Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2023/0021

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Г..-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн,

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Д.Г..

Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Боловсролын газар

Гуравдагч этгээд Л.Ч..

Нэхэмжлэлийн шаардлага: “ Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар “Захирамж хүчингүй болгуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрыг нөхөх 2018 оны 11 сарын 28-ны өдрийн сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоон уг сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр, “Д.Г..г ажлаас чөлөөлөх тухай” 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 дугаар, “Л.Ч..ыг албан тушаалд томилох тухай” захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох”

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М..,

Хариуцагч Ховд аймгийн Боловсролын газрын газрын өмгөөлөгч Ч.Э..,

Хариуцагч Ховд аймгийн Боловсролын газрын газрын өмгөөлөгч Д.Э..г,

Хариуцагч Ховд аймгийн Боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч
Т...

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О...г,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э...,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М...,

Хэргийн индекс: 122/2021/0014/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.2, 11 дүгээр зүйлийн 11.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 он/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч Д.Г.. дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг 2022 оны 11 сарын 04-ний өдөр шүүхээс гардуулсны дагуу хуулийн хугацаанд давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ бодит байдлыг нарийвчлан судалж, асуудалд бодитой, шударга хандалгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүхэд хандлаа. Миний бие Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар сургуулийн захирал буюу Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын ажил эрхэлж байтал Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар захирамж гарч, намайг үндсэн ажлын байранд томилсон 2018 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн А/49 тоот захирамжийг хүчингүй болгосноор миний хөдөлмөрлөх эрхэнд халдсан юм. Ховд аймгийн Засаг дарга 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр А/49 тоот захирамж гарган намайг сургуулийн захирлаар томилж, надтай үндсэн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө би уг албан тушаалд 7 сар 7 хоногийн турш түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Энэ хугацаанд болон дараа нь ч ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, харин ч санаачилгатай сайн ажиллан урамшуулал, дэмжлэг авч байсан болохыг баталсан баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн Төрийн албаны тухай хуулийн дагуу би уг албан тушаалын сонгон шалгаруулалтад 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр оролцон тэнцсэн бөгөөд энэ сургуульдаа 17 жил багшаар ажилласан тул сургуулийнхаа хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулахыг хүссэн. Тухайн үед төрийн захиргааны байгууллага харилцан зөвшилцөн шийдвэрээ гаргаад холбогдох байгууллага болох Авлигатай тэмцэх газраас бичиг авсны үндсэн дээр намайг томилсон асуудал нь хууль зөрчеөгүй учраас би А/866 тоот захирамжийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Тэгээд ч төрд ажиллаж байгаа албан хаагчдаас сонгон шалгаруулж, сул орон тоог нөхөх эрх нь зөвхөн тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий этгээдэд хамааралтай гэдгийг онцолж үздэг нь надад хамааралтай гэж бодож байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан байсныг харгалзан үзээгүй төдийгүй холбогдох хуулийг баримтлаагүй орхигдуулсан.Шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд хангалттай дүгнэлт хийгээгүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн заалт, хэрэгжилтийг хангах асуудалд ач холбогдол өгөлгүй, зөвхөн захиргааны актын хүрээнд Засаг даргын захирамжийг хуульд нийцсэн гэж үзсэн. Мөн шүүх шийдвэртээ Төрийн албаны тухай /2002/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасан “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно... гэсэн заалтыг дурдсан атлаа Хөдөлмөрийн хууль, хөдөлмөр эрхлэлтийн талаар огт дурдаагүй, ямар ч дүгнэлт хийгээгүй байна. Энэ талаар манай өмгөөлөгч Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй...” гэж Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 тоот тогтоолд тусгасан талаар тайлбарласныг шүүх анхаарч үзээгүйг шүүхийн шийдвэрээс харлаа. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар захирамж нь захирамжийг захирамжаар хүчингүй болгосон захиргааны акт боловч нэхэмжлэгч миний хөдөлмөрлөх эрхэнд илтэд халдсаныг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Түүнчлэн захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг огт баримтлаагүй буюу надад урьдчилж мэдэгдээгүй, гомдол, хүсэлтээ гаргах, нотлох баримт бүрдүүлэх боломжийг олгоогүй. Намайг үндсэн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байтал аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас миний ажлын байранд Сонгон шалгаруулалт зарласан байсан. Тэгээд намайг орохыг шаардсан, би зөвшөөрөхгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа талаараа хэлэхэд намайг дарамтлан “2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Сонгон шалгаруулалтад орохгүй бол ажлаас чинь хална” гэж сүрдүүлсэн, ингээд хэд хэдэн удаа шаардахад нь аргагүй эрхэнд орсон. Гэтэл сонгон шалгаруулалт хууль бусаар явагдаж, илтэд Л.Ч..т дэмжлэг үзүүлж байсныг нь тэнд байсан оролцогчид эсэргүүцэн дараагийн шалгалтад оролгүй, холбогдох газруудад хандан гомдол гаргасан. Бидний хэдэн хүн аймгийн захиргаа, Боловсрол соёл урлагийн газарт ч гомдол гаргахад асуудлыг шийдэж өгөхгүй байсаар дүнг гаргасан. Шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Сонгон шалгаруулалтын протоколд 2 дахь сонгон шалгаруулалтад ямар ч өрсөлдөгчгүйгээр ганц н.Ч оролцсон байхад нийт 7 хүн оролцоод н.Ч шалгарсан мэтээр худал бичсэн байсан. Энэ талаар шүүхэд гомдол гаргаж, гэрчээр холбогдох хүмүүсийг асуулгах хүсэлт гаргахад шүүх хүлээн аваагүй. Төрийн байгууллагууд өөрсдөө Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн талаар, Сонгон шалгаруулалттай холбоотой ажиллагааг хууль, холбогдох журмын дагуу явуулаагүй талаар шүүх дүгнэлт хийгээгүй нь хачирхалтай. Шүүхээс хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг гаргуулах талаар олон удаа хүсэлт тавихад байнга татгалзах, буруу дутуу ирсэн баримтыг зөвтгүүлэх хүсэлтийг хүлээн авахгүй байх, итгэмжлэл нь хүчингүй болсон төлөөлөгчийг оролцуулахгүй байхыг шаардахад хүлээн авахгүй байх зэргээр хэт нэг талыг барьсан олон үйлдэл гаргаж байсан учир аргагүйн эрхэнд дээд шатны шүүхэд хандан хэргийг нэг мөр, алдаагүй шийдвэрлүүлэхийн тулд бид ажиллаж байсан. Намайг томилох үеийн захирамжид тусгагдсан баримтуудыг гаргуулахаар шүүхэд хандахад холбогдох газруудаас гаргаж өгөөгүй бөгөөд ийм баримт байхгүй гэж мэдүүлэн нуусаар байсан. Эцэст нь манай өмгөөлөгч өөрөө Авлигатай тэмцэх газраас Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондогт хандсан 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 05/4619 дугаартай миний тухай албан бичгийг авч шүүхэд өгөн хэрэгт хавсаргасан байгаа. Нэг үгээр хэлбэл нэхэмжлэгч надад ашигтай баримтуудыг хариуцагч нар гаргаж өгөөгүй атлаа сүүлийн буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр явагдсан сонгон шалгаруулалтад оролцсон. Гуравдагч этгээд Л.Ч..т ашигтай баримтуудыг 3-4 давхардуулан шүүхэд гаргаж өгсөн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчин шүүх хуралдааныг хийх гэж зүтгэсэн шүүгчээс хүртэл татгалзах хүсэлт гаргаж байсан ба хүсэлтийг шийдвэрлэх 7 хоногийн хугацаанд шүүх алдааг засуулсан байсан. Д.Г.. намайг уг ажлын байранд хууль ёсоор томилогдон ажиллаж байхад дахин Сонгон шалгаруулалт зарлах хууль зүйн үндэслэл байгаагүй учир 2018 оны 11 дүгэр сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан “Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрыг нөхөх сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоон, сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгуулах, мөн энэхүү дүнг үндэслэн гарсан Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр “Д.Г.. намайг албан тушаалаас чөлөөлөх тухай” захирамж, мөн өдөр гарсан Б/12 дугаар “ Л.Ч..ыг албан тушаалд томилох тухай” захирамжуудыг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснээ дэмжиж байгаа. Хуулийн дагуу явагдаагүй сонгон шалгаруулалтыг би хүлээн зөвшөөрөхгүй.

