| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0279/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/13 |
| Огноо | 2021-01-08 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/13
2021 01 08 2021/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0279/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Э.Одхүү, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “ Б ” танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул
Улсын яллагч Г.Мөнхболд
Иргэдийн төлөөлөгч Б.Оюунтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 2039........... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******
Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багийн нутагт байрлах Ерөнхий боловсролын Сургуулийн дотуур байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдрагч Н.Хтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зэвсгийн чанартай зүйл болох хутга ашиглан Н.Хын хэвлий, баруун гуяны орчимд тус тус нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багт Ерөнхий боловсролын Сургуулийн дотуур байранд согтуугаар өөрийн хамтран амьдрагч Н.Хын хэвлий, баруун гуяны орчимд хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч Н.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалыг барихаар Баттөмөр, эгч Энхтуяа, дүү Бат-Эрдэнэ, хамтран амьдрагч Э нартай 2020 оны 09 дүгээр сарын сүүлчээр яг хэдний өдөр гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Биндэр суманд ирсэн юм. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 19-ний 21 цагийн үед Энхтуяа, Э, Бат-Эрдэнэ, Лхагва-Очир бид 5 ажлаасаа буугаад байрлаж байгаа хашаа руугаа орж явахад сан хийж байгаа хоёр ах машин дотроо архи уугаад сууж байсан. Тэгээд бид хэд тэр хоёр дээр очоод тэр хоёрын ууж байсан архинаас хувааж ууцгаасан. Тэгсэн нэг ах нь Бат-Эрдэнийг архинд явуулсан. Тэгээд Бат-Эрдэнэ 3 шил архи авчирсан. Тэгээд 1 шил архийг ууж дуусгахад нөгөө сангийн ах нар байрлаж байгаа байр руугаа орсон. Тэгээд Э, Энхтуяа, Бат-Эрдэнэ, Лхагва-Очир бид хэд байрлаж байгаа гэр рүүгээ орж 2 шил архи уусан. Тэгээд бүгд унтахаар болсон. Тэгсэн Э эгчтэйгээ утсан дээр болж маргалдаад байхаар нь би болио гэж хэлчихээд хэвтэх гэж байхад нэг нь гэрэл унтраасан. Тэгсэн л хэн нэг намайг хутгалчих шиг болсон. Тэгээд гэрлээ асаатал Э намайг хутгалчихсан байсан. Тэгээд гуянаас цус гараад би цусаа хараад ухаан алдчихсан. Тэгээд нэг сэрэхэд эмнэлэг дээр сэрсэн... би согтуу байсан. Тэгэхэд юу болж байгааг мэдэх ухаантай байсан... Э нилээн согтуу байсан... Тухайн утсан дээрээс болоод эгчтэйгээ маргалдаад та нарыг алаад өгье гээд орилоод сууж байсан. Би тухайн үед хутга аваад хутгалчихна ч гэж бодоогүй. Хэвтэх гэж байхад л гэнэт хутгалчихсан. Тэгээд гуянаас цус гараад ухаан алдсан. Э намайг яагаад хутгалсаныг би мэдэхгүй байна... Баруун гуяны ар хэсэгт, мөн хүйсний хажууд хутгалсан... Энхтуяа, Бат-Эрдэнэ, Лхагва-Очир нар хэвтэж байсан байх. Тэр хэд намайг хутгалхыг бол хараагүй байж магадгүй, гэрэл унтраад асахад л намайг хутгалчихсан... Бид хоёр хууль ёсны эхнэр, нөхөр биш, хамтран 4 жил хэртээ болж байгаа... Би гомдолтой байна. Эмчилгээнд 450.000 төгрөг зарцуулсан. Тэгэхээр эмчилгээний мөнгө болон 1.000.000 төгрөг нэхэмжилж байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-17 тал/
2. Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Би охиныхоо хамт Улаанбаатар хотод амьдардаг юм. 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр байх. Одоо яг хэдний өдрийг нь санахгүй байна. Тухайн үед манай төрсөн ах Баттөмөрөөр ахалсан нэг бригад гараад Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Биндэр сумын төвд спорт заал барихаар ирээд байсан юм. Би болохоор тогоочоор нь ирсэн юм. Тэгээд ажиллаж байгаад 2020 оны 10 дугаар сарын дундуур ажил дээрээ байхад манай дүү Бат-Эрдэнэ, Х нар барилгын хашаанд зогсож байгаа машин дээр очоод архи уугаад байх шиг байсан. Тэгэхээр нь би Хт тар нар хэнтэй архи уугаад байгаа юм гэхэд Хуягаа, Отгонбаяр ах машины наймаа хийж байгаа гээд нэг шил юм тойруулж байна, тэрнээс нь уусан юм гэж хэлсэн. Тэгээд орой 20 цагийн үед Энхтуяа, Лхагва-Очир, Х, Бат-Эрдэнэ бид 5 ажлаасаа буухад манай барилгын сантехник дээр ажиллаж байгаа Отгонбаяр, Хуягаа нар мөн машин дотроо архиа ууж байхаар нь бид 5 тэр хоёр дээр очоод тэр хоёрын ууж байсан архинаас нь хувааж ууцгаасан. Тэгсэн нөгөө хоёр ахын нэг нь манай дүү Бат-Эрдэнэд картаа өгөөд архинд явуулсан. Тэгээд манай дүү Бат-Эрдэнэ 2 шил архи авчирсан. Тэгээд Бат-Эрдэний авчирсан архийг задлаад ууж байхад сантехник дээр ажиллаж байгаа Отгонбаяр, Хуягаа гэх хоёр ах амарлаа гээд байр руугаа орсон. Тэгээд Лхагва-Очир, Х, Энхтуяа, Бат-Эрдэнэ бид 5 амардаг гэр рүүгээ ороод Бат-Эрдэний авчирсан 0.5, 075 граммын 2 шил архийг хувааж ууцгаасан. Тэгсэн манай эгч Энхтуяа тасарчихаад орилж байгаад унтаад өгсөн. Нөгөө хэд ч мөн унтацгаасан. Тэгсэн манай хамтран амьдрагч Х мөн согтчихоод надаас утсаа авна гэхээр нь би гар утсыг нь өгөхгүй одоо унтаж амар гэсэн чинь амарч өгөхгүй орилоод намайг барилгын хүмүүстэй холбоод янхан, гичий гээд хэл амаар доромжлоод байхаар нь тухайн үед зүрх өвдөөд уураа барьж чадалгүй нэг мэдсэн хутга аваад Хын бөгсний ар, хэвлий хэсэгт нь хутгалчихсан. Тэгсэн Лхагва-Очир Хын хутганы шархийг дарж байхад Х ухаан алдчихсан. Тэгээд түргэний машин ирээд Хыг аваад явсан... Х согтчихоод намайг барилгын хүмүүстэй хардаад янхан, гичий гээд хэл амаар доромжлоод байхаар нь би тухайн үед уур хүрээд хутга аваад хутгалчихсан юм... Хоолны шүүгээний дээрээс авч хутгалсан... энэ худлаа би Энхтуяатай маргалдаж муудаагүй, тухайн үед гэрэл асаалттай байсан... Энхтуяа, Бат-Эрдэнэ, Лхагва-Очир нар унтаж байсан. Хыг хутгалхыг бол тэр хэд хараагүй байх. Хутгалсны дараа л юу болов гэж байсан... Цагаан өнгийн бариултай хутгаар хутгалсан... Бид хоёр хууль ёсны баталгаагүй, хамтран амьдраад 4 жил болж байсан. Энэ асуудлаас болоод одоо хамтран амьдрахгүй байгаа... Намайг хэл амаар доромжлоод барилгын хүмүүстэй хардаад байсан. Намайг цохиж зодоогүй... Би эрхэлсэн тодорхой ажилгүй болохоор одоохондоо эмчилгээний зардал төлж барагдуулаагүй байгаа. Цаашдаа төлж барагдуулна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/
