Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2018/ДШМ/40

 

 

 

 


 

 

2018 оны 05 сарын 02 өдөр                        

       2018/ДШМ/40                                                       Зуунмод

Д.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Энхмаа,

Шүүгдэгч Д.А , түүний өмгөөлөгч С.Сувдмаа,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Э.Уртнасан нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 223 дугаар шүүгчийн захирамжтай Д.А-д холбогдох 1734005490029 дугаартай 1 хавтас, 171 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.А , Төв аймгийн Цээл суманд 1982 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, 35 настай, боловсролгүй, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хамтран амьдрагчийн хамт Орхон ........... тоотод оршин суух, урьд Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан. Мөн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 2 жилийн хорих ялаар, Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хорих ялаар, Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /Регистрийн дугаар:НЩ82..77/,

Д.А  нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн үед Төв аймгийн Цээл сумын 3 дугаар багийн Паркийн хашаанд Б.Мөнгөнбаярыг хутга нуулаа гэх шалтгаанаар муудалцан, нүүрэн тус газарт нь өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 223 дугаар шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А холбогдох эрүүгийн 1734005490029 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.А-д урьд авсан цагдан хорих таслан арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

 Прокурор Г.Энхмаа бичсэн эсэргүүцэлдээ: “Хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

1. Б.Мөнгөнбаяр нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэгдснээс хойш 20 хоногийн дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан байдаг ба гэмт хэрэг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Р.Даваанямын "...2017 оны 11 дүгээр сарын 24-ний орой биш 22-ны орой 23 цагийн үед..." гэх /хх-ийн 9-10-р хуудас/, гэрч Б.Хишигдуламын "2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай дүү Б.Мөнгөнбаяр над руу утсаар яриад өчигдөр орой хүнд зодуулаад..." гэх /хх-ийн 44-45-р хуудас/, гэрч Л.Содбаярын "...2017 оны 11 дүгээр сарын 22-ний 21 цагийн үед..." гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/-үүд болон анхны үзлэг хийсэн эмч Р.Даваанямын тодорхойлолт /хх-ийн 24-р хуудас/, Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 27-28-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мөнгөнбаяр нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Д.А-д зодуулсан талаараа мэдүүлдэг.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу Б.Мөнгөнбаярыг бусдад зодуулж, гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн хохирол хүлээсэн гэх үндэслэлээр мөрдөгч хохирогчоор тогтоох шийдвэр гаргасан ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн эрх үүргийг тайлбарлан хохирогчоос мэдүүлэг авах ажиллагаа хуулийн дагуу явагдсан байгаа болно.

Прокурор хэргийг хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Д.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах шийдвэр гарган, мөн өдрөө эрүүгийн 1734005490029 дугаартай хэрэгт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын 81 дугаартай даалгаврыг мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Содбаярт бичиж хүргүүлсэн байдаг.

Цагдаагийн дэслэгч Л.Содбаяр нь Цээл сумын хэсгийн төлөөлөгч, мөрдөгчийн эрх олгогдсон албан тушаалтан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын даалгаврын хүрээнд дээрх ажиллагааг хийсэн болно.

3. Яллагдагч Д.А гаас мөрдөн байцаалтын шатанд 2 удаа мэдүүлэг авсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өмгөөлөгч С.Сувдмааг байлцуулан эрүүгийн 1734005490029 дугаартай хэрэгт дахин мэдүүлэг авсан.

4. Гэрч Н.Ариунцэцэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасны дагуу гэрчийн эрх, үүргийг эдэлж, хохирогч Б.Мөнгөнбаяр нь шүүгдэгч Д.А-д зодуулсны улмаас эрүүл мэнд нь хохирсон хууль зүйн фактын талаар өөрийн мэдэх асуудлыг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч юм.

5. Шүүх хуралдаанд улсын яллагчаас хх-ийн 13, 14, 15 дугаар хуудсанд авагдсан гэрчүүдийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтаар үнэлээгүй талаараа саналаа хэлсэн бөгөөд гэрч Д.Мөнхцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдэгдсний дараа тухайн газарт очсон талаараа мэдүүлдэг,

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, үнэлээгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцээгүй хууль бус, үндэслэлгүй дүгнэлтийг гаргасан байна.

