| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2021/0081/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/80 |
| Огноо | 2021-04-27 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/80
2021 04 27 2021/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0081/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
Улсын яллагч Ж.Батбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан /онлайнаар оролцсон/,
Шүүгдэгч Г.С /онлайнаар оролцсон/ нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С-д холбогдох 2139....... дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.С
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 13-18 тоотод хохирогч Г.Гой маргалдаж, улмаар толгойн тус газарт нь шаазан аягаар цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 13-16 тоотод иргэн Э.Атой маргалдаж, улмаар хавсарч унагаалаа гэх шалтгаанаар дээд уруулыг нь хазаж, эрүүл мэндэд нь дээд уруулын хэсэгт шарх, зүүн шуунд зулгаралт, духны баруун дээд хэсэг, баруун нүдний доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2021 оны 02 дугаар сарын 26-ны орой 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 03-30 тоотод иргэн В.Бийг “гэрт нь байнга хонож өнждөг байж гэр орныг нь хүндлээч” гэж хэлсэнээс үүдэн маргалдаж, улмаар В.Бийг өмсөж явсан хувцасных нь захаар боож, түлхэж унагаан дээр нь суух зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд зүүн дунд чөмөгний далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.С нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 13-18 тоотод хохирогч Г.Гтой маргалдаж, улмаар толгойн тус газарт нь шаазан аягаар цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 13-16 тоотод иргэн Э.Атой маргалдаж, улмаар хавсарч унагаалаа гэх шалтгаанаар дээд уруулыг нь хазаж, эрүүл мэндэд нь дээд уруулын хэсэгт шарх, зүүн шуунд зулгаралт, духны баруун дээд хэсэг, баруун нүдний доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2021 оны 02 дугаар сарын 26-ны орой 20 цагийн орчимд Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 03-30 тоотод иргэн В.Бийг “гэрт нь байнга хонож өнждөг байж гэр орныг нь хүндлээч” гэж хэлсэнээс үүдэн маргалдаж, улмаар В.Бийг өмсөж явсан хувцасных нь захаар боож, түлхэж унагаан дээр нь суух зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд зүүн дунд чөмөгний далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч Г.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Улаанбаатар хотод ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг юм. Би 2020 оны 11 дүгээр сарын үеэр Хэнтий аймагт жоншин дээр ажиллах гээд ирээд байсан юм. Тэгээд найз Отгонбаатарын гэрт ирээд байсан юм. Отгонбаатарынд болохоор би, манай найз охин Хулан, Мөнхтулга бид дөрөв байсан юм. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 20-ны өглөө бид дөрөв байж байхад Дашравдан орж ирсэн. Дашравдангийн араас Отгонбаатар, Тулга нарын найз болох Норовлингийн Сээгийбатаа гэж дууддаг С гэх залуу Баярцогттой хамт орж ирсэн. Тэгсэн С гэх залуу хөгшин нь ямаа зарсан 200 мянган төгрөг байна, ганц нэг пиво авч уух уу гэсэн. Тэгээд бүгдээрээ дэлгүүр орохоор гарцгаасан. Тэгээд дэлгүүр орж 2.5 литрийн Нийслэл пиво 4 ширхэгийг аваад Отгонбаатарын гэрт задлаад ууж байхад Намхайнямбуу 2.5 литрийн “Нийслэл” пивотой гаднаас орж ирсэн. Тэгээд авсан пивонуудаа ууж байхад зарим нь хөзөр тоглоод сууж байсан. Тэр үеэр би гарч бие засчихаад ороод ирсэн чинь С, Мөнхтулга хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би та хоёр юунаас болж маргалдаад байгаа юм бэ, одоо боль, би найзыгаа аваад гарлаа гэж хэлээд Мөнхтулгыг сугадаад гэрийн хаалгаар түрүүлж гаргаад араас нь гарах гээд тонгойтол С барьж байсан аягаараа миний толгойны зүүн талаас хүчтэй цохиод авсан. Тэгээд яаж байгаа юм гээд толгойгоо барихад цус олгойдоод их хэмжээгээр гарсан. Сын намайг цохисон аяга нь 2-3 ширхэг болоод хагарчихсан байсан. Тэгсэн Баярцогтын найз охин гэрээсээ маарал авчираад миний толгойг боож өгсөн. Тэгээд байж байхад цагдаа, эмнэлгээс хүмүүс ирээд намайг аваад явсан... Намайг 00 орчихоод гаднаас ороод ирэхэд тэр хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би Мөнхтулгыг С ахаас өмөөрөөд би найзыгаа аваад гарлаа гэж хэлчихээд Мөнхтулгыг гэрээс аваад гарах гэтэл С барьж байсан аягаараа миний толгой руу цохичихсон. Тэрнээс бол би Стай маргалдаж муудсан асуудал байхгүй... Манай найз охин Хулан харсан. Харин гэрт байсан нөгөө хэд хөзөр тоглоод сууж байсан. Тэр хэд анзаарч хараагүй байх. Дараа нь юу болсон бэ гэцгээж байсан. Дашравдан хойд матраасан дээр унтаж байсан. Харин Баярцогт эхнэртэйгээ орж гараад яваад байсан. Тухайн үед байгаагүй. Намайг толгойгоо хагалуулчихсан байхад гаднаас орж ирээд цагдаа дуудсан. Гэрт манай найз охин Хулан, Отгонбаатар, Намхайнямбуу, Дашравдан нар гэрт байсан. Мөнхтулга болохоор гэрээс түрүүлээд гарчихсан байсан... Миний толгойны зүүн чамархайн хэсэгт 10 оёдол тавиулсан... Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 тал/