3. Гэрч Э.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Биндэр суманд сургуулийн спорт заал барих ажлаар 2020 оны 09 дүгээр сарын 20-д гаргаад ирсэн юм. Яг хэдний өдөр ирснээ сайн санахгүй байна. Манайх нийт 10 хүн ирсэн юм. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хамт ажиллаж байгаа Батхуяг гэх хүн одоогоос 2 хоногийн өмнө ирсэн Оогий /нэрийг нь сайн мэдэхгүй/ гэх хүний машиныг худалдаж авсан гээд тэр хоёр манай барилгын ажил явагдаж байгаа спорт заалны хашаан дотор машин дотроо архи уугаад сууж байсан юм. Гадаа харанхуй болж бид нарын барилгын ажил зогсоод амрах гэж байхад тэр хоёр дуудаад Э, Энхтуяа, Лхагва-Очир, Х бид тав Батхуяг, Оогий хоёрын машинд ороод тэр хоёртой хамт нэг шил архи хувааж уугаад бид хэд бөөндөө дахиж архинд яваад Батхуяг ах архи аваад буцаж ирээд тэр архиа ууж дуусаад Батхуяг ах Оогий ах хоёр нилээн халсан байсан болохоор амраад Э, Лхагва-Очир,Энхтуяа, Х бид тав үлдээд байрлаж байсан гэртээ ороод 0.5 граммын хараа архи, 0.75 граммын стандарт архи уусан. Энэ архиа ууж байхад Х эхнэр Этай маргалдаж муудалцаж эхэлсэн. Тэр хоёр муудалцаж байхад Лхагва-Очир түрүүлээд унтлаа гэж хэлээд гэрт хэвтэж байсан. Би гэрийн гадаа зогсож байхад гэр дотор түжигнээд эхлэхээр нь би гэр рүү ороход Х Сувдаа эгч чинь намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Би тэр хоёрын дундуур орж салгахад Э гартаа хутга барьчихсан зогсож байсан. Би тэр хоёрыг салгаад хоорондын холбоогоороо амарч байсан хүмүүсээ дуудаад манай хэд удалгүй ирээд эмнэлэг, цагдаа дуудаж Хыг эмнэлэгт хүргэж өгсөн... яг нарын учрыг нь бол би сайн мэдэхгүй байна. Өмнө архи дарс уугаад хоорондоо маргалддаг байсан. Айхтар сүртэй зүйл болж хутга шөвөг бол болж байгаагүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/
Гэрч Э.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Би Хэнтий аймгийн Биндэр суманд сургуулийн заал барихаар ирсэн. Бид хувиараа нийлж бригад болж ажиллаж байгаа юм. Бид Биндэр сумын төвд хоёр хэсэг газар байрлаж байгаа юм. Би Э, Энхтуяа, Х нарын хамт сургуулийн хажууд монгол гэрт амьдарч байгаа. Батхуяг, Лхагва-Очир, Баттөмөр, Уранчимэг, Ган-Очир нар болохоор сургуулийн дотуур байранд байрлаж байгаа юм.2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажлаа хийсэн. Батхуяг, Отгонбаяр хоёр машины наймаа хийсэн гээд машин дотроо архи уусан. Тухайн үед ажил тарж байсан. Отгонбаяр ах намайг дуудсан. Отгонбаяр, Батхуяг ах хоёр нилээд согтсон байсан. Надад архи хийж өгсөн. Тэгээд бид гурав архи хувааж уусан. Тэгээд байж байтал Х ирсэн. Нийлж архи уусан. Дараа нь Э ирсэн. Мөн нийлж архи уусан. Отгонбаяр ах дүү нартаа нэг юм авч өгнө гэсэн. Би Отгонбаяр ахын виза картыг аваад 750 граммтай соёрхол, 0.500 граммтай хараа, 0.750 граммтай монгол стандарт архи авчирсан. Намайг архи аваад ирэхэд Лхагва-Очир, Энхтуяа хоёр машин дээр ирсэн байсан. Бид