Мөн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Д.А-д холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрлэсэн "Хэргийг прокурорт буцаах тухай" шүүгчийн захирамжинд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 "мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн бол" гэх үндэслэлийг удирдлага болгож хэргийг прокурорт буцаасан байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 "Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараахь үндэслэлээр шүүх өөрийн санаачлагаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ" гэж заасан байхад гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах тухай заалтыг удирдлага болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 223 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, Д.А-д холбогдох эрүүгийн 1734005490029 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд буцаалгахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.    

                                   

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхмаа гаргасан дүгнэлтдээ: Д.А-д холбогдох хэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байгаа. Шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн тайлбартаа: Прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байгаа. Гэмт хэрэг үйлдэгдсэн сар, өдөр анхан шатны шүүх хуралдаан дээр тодорсон. Урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй байж гэм буруугийн хурал дээрээс хэргийг буцаадаг нь буруу. Хохирол төлбөр төлөгдөөгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд энэ хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байгаа. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж өгнө гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа гаргасан тайлбар, саналдаа: Мөрдөн байцаалтын ажиллагаа хангалтгүй, дутуу хийгдсэн тул хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлт гаргасныг хүлээн авч, хэргийг прокурорт буцаасан. Ингэж буцаахдаа шүүх хуралдаан дээр гаргаж байсан хүсэлтүүдийн заримыг хангаж, заримыг нь шийдвэрлээгүй орхисон байгаа гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Давж заалдах шатны шүүх Д.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Шүүгдэгч Д.А  нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн үед Төв аймгийн Цээл сумын 3-р баг Паркийн хашаанд Б.Мөнгөнбаярыг хутга нуулаа гэх шалтгаанаар муудалцан, нүүрэн тус газар өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг дээрх цаг хугацаанд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ үйлдсэн/ нь хавтаст хэрэгт авагдсан,

 

            Гэрч Р.Даваанямын: “2017 оны 11 дүгээр сарын 24-ний орой биш 22-ны орой 23 цагийн үед Мөнгөнбаярын эхнэр Банзаа нь хүн үхэх гээд байна гэж дуудлага өгсөн. ...Өөрөөс нь юу болсон талаар асуухад Д.А тай муудалцаад зодуулсан гэсэн.” /хавтаст хэргийн 10-р хуудас/ мэдүүлэг болон шүүх хуралдаанд хохирогч Б.Мөнгөнбаяр, гэрч Л.Содбаяр, О.Батболд, Д.Мөнхцэцэг нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

 

            Мөрдөн байцаалтын ажиллагааны шатанд хохирогч Б.Мөнгөнбаярыг эрүүгийн 1734005490029 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоох ёстой байтал эрүүгийн 1734005490026  дугаартай хэрэгт хохирогчоор тогтоосон, шүүгдэгч Д.А г эрүүгийн 1734005490029 дугаартай хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдсэн атлаа 183400540029 дугаартай хэрэгт яллагдагчаар байцаасан зэрэг нь техникийн шинжтэй алдаа байх тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

            Анхан шатны шүүх хуралдаан дээр прокурор хавтаст хэргийн 13, 14, 15 дугаар хуудсанд авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээрээ нотлох баримтаар үнэлээгүй талаар тайлбар гаргаж байхад шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлын талаар дахин тус эрүүгийн хэрэгт Н.Отгонтуул, Д.Мөнхцэцэг нарыг гэрчээр тогтоон мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

 

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 "Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараахь үндэслэлээр шүүх өөрийн санаачлагаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч. өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ" гэж заасан байхад гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд урьдчилан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах тухай заалтыг удирдлага болгож шийдвэрлэсэн...” гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Учир нь талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй, шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй байхад шүүгдэгчийн гэм  буруутай эсэхийг тогтоох анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан нь буруу байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх нь прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх” тухай хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн байдлыг нь харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

  Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 223 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцаасугай.

 

  1. Прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авсан болохыг дурдсугай.

 

  1. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Д.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

 

                         ШҮҮГЧИД                                  О.ОДНЯМАА

 

                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