Хохирогч Г.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Тухайн хэрэг болдог өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Норовлингийн С гэх залуу миний араас толгой руу аягаар цохих үед миний толгой манараад цохилтынхоо эрчинд гэрийн хаалганы ирмэгийг баруун нүднийхээ хөмсөгний харалдаа мөргөөд унасан. Тэгээд тэр өдрөө толгойндоо оёдол тавиулчихаад маргааш өглөө босоход баруун нүдний зовхи бага зэрэг хөх туяа үүсчихсэн байсан. Тэгэхэд нүд маань бага зэрэг хөхөрсөн байсан... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би шүүх хуралд суухгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 тал/
2. Хохирогч Э.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2021 оны 01 дүгээр сарын 14-ний орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнх 13-16 тоотод танил Баярцогтын гэрт архи, пиво уусан. Тэр өдөр С ах Норовлин сумаас өөрийн 1 ямаа, 10 хонийг цахилгаан бойн дээр авчирч борлуулж мөнгөтэй болсон байсан. Би Баярцогтынд С ах, Гантөгс гэх эмэгтэйн хамт 0.75 литрийн хоёр шил архи уусан. Ингээд оройхон Гантөгс гэдэг хүүхэн яваад өгсөн. Тэгтэл С ах Баярцогтод мөнгө өгөөд пиво аваад ир гэхэд нь Баярцогт гэрээсээ гарч яваад 22 цагийн үед 3 ширхэг 2.5 литрийн Брат нэртэй пиво дэлгүүрээс авчирч бид гурав уусан. Тэгтэл С ах нилээн согтоод намайг шоронгийн хадаас гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би чимээгүй л суугаад байсан. Тэгтэл С ах гэрийн зүүн урд талын шүүгээн дээр байсан сэрээг аваад над руу дайртал Баярцогт гэрт битгий маргалдаад бай, гарч учраа ол гэхээр нь С ахын хамт гэрийн гадаа гараад гэрийн үүдэнд С ахын гартаа бариад байсан сэрээг нь булааж авах гэтэл өгөхгүй, надтай зууралдаад байхаар нь би хавсрах мэх хийгээд унагаасан. Тэгэхдэээ би дээр нь дараад унаад өгтөл С ах миний дээд уруулаас хазаад тавихгүй болохоор нь би уруулаа татаад авсан. Намайг хавсарч унагаах үед сэрээгээ хаясан. Тэгтэл уруулнаас цус гарсан. Тэгээд бид хоёр салаад би босоод зогсож байхад С ах миний зүүн гарын шуу руу хоёр удаа хөлөөрөө өшиглөхөөр нь би С ахад одоо хоёулаа больё гэхэд С ах гэр рүү орсон. Би ч гэсэн дагаад гэрт орсон. Тэгээд би гэрийн баруун талын орон дээр сууж байхад С ах миний хамар руу нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд хамраас цус гарсан. Тэгээд би гэрээс гараад цагдаад дуудлага өгсөн. С ах миний зүүн гарын шуу хэсэг рүү хоёр удаа өшиглөснөөс болж зүүн гарын шуу бага зэрэг хавдсан. Мөн хазуулсанаас болж дээд уруулд 5 оёдол тавиулсан. Би С ахыг уучилсан. Тухайн үед С ах нилээн согтсон байсан. Би С ахыг зодож цохисон асуудал байхгүй... С ах намайг зодохын өмнө Баярцогт бага зэрэг маргалдахад Баярцогт С ахын нүүрэн тус газарт хоёр удаа гараараа хальт цохисон. Тэрнээс болж С ахын нүүрэнд гэмтэл учирсан асуудал байхгүй... Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй... Би Сыг хавсарч газар унах үед дээрээс дарж унах үедээ духны баруун дээд хэсэгт зулгарсан. Баруун нүдний доод зовхио зулгалсан юм шиг байна лээ... Би С ахаас эмчилгээний болон бусад зардал нэхэмжлэхгүй... Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй... Би шүүх хуралд оролцохгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-113 тал/
