Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяа Ганбат |
Хэргийн индекс | 109/2019/0007/З |
Дугаар | 109/ШШ2019/0007 |
Огноо | 2019-06-10 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 109/ШШ2019/0007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ц
Хариуцагч: А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Д.Г
Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/01/07 дугаар актыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Л-г 2018 онд аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилд нь эгүүлэн авч ажиллуулсан. Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд гарсан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн даргын цалин тухайн онд хэмнэгдэж байсан учир Б.Л-д 2018 онд багтаан цалинг олгосон бөгөөд тухайн оны байгууллагын төсөвт ямар нэг байдлаар хүндрэл учруулаагүй. Мөн шүүхийн шийдвэрээр хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газраас тухайн зардлыг олгохоор шийдвэрлэсэн байдаг.
Гэтэл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17/01/07 дугаар актаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ц-с 14.260.373 төгрөгийг гаргуулахаар акт гаргаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Л-г ажлаас чөлөөлөгдсөн хугацаанд тухайн ажлын байран дээр өөр ямар нэгэн хүн ажиллуулж, Б.Л-д давхардуулсан цалин олгож төсөвт хохирол учруулсан зүйл байхгүй, батлагдсан төсөвт багтааж, 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.
Иймд А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 17/01/07 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т “Төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ”, 45.2.4- т “төсвийн байгууллага нь батлагдсан орон тооноос дутуу орон тоогоор ажилласнаас бий болсон төсвийн үлдэгдэл” гэж заасан байх тул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын цалин тухайн онд хэмнэгдэж байсан гэсэн нь үндэслэлгүй байна. Тухайн ажилтан ажиллаагүй бол дутуу орон тоогоор ажилласнаас бий болсон төсвийн үлдэгдэл нь хэмнэлт биш бөгөөд төсвийн захирагч буюу Тамгын газрын дарга үлдэгдлийг орон нутгийн төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлэх үүрэгтэй.
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэжээ. Гэтэл энэ тохиолдолд тухайн төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй буюу ажиллаагүй хугацааны цалин олговрыг шүүхийн шийдвэрээр нөхөж олгосонтой холбоотой нөхцөл байдал бий болсон. Тамгын газраас 2018 оны байдлаар өөрт учирсан хохирлоо гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх арга хэмжээ аваагүй, санхүүгийн тайланд авлагаар бүртгээгүй орхигдуулсан байсан.
Дотоод аудит хийх үндэслэл нь аймгийн Төрийн аудитын газраас аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болсон санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийх явцад уг асуудлыг илрүүлж, орон нутгийн төсөвт хохирол учруулсан зөрчил болох, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-д “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж заасныг хэрэгжүүлэх арга хэмжээ авах талаар шаардсан албан шаардлагыг манай албанд ирүүлсэн болно. А аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Албан шаардлага “ ... аудит хийх явцад Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 241 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ дотоод аудитын хэлтсийн дарга Б.Л-ийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 13.081.013 төгрөг, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 1.177.291.13 төгрөг, нийт 14.258.304.13 төгрөгийг Засаг даргын Тамгын газрын цалингийн сангаас олгож орон нутгийн төсөвт хохирол учруулсан зөрчил илэрлээ...” гэж дурдсан байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 468.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэжээ. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж заасан.
Мөн Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бур хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна”, 69.3-т “Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна” гэж заасан бөгөөд энэхүү хууль тогтоомж тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан дүрэм журам, стандартаар олгогдсон улсын байцаагчийн эрх, үүргийн хүрээнд асуудлыг шалгаж шийдвэрлэсэн.
Иймд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 17/01/07 дугаартай улсын ахлах байцаагчийн актаар тогтоосон 14.260.373 төгрөгийн нөхөн төлбөр нь хууль эрх зүйн бүрэн үндэслэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
А аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ц-с А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Д.Г-д холбогдуулан “А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/01/07 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд, А аймгийн Төрийн аудитын газрын 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 38/38АРА-2019/01-СТА дугаартай албан шаардлагад “ ... Аудит хийх явцад Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 241 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Б.Л-ийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 13.081.013 төгрөг, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын зардалд 1.177.291.13 төгрөг, бүгд 14.258.304.12 төгрөгийг Засаг даргын Тамгын газрын цалингийн сангаас олгож орон нутгийн төсөвт хохирол учруулсан зөрчил илэрлээ ... Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-д “энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг нөхөн төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж заасныг хэрэгжүүлэх арга хэмжээ авах ...” талаар шаардсан албан бичгийг А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд хүргүүлсэн байна.