тэгээд 750 граммтай соёрхол архийг машин дотор сууж байгаад хувааж ууж дуусгасан. Батхуяг, Отгонбаяр ах хоёрыг байрлаж байгаа газар нь хүргэж өгсөн. Х, Энхтуяа, Э, Лхагва-Очир бид нар байрлаж байгаа гэртээ орж 0.500 граммтай хараа, 0.750 граммтай монгол стандарт архийг хувааж уусан. Тэгээд бүгд унтах болсон. Бид нааран дээр ороо зассан. Тэгээд унтсан. Нэг мэдэхэд эмнэлэг рүү орж байсан. Би тэгээд юу болсон яасан юм яагаад эмнэлэг рүү явж байгаа юм гэхэд Хыг Э хутгалсан байна гэж хэлсэн. Би их согтсон байсан. Эмнэлэг орж байхдаа л ухаан орсон. Э би нөхрөө хутгалчихлаа гээд эмнэлэг дээр орилоод байсан... Намайг унтах хүртэл бол ямар ч хэрүүл маргаан болоогүй. Хутга барьсан асуудал болоогүй... Урд нь энэ хоёр маргалдаж мууддаг байсан. Гэр бүлийн хэрүүл маргаан байх шиг байдаг юм... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/
4. Гэрч У.Лхагва-Очирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Биндэр суманд спорт заал барихаар ирсэн юм. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр надтай хамт ажиллаж байгаа Батхуяг, Бат-Эрдэнэ, Э, Энхтуяа, Х нар мөн манай барилга дээр 2 хоногийн өмнө ажиллахаар ирсэн хүн /нэрийг нь сайн мэдэхгүй байна/ бид нар байрлаж байгаа газраа буюу сургуулийн хашаан дотор байрлах гэртээ архи уусан юм... Бат-Эрдэнэ, Энхтуяа, Э, Х бид тав дэлгүүр ороод 0.5 граммын хараа архи, 0.75 граммын стандарт архи хоёр аваад байрлаж байгаа гэртээ орж ирээд авч ирсэн 2 шил архиа хувааж уууж дуусч байх үеэр би бие засахаар гараад буцаж орж ирэхэд Х Э /хамтран амьдрагчид/ хоёр хоорондоо маргалдаж Х ах Э эгчийг хэд хэдэн удаа цохисон. Би орж ирээд шууд тэр хоёрыг салгаад одоо больцгоо ингэж хэрэлдэж маргалдаж байхаар амарцгаа гэж хэлээд би салгаад гэрийн баруун хэсэгт зассан байсан модон нааран дээр очиж хэвтэж байхад гэнэт сүр сар гээд бахиралдаад эхлэхээр нь босоход Х ах хөлөндөө хутгалуулчихсан байсан. Би тэр үед яг юу болоод байгааг сайн анзаарах сөхөө байхгүй шууд гарч хүн амьтан дуудсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/
Гэрч У.Лхагва-Очирын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Биндэр сумын төвд ажлаа хийгээд байж байсан. Орой ажил тарах дөхөж байсан. Гал тогоо ороод буцаад явж байтал Отгонбаяр гэх ах дуудсан. Намайг очиход ажил чинь дуусах болж байна уу гэж байсан. Би одоо ажил дууслаа гэж хэлчихээд явсан. Отгонбаяр ах Батхуяг ахтай машин дотроо сууж байсан. Тэгээд ажил тараад Отгонбаяр ахын машин дээр очсон. Тэнд Х, Бат-Эрдэнэ, Батхуяг, Отгонбаяр нар байсан. Архи ууж байсан. Надад архи хийж өгсөн. Отгонбаяр, Батхуяг ах хоёр машины наймаа хийсэн гэж байсан. Би хийж өгсөн архийг нь уучихаад гал тогооны гэр рүү ороод цай ууж нүүр гараа угааж дулаацаад буцаад гараад ирэхэд Отгонбаяр, Батхуяг, Бат-Эрдэнэ, Э, Энхтуяа, Х нар Отгонбаярын машин дотор архи уугаад сууж байсан. Би тэд нартай архи уусан. Архиа ууж дуусаад Отгонбаяр, Батхуяг хоёрыг байрлаж байгаа газар нь хүргэж өгчихөөд гал тогооны гэртээ ороод Бат-Эрдэнэ, Энхтуяа, Э, Х бид нар 2 шил архи хувааж