3. Хохирогч В.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр цагийг нь яг хэд болж байсныг сайн санахгүй байна. Харанхуй болж байсан. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булаг 3-30 тоотод оршин суух Идэрбаатарын гэрт очсон чинь Идэрбаатарын гэрт С, Баярцогт, Гантөгс, Г, Хулан, Мөнхтулга нар 0.75 граммын Хараа нэртэй архи задалчихсан хувааж ууцгаагаад сууж байсан. Намайг ороод дөнгөж суухад Заяа ах орж ирсэн. Бүгд тухайн Хараа нэртэй архинаас нь хувааж ууж байхад Отгонбаатар гэх залуу зүүн орон дээр тасарчихсан унтаж байсан. Архи бүгд хуваагаад ууж байхад С агсан согтуу тавиад байхаар нь Заяа ах, Г, Хулан, Мөнхтулга нар Идэрбаатарын гэрээс гараад харих гээд явах гэхээр нь би гаргаж өгчихөөд буцаад Идэрбаатарын гэрт ороход С, Баярцогт, Гантөгс, Идэрбаатар нар суугаад архи ууж байсан. Тухайн үед 20 цаг орчим болж байхад С Идэрбаатарын гэрт байгаа юм байж Идэрбаатар руу агсараад зодчих гээд байхаар нь Сад хандан хэлэхдээ чи айлд байж гэрийнх нь эзнийг доромжлохоо болиоч гэсэн чинь С босож ирээд намайг барьж аваад күртикний юүдэнг толгой дээгүүр давуулж намайг доош нь дарж байснаа зүүн гуя руу минь өвдөглөөд намайг арагш нь дараад унагаасан. Тэгэхдээ С миний дээр дарж унахдаа хөл эвгүй болгочихсон. Би хөл хугарчих шиг боллоо эвгүй болчихлоо гэсэн чинь С битгий баашлаад бай гэсэн чинь Гантөгс намайг худлаа ярьж байна гээд доромжлоод байсан. Тэгээд Гантөгс, С, Баярцогт нар Идэрбаатарын гэрээс гараад явсан. Харин Идэрбаатар намайг эмнэлэгт хүргэж ирсэн... С нь намайг Идэрбаатарын гэрт ороход согтуу байсан. Намайг орсоноос хойш бас архи уусан... Намайг С нь доош нь дараад нэг удаа өшиглөсөн. Тэгээд намайг хойш нь дараад дээрэээс унахад хөл эвгүй болчихсон... Би хөл хугарчихсан оноштой хэвтэж байна. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилж байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 169-171 тал/
Хохирогч В.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Би Саас 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө, мөн хөлөндөө хадаас хадуулсан гээд 2 сая төгрөг болсон. Түүнийгээ нэхэмжилж байна...Надад одоогийн байдлаар ямар нэгэн баримт байхгүй байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 212 тал/
4. Гэрч В.Намхайнямбуугийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэрлэн сумын 1 дүгээр багт эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн үед манай найз Мөнхтулга над руу утасдаад миний симийг аваад Баатараагийнд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд 11 цагийн үед би замаараа дэлгүүр ороод 2.5 литрийн пиво аваад Баатараагийнд очиход гэрийн эзэн Баатараа, Мөнхтулга, Жоохноо, Хулан, манай ах Дашравдан, нэрийг нь сайн мэдэхгүй байна, Батаа гэх залуу тэр хэд 3 пиво тавьчихсан тойруулаад ууж байсан. Тэгээд би тэр хэдийн тойруулж байсан пивоноос уугаад, зарим нь хөзөр тоглоод сууж байхад Мөнхтулга, Батаа гэх залуутай маргалдаад муудаад байх шиг байсан. Тэгсэн гэнэт Жоохноо гэх залуугийн толгой нь хагарчихсан цус гарч байсан. Би тухайн үед хэн нь Жоохноогийн толгойг юугаар хагалсныг хараагүй. Тэгээд нэг нь цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар бид хэдийг аваад эрүүлжүүлэх дээр авчирсан... Бүтэн нэрийг нь мэдэхгүй. Тэгж л дуудаад байдаг болохоор энэ нэрнүүдээр нь л мэднэ. Жоохноо гэдэг нь толгойгоо хагалуулсан залуу, Баатараа гэдэг нь гэрийн эзэн залуу, Батаа гэх залууг бол би танихгүй. Норовлингийн залуу гэж байсан... Мэдэхгүй байна. Нилээн хэдэн пиво уугаад зарим нь нилээн халсан байсан. Би тухайн үед хөзөр тоглож байсан болохоор хэн нь хэнийхээ толгойг юугаар хагалсаныг хараагүй. Миний ойлгосноор пиво тойруулж байсан аягаараа нэг нь нэгнийхээ толгой руу цохиод хагалчихсан юм байна лээ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/
5. Гэрч В.Дашравдангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Бэрх тосгоноос хойш Майлын жоншны уурхай дээр ажилладаг юм. Тэгээд манай эмээ нас барчихаад ажил явдлыг нь өнгөрөөх гээд Хэнтий аймагт ирээд хоёр хонож байгаа юм. Би өөрийн гэсэн гэр орон байхгүй болохоор буудлаар байрлаж байгаа юм. Тэгээд өнөө өглөө буудалдаа унтаж байхад манай таньдаг дүү Мөнхтулга над руу утасдаад намайг Баатараагийнд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би буудлаас гараад 09 цагийн үед Баатараагийнд очиход гэрийн эзэн Баатараа, Мөнхтулга, Жоохноо, Хулан, Норовлингийн С гэх залуу байсан. Тэгээд намайг очсоны дараа тэр хэд дэлгүүрээс 3 ширхэг пиво авчраад ууж байхад 11 цагийн үед манай дүү Намхайнямбуу 1 пивотой ирсэн. Тэгээд тэр хэдийн авчирсан пивийг тойруулж ууж байгаад унтаад өгсөн. Нэг сэрсэн Жоохноо гэх залуугийн толгой нь хагарчихсан цагдаа нар ирчихсэн байсан. Хэн нь хэнийхээ толгойг юугаар хагалсныг мэдэхгүй байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/