Дээрх албан шаардлагын дагуу А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны аудит, хяналт шалгалтын 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Дотоод аудит хийх тухай” 06 дугаар удирдамжаар 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын 5 хоногт А аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны үйл ажиллагаанд хэсэгчилсэн аудит, хяналт шалгалт хийхээр тусгажээ.
Дээрх аудит, хяналт шалгалтын үр дүнд А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/01/07 дугаар актыг тогтоосон байна.
Маргаан бүхий 17/01/07 дугаар актаар “ ... төсөв захирагчийн зүгээс батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр дүнтэй зарцуулаагүй, санхүү төсвийг зүй зохистой удирдаагүй батлагдсан орон тооноос дутуу орон тоотой ажилласнаас бий болсон төсвийн үлдэгдлийг ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт тооцож олгосон, захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо нэхэмжлэн авахаар нягтлан бодох бүртгэлд тусгаагүй зэргээс 1 хүнтэй холбоотой 14.260.373 төгрөгийн нөхөн төлбөр зөрчил илэрлээ ... А аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны батлагдсан төсвөөс Б.Л-д ажилгүй байсан хугацааны цалинд 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №698 дугаар төлбөрийн хүсэлтээр 4.576.428 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №816 дугаар төлбөрийн хүсэлтээр 3.930.055 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №880 дугаар төлбөрийн хүсэлтээр 4.576.428 төгрөг олгосон байна ... нийт 14.260.373 төгрөгийн нөхөн төлбөрийг буруу шийдвэр гаргасан албан тушаалтан, Тамгын газрын дарга Б.Ц-р нөхөн төлүүлэх ...” талаар тусгажээ.
Нэхэмжлэгч А аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ц-с “ ... А аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн даргыг ажлаас чөлөөлсөн байсныг 3 шатны шүүхээр хэлэлцэж ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газраас Б.Л-д ажилгүй байсан хугацааны цалинг олгосон. Тухайн цалинг байгууллагын батлагдсан төсвөөс олгосон. Б.Л-г ажлаас чөлөөлөгдсөн хугацаанд тухайн ажлын байран дээр өөр ямар нэгэн ажиллуулж, Б.Л-д давхардуулсан цалин олгож төсөвт хохирол учруулсан зүйл байхгүй. Төсөвт ямар нэгэн хохирол учруулаагүй, батлагдсан төсөвт багтааж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Иймд А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, улсын ахлах байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 17/01/07 дугаар акт хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж;
Хариуцагч А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргаас “ ... Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт “Төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй...”, 45.2.4 дэх хэсэгт “Төсвийн байгууллага нь батлагдсан тооноос дутуу орон тоогоор ажилласнаас бий болсон төсвийн үлдэгдэл” нь төсвийн хэмнэлт биш гэж заасан. Үүний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн даргын цалин нь тухайн онд хэмнэгдэж байсан гэдэг нь үндэслэлгүй. Тухайн ажилтан ажиллаагүй бол дутуу орон тоогоор ажилласнаас бий болсон төсвийн үлдэгдэл нь хэмнэлт биш бөгөөд үүнийг төсвийн захирагч буюу Тамгын газрын дарга орон нутгийн төсвийн дансанд төвлөрүүлэх үүргийг хуулиар хүлээсэн байдаг. Өмнө үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно.” гэж заасан. Энэ тохиолдолд тухайн албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй буюу ажиллаагүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэрийг үндэслэж олгосон нь буруу юм. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2 дахь хэсгүүдэд зааснаар гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг нь нөхөн төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны дотоод аудитын нэгж хариуцна гэсний дагуу А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, улсын ахлах байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17/01/07 дугаар актыг тавьсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж; тус тус маргасан.
А аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Б.Л-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгосон үйл баримтын тухайд:
Анх А аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Б.Л-г ажилд түр томилох тухай” Б/90 дүгээр тушаалаар А аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Л-г 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр томилсон байна.
