Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/10

 

 

2021        01         07                                           2021/ШЦТ/10

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2020/0028

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    А.Цэрэндулам,

Улсын яллагч                                                  Д.Отгонтуяа,

Хохирогч                                                           Г.Л,

Шүүгдэгч                                                          Н.Х нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Х-д  холбогдох 2039....дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний   өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Н.Х

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  Н.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 7-1 тоотод Г.Лтой хувийн таарамжгүй харьцааны улмаас зодолдож нүдэн тус газарт нь унины хугархай модоор хатгаж Лийн биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Н.Х нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 7-1 тоотод Г.Лтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж унины хугархай модоор нүдэн тус газарт нь хатгаж эрүүл мэндэд нь  хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

               1. Хохирогч Г.Лийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэртээ нутгийн ах Батсайхантай уулзаад өдөр 16 цагийн үед 0.5 граммын Соёрхол нэртэй архи 2 шилийг хамт уугаад унтчихсан. Тэгсэн чинь шөнийн 00 цагийн үед манай байшингийн урд байдаг Ууганцэцэгийн гэрт хүмүүс хашгираад байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гарсан чинь нэг залуу нойлд суучихсан хүн дуудаад байсан. Тэгэхээр нь Ууганцэцэгийн гэр рүү ороод дуугай байцгаалдаа та нар гэсэн чинь Х гэх танихгүй залуу танай гэрт байгаагүй Ууганцэцэгийнд байна. Гэхээр нь би наадах чинь манай хашаанд байдаг юм гээд муудалцсан. Тэгсэн чинь гадаа нойлд сууж байсан Энхжавхлан гэх залуу намайг бариад Х гэх залуу нь намайг цохиод байсан. Тэгээд би унинаас бариад зуурчихсан байсан чинь унь нь нураад хугарчихсан. Тэгээд намайг зодчихоод гараад зугтах гэхээр нь манай эхнэр явуулахгүй гэсэн чинь манай эхнэртэй Х гэх залуу ноцолдоод байсан. Ууганцэцэг цагдаа дуудсан чинь Энхжавхлан нь гараад зугтсан. Харин Х нь хугархай унь бариад миний хамар руу хатгасан. Тэгэхээр нь би өвөөд байна болъёо гээд хамраа дараад суусан чинь дахиад хатгахда зүүн нүд рүү хатгачихсан. Тэгээд цус гараад байхаар нь би хөнжлөөр дарсан. Тэгээд байж байхад цагдаа нар ирээд Хийг аваад явсан... Энхжавхлан намайг цохиогүй ээ... Х миний хамар болон нүд рүү унины хугархайгаар хатгасан... Миний толгой өвдөөд байна, бас нүд өвөөд байна. Бас хамар өвдөөд байгаа... Би гомдолтой байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/

 Хохирогч Г.Лийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин  өгсөн: “... Тухайн үед 00 цаг өнгөрч байсан. Би гэртээ эхнэрийн хамт унтаж байсан. Би дүнзэн байшинд амьдардаг юм. Байшингийн хаалга дотор талаасаа галын хайчны хугархай төмрөөр хөндлөн чагталж түгждэг юм. Тэгээд хажуу айлд хүмүүс хашгиралдаад байхаар нь байшингийн хаалгаа онгойлгоод гэрээс гарч хажуу талын айл Ууганцэцэгийн гэрт орсон. Энэ үед би гэрийн хаалганы түгжээ төмрийг гартаа бариад орсон. Энэ төмрийг хутга гэж харсан байх гэж бодож байна. Би тэрнээс хутга бариагүй... Би хаалга онгойлгоод шууд гэрээсээ гарсан болохоор түгжээ төмрөө бариад гарсан байсан... Би тэр төмрөөр хүний биед гэмтэл учруулаагүй... Х гэх залуу унины хугархай хэсгээр намайг хатгаж гэмтэл учруулсан... Ууганцэцэгийн гэрт байсан хугарсан униар надад гэмтэл учруулсан... Хаалганы түгжээ төмөр гэрт байгаа одоо хаалгаа түгжиж байгаа. 20 гаран см урттай галын хайчны хугархай төмөр байгаа... Би эмчилгээнд Улаанбаатар хот явсан. Үүний зардал болох 1.000.000 төгрөгийг Х өгсөн... Би гомдолтой байгаа. Эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг нэхэмжилж байна... Надад баримтууд байгаа би гаргаж өгнө... Би авсан 1.000.000  төгрөгөөс гадна 5.000.000 төгрөг нэхэмжилж байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 тал/