 Мөн Ховд аймгийн Засаг дарга миний хөдөлмөрлөх эрхэнд халдсан А/866 тоот захирамж гаргасан атлаа ахин намайг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/11 тоот захирамжийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нь илтэд хууль зөрчсөн үйлдэл юм. Түүнээс гадна саяхан 2022 оны 11 дүгээр сарын эхээр Жаргалант сумын Засаг дарга хүртэл намайг ажлаас чөлөөлөхөөр сонсох ажиллагааг хийсэн гэдгийг энд дурдах нь зүй байх. Үүгээр ч зогсохгүй намайг гэр бүлийн минь хамт гэмт хэрэг гүтгэх, нийтэд худал мэдээлэл тарааж нэр төрд халдах, доромжлон гутаах зэрэг хууль бус үйлдлийг байнга гаргасаар байгаа нь харамсалтай. Би ажиллах хугацаандаа улс төржсөн, аймаг сумын хөгжилд саад болсон ямар нэгэн үйлдэл гаргаагүй бөгөөд аймгийн төвд байх Жаргалант сумын 3 дугаар сургуулийн захирлын ажлыг авахын тулд намайг зайлуулах гэж хууль хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн байгууллагууд хууль бус үйлдэл гаргаж байгааг гайхаж байна.

Иймд энэ хэргийг хянан үзэж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

1. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/110 дугаар захирамжаар Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон Б.Б.. нь 2018 онд өөрийн хүсэлтээр уг албан тушаалаас чөлөөлөгдөж, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Г..г тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, улмаар 2018 оны 9 сарын 21-ний өдрийн Б/49 дүгээр захирамжаар Д.Г..г мөн сургуулийн захирлаар томилж, хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан байна.

