог байсан гарч архи уучихаад ирдэг өмнөх орой гэртээ хонохдоо зүгээр гудамжнаас олдог өдөр л хөхрөлт гэдсэндээ авчихсан байсан. Хүйс орчимд хөхрөлд харагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/,

 

-Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн “...1.Талийгаач Д.Ганбатын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цөс элэгний эдтэй бэхлэгдэх хэсгийн шарх, хэвлийн хөндийн цус алдалт, баруун хөх, хэвлий, баруун хавирганы нум, баруун гуя, баруун, зүүн өвдөг, шагайн тавхай, баруун хөлийн шилбэ, баруун хөлийн хуруу, баруун зүүн өгзөг, бүсэлхийн нуруу хэсгийн цус хуралт шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Хэвлийн хөндийн битүү гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.5. Талийгаач нь нас барах үедээ цусанд 5.8 промилли, ходоодны шингэнд 6.5 промилли спиртын агууламж тогтоогдсон нь согтолын хүнд зэрэгт хамаарна. 6. Талийгаач Д.Ганбат нь элэгний эдийн үрэвсэл, өөхлөлт, сорвижил, ходоодны архаг үрэвсэл өвчтэй байсан байх боломжтой ба энэ өвчин нь үхэлд хүргэхгүй болно. Нас барсан хугацаа 8-13 цаг болсон байх боломжтой. 8. Талийгаач Д.Ганбат нь хэвлийн битүү гэмтлийн улмаас хэвлийн хөндийд цус алдаж нас баржээ” гэх дүгнэлт /хх-ийн 84-86/,

 

- Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн “...1.Амь хохирогч Дулам овогтой Ганбатын цогцост хийсэн задлан шинжилгээгээр цөс элэгний эдтэй бэхлэгдэх хэсгийн шарх, хэвлийн хөндийн цус алдалт, баруун хөх, хэвлий, баруун хавирганы нум, баруун гуя, баруун, зүүн өвдөг, шагайн тавхай, баруун хөлийн шилбэ, баруун хөлийн хуруу, баруун зүүн өгзөг, бүсэлхий нуруу хэсгийн цус хуралт шарх, зулгаралт гэмтэл тогтоогдсон нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2.Амь хохирогч Дулам овогтой Ганбат нас барах үедээ цусанд 5.8 промилли, ходоодны шингэнд 6.5 промилли спиртийн агууламж тогтоогдсон нь согтолтын хүнд хохиролд орох хэмжээний спиртийн тун байгаа боловч тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж үхэлд хүрэхгүй байх боломжтой. 3. Амь хохирогч Д.Ганбат нь хэвлийн битүү гэмтлийн улмаас хэвлий хөндийд цус алдаж нас барсан болно” гэх дүгнэлт /хх-ийн 106/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Э.Хүрэлсүхийн өгсөн “...талийгаач Д.Ганбатын хэвлийн дунд дээд хэсэгт буюу аюулхайн доод хэсэгт 11*11 см хөхөлбөр өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдсон ба тус хэсэгт биеийн гадаргуугаас дээш овойсон хатуувтар тогтоцтой зүйл тэмтрэгдсэн 11*11 см хэмжээтэй цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдаж болно. Мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд уг гэмтэл нь задлан шинжилгээний үед зүслэг хийж үзэхэд өөхний эдэд тархмал цус хуралт гэмтэл үүсгэсэн байх ба уг гэмтэл нь элэгний эдийн буюу хэвлийн хөндийд цус алдалтыг үүсгэсэн цөсний хүүдий элэгний хальстай бэхлэгдэх хэсгийн урагдал шарх гэмтлийг үүсгэж улмаар үхэлд хүргэсэн...талийгаач Д.Ганбатын цөс элэгний эдтэй бэхлэгдэх хэсгийн шарх нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэвлийн хөндийд цус алдагдал үүсгэснээр үхэлд хүргэсэн байна уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлээр буюу аюулхайн доод хэсэгт үүссэн цус хуралт гэмтлээс үүссэн байх боломжтой. Хэвлийн хөндийн битүү гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар хүнд зэрэгт хамаарна...талийгаач Д.Ганбатын хэвлийн хөндийн цус алдалтын гол шалтгаан нь цөс элэгний эдтэй бэхлэгдэх хэсгийн урагдал, шарх /аюулхайн доод хэсэгт үүссэн цус хуралт/ гэмтлээс хэвлийн хөндийн битүү гэмтэл үүссэн нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлсэн гэмтэл юм...талийгаач Д.Ганбатын цусанд нь 5.8 промилли, ходоодны шингэнд 6.5 промилли спиртийн агууламж тогтоогдсон нь хүн болгонд харилцан адилгүй үйлчилж үхэлд хүргэхгүй байж болно. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цөсний хөндийд 1500 мл шингэн цус, 448 грамм биежсэн сул цус илэрсэн талийгаач нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас хэвлийн хөндийд цус алдаж нас барах нөхцлийг үүсгэсэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2. Шинжлүүлэгч нь нэг цагийн хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтлүүд нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзэж эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох гэсний дагуу таалийгаачид учирсан үхэлд хүргэж болохуйц хүнд гэмтэл нь цөс элэгний эдтэй бэхлэгдэх хэсгийн урагдал шархнаас хэвлийн хөндийд алдагдсан 1500 мл шингэн цус, 448 грамм биежсэн цус юм...” гэх мэдүүлэг /хх-108-110/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос  шүүгдэгч  Х.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Х.А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Амь хохирогч Д.Ганбатын биед цөс элэгний эдтэй бэхлэгдэх хэсгийн урагдал шархнаас хэвлийн хөндийд 1500 мл шингэн цус, 448 грамм биежсэн цус алдагдсан битүү гэмтэл” бүхий хүнд гэмтэл учирсаны улмаас нас барсан болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 82 дугаартай, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн дүгнэлт, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Т.Насанжаргалыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Насанжаргалаас хохирол төлбөрт оршуулгын зардал, талийгаачийн банкны зээлийн үлдэгдэлд нийт 15.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Х.А нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 10.000.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулсан байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Насанжаргал нь иргэний нэхэмжлэлийн хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Хохирогч миний бие Төмөрбаатар овогтой Насанжаргал нь Өвөрхангай аймгийн Төгрөг суманд 2 хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр Дулам овогтой Ганбат нь Цогтцэций суманд хүнд зодуулж битүү гэмтэл авсаны улмаас 9 дүгээр сарын 5-нд нас барсан. Хохирогч миний бие Насанжаргал нь хэрэгт холбогдогч А тохиролцож нэхэмжлэл болох 15.000.000 төгрөгийг авсан. Хохирлыг барагдуулсан учраас Цогтцэций суманд очиж хэргийн материалтай танилцах шаардлагагүй. Хохирогч бидний зүгээс санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх, хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх хугацаанд “2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 12:00 цагт болох Х.А холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Насанжаргал би шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй, шүүгдэгч Х.А нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэх тайлбараар тус тус нотлогдож байна. /хх-236, 248/

