Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2017/00039/И |
Дугаар | 38 |
Огноо | 2017-03-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 38
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Болормаад холбогдох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 476238 /дөрвөн зуун далан зургаан мянга хоёр зуун гучин найм /төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Мөнгөнсүх нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2016 оны 11-р сард 24000 төгрөг, 2016 оны 12-р сард 27000 төгрөг төлөөд өөр огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн унсы төлбөр болох 476238 /дөрвөн зуун далан зургаан мянга хоёр зуун гучин найман/ төгрөгийг Мөнгөнсүхээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Мөнгөнсүхээс орон сууцны төлбөр гаргуулахаар манай байгууллага нэхэмжлэл гаргасан. 49-16 тоот байрыг Д.Болормаа нь 2015 онд худалдан авч, амьдарч байх тул хариуцагч Мөнгөнсүхийг хэргийн жинхэнэ хариуцагч Д.Болормаагаар сольж, орон сууцны төлбөрийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 49-16 тоотод оршин суух ИА75032504 регистрийн дугаартай Харчу овогт Дамбын Болормаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Болормаа миний бие нь Б.Мөнгөнсүхээс 49-16 тоот байрыг 2015 оны 03 сарын 20-ны өдөр худалдан авсан билээ. 2016 оны 12 сар, 2017 оны 01 сарын мөнгө 54000 төгрөг төлж, халаалт, халуун, хүйтэн усны төлбөрийн үлдэгдэл 422238 төгрөгийг төлж барагдуулна. Дараах графикийн дагуу 2017 оны 04 сарын 15-ны өдөр 100000 төгрөг, 2017 оны 05 сарын 15-ны өдөр 120000 төгрөг, 2017 оны 06 сарын 15-ны өдөр 100000 төгрөг, 2017 оны 07 сарын 15-ны өдөр 102238 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Д.Болормаагаас орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 476238 /дөрвөн зуун далан зургаан мянга хоёр зуун гучин найм/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Д.Болормаагаас орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 476238 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Болормаа нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 476238 төгрөгөөс 2017 оны 03 сарын 09-ний өдөр 54000 төгрөгийг төлсөн баримтыг ирүүлсэн ба үлдэгдэл 422238 төгрөгийг 2017 оны 04 сарын 15-ны өдөр 100000 төгрөг, 2017 оны 05 сарын 15-ны өдөр 120000 төгрөг, 2017 оны 06 сарын 15-ны өдөр 100000 төгрөг, 2017 оны 07 сарын 15-ны өдрийн дотор 102238 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч Д.Болормаа нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 422238 төгрөгийг 2017 оны 04 сарын 15-ны өдрөөс 07 сарын 15-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,
123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 422238 /дөрвөн зуун хорин хоёр мянга хоёр зуун гучин найман/ төгрөгийг 2017 оны 07 сарын 15-ны өдрийн дотор хариуцагч Д.Болормаа нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14937 төгрөгний тал хувь болох 7468 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 7468 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Д.Болормаагаас улсын тэмдэгтийн хураамж 7468 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Болормаа нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