Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 28

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяаг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч М.Эрдэнэбаатарын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Хишигсүрэнд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 5900000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

                                                                            Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           Нэхэмжлэгч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14-р хороо Консул 15-р гудамж 373 тоотод оршин суух СЩ73122211 регистрийн дугаартай Ерэнтэйхэн овогт Мядарбатын Эрдэнэбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Мядарбат овогтой Эрдэнэбаатар нь Намсрай овогтой Хишигсүрэнд 2016 оны 05 сарын 27-нд 1000000 төгрөг, 2016 оны 05 сарын 30-нд 1700000 төгрөг, Баттөрөөр бэлнээр 1000000 төгрөг, 2016 оны 05 сарын 31-нд 1000000 төгрөг, 2016 оны 06 сарын 01-нд 250000 төгрөг, 2016 оны 06 сарын 09-нд 300000 төгрөг, 2016 оны 07 сарын 28-нд  480000 төгрөг, нийт 5730000 төгрөгийг 6 сарын хугацаатай сард 10 хувийн хүүтэйгээр өгсөн. 2016 оны 06 сарын 27-нд 350000 төгрөг, 2016 оны 07 сарын 04-нд 300000 төгрөг, 2016 оны 09 сарын 01-нд 500000 төгрөг нийт 1150000 төгрөг өгсөн. Үүнээс 2016 оны 12 сарын 20 хүртэл хугацаанд 2200000 төгрөгтөө хүү бодож 1320000 төгрөгийн хүү тооцож нийт 3520000 төгрөгийг 2 хувааж өгөхөөр өөрөө баталгаа гаргаж өгсөн боловч одоо болтол өгөхгүй байна. Иймд Н.Хишигсүрэнгээс үндсэн зээл болох 4580000 төгрөг, хүү болох 1320000 төгрөг нийт 5900000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

           Нэхэмжлэгч М.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие М.Эрдэнэбаатар нь хариуцагч Н.Хишигсүрэнгээс 5900000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний бие Улаанбаатар хотод амьдардаг. Олон дахин нааш цааш явахад бэрхшээлтэй байх тул 2017 оны 03 сарын 13-нд товлогдсон шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Н.Хишигсүрэнгийн шүүхэд гаргасан тайлбартай танилцсан. Татгалзах зүйлгүй" гэжээ.

         Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг Хангайн 02-10 тоотод оршин суух ЛН73011405 регистрийн дугаартай Боржигон овогт Намсрайн Хишигсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: “Миний бие Н.Хишигсүрэн нь 2016 оны 05 сарын 27-ны өдөр 1000000 төгрөг, 2016 оны 06 сарын 09-нд 300000 төгрөгийг бэлнээр дансаар авсан. Бусад мөнгийг нь бэлэн аваагүй. Чулуу авч хэрэглэсэн. Нийт 5730000 төгрөгөөс 1150000 төгрөгийг төлсөн. Миний бие Н.Хишигсүрэн 2017 оны 03 сарын 11-нд Дорноговь аймгийн Хатан булаг суманд ажлаар явах зайлшгүй шаардлагатай болсон тул 2017 оны 03 сарын 13-нд зарлагдсан шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагын талаар маргах зүйлгүй. Нийт 5900000 төгрөгийг 2017 оны 06 сарын 20-ны дотор төлж барагдуулна” гэжээ.

                                                                                   Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч М.Эрдэнэбаатар нь хариуцагч Н.Хишигсүрэнгээс зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 5900000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч М.Эрдэнэбаатар, хариуцагч Н.Хишигсүрэн нар нь “шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Эрдэнэбаатар, хариуцагч Н.Хишигсүрэн нарын хүсэлт болон хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нарыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Эрдэнэбаатар нь хариуцагч Н.Хишигсүрэнгээс зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 5900000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хариуцагч Н.Хишигсүрэн нь 5900000 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгч М.Эрдэнэбаатарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хариуцагч Н.Хишигсүрэнгийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, Н.Хишигсүрэнгийн бичгээр гаргаж өгсөн баталгаа, ХААН банкны дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Хариуцагч Н.Хишигсүрэн нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5900000 төгрөгийг 2017 оны 06 сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч М.Эрдэнэбаатарт төлөхийг хүлээн зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа шүүх хуралдаанд ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  

 100 дугаар зүйлийн 100.1, 100.4,106 дугаар зүйлийн

106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт

заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

          1.Нэхэмжлэгч М.Эрдэнэбаатарын нэхэмжилсэн 5900000 /таван сая есөн зуун мянган/ төгрөгийг 2017 оны 06 сарын 20-ны өдрийн дотор хариуцагч Н.Хишигсүрэн нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Эрдэнэбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109350 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Н.Хишигсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 109350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Эрдэнэбаатарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Хишигсүрэн нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ                                                 М.ЭНХМАНДАХ