Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2017/00015/И |
Дугаар | 30 |
Огноо | 2016-03-14 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 46-46 тоотод оршин суух, СЩ82020803 регистрийн дугаартай Боржигин овогт Тогоочийн Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 41-16 тоотод оршин суух, ЕП76121905 регистрийн дугаартай Боржигин овогт Батын Наранчимэгт холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 904900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 25-ны өдөр хүлээн авч 2017 оны 01 сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг, хариуцагч Б.Наранчимэг нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Өлзийбат, Б.Наранчимэг нар нь 2016 оны 11-р сарын 23-ны өдөр хүнсний хэрэгцээнд зориулж /цааш борлуулах зорилготойгоор/ 187.2 кг 842400 төгрөгний үнэ бүхий үхрийн цул мах, 32500 төгрөгний адуу, үхрийн хавирга, мөн бэлнээр 30000 төгрөг, нийт 904900 төгрөгний мах аман гэрээгээр авсан болно. Тохирсон ёсоор 7 хоногийн дараа буюу 2016 оны 11 сарын 30-нд /БНХАУ-д борлуулна хэмээсэн/ мөнгийг дансаар шилжүүлнэ гэсэн боловч одоог хүртэл махны үнийг төлөөч гэж шаардахаар хэл амаар доромжлон өгөхгүй намайг хохироосоор байна. Иймд Д.Өлзийбат, Б.Наранчимэг нараас махны үнэ 904900 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Наранчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Наранчимэг миний бие нь Тогоочийн Эрдэнэчимэгтэй анх айхтар их өөхтэй биш дундын үхрийн цул мах ямар үнэтэй олдох бол гэж асууж байсан юм. Гэтэл хэд хоногийн дараа мах бэлэн болсон тухай хэлсэн. Ингээд би 4 хоногийн дараа очиж үзэхэд бага нь 10 кг том нь 18 кг орчим болгоод хүнсний скочоор битүү боогоод хөлдөөсөн мах байсан. Эрдэнэчимэгээс энэ мах чинь зүгээр гайгүй мах уу гэж асуухад бид өөрсдөө шулсан гэсэн. Ингээд цаад авахаар захисан хүнтэйгээ яриад хэлтэл танай сайн таньдаг хүн бол тэгээд ч мөнгөө бэлэн өгөөгүй байгаа юм чинь зүгээр байх гэхээр нь 3 хоногийн дараа очиж Эрдэнэчимэгийн дүү Баасанхүүгээс хиллэж авсан. Гэхдээ Эрдэнэчимэгийн бичсэн 187.2 кг биш 183 кг байсан болно. Би уг махыг Сайншандад хүнд хүргэж өгөөд орхиод Эрээн явсан юм. Гэвч өнөө хүн маань өнөөх мах маш их цус хурсан байна. Цусыг нь голд нь хийгээд хөлдөөсөн байна гэж ярьсан. Эрдэнэчимэгт махыг буцаах тухай хэлэхэд мөнгөө авна гэсэн. Мөн адуу, үхрийн хавирга авсан мөнгө гээд байгаа 32500-г дүү Баасанхүүд нь ногоо авсан мөнгөө өгөхөөр ярихад махны мөнгөө яах тухай асуухад нь адууны мөнгийг мобайл банкаар шилжүүлсэн болно. Мөн бэлэн авсан 30000 төгрөг гээд байгаа мөнгийг өгсөн гэж ойлгож байгаа юм. Учир нь Эрээнд байхад 5 ш хаалганы цоож захиад хүн хүргэж өгөхөөр мөнгийг нь өгөөрэй гээд 125 юань би өгсөн. 125x368=46000 төгрөг. Ийм учраас Тогоочийн Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийг татгалзсан тайлбар хийж байна” гэжээ. /хх-ийн 15/
Хариуцагч Д.Өлзийбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Өлзийбат миний бие нь уг Тогоочийн Эрдэнэчимэгт мөнгө төгрөгний болон эд материалын ямар ч өргүй учир уг нэхэмжлэлээс татгалзаж байна. Тогоочийн Эрдэнэчимэг нь уг нэхэмжлэлийг гаргаснаар Өлзийбат миний нэр төрд ноцтой халдаж байгаа юм. Харин Тогоочийн Эрдэнэчимэг нь надаас 2 жилийн өмнө ямаа өгнө гээд мал аваад одоог хүртэл өгөөгүй сайн мэдэж байна. Өлзийбат миний бие нь Тогоочийн Эрдэнэчимэгийн гэр бүлд сайн санаж эд материал болон мөнгөн тусламж үзүүлж байсандаа маш их харамсаж байна. Ийм учраас Тогоочийн Эрдэнэчимэгийг нэхэмжлэлээ эргүүлэн татахгүй бол дараагийн гомдолоо гаргах болно” гэжээ. /хх-ийн 16/
Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 11 сарын 23-ны өдөр Б.Наранчимэгт 187.2 кг үхрийн шулсан ясгүй махыг зээлээр өгсөн. Тухайн үед нэг кг махыг 4500 төгрөгөөр тооцож өгсөн. 187.2 кг үхрийн махны үнэ 842400 төгрөг болсон. Б.Наранчимэг нь охиноороо дамжуулж 30000 төгрөг зээлсэн. 11800 төгрөгний үхрийн мах, 12500 төгрөгний адууны мах, 8200 төгрөгний ямааны мах зээлээр авсан. Би хариуцагч Д.Өлзийбатаас 904900 төгрөг гаргуулахаас татгалзаж байна. Д.Өлзийбатыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй. Иймд Б.Наранчимэгээс шулсан үхрийн махны үнэ 842400 төгрөг, зээлсэн 30000 төгрөг, үхэр, адуу, ямааны махны 32500 төгрөг нийт 904900 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 11 сарын 23-нд Т.Эрдэнэчимэгтэй утсаар яриад үхрийн шулсан мах авсан нь үнэн. Уг үхрийн махыг Т.Эрдэнэчимэгийн дүү В.Баасанхүү хиллэж өгсөн. Тэр өдөр мах хиллэхэд 183 кг болсон. Тухайн үед нэг кг үхрийн махыг 3500 төгрөгөөр тооцож өгсөн. Би Т.Эрдэнэчимэгээс бэлнээр зээлсэн 30000 төгрөгийг, махны 32500 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин шулсан үхрийн махыг 183 кг байсан бөгөөд нэг кг махыг 3500 төгрөгөөр тооцож төлөх хүсэлтэй байна. Анх мах өгөхдөө 4500 төгрөгөөр өгнө гэж тохиролцоогүй. Д.Өлзийбатыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг нь хариуцагч Б.Наранчимэгээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 904900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг нь хариуцагч Б.Наранчимэгээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 904900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй, хариуцагч Б.Наранчимэг нь зээлээр худалдаж авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй байна.
Шүүх хуралдаанд хариуцагч Б.Наранчимэг нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг нь “хариуцагч Б.Наранчимэгт 187.2 кг үхрийн мах өгсөн бөгөөд нэг кг үхрийн махыг 4500 төгрөгөөр тооцож өгсөн” гэх, хариуцагч Б.Наранчимэг нь “нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгээс 183 кг үхрийн махыг авсан бөгөөд нэг кг үхрийн махыг 3500 төгрөгөөр тооцож авсан” гэх тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг нь үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Б.Наранчимэг нь үүргийг нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг нь “хариуцагч Б.Наранчимэгт 187.2 кг үхрийн махыг өгсөн, нэг кг махыг нь 4500 төгрөгөөр тооцож өгсөн” гэдэг нь хавтаст хэрэг авагдсан гэрч Г.Батболд, В.Баасанхүү нарын мэдүүлэг, мал, мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.7 дахь хэсэгт зааснаар гэрч Г.Батболд, В.Баасанхүү нараас авсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт гаргасан хүсэлт, 5 ширхэг гэрэл зураг, зарлагын баримт нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой болох нь нотлогдохгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Мөн хариуцагч Б.Наранчимэгийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд мөрдөгдөх малын жишиг үнэлгээ нь нотариатчаар гэрчлүүлээгүй, хуулбарласан баримт байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Хариуцагч Б.Наранчимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг биелүүлээгүй байна.
Хариуцагч Б.Наранчимэг нь “нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгээс 183 кг үхрийн махыг авсан, нэг кг үхрийн махыг 3500 төгрөгөөр тооцож авсан” гэж тайлбар гаргаж байх боловч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох баримтыг гаргаж өгөөгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаанд “хариуцагч Б.Өлзийбатаас 904900 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Б.Наранчимэгээс 904900 төгрөг гаргуулах”-аар хүсэлтийг гаргасан байна.
Иймд нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Наранчимэгт холбогдох 904900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг нь тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 27110 төгрөгийг төлсөн байх тул 904900 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 26268 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас тогтоосон хэмжээнээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 842 төгрөгийг, хариуцагч Б.Наранчимэгээс улсын тэмдэгтийн хураамж 26268 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120-т тус тус
заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Наранчимэгээс 904900 /есэн зуун дөрвөн мянга есэн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 26268 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Б.Наранчимэгээс улсын тэмдэгтийн хураамж 26268 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгт, тогтоосон хэмжээний илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 842 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгт олгосугай.
3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.
5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