уусан. Тэгээд унтахаар болсон. Гарч шээчихээд буцаад орж ирэхэд Э, Хас-Очи хоёр хоорондоо хэрэлдээд зууралдаж байсан. Би тэр хоёрыг салгаад орондоо ороод унтсан. Тэгээд унтаж байгаад дуу чимээ болсон. Тэгээд босоод ирэхэд Хын гуянаас цус гарчихсан Э цусыг тогтоох гээд хар өнгийн зүйлээр хөлийг нь ороосон байсан. Тэгсэн гаднаас эмч орж ирсэн. Хыг эмнэлгийн машинд суулгаад эмнэлэг авч явсан. Хыг эмнэлэгт оруулж өгөөд дараа нь цагдаа дээр ирсэн... Эмнэлэг дээр очоод байж байхад Э би Хыг хутгалчихсан юм гэж ярьж байсан... Би хараагүй. Намайг унтаж байхад энэ зүйл болсон байсан... Би Э, Х хоёр яагаад маргалдсан талаар мэдэхгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 тал /
5. Гэрч *******нхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын сургуулийн спорт заалны барилгын ажил дээр ажиллаж байгаад орой ажил дуусах үеэр хамт барилга дээр ажиллаж байгаа Батхуяг, Оогий гэх хоёр хүн хоорондоо машины наймаа хийсэн гээд машин дотроо барилга барьж байгаа хашаан дотор архи уугаад сууж байсан. Тэр хоёрыг архи уугаад сууж байхад нь мөн барилга дээр хамт ажиллаж байгаа манай төрсөн дүү Бат-Эрдэнэ, Э нөхөр Х, манай үеэл дүү Лхагва-Очир бид тав нийлээд машин дотор нь архи хамт уусан юм. Бид нар машин дотор нь орж нэг шил архи хувааж уугаад архи дуусахад нь бөөндөө гарч дэлгүүр ороод ахиад нэг шил архи Батхуяг ах аваад тэр архийг хувааж ууж дуусаад Батхуяг ах Оогий гэх хоёр хүн халсан тул тэр хоёрыг байрлаж байгаа сургуулийн дотуур байранд нь хүргэж өгөөд бид тав буцаж ирээд дэлгүүр орж 0.5 грамм, 0.75 граммын 2 шил архи аваад буцаж байрлаж бйагаа газартаа буюу сургуулийн хашаан дотор байрлах гэртээ архи ууж байгаад гадаа машин дотор ороод сууж байхад манай дүү Э түрүүлээд гэр рүү орсон. Араас нь бид хэд ороход Э Х хоёр хоорондоо муудалцаж байсан. Хэзээ яагаад хутгалсан талаар нь би сайн мэдэхгүй байна. Би тэр хоёрыг муудалцаж байхад нь эхнэр нөхөр хоёр муудалцаж л байдаг яав л гэж бодоод тоолгүй унтаад өгсөн. Өглөө намайг сэрэхэд манай хэд бүгд байхгүй гэр дотор цус болсон байсан. Юу болсон талаар хамт байсан дүү нараасаа асуухад манай төрсөн дүү болох Э нөхөр Хтой муудалцаж байгаад хутгалсан гэж байсан. Манай төрсөн дүү Э нь манай барилгын бригадийн тогоочоор ажилладаг юм... Манай гэрт 1 ширхэг хутга байдаг. Тэр нь төмөр бариултай цагаан өнгийн хутга. Ихэвчлэн шүүгээн дотор байдаг. Шүүгээний шургуулган дотор байсан байх. Манай дүү Э өөрөө тогооч хийдэг болохоор тэр хутгыг хаана байсныг нь сайн мэдэх байх... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/
6. Гэрч Ц.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын төвд сургуулийн спорт заалны сангийн ажил хийхээр ирсэн юм. Би Биндэр суманд ирээд энд мөн барилгын ажил хийж байгаа Батхуяг гэх хүнд өөрийн машинаа зарахаар болж тохиролцоод оройны 18 цагийн орчимд Батхуяг бид хоёр нэг шил 0.75 граммын соёрхол нэртэй архи хувааж уусан юм. Бид хоёр архиа ууж дуусч байх үеэр барилга дээр хамт ажиллаж байгаа хүмүүс машинд орж ирээд архи уугаад байсан. Би