6. Гэрч Д.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 13-18 тоотод айлын хашаанд гэр бариад ганцаараа амьдарч байгаа юм. 2020 оны 11 дүгээр сарын үеэр манай найз Г найз охин Хулантайгаа ирээд байгаа юм. Тэгээд өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 20-ны өглөө Г, Хулан, Мөнхтулга бид хэдийг унтаж байхад Мөнхтулгын найз Дашравдан манайд ирсэн. Дашравдангийн араас С, Баярцогт хоёр орж ирсэн. Баярцогт, С хоёр хөдөө ямаанд яваад ирлээ гэж ярьж байсан. Тэгээд С гарч ганц нэг... авч ууя гэсэн. Тэр үед бүгд босцгоосон. Тэгээд бүгдээрээ хажуу талын дэлгүүр явцгаасан. Тэгээд дэлгүүрээс 2.5 литрийн 3 ширхэг пиво аваад гэртээ ирээд эхний пиво тойруулж байхад Намхайнямбуу 0.5 литрийн пиво барьчихсан 11 цагийн үед гаднаас орж ирсэн. Тэгээд авсан пивонуудаад тойруулж уугаад суусан. Хойд орон дээр Дашравдан унтаад өгсөн. Харин би Намхайнямбуу бид хэд хөзөр тоглоод сууж байхад Мөнхтулга, С хоёр зуухны баруун талд маргалдаад байсан. Яг юунаас болж маргалдсаныг нь мэдээгүй. Тэгсэн гэнэт л Гын толгой нь хагарчихсан цус нь тогтохгүй байсан. Тэгсэн тэнд байсан Гын найз охин Хулан чи яагаад хүн аягаар цохиж байгаа юм гээд Сыг тэгээд байсан. Миний ойлгосноор Тулга, С хоёр хоорондоо маргалдаад байхаар нь Г салгаад гэрээс авч гарах гэж байхад нь С аягаар Гын толгой руу цохисон гэж ойлгосон. Би яг цохиж байхыг нь бол хараагүй. Тэгээд удаагүй эмнэлэг, цагдаагаас хүмүүс ирээд бид хэдийг эрүүлжүүлэхэд хийсэн... Г, Хулан, Мөнхтулга, С, Намхайнямбуу, Дашравдан нар байсан. Дашравдан унтаж байсан... С, Мөнхтулга хоёр нилээн согтчихсон хоорондоо маргалдаад байсан. С ах л хагалсан байх... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/
7. Гэрч Б.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт ээж, аав, дүү, хүүхдийн хамт амьдардаг юм. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянмөнхийн 13-18 тоотод Г түүний найз охин Хулан бид гурав Отгонбаатарынд хоносон юм. Тэгээд өглөө сэрээд би өөрийн танил ах болох Дашравдан ах руу утасдаад Отгонбаатарынд дуудсан. Тэгээд өглөө орондоо хэвтэж байхад Дашравдан ах Отгонбаатарынд орж ирсэн. Дашравдан ахын араас удалгүй Баярцогт, Норовлингийн С гэх залуутай тэр хоёр гаднаас орж ирсэн. Тухайн үед би Дашравдангийн дүү Намхайнямбууг ганц пиво аваад ирээч гээд дуудчихсан байсан юм. Тэгээд бүгд ганц нэг пиво ууя гээд дэлгүүр явцгаасан. Тэгээд С гэх залуу хоёр, гурван ширхэг пиво мөн Хулан бид хоёр байсан мөнгөөрөө 2.5 литрийн 2 ширхэг пиво авсан. Тэгээд бүгд буцаад Отгонбаатарын гэрт ирж уух гээд нэг пиво тойруулж байхад Намхайнямбуу 2.5 литрийн “Нийслэл” пивотой гаднаас орж ирсэн. Харин Баярцогтынх Отгонбаатарын хажууханд болохоор Баярцогт пиво уухгүй гээд эхнэртэйгээ орж ирчихээд гараад явсан. Тэгээд бүгд пиво ууж дуусахад бүгд нилээн согтсон. Би ч тухайн үед нилээн согтсон. Тэгсэн С гэх залаа ам муруйгаад юун дээрээс болж маргалдсанаа сайн санахгүй байна. Нэг мэдсэн С гэх залуутай маргалдаж байсан. Тэгсэн Г намайг болио хоёулаа гаръя гээд намайг сугадаад гэрийн хаалгаар түрүүлээд гаргаж байсан. Харин араас Г гарах гэж байсан. Тэгсэн л гэнэт Г толгойгоо барьчихсан толгойноос нь цус гарчихсан С аягаар цохичихлоо шдээ гэж хэлж байсан. Тухайн үед Гын толгойны цус нь тогтохгүй их цус гарч байсан. Би Гын толгойг С аягаар цохиж байхыг бол хараагүй. Миний араас гарах гэж байснаа гэнэт толгойгоо барьчихсан зогсож байсан... С гэх залуутай би маргалдаж байхад Г бид хоёрыг салгаад намайг гэрээс авч гарах гэж байхад л С гэх залуу араас нь цохичихсон байх. Өөр бид хэдтэй маргалдсан хүн байхгүй. Хамгийн ойрхон зогсож байсан нь С байсан. Зарим хүмүүс нь хөзөр тоглож байсан. Дашравдан ах бол унтаж байсан... Би юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тухайн үед би нилээн согтсон байсан. Намайг маргалдаж байхад Г намайг гэрээс аваад гарч байсныг санаж байгаа юм. С ч нилээн согтуу байсан. С тухайн үед надтай маргалдаж байсан болохоор намайг Г аваад гарахаар уурлаад цохичихсон байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/