2. Иргэний нэхэмжлэгч О.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Х, Энхжавхлан хоёр манайд согтуу ирж хэрүүл маргаан үүсгэсэн. Манай хөрш Лийг манай гэрт зодсон. Энэ үед манай 4 ханатай монгол гэрийн 1 унь хугарсан. Унийг цагдаагийн алба хаагч хурааж авсан. Лийн нүднээс цус гарч хоёр хөнжил цус болсон. Уг хоёр хөнжлийг цагдаагийн байгууллага эд мөрийн баримтаар хураан авсан. Мөн Х манай гэрийн зуухны тагыг авч хулдаасан дээр хаясан. Энэ үед гэрийн хулдаас зуухны тагны ормоор түлэгдсэн. Би гэрийн түлэгдсэн хулдаас, 2 ширхэг хөнжил, нэг ширхэг унийг нэхэмжилж байна. Би хүний цус болсон хөнжлийг авахгүй шинэ хөнжил авахуулмаар байна. Мөн шинэ хулдаас авмаар байна. Х Л нарыг ноцолдох үед гэрийн унь унаад хугарсан. Хугарсан униар Лийн нүдийг Х хатгасан. Унийг төлүүлж авмаар байна. Би өөрийн хувийн 4 ханатай монгол гэрт амьдардаг... Би 10 метр хулдаас аваад голоор нь хуваагаад гэрийнхээ хоёр талаад дэвссэн. Уг хоёр хэсэг хувааж дэвссэн хулдаасны нэг хэсэг нь зуухны тагны халуун төмөрт түлэгдсэн. Тухайн үед зуухандаа нүүрс хийсэн. Зуух халуун байсан. Би 10 метр хулдаасыг 2019 оны 09 дүгээр сард 100.000 төгрөгөөр авч байсан. Би одоо 10 метр хулдаас нэхэмжилж байна... Гэрийн унийг зах зээлийн үнээр нь үнэлнэ. Би хөнжлийг 30.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хоёр хөнжлийг 60.000 төгрөгөөр үнэлнэ...  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/

Иргэний нэхэмжлэгч О.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Надад санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/

Иргэний нэхэмжлэгч О.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Намайг таньдаг хүмүүс минь Ууганаа гэж дууддаг юм. Би  2020 оны 10  дугаар сарын 17-ны өдөр гэртээ унтах гээд хэвтэж байсан чинь 00 цаг 20 минутын үед Х болон Энхжавхлан нар манайд орж ирсэн. Тэгээд Х нь манай баруун орон дээр гутлаа шууд тайлаад хэвтчихсэн. Тэгээд Энхжавхлан гарж нойл орж бие заслаа гээд гараад явсан. Тэгснээ намайг дуудаад орилоод байсан. Тэгээд Энхжавхлан гэрт ороод ирсэн чинь ардаас нь Л юу болоод байгаан бэ Ууганаа гээд ороод ирсэн. Тэгсэн чинь Х Лийг дараад унагаасан. Тэгээд Лтой ноцолдоод байсан. Лийг доороо хийгээд миний цамцийг урдаг чи хэн бэ гээд зодоод байсан. Тэр үед Энхжавхлан салгах гээд байх шиг байсан. Тэгээд би хүүхдээ цохиулчихвий гэж  бодоод хүүхдээ тэврээд хамгаалсан. Тэгээд Лийн эхнэр Бишүүгармаа манай гэрт орж ирсэн. Тэгээд Л Х хоёр ноцолдож байгаад гэнэт Х униар Лийн нүд рүү нь хатгах шиг болсон. Тэгээд Лийн нүднээс цус гараад доош суусан. Х гарч явах гэхээр нь Лийн эхнэр Бишүүгармаа хаалга хааж зогсоод цагдаа иртэл зугтаалгаагүй... Л нь хутга барьж байхыг би хараагүй.Манайд ер нь хутганы төрлийн зүйл байхгүй... Энхжавхлан нь цохиж зодсон асуудал гаргаагүй. Тэгэхдээ Л болон Х хоёрыг салгаад байсан... Зүүн нүднийх нь дээд хэсэгт...  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/