Авлигатай тэмцэх газрын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулж, зөрчил арилгуулах тухай” 03/6366 дугаар албан бичгээр нэр дэвшигч нь тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар тус газраас хариу мэдэгдээгүй байхад аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 дүгээр тушаалаар Б.Л-г аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг болон Улсын Их хурлын хууль зүйн байнгын хорооны 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолын 3.6-д ... заасныг зөрчсөн байна. Иймд ... Б/90 дүгээр тушаалыг хүчингүй болгох ...” талаар А аймгийн Засаг даргад мэдэгджээ.
Дээрх албан бичгийг үндэслэн А аймгийн Засаг даргын тамгын газрын дарга 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/58 дугаар тушаалаар Б.Лг ажилд түр томилсон Б/90 дүгээр тушаалыг хүчингүй болгосон байна.
Иргэн Б.Л-с дээрх тушаалыг эс зөвшөөрч А аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “А аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/58 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг даалгах, нийт ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Тус шүүх дээрх нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2017/0056 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, А аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Тушаалыг хүчингүй болгох тухай” Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил болох А аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилтийг хийхийг А аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0127 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “зарим хэсгийг” гэснийг “бүхэлд нь” гэж, мөн заалтын “эгүүлэн тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “эгүүлэн тогтоосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 35100 /гучин таван мянга нэг зуун/” гэснийг “70200” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ. .
Ийнхүү нэхэмжлэгч Б.Л-г А аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №698 дугаар төлбөрийн хүсэлтийн дагуу 9 сарын урьдчилгаанд Б.Л-д 4.576.428 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №815 дугаар төлбөрийн хүсэлтийн дагуу 10 сарын урьдчилгаанд 3.930.055 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №880 дугаар хүсэлтийн дагуу 11 сарын урьдчилгаанд 4.576.428 төгрөг, нийт 13.082.911 төгрөг олгож, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 1.177.462 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн оролцогч нар маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийн хэмжээний талаар маргаагүй болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйл 1.Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж тодорхойлсон.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйл. “Шүүхийн шийдвэр”, 31.1.“Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана.”, 32 дугаар зүйл. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх”, 32.1. “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.”, 32.3. “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2. дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй.
Маргаан бүхий энэ тохиолдолд, шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэрийг биелүүлсэн нэхэмжлэгч А аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үйлдлийг буруутгах үндэслэлгүй тогтоогдохгүй байна.
Иргэн Б.Л-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгосон А аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үйлдлийн улмаас тухайн байгууллагад хохирол учирсан эсэх тухайд:
Хэргийн үйл баримтын тухайд, А аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Л нь А аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан, ажил олгогчоос шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл маргаан бүхий албан тушаалд тус газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Г-г томилж ажил хавсран гүйцэтгүүлжээ .
Дээрх байдлаар тухайн албан тушаалыг Ш.Г-р хавсран гүйцэтгүүлэхдээ ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл цалин хөлс олгоогүй, тухайн албан тушаал дээр өөр хүн томилж ажиллуулаагүй, тухайн байгууллагад цалингийн давхардал үүсээгүй бөгөөд иргэн Б.Л-ийн ажил, албан тушаалын орон тоо, цалинг хэвээр хадгалж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл. “Захиргааны байгууллага хохирлоо барагдуулах”, 103.1. “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ.”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5. “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл төрийн албан хаагчийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас захиргааны байгууллагад учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардан гаргуулахтай холбоотой харилцааг зохицуулжээ.
Маргаан бүхий энэ тохилдолд, нэхэмжлэгч Б.Ц-ийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас тухайн байгууллагад хохирол учруулсан буруутай үйлдэл тогтоодохгүй байна.
Учир нь, нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн “Хуулийн хэрэгжилтийг хангуулж, зөрчил арилгуулах тухай” албан бичгийг үндэслэжээ.
Тодруулбал, маргаан бүхий 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Тушаалыг хүчингүй болгох тухай” Б/58 дугаар тушаал нь Авлигатай тэмцэх газрын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 03/6366 дугаартай “... Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагаар Б.Л-г А аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 дүгээр тушаалыг хүчингүй болгох, ...” тухай шаардлага бүхий албан бичгийг үндэслэсэн байна.
Дээрх албан бичгийг хэрэгжилтийг хангуулж, иргэн Б.Л-г ажилд түр томилсон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн А аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл гаргаж тухайн байгууллагад хохирол учруулсан гэж үзэх нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт /17/01/07/ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/01/07 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.1.,106.3.12., 107 дугаар зүйлийн 107.5. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1., Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/01/07 дугаар актыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