8. Гэрч Э.Хулангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Г гэх залуутай 2020 оны 10 дугаар сарын үеэр танилцаад 3 сар хэртэй болж байгаа юм. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Г, Мөнхтулга бид гурав Баянмөнх гэр хороололд байдаг Отгонбаатарын гэрт дөрвүүлээ хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 20-ны өглөө хэвтэж байхад Дашравдан гэх ах гаднаас орж ирсэн. Мөн Дашравдан ахын араас Норовлингийн Сээгийбатаа гэж дууддаг С гэх ах Баярцогттой хамт гаднаас орж ирсэн. Тэгээд бид хэд босоод байж байхад С гэх ах ганц нэг пиво авч ууя гээд байсан. Тэгсэн бүгд босоод дэлгүүр орж нилээн хэдэн пиво авч Отгонбаатарын гэрт ууцгаасан. Тэр үеэр мөн Намхайнямбуу гэх залуу мөн ирчихсэн байсан. Тэгээд бид хэд пиво ууцгаангаа хөзөр тоглож байсан. Зарим нь ч орж гараад л байсан. Би тэр үед хойд талын орон дээр зүйрмэглэх гээд сууж байхад С ах Мөнхтулгатай муудаад маргалдаад байсан. Тэгсэн манай найз залуу Г тэр хоёрыг болио гээд Мөнхтулгыг сугадаад гэрээс аваад гарах гэж байхад С гэх ах барьж байсан аягаараа Гын толгой руу цохичихсон. Тэгсэн Г цохиулсандаа урагшаа тонгойгоод хаалга мөргөөд гэрээс гарсан. Би тэгээд араас нь гарахад толгой нь хагарчихсан цус гараад байхаар нь би цамцаар дарахад цус нь тогтохгүй байсан. Тэгсэн дараахан нь цагдаагаас болон эмнэлгээс хүмүүс ирээд Гыг аваад явсан... Би яг юунаас болж цохисныг нь мэдэхгүй байна. С, Мөнхтулга хоёр маргалдаж байхад нь Г болиулах гээд Мөнхтулгыг аваад гарсан. Тэр үед л цохисон. Би тэр үед зүйрмэглээд нойр хүрээд байсан. Яалт ч үгүй С аяга барьчихсан, Гын толгой руу цохиод авсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/
9. Гэрч Н.Баярцогтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... С манай эхнэрийн нутгийн залуу байгаа юм. Бид хоёр Норовлинд танилцаж байсан. Хэнтий аймгийн төвд ирэхээрээ манай гэрт л ирдэг юм... Би 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 13-16 тоотод гэртээ найз С, А, Гантөгс нарын хамт пиво уусан юм. Тэгээд Гантөгс 16 цаг өнгөрч байхад манай гэрээс явсан. Түүнээс хойш А, С бид гурав пиво уусан. Тэгээд нилээн оройхон С надад пивоны мөнгө өгч би дэлгүүрээс 3 ширхэг 2.5 литрийн пиво авч ирсэн. Тэгээд бид нар пиво уугаад сууж байх үед С Аод хандаж чи одоо яв, барьцаанд тавьсан утсаа ав гэсэн чинь А энэ пивийг ууж дуусгаад явна гээд байсан. Тэгэхэд С ах нилээн согтсон байсан болохоор чи одоо яв гээд хөөсөн юм. Тэгсэн чинь А чи айлд байгаа байж намайг хөөдөг хэн юм бэ гэж маргалдсан. Тэгэхээр нь эхнэр бид хоёр айлд маргалдаад байх юм одоо тарцгаая гэсэн. Тэгээд би та хоёр гэрээс гарч учраа ол гээд гэрээс гаргасан. Тэгээд би удалгүй гэрээс гарахад С газар хэвтэж байсан. Дээгүүрээ нүцгэн цээж хэсгээр цус болчихсон. Харин Аын хамраас цус гарсан бололтой харагдсан. Тэгэхэд А уруул хазчихлаа гэж байсан. Тэгээд би Сыг татаж босгосон. Тэгээд би та хоёр цусаа цэвэрлээд гэрт ор гэж хэлээд гэрээс ус авчирч тэр хоёрын цусыг цэвэрлүүлсэн. Тэр хоёр муудахаа больсон. Тэгээд намайг босгосноос хойш эргэж тэр хоёр хоорондоо зодолдож муудаагүй. Ингээд гэрт орж ирээд С, А нар пиво уусан. Тэр үед гаднаас Идэрээ ах орж ирсэн. Идрээ ахыг ирэхэд зодоон болоод дууссан байсан. С ах Аыг дээрээс нь дараад унахаар би уруулыг нь хазсан гэж хэлж байсан. Ингээд үлдсэн нэг пивийг А, С, Идэрээ ах нар уугаад явсан юм. Би бол тэр орой пиво бараг уугаагүй, эрүүл байсан... Идэрээ ах С, А хоёрыг муудсаны дараа ирсэн. Идэрээ ахыг ирэхэд тэр хоёр эвлэрчихсэн байсан. А зодоон болсоны дараа манай гэрт пиво уугаад явсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаатай ирсэн... Тэр өдөр Гантөгсийг явсны дараахан С Аыг гар утсаа аваарай, мөнгийг чинь өгсөн шүү гэж хэлсэн чинь л би мэдэж байна ш дээ гээд Сыг А хальт алгадсан. С Аын гар утсыг 30.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан юм... Үдээс хойш Сыг гэрийн зүүн орон дээр сууж байхад нэг А хальт алгадсан өөр бол зодож байхыг нь хараагүй... Миний нүдэн дээр С Аыг зодоогүй. Харин гэрийн гадаа С Аын дээд уруулыг хазсан нь үнэн гэсэн. С өөрөө хэлсэн... Би Сыг зодсон болон биед нь халдсан асуудал байхгүй. Бид хоёрын хооронд муудах шалтгаан байхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 117-118 тал/