Иргэний нэхэмжлэгч О.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр дахин  өгсөн: “... Би 2020 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 12 цаг өнгөрч байх үед гэртээ унтах гээд хэвтэж байсан чинь Х болон Энхжавхлан нар манай гэрт орж ирсэн. Тэгээд Х манай баруун орон дээр гутлаа тайлаад хэвтчихсэн. Тэгсэн чинь Энхжавхлан бие засах гээд гарсан. Тэгээд Энхжавхлан нойлд байхдаа намайг дуудаад байсан. Тэгээд Энхжавхлантай би гараад уулзаад зогсож байсан чинь Л манайх руу нэг төмөр нарийхан зүйл бариад орж байсан. Тэгээд Лийн араас нь Энхжавхлан бид хоёр гэрт орсон чинь Х Л хоёр муудалцаад байж байсан. Тэгээд Лийг харсан чинь гартаа галын хайчны тал хугархай төмөр барьчихсан байсан. Л нь гэрийнхээ хаалгыг галын хайчны хугархай төмрөөр түгждэг юм. Тухайн үед Х, Л хоёр муудалцаад зодолдсон. Харин Энхжавхлан дундуур нь ороод салгаад байсан. Харин би хүүхдээ аваад гэрийнхээ зүүн хойд хэсэгт нь зогсож байсан. Тэгсэн чинь Лийн эхнэр Бишүүгармаа орж ирсэн. Тэгээд Бишүүгармаа нөхрийгөө салгаж авсан. Тухайн үед Л, Х хоёр зодолдохдоо гэрийн минь унинуудыг унагаачихсан. Тэгэхэд манай нэг унь хугараад унацан байсныг Х аваад Лийн нүд рүү хатгасан... Тухайн үед Л, Х, Энхжавхлан гурав нь маш их согтсон байсан... Би Лийг хутга бариад явж байхыг нь хараагүй. Галын хайчны тал төмөр бариад зодолдоод байсныг нь Х, Энхжавхлан нар согтуу байсан болохоор хутга гэж харсан байх. Би хүүхэдтэйгээ Бишүүгармаагийнд амьдарч байгаад хашаанд нь гэр бариад удаагүй байсан. Манай хоёр гэр цугтаа хоол хийж иддэг. Хоол дандаа Бишүүгармаагийнд хийдэг болохоор манайд хутганы төрлийн зүйл байхгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/

3. Шүүгдэгч Н.Хийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар   өгсөн: “... Би энэ тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би 2020 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө найз Энхжавхлангийн хамт Ууганцэцэгийн гэрт очсон. Ууганцэцэгийн гэрт очиход 00 цаг болж байсан. Ууганцэцэг монгол гэрт хүүхдийн хамт амьдарч байсан. Би бол Ууганцэцэгийг сайн танихгүй. Ууганцэцэг манай найз Энхжавхлангийн найз нь байгаа юм. Ууганцэцэгийн гэрт очихдоо Энхжавхлан бид хоёр архи уусан байсан. Ууганцэцэгтэй юм яриад орон дээр нь хэвтэж байсан. Ууганцэцэг хүүхдээ хөхүүлээд хэвтэж байсан. Би Ууганцэцэгийн гэрт ороод баруун талын орон дээр нь хэвтсэн. Ууганцэцэг намайг гуталтайгаа хэвтлээ зүгээр суу гэж хэлсэн. Би за гэж хэлээд орон дээр нь суусан. Тэгтэл Ууганцэцэгийн гэрийн хойд талд байдаг Л гэх залуу гэрт орж ирсэн. Тэр залуу чимээ шуугиан гаргалаа. Гэртээ хүн авчирлаа гэж Ууганцэцэгт хэлсэн. Ууганцэцэг айлын хашаанд байдаг юм шиг байна лээ. Тэр залуу Ууганцэцэгийг пизда минь чи хүн амьтан цуглууллаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд хөгшөөн чи эмэгтэй хүнийг ингэж хэлж болдоггүй юм аа гэж хэлсэн чинь тэр залуу чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаад ноцолдсон. Энхжавхлан бид хоёрыг салгасан. Тэгээд бид хоёр салаад би Ууганцэцэгийн баруун орон дээр суугаад утсаараа оролдоод суусан. Л гэх залуу зүүн орон дээр сууж байгаад Ууганцэцэгийн гэрийн зүүн урд талд байсан гал тогооны шүүгээнээс хүрэн бариултай хутга аваад босож ирсэн. Намайг ална гээд дайрсан. Ууганцэцэг бид хоёрын голоор орж ирээд наадах чинь хүн аллаа гэж хэлсэн. Би тэгээд босоод Ууганцэцэгийн гэр дотор зуух тойроод Лоос зугтсан. Би зугтаж байгаад зууханд тээглэж унасан. Намайг зуух тойроод зугтаж байхад Лийн эхнэр орж ирээд үүдэнд зогсож байсан. Намайг зугтаж байхад гэрийн урд хэсгийн нэг ширхэг унь газар унасан. Унь хугарсан байсан. Би унины хугархай хэсгийг авсан. Энэ үед би гэрийн дотор баруун урд хэсэгт байсан. Л болохоор гэрийн дотор хойд талд зогсож байсан. Бид хоёрын голд зуух байсан. Би цаашаа бай гэж хэлээд барьж байсан униараа Лийг түлхсэн. Тэгсэн Лийн эхнэр намайг ална гэж хэлээд байсан. Л гэрийн хойд талд нүдээ дараад суусан. Лийн зүүн нүд хөмсөг орчмоос нь цус гарч байсан. Тэгсэн удалгүй цагдаа ирсэн. Цагдаа ирэхэд Л над руу хутга бариад дайрсан, би тэгэхээр нь униар Лийн нүдэнд хатгасан гэж хэлсэн... Би Лийг униар нэг хатгасан гэдгээ санаж байна... Л надад гэмтэл учруулаагүй... 1 сая гаран төгрөг Лийн эхнэрийн данс руу шилжүүлсэн... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-98 тал/