ирээд удаагүй байгаа болохоор тэр хүмүүсийн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Би Батхуягтай хамт архи ууж байгаад согтоод унтаад өгсөн байсан. Тэрнээс хойш юу болсон талаар нь би мэдэхгүй байна. Өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 20-ны өглөө сэрэхэд барилга дээр хамт ажиллаж байсан буюу өмнө шөнө архи уухад хамт байсан хүмүүс хоорондоо муудалцаад эхнэр нь нөхрөө хутгалсан гэж сонссон. Тэрнээс өөр надад мэдэх юм алга байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/
7. Гэрч Г.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Биндэр сумын төвд сургуулийн барилга дээр хамт ажиллаж байгаа Отгонбаяр гэх хүнтэй машины наймаа хийгээд бид хоёр нэг шил архи задлаад машин дотроо хуваагаад ууж байхад гадаа ажил хийж байгаа хүмүүс гадуур явж байхад дуудаж архинаас ганц нэг хундага татуулсан юм. Тэгээд гадаа хамт юм хийж байсан дүү нар машинд орж ирээд уугаад байсан. Отгонбаяр бид хоёр архи уугаад нилээн халсан байсан тул байрлаж байгаа байрандаа ирээд унтсан. Бид хоёрыг унтсанаас хойш юу болсон талаар нь мэдэхгүй байна. Өглөө сэрээд өмнө шөнө хамт ажиллаж байсан хүмүүс маань архи ууж хоорондоо муудалцсан, Э нөхөр Хыг хутгалсан гэж дуулсан. Шөнө хэрүүл зодоон болох үед нь бол хажууд нь байгаагүй. Манай байрлаж байгаа байр энэ хэдийн байрлаж байгаа байрнаас зайтай газар байдаг юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/
8. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №696 дугаартай: “...
1. Н.Хын биед хэвлийн хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний цоорсон шарх, хэвлийн хөндийд шингэн хуримтлал, баруун гуяны доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2.3. Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн нэг болон хоёр удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-37 тал/
9. Шинжээч эмч Б.Өнөрборгилын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Н.Хын биед хэвлийн хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний шарх, хэвлийн хөндийд шингэн хуримтлагдсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, баруун гуяны доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Хын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...Эмчилгээнд 450.000 төгрөг зарцуулсан. Тэгэхээр эмчилгээний мөнгө болон 1.000.000 төгрөг нэхэмжилж байна... ” /хх-ийн 14-17 тал/ гэж мэдүүлсэн бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж, шалгаж үзэхэд 185.609 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч Н.Хт олгож, хохирогч нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж дүгнэсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэх байдал тогтоогдохгүй байх тул уг дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан ял шийтгэлийг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 185.609 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Хт олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй ба хохирогч нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧИД М.ЭНХМАНДАХ
Э.ОДХҮҮ