Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/06

 

 

 

 

 

 

 

 

2021 01  07                                                     2021/ШЦТ/06

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2020/0032

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Ж.Хонгорзул,

Улсын яллагч                                                  Г.Мөнхболд,

Өсвөр насны  шүүгдэгчийн өмгөөлөгч         Г.Баярсайхан,

Өсвөр насны  шүүгдэгчийн хууль

ёсны төлөөлөгч                                               Э.Майцэцэг,

Өсвөр насны  шүүгдэгч                                  *******  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 2039..... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний   өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Тээвэрчдийн 2-2 тоот хашааны гадна иргэн Б.Отой марган улмаар түүний нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж Б.Оын биед хамар ясны хугарал, хамар, уруулын дээд хэсэгт зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Тээвэрчдийн 2-2 тоот хашааны гадна иргэн Б.Отой марган нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

1. Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын  4 дүгээр баг “Булгийн гол” гэх газар хувиараа мал малладаг юм. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 24-25-ны үеэр машинаа янзлуулахаар Хэнтий аймагт ирээд байсан юм. Тэгээд 09 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн танил болох Лхагвасүрэн ахынд Хатанбаатар ах бид хоёр 0.75 граммын стандарт, 0.5 граммын ерөөл архи хувааж уусан юм. Тэгээд Хатанбаатар ах бид хоёр Лхагвасүрэн ахынд хэвтэж байхад Хатанбаатар ахын хүү М гаднаас орж ирээд аавыгаа авч явна гээд гэрээс аваад гарсан юм. Тэгээд би тэр хоёрын араас гарсан чинь М аавыгаа архичин, пизда энэ тэр гээд хэлэх хэлэхгүй үгээр хараагаад чирч гулдчаад байхар нь чи аавыгаа ингэж болохгүй шдээ гээд Мийг өмсөж байсан цамцаар нь боогоод авсан чинь М шууд толгойгоороо миний хамар руу мөргөчихсөн. Тэрхэн зуур би ухаан алдчихсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн байсан... Хатанбаатар ахынх манайхтай ойрхон нутагладаг байсан юм. Хатанбаатар ахын хүү Мийг мөн танина. Тэрнээс бол хамаатан садангийн холбоо байхгүй... Би Хатанбаатар ахтай маргалдаагүй. Хатанбаатар  тухайн үед нилээн согтуу байсан. Хашааны гадаа аавыгаа чирч гулдчаад байхаар нь чи өдий жоохноосоо аавыгаа ингэж хэлж болж байгаа юм уу гээд Мийг цамцаар нь боогоод авсан чинь намайг шууд  мөргөчихсөн... Би мөн тухайн үед нилээн  согтуу байсан... Тэр өдрөө эмнэлэгт үзүүлэхэд хамар цаашаа чихэгдэж орсон байна гэсэн. Одоо хамарнаас өмхий үнэртээд явж болохгүй байгаа. Эмч нар хавангийг нь буухаар гаргаж тэгшлэнэгэсэн... Хамраа янзлуулчихвал гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/

2. Өсвөр насны шүүгдэгч *******ий мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд аавын хамтаар айлын мал маллаж байгаад 2020 оны 08 дугаар сарын үеэр айлынхаа малыг харахаа болиод Хэнтий аймагт аавын танидаг ах Лхагвасүрэн гэх ахынд ирээд байсан юм. Тэгсэн манай аав Хатанбаатар манай нутгийн О ахтай нийлээд 5-6 хоног хэртэй архи ууцгаасан. Тэгсэн Лхагвасүрэн ахын охин танай аав чинь манай энэ хавиар хэд хоног архи уулаа аавыгаа аваад яв гэж хэлэхээр нь нь би цүнхтэй хувцсаа бэлдээд аавыг аваад гарсан чинь аав миний үгэнд орохгүй, явж өгөхгүй болохоор нь архичин минь явъя гээд хэлчихсэн чинь О ах гэрээс гарч ирснээ чи аавыгаа ингэж хэлж болохгүй шдээ гээд намайг барьж авснаа миний цамцаар намайг боохоор нь би О ахаас салах гэсэн надаас салж өгөхгүй зууралдаад байхаар нь би хашааны гадаа О ахын хамар руу мөргөчихсөн. Тэгсэн О  ахын хамарнаас цус гараад тогтохгүй болохоор нь цагдаа, эмнэлэг дуудаж өгсөн... Би толгойгоороо мөргөчихсөн, ямар нэгэн зүйлээр цохиогүй... О ахад бэлнээр 200.000 төгрөг төлж барагдуулсан... О ахтай уулзах гэсэн надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гээд ирж уулзаагүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/

3. Гэрч Н.Хатанбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар баг “Тойрмын цагаан-Өндөр” гэх газар хүү Мий хамтаар мал харж байгаад 08 дугаар сарын үеэр аймгийн төвд барилга дээр ажиллахаар орж ирсэн юм. Тэгээд Хэрлэн сумын 3 дугаар баг Цэцэрлэгийн барилга дээр ажиллаж байгаад 08 дугаар сарын сүүлээр больсон юм. Тэгээд онц хийсэн ажилгүй байж байгаад өчигдөр нутгийн дүү болох О гэх залуутай тээвэрчдийн 2 тоотод өөрийн танил болох Лхагвасүрэнгийнд архи уусан юм. Тэгээд О бид хоёр согтчихоод хоорондоо маргалдаж байхад манай хүү намайг авч явна гээд хашааны гадаа авч гарсан. Тэгсэн О намайг явуулахгүй гэсэн үү яасан манай хүүтэй маргалдсан чинь манай хүү Оийг мөргөөд унагаачих шиг болсон. Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Тэгсэн цагдаагаас хүмүүс ирээд намайг цагдаа дээр авчраад эрүүлжүүлэхэд хийсэн... Манай хүү намайг авч явах гэсэн О согтчихоод зууралдаад байх шиг байсан. Тэгсэн манай хүү Оийг мөргөөд унагаачихсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 тал/

4. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №589 дугаартай: “...

1. 2. Б.Оийн биед хамар ясны хугарал, хамар, уруулын дээд хэсэгт зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх хамар ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-20 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд өсвөр насны шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад: “... нэхэмжлэх зүйлгүй... ” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж,  түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүний гэм бурууг нь ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1, 18.2 дугаар зүйлийн 3, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь  хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь  хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Засаг даргын Тамгын газарт  түүний  нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажлыг өдөрт гурваас дээшгүй цагаар цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