4. Гэрч Б.Энхжавхлангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай найз Н.Х бид хоёр 2020 оны 10 дугаар сарын 17-ны орой Гранд бааранд ороод хүний 2 лааз пиво уусан. Гранд бааранд орохоосоо өмнө бас бид хоёр “Төгөлдөр” караокед тус тус хоёр лааз пиво уусан. Бид хоёр баарнаас 23 цаг 57 минутын үед гараад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 7-1 тоотод байх Ууганаа гэдэг найз хүүхнидээ очсон. Х бас Ууганааг танина гэж байсан. Тэгээд Ууганаагийн гэрт Х бид хоёр орсон. Тэгэхэд Х Ууганаагийнх руу ороод л шууд баруун орон дээр нь хэвтсэн. Тэгэхээр нь би Ууганаагийн хүүхдийг эрхлүүлж байгаад гэрээс гараад нойл орсон. Тэгээд би Ууганаа гээд дуудаад гэр рүү нь орсон чинь ардаас нэг танихгүй өндөр залуу орж ирэхдээ гартаа төмөр барьчихсан орж ирсэн. Тэгэхээр нь би одоо найзыгаа аваад гарлаа гэж Л гэх танихгүй залууд хэлсэн чинь банди минь хэн юм чи гэж томорсон. Тэгэхээр нь би одоо найзыгаа аваад гарлаа гээд Хид гаръя гэсэн чинь Х Л гэх нөгөө танихгүй залуутай хэрэлдсэн. Тэгэхээр нь би Л гэх танихгүй залууг тэврээд найзыгаа аваад гарлаа гэсэн чинь гэрийн зүүн урд байсан тогоо шанаганы шүүгээн дотроосоо хутга гаргаад ирсэн. Тэгэхээр нь би Л гэх залууг түлхээд айгаад зугтсан. Тэгэхэд хаалганы дээд талын хоёр унь уначихсан байсан. Нэг унь нь хугарчихсан байсан. Тэгэхээр нь би хугарсан байсан унинийх нь хугархайг гаргаад шидчихсэн. Тэгээд гэрийн гадаа хэсэг зогсоод хаалганы завсраар харж байхад Хийг ална гээд байх шиг байсан. Тэгээд нэг мэдэхэд монгол гэрийн дотор талд хаалганы хажууд Х зогсож байхаар нь ороод харсан чинь гэрт байсан галтай зуух уначихсан байсан. Харин Л нүдээ дарчихсан гэрий хойд хэсэгт газраар зассан орон дээр суучихсан бөөн цус болчихсон байдалтай байсан. Тэгэхэд гэрийн эзэн Ууганаа цагдаа дуудсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/