10. Гэрч А.Идэрбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2021 оны 02 дугаар сарын 26-ны өглөө Г, Хулан, Мөнхтулга, Отгонбаатар нартай хамт гэртээ байж байсан чинь 10 цагийн үед С, Баярцогт хоёр орж ирсэн. Тэгснээ С Баярцогт хоёр дэлгүүр ороод Хараа нэртэй 1 шил 0.75 граммын архи авч ирээд манайд бүгд архиа хувааж уусан. Авч ирсэн архиа ууж дуусгаад С Хулантай цуг цагдаагийн газарт өргөдөл гаргаж өгнө гээд явсан. Тэгээд Баярцогт, Мөнхтулга, Г бид нар 3 шил Хараа нэртэй архи уугаад байж байхад 18 цагийн орчимд С, Хулан, Гантөгс 3 манайд 1 шил архитай орж ирээд архиа задлаад бүгд хуваагаад ууж байсан чинь Б, Заяа ахтай орж ирсэн чинь С агсан согтуу тавиад байхаар нь Заяа ах манайхаас гараад явсан. Тухайн үед Сыг хүмүүс рүү томроод дайраад байхаар нь Хулан, Г, Мөнхтулга, Б нар гараад явсан. Манай гэрт Баярцогт С, Гантөгс бид нар үлдсэн. Харин Отгонбаатар тасраад зүүн орон дээр унтаж байсан. Тэгээд С над руу агсраад байхаар нь Б Сад хандан хэлэхдээ чи гэрт нь байнга хонож өнждөг байж гэр орныг нь хүндлээч гэрийн эзэн рүү нь агсарлаа гэсэн чинь С хэлэхдээ намайг Норовлингийн С гэдэг юм, намайг хэн ч барахгүй шүү гээд босоод ирсэн. Тухайн үед Б бас босоод ирсэн. Тэгсэн чинь С Бийг заамдаж аваад гэрийн баруун хөндийд түлхэж унагаагаад дээрээс нь дараад мордоод суусан. Тэгэхээр нь би салгах гэсэн чинь Гантөгс намайг бариад явуулаагүй. Харин гаднаас Баярцогт утсаар ярьж дуусаад орж ирээд Сыг салгасан чинь Б хөл хугарчихлаа гээд хэвтээд байхаар нь би түргэн тусламж дуудсан. Тэгээд би Бийг эмнэлэгт хүргэж өгчихөөд гэртээ ирсэн чинь С гаднаас орж ирээд над руу ална гээд агсраад байхаар нь цагдаа дуудаад өгөөд явуулсан... Би цохисон эсэхийг нь мэдэхгүй байна. С Бийг унагаагаад дээрээс нь дарсан... С архи уусан байсан... Б, С нарыг маргалдаж муудалцах үед хажууд нь Гантөгс, Отгонбаатар, Баярцогт бид нар байсан. Отгонбаатар архи ууж байхдаа тасраад уначихсан байсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 176-177 тал/
11. Гэрч Д.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2021 оны 02 дугаар сарын 26-ны өглөө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булагт байдаг хаягийг нь сайн мэдэхгүй байна. Миний таньдаг ах болох Идрээгийн гэрт Хулан, Г, Мөнхтулга бид хэд сэрээд байж байгаад өмнөх өдөр нь уучихсан болохоор шараа тайлах зорилгоор 0.75 граммын 1 шил стандарт нэртэй архи уугаад сууж байтал гаднаас Баярцогт, С нар гаднаас орж ирээд нөгөө шил архинаас нэг нэг татчихаад тэр хоёр буцаж гарчихаад орж ирэхдээ 0.75 граммын 1 шил хараа гэдэг нэртэй архитай орж ирсэн. Тэгээд бид нар архиа ууж дуусах дөхөж байхад миний толгой эргээд байхаар нь Идэрээ ахын гэрийн зүүн талын орон дээр гараад унтаад өгсөн. Тэгээд унтаж байхад хоорондоо маргалдаад байх шиг болохоор нь сэрээд хартал нэг эмч гаднаас орж ирээд гэрт байсан хүмүүсээс нэг хүнийг аваад явах шиг болсон. Яг хэн гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд би буцаад унтаад өгсөн. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөд Идэрээ ахын гэрт сэрээд Идэрээ ахаас юу болсоныг асуухад Бийн хөлийг С хугалсан гэж хэлж байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 179 тал/
12. Гэрч Н.Баярцогтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2021 оны 02 дугаар сарын 26-ны өглөөний 10 цагийн орчимд С ахтай цуг Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булаг 3-30 тоот хашаанд оршин суудаг Идэрээ ахын гэрт очсон. Идэрээ ахынд ороход Г, Хулан, Идэрээ ах, Отгонбаатар, Мөнхтулга нар байж байсан. Тэгээд С ах бид хоёр Хараа нэртэй 0.75 граммын архи аваад Идэрээ ахынд байсан хүмүүстэй хувааж уусан. Харин С ах, Хулан хоёр цагдаа руу явчихаад ирье гээд тус өдрийн 11 цагийн орчимд Идэрээ ахын гэрээс гараад явсан. Харин Г, Идэрээ ах, Отгонбаатар, Мөнхтулга бид нар 3 шил 0.75 граммын архи худалдан аваад үргэлжлүүлж уугаад үлдсэн. Тухайн өдрийн 18 цагийн орчимд гаднаас Хулан, С ах, Төгсөө эгч гурав орж ирээд бид нарын ууж байсан архинаас хувааж уугаад байж байх үед гаднаас Б ах, Заяа ах нар орж ирээд архи уух үед нь Хулан, Мөнхтулга, Г гурав Идэрээ ахын гэрээс гараад айл руу явлаа гээд яваад эргэж ирээгүй. Тэгсэн чинь 19 цагийн орчимд Идэрээ ах миний ах нар ирчихээд байна. Бид нар цуг шоронд байсан гээд томроод байхаар нь С ах уурлаад боссон. Тэгээд Идэрээ ахын заамдаад авахаар нь бид нар С ахыг болиулаад цагдаа дээр хоёрын хоёр хэрэгтэй байгаа юм байж боль гээд суулгасан. Тэгээд 20 цагийн үед Идэрээ ахын гэрт архиа бид нар уугаад дуусаж байсан чинь гэнэт Б ах С ах хоёр маргалдаад хоёулаа босож ирээд нэг нэгнийгээ заамдсан. Тухайн үед над руу хүн залгахаар нь би гэрээс гарч утсаар ярьчихаад буцаад гэрт ороод ирсэн чинь С ах Б ахыг монгол гэрийн баруун талын хөндий рүү дараад унаж байсан. Тэгэхээр нь би очоод С ахыг салгаад байж байсан чинь Б ах хөл эвгүй болчихлоо хугарчихсан юм шиг байна гэхээр нь би Б ахаас аль хөл чинь эвгүй болчихвоо гээд асуусан чинь зүүн хөл гуя хэсгээрээ хугарчихсан юм шиг байна гээд байсан. Б ах хэлэхдээ хугарсан байсан ч гэсэн ах нь Сыг цагдаад хэлэхгүй та нар явцгаа гэхээр нь бид нар Идэрээ ахын гэрээс гараад явсан... Б, С ах нарыг маргалдаж муудалцах үед хажууд нь Идэрээ, Төгсөө эгч, Отгонбаатар бид нар байсан. Отгонбаатар архи ууж байхдаа тасраад унтаж байсан... Б ах С ах хоёрыг муудалцах үед байгаагүй, хэзээ гараад явсан гэдгийг нь мэдэхгүй байна. Орж ирчихээд удалгүй гараад явсан шиг санаж байна ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 181-182 тал/