 

Иймд шүүгдэгч Х.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Насанжаргалд 15.000.000 төгрөгийг өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Насанжаргал нь иргэний нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр амьд явах” үндсэн эрхтэй гэж заасан ба Монгол Улсын үндсэн хуульд амьд явах эрхийг баталгаажуулж, энэхүү эрхийг Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалсан.

 

Өөрөөр хэлбэл хүний амьд явах эрхэд халдсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх замаар амьд явах эрхийг хамгаалах хууль зүйн арга хэмжээ авсан.

 

Шүүгдэгч Х.А нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Солонго нэртэй дэлгүүрт согтууруулах ундааны зүйл хулгайлах үйлдэл хийсэн Д.Ганбатыг Эд зүйл хулгайлсан гэх шалтгаанаар зодож, цөс элэгний эдтэй бэхлэгдсэн хэсгийн шарх, хэвлийн хөндийн цус алдалт, битүү гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас Д.Ганбат нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3-р баг, 3-14 тоот хашаанд 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 43-18 УНП улсын дугаартай Аванте-Эксди маркийн тээврийн хэрэгсэл дотор нас барсан гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж хуульчилсан ба шүүгдэгч Х.А нь Солонго нэртэй дэлгүүрт согтууруулах ундааны зүйл хулгайлах үйлдэл хийсэн Д.Ганбатыг Эд зүйл хулгайлсан гэх шалтгаанаар зодож, цөс элэгний эдтэй бэхлэгдсэн хэсгийн шарх, хэвлийн хөндийн цус алдалт, битүү гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан нь шүүгдэгчийн санаатай үйлдэл боловч хохирогчийн амь насыг хохироохыг шүүгдэгч хүсээгүй, тийм үр дагаварт хүргэх санаа зорилго байгаагүй нь түүний өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа тул болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон хор уршигт хүргэсэн гэж шүүх дүгнэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”-ээр санал гаргасан, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх “хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, эцэг нь өнгөрсөн, ээждээ туслаад дэлгүүр ажиллуулдаг, эхнэр, бага насны хүүхдээ тэжээн тэтгэх хариуцлага хүлээсэн залуу, хохирогчийн буруутай үйлдлээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон зэргийг харгалзан үзээд түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэл дээр талууд маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүх шүүгдэгч Х.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн /архи согтууруулах ундааны зүйл хулгайлах үйлдэл гаргасан/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, тэнссэн хугацаанд шүүгдэгч Х.А хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд тогтоосон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Х.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х.А хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд шүүгдэгч Х.А хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Насанжаргалд 15.000.000 /арван таван сая/ төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Насанжаргал нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН