Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 372

 

М.Зэнзмаа нарын нэр бүхий иргэдийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч М.Зэнзмаа, Ц.Намжилмаа, Ц.Пүрэвсүрэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг, нэхэмжлэгч Г.Эрдэнэбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямжав, нэхэмжлэгч Д.Отгонлхагвын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан, хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтжаргал нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 162 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2016/0456 дугаар магадлалтай, М.Зэнзмаа, Ц.Намжилмаа, Ц.Пүрэвсүрэн, Д.Отгонлхагва, Г.Эрдэнэбаатар нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 162 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр 4.1.3, Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 10 дугаар зүйлийн 10.1, 12 дугаар зүйлийн 12.5, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.3, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.2, 13 дугаар зүйлийн 13.1.2, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 486 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 7 орон сууцыг шинэчлэх, 1,4 га газрыг шинэчлэх төслийг “Гэзэгийн худаг” ХХК-д өгөхөөр шийдвэрлэснийг илт хүчин төгөлдөр бус акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх, хариуцагч нараас уг 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх этгээдийг хуульд зааснаар сонгон шалгаруулахыг хариуцагч нарт даалгуулах шаардлагатай нэхэмжлэлээр хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 486 тоот захирамж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 7 орон сууцыг шинэчлэх, төслийг “Гэзэгийн худаг” ХХК-иар гүйцэтгүүлэхээр зөвшөөрч, 1,4 га газрыг эзэмшүүлэх эрх олгохоор зөвшөөрсөн дүгнэлтийн актуудыг тус тус түдгэлзүүлж,

 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-д заасныг баримтлан холбогдох дэд төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг хуульд заасан журмын дагуу дүгнэн шалгаруулсны үндсэн дээр холбогдох захиргааны актыг гаргахыг Нийслэлийн Засаг даргад, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус даалгаж  шийдвэрлэжээ.  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2016/0456 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 162 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Гэзгийн худаг” ХХК-ийн өмгөөлөгч Н.Батбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэж үнэлээгүй учир хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй. Зөвхөн нэг талыг барьж өрөөсгөл дүгнэлт хийж, хэргийг шийдсэн. Нэхэмжлэгч нарын хувийн сонирхлоор мэдүүлж байгаа зүйлд эрт дүгнэлт хийсэн, хэрэг маргааныг бодитой тал бүрээс харж дүгнэх ажиллагаа хийгээгүй, “Гэзгийн худаг” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэх чадваргүй гэх талаас нь дүгнэж шийдвэрлэсэн. Нотлох баримтыг үнэлэхдээ төсөлд хамрагдаж байгаа иргэдийн орон сууцтай болох хүсэл эрмэлзлэлийг дүгнээгүй.

Шүүхэд нэхэмжлэл хянан хэлэлцэх хугацаа дэндүү урт, өөрөөр хэлбэл 3 жил орчим болсны улмаас төсөл хэрэгжээгүйд огт дүгнэлт хийгээгүй. Олон сууц өмчлөгчдийн эрх ашгийг цөөн хувийн сонирхол бүхий этгээдийн эрх ашигт нийцүүлж шийдсэн шийдвэр гаргасан. Шүүх хууль бус баримтаар төсөл авсан гэсэн дүгнэлт хийсэн боловч хууль бус гэдгийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон цагдаагийн байгууллагаар шалгасан гэх байхгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

"ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 486 тоот захирамж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 7 орон сууцыг шинэчлэх, төслийг “Гэзэгийн худаг” ХХК-иар гүйцэтгүүлэхээр зөвшөөрч, 1,4 га газрыг эзэмшүүлэх эрх олгохоор зөвшөөрсөн дүгнэлтийн актуудыг тус тус түдгэлзүүлж, дэд төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг хуульд заасан журмын дагуу дүгнэн шалгаруулсны үндсэн дээр холбогдох захиргааны актыг гаргахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн байна.  

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний үндсэн шийдлийг хэрэгжүүлэх, шугам сүлжээнд ойр байрлалтай гэр хорооллыг барилгажуулах зорилтын хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдах Орон сууцны 7 дугаар хорооллын зураг төслийг баталжээ.

 Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоотой төлөвлөлтийн зарчмыг тусгаж ажиллана”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, хотын захирагчийн ажлын алба нь энэ хуулийн хүрээнд гаргасан аливаа шийдвэрийн талаар тухай бүр олон нийтэд мэдээлнэ” гэж заасан байна.

 “Гэзгийн худаг” ХХК нь орон сууцны хорооллын төслийг хэрэгжүүлэхээр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны Цагдаагийн гудамд орших 1947 онд баригдсан нийтийн цагаан байруудыг шинэчлэн барилгажуулах төсөл, төлөвлөгөө боловсруулан оршин суугчидтай гэрээ байгуулан Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газарт хүсэлт гаргасан боловч оршин суугчидтай байгуулсан гэрээ нь зөрчилтэй, тэдний саналыг бүрэн авсан эсэх талаар хэргийн оролцогчдоос маргажээ.

Хариуцагч Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /хуучнаар/ нь Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1-д заасан орон сууцны өмчлөгч иргэд төсөл гүйцэтгэгчээр “Гэзгийн худаг” ХХК ажиллахыг зөвшөөрсөн эсэх буюу байгуулсан гэрээ нь үнэн зөв эсэх талаар нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй, зөвхөн хүсэлтэд хавсаргасан гэрээнүүдэд үндэслэсэн болохыг хүлээн зөвшөөрсөн, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад шүүхээс шууд дүгнэлт хийх боломжгүй тул маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасантай нийцсэн гэж үзнэ.  

Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...нотлох баримтыг буруу үнэлсэн...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, маргаанд хамаарал бүхий хуулиудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 162 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2016/0456 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Л.АТАРЦЭЦЭГ