Гэрч Б.Энхжавхлангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин  өгсөн: “... Х Л хоёр маргалдаж нэг нэгнийгээ гараараа цохисон. Би тэгэхээр нь тэр хоёрын голоор орж салгасан. Хийг гэрийн баруун талд байх ор руу түлхсэн. Тэгээд Лид за уучлаарай, одоо найзыгаа аваад явлаа гэж хэлээд Лийг зүүн талын орон дээр суулгасан. Тэгсэн Х босож ирээд Лийг цохисон. Би тэгээд Хийг явъя гээд гэрийн үүд хэсэгт дагуулж ирсэн. Энэ үед эргээд харсан чинь Л шүүгээн дотроос хутга аваад ална гэсэн. Би тэгэхээр нь гараад зугтсан. Тэгээд хашааны үүдэнд зогсоод чагнаад байсан чинь гэрт байсан эмэгтэй нь хүн аллаа гээд хашгираад байсан. Тэгэхээр нь буцаж очоод хаалганы завсраар шагайж харахад Х зуух тойроод зугтаж байсан. Л араас нь хөөж байсан. Тэгээд байж байтал гэр дотор чимээ гарсан. Тэгэхээр нь гэрт ортол  гэрийн зуух хазайсан, зуухны хойд талд Л нүдээ дарчихсан сууж байсан. Х гэрийн үүд хэсэгт зогсож байсан. Лийн нүд орчмоос цус гарсан байсан. Би Хтой бүлэглэж Лийн биед гэмтэл учруулаагүй... Хүрэн бариултай хутга Л бариад байсан... Л тэр хутгаар хэн нэгний биед гэмтэл учруулаагүй... Л  гэрт орж ирэхдээ нарийн урт төмөр барьж орж ирсэн... Л Х хоёрыг ноцолдох үед зуух хажуу тийш унаад гэрийн хулдаас түлэгдсэн байсан. Би Лийг хутга барихаар нь гэрээс зугтаж гарсан. Тэгээд буцаж ороод ирэхэд гэрийн унь унаад хугарсан байсан... “ гэсэн  мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/

5. Гэрч Б.Бишүүгармаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай нөхөр Л нь Батсайхан гээд хүнтэй 2020 оны 10 дугаар сарын 17-ны оройн 18 цагийн үед 2 шил 0.5 граммын архи уугаад тасраад унтсан. Тэгээд бид хоёр цуг унтаж байхад 00 цаг 20 минутын үед манай урд талд Ууганцэцэг гэх айлын гэрт хүмүүс орилоод байхаар нь манай нөхөр Л нь Ууганцэцэгийнх рүү орсон. Тэгээд бүүр дуу нь өндөрсөөд явчихсан. Тэгэхээр нь би орсон чинь Лийг Энхжавхлан гэх залуу тэвэрчихсэн Х гэх залуу нь өшиглөөд байж байсан. Тэгэхээр н та нар болиоч ээ хүн аллаа ш дээ   цагдаа дуудлаа шүү гэсэн чинь Энхжавхлан гэх залуу нь би салгаж байна гээд байсан. Харин Х нь тоохгүй манай нөхөр Лийг зодоод байсан. Тэгээд Энхжавхлан нь Л Х хоёрыг салгаад байж байснаа цагдаа дуудсан чинь гараад гадаа зогссон. Харин Х нь гарж зугтах гэхээр нь Л бариад авсан чинь Х унь бариад нүдийг нь хатгасан. Тэгсэн чинь Лийн зүүн нүдний хажуу хэсэг нь арьс нь хуулраад цус гарсан. Тэгээд байж байхад цагдаа ирсэн... Би Энхжавхлан, Л хоёрыг маргалдаж зодолдож байхыг хараагүй... Х нь Лийн нүднийх нь хажууд униар хатгасан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/

6. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №677 дугаартай: “...

1. 2. Г.Лийн биед зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, зүүн нүдний зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эвэрлэгийн хаван, зүүн нүдний алимны салстын улайлт, баруун шилбэнд түлэгдсэн шарх, хүзүү, баруун  мөр, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...   ” гэсэн дүгнэлт /хх-ийн 67-69 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Лийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би гомдолтой байгаа. Цаашид гарах эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг нэхэмжилж байна... Би авсан 1.000.000  төгрөгөөс гадна 5.000.000 төгрөг нэхэмжилж байна... “/хх-ийн 19-21 тал/ гэж мэдүүлсэн боловч цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлын талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, хохирогч шүүхэд гаргаж өгөөгүй байх тул дээрх нэхэмжлэлийг шүүх хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлуудаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.

Мөн энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч О.Ууганцэцэгт  248.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан... “/хх-ийн 26-27 тал/ гэж мэдүүлсэн, шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад: “... нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн байх тул шүүгдэгчийг түүнд төлөх  хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хөнжил, 2 ширхэг унины хугархайг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000  /нэг сая таван зуун мянга / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Н.Хид  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 300.000  төгрөг төлөхөөр буюу 5  сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хөнжил,  2 ширхэг унины хугархайг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй  ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Хид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