Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/14

 

 

       2021        01          11                                          2021/ШЦТ/14

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 180/2021/0003

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Ж.Хонгорзул,

Улсын яллагч                                                