13. Гэрч Ц.Гантөгсийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 2-04 тоотод хүүхэд нартайгаа оршин суудаг юм. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үдээс хойш би Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 3-30 тоотод найз болох Идэрзоригийн гэрт очиход тэнд жоншинд явах гэж байгаа гээд Идэрзоригийн таньдаг хүмүүс байсан. Тэгээд Памба гэх залуу нэг шил хараа нэртэй 0.75 граммын архи гаргаад тэгээд бид нар ууж байгаад тэгээд С, Билгүүнээ хоёр хоорондоо маргалдаж хоёр биенийгээ боож байгаад С Билгүүнээг арагш нь түлхэж давхралдаж унахдаа С дээр нь Билгүүнээ доор нь унаад тэгээд Идэрзориг очоод Сыг араас нь татаж салгаад босгоход Билгүүнээ ёоё хөл эвгүй болчлоо гэхээр нь бид нар эмнэлэгт үзүүл гэж хэлээд түргэн дуудах гэхэд Билгүүнээ өөрөө хэрэггүй гээд байсан. Тэгээд Памбага бид хоёр гэрээс нь гараад явсан юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 184-185 тал/
14. Шүүгдэгч Г.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 12 дугаар сарын 20-ын өглөө Баярцогт бид хоёр Отгонбаатарынх руу орсон юм. Бид хоёрыг ороход Отгонбаатарын гэрт Жоохноо буюу Г гэх залуу найз охинтойгоо, гэрийн эзэн Отгонбаатар, Мөнхтулга, мөн нэрийг нь мэдэхгүй зүс таньдаг Равдан гэх залуу тэр хэд орон дотроо хэвтэж байсан. Тэгээд тэр хэд ч хэсэг хугацааны дараа орнооосоо босцгоосон. Тэгэхээр нь надад хэдэн төгрөг байна, хэдүүлээ пиво ууцгаах уу гэж хэлсэн. Тэгээд тэр хэдтэй дэлгүүр орж би өөртөө байсан мөнгөөр хэдэн ширхэг пиво авч Отгонбаатарын гэрт ирж ууцгаасан. Тэгээд бид хэд пиво ууж байхад Дашравдангийн дүү Намхайнямбуу гэх залуу мөн нэг том пивотой гаднаас орж ирсэн. Тэгээд тэнд байсан хүмүүсээс зарим нь хөзөр тоглоод, пиво ууж байхад Мөнхтулга гэх залуу надад үг хаяад намайг өдөөд байхаар нь би заамдаад авсан юм. Тэгсэн гаднаас Жоохноо буюу Г гэх залуу орж ирээд бид хоёрыг салгаж байсан. Би тухайн үед нилээн согтуу ухаан санаа орж гараад байсан болохоор зарим зүйлээ санахгүй байна. Тэгсэн гэнэт Г гэх залуугийн толгой нь хагарчихсан, найз охин нь намайг хагалчихлаа гээд загнаад байсан. Тэгээд байж байхад цагдаа нар ирээд бид хэдийг аваад явсан... Мөнхтулгатай маргалдаж муудсанаа санаж байна. Тэгэхдээ бид хоёр зодолдоогүй. Г гэх залуутай бол муудсанаа санахгүй байна... Би цохисноо бол сайн санахгүй байна. Согтуудаа цохичихсон байж магадгүй... 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш би энэ тэрүүгээр хүмүүстэй нийлж нилээн хэдэн хоног пиво уусан. Тэгэхдээ ойчиж барьсанаас болж зулгаралт гэмтэл авсан. Тэрнээс бол 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр надад ямар нэгэн хүн гэмтэл учруулаагүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-57 тал/
“... Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна... Би 2021 оны 01 дүгээр сарын 14-ний орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 13-16 тоотод Баярцогтын гэрт А, Баярцогт нарын хамт пиво уусан юм. Тэгээд оройхон би нилээн согтсон байсан. Тэгээд би Баярцогтын гэрт Атой маргалдаж муудахад гэрийн эзэн Баярцогт хүүхдүүдийн хажууд маргаж муудлаа гэрээс гарч учраа ол гэсэн. Тэгээд би Аын хамт гэрээс гараад гэрийн үүдэнд бид хоёр зууралдаад автал А намайг хавсрах мэх хийж унагаасан. Тэгэхэд нь би Аыг барьсан чигээрээ хамт газарт унасан. А миний дээрээс дараад унасан. Би дээшээ хараад унасан юм. Тэгээд би Аын дээд уруулаас нь шүдээрээ хазаад авсан. Тэгтэл А дээшээ өндийх гээд байхад нь би дээд уруулыг нь хазаж байгаад хазахаа больсон. Тэгэхэд Аын уруулаас нь цус гарсан. Тэр цус нь миний биеэр үсэрсэн. Би Атой гэрт маргаж муудах үед дээгүүрээ майк өмсөөд сууж байсан юм. Гэрээс дээгүүрээ дан майктай гарсан. Ингээд бид хоёрыг муудаад дуусах үед гэрийн эзэн Баярцогт гэрээс гарч ирсэн. Тэгэхэд би газар хэвтэж байсан. А С уруул хазчихлаа гэж Баярцогтод хэлсэн чинь Баярцогт та хоёр яагаад байгаа юм бэ, больцгоо цусаа угаагаад гэрт ор гээд гэрээсээ саванд ус хийж авчирч өгч бид хоёрын цусыг угаалгасан. А уруулаасаа гарсан цусаа угаасан. Би болохоор Аын уруулаас гарсан цус нь цээж хэсэг цус болгосон байсан болохоор тэр цусаа угааж гэрт орсон. Тэгээд гэрт ороод А бид хоёр пиво уугаад сууж байхад Идэрээ гэдэг хүн орж ирж бид хоёртой пиво уусан. Тэгээд пиво дуусахаар А явсан. Тэгээд удалгүй цагдаа дагуулж ирсэн. Тэр Баярцогт пиво бага зэрэг л уусан. А бид хоёр нилээн уусан байсан... Тэр орой Баярцогтын гэрт А намайг нэг удаа алгадсан. Алгадуулсанаас болж миний биед гэмтэл шарх үүсээгүй... Баярцогт миний биед халдаж намайг зодоогүй... 2021 оны 01 дүгээр сарын 14-ний орой Баярцогтын гэрт надад учирсан гэмтэл шарх байхгүй... Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 134 тал/
“... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан 2139000000091 дугаартай тогтоолыг уншиж танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 207-208 тал/
15. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №23 дугаартай: “...
1. 2. Г.Гын биед зүүн чамархайн хуйханд мэс заслын оёдол бүхий шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх зүүн чамархайн хуйхны мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, баруун нүдний дээд зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38 тал/
16. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №61 дугаартай: “...
1. 2. Э.Аын биед дээд уруулын дээд хэсэгт шарх, зүүн шуунд зулгаралт, духны баруун дээд хэсэг, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх дээд уруулын дээд хэсэгт шарх, зүүн шуунд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх дээд уруулын дээд хэсэгт шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 122-123 тал/
17. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №02 дугаартай: “...
1.2. Г.Гын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 41-42 тал/
18. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №123 дугаартай: “...
1. 2. В.Бийн биед зүүн дунд чөмөгний далд хугарал, дээд уруул, доод уруулын доод хэсэгт зулгаралт, баруун шилбэнд цус хуралттай, зүүн гуя, цавь умдагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Дээрх зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 190-191 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүдийн улмаас хохирогч Г.Г, Э.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Г.Г нь мөрдөн шалгах ажиллаагааны явцад: “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би шүүх хуралд суухгүй... “/хх-ийн 19 тал/ гэж, хохирогч Э.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...Би С ахаас эмчилгээний болон бусад зардал нэхэмжлэхгүй... Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй... Би шүүх хуралд оролцохгүй... ” /хх-ийн 112-113 тал/ гэж тус тус мэдүүлсэн, шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад: “... нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогч Г.Г, Э.А нарт төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
Харин хохирогч В.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад: “... Би Саас 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө, мөн хөлөндөө хадаас хадуулсан гээд 2 сая төгрөг болсон. Түүнийгээ нэхэмжилж байна...Надад одоогийн байдлаар ямар нэгэн баримт байхгүй байна... “ /хх-ийн 212 тал/ гэж мэдүүлсэн, шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад: “.. эмчилгээний зардал нэхэмжилнэ... ” гэсэн боловч хэрэгт нотлох баримтуудаа хавсаргаж өгөөгүй, уг нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь эмчилгээний болон бусад зардлуудаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 хэсэг болж хагарсан шаазан аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтлоо.
Шүүгдэгч нь эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 3 удаа үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сыг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сын цагдан хоригдсон 48 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас 384 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 хэсэг болж хагарсан шаазан аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь хохирогч Г.Г, Э.А нарт төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хохирогч В.Б нь эмчилгээний болон бусад зардлуудаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Сад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