1.2. Маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар захирамжаар “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 7.5-д “... сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна гэж заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр дээрх 2018 оны Б/49 дүгээр захирамжаа хүчингүй болгосныг хууль зөрчөөгүй талаар  анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

1.3. Маргаан бүхий уг захирамжийн үндэслэл болсон дээрх журмын заалтаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сул орон тоо гарах бүрт сонгон шалгаруулалт явуулахаар заасан байхад Д.Г..г уг журмыг зөрчиж шууд томилсон Б/49 дүгээр захирамж хууль журмыг зөрчсөн байх бөгөөд уг хууль бус захирамжаа хариуцагч хүчингүй болгосны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

1.4. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдол болон тайлбартаа “Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар сул орон тоог төрд ажиллаж байгаа албан хаагчдаас нөхөх боломжтой, мөн урьд нь авсан сонгон шалгаруулалтад орж 2 дугаар байранд орсон учир 1 дүгээр байранд орсон Б.Б..г чөлөөлөгдөхөөр шууд томилогдсон нь хууль зөрчөөгүй” гэжээ.

1.5. Дээрх Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасан нь төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог нөхөхтэй холбоотой байх тул үйлчилгээний удирдах албан тушаалтны сул орон тоог нөхөхөд хэрэглэх үндэслэлгүй.

1.6. Мөн тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан дээр дурдсан журмын заалтаар сул орон тоо гарах бүрт сонгон шалгаруулалт зохион байгуулахаар заасан тул нэхэмжлэгчийн 2017 онд 2 дугаарт орсон гэх сонгон шалгаруулалтын үр дагавар нь нэгдүгээрт орсон хүн тухайн үед байсан сул орон тоонд томилогдсоноор дуусгавар болсон байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй.

2. Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрыг нөхөх 2018 оны 11 сарын 28-ны өдрийн сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоон уг сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Хариуцагч нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар захирамжаар 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 дугаартай захирамжийг “сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалт зарлах заалтыг зөрчсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотой зарласан 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг хууль бус гэж үзэх боломжгүй юм.

2.2. Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нь албан тушаалын сул орон тоо гарсан дээрх тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 7.5-д заасны дагуу сонгон шалгаруулалт зарлаж зохион байгуулж, дүнг гаргасан нь Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.7-д “орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд хууль зөрчөөгүй үйл ажиллагаа байна.

2.3. Нэхэмжлэгч Д.Г.. нь “Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт”-д орж тэнцээгүй болох нь хэрэгт авагдсан Сонгон шалгаруулалтын ажлын хэсгээс хүргүүлсэн Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1 дүгээр “Сонгон шалгаруулалтын дүн, мэдээ тайлан хүргүүлэх тухай” албан бичиг, шалгалтын нэгдсэн үнэлгээнүүд зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

2.4. Иймд нэхэмжлэгчийн “..Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байхад энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй, ажлаас хална гэж сүрдүүлсэн учраас сонгон шалгаруулалтад аргагүйн эрхэнд орсон...” гэх давж заалдах гомдлоор уг сонгон шалгаруулалтыг хууль зөрчөөгүй гэж үзсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

3. Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр “Д.Г..г ажлаас чөлөөлөх тухай”, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 дугаар “Л.Ч..ыг албан тушаалд томилох тухай” захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1. Нэхэмжлэгч Д.Г.. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрыг нөхөх 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоон уг сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгуулах, дээрх сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гарсан Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Д.Г..г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/11 дүгээр захирамж, мөн өдрийн “Л.Ч..ыг албан тушаалд томилох тухай” Б/12 дугаар захирамжуудыг тус тус хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасан “шүүхэд нэхэмжлэл гаргах гаргах хугацааг хэтрүүлсэн” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, уг захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 153 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

3.2. Дээрх Ховд аймгийн Засаг даргын 2019 оны Б/11 дүгээр, Б/12 дугаар захирамжуудыг “шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байхад нэхэмжлэлийн шаардлагаа дээрх захирамжуудыг “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилж дахин ирүүлснийг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй болжээ.

3.3. Нэхэмжлэгч нэг захиргааны актыг “хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байхад дахин тухайн актыг “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасан “хугацаа үл хамаарах” төрлөөр дахин шаардлага гаргасныг шинээр гаргасан нэхэмжлэл гэж үзэх үндэслэлгүй, уг заалт нь ийм боломж олгосон зохицуулалт биш юм.

3.4. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа бол” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу “Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Д.Г..г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/11 дүгээр захирамж, мөн өдрийн “Л.Ч..ыг албан тушаалд томилох тухай” Б/12 дугаар захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, хэрэглэх шаардлагагүй хуулийн заалтууд баримталсан байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11, Б/12 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий Б.Г..-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Төрийн албаны тухай /2002/ оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.7-д заасныг баримтлан “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны А/866 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрыг нөхөх 2018 оны 11 сарын 28-ны өдрийн сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож дүнг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Д.Г..-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                              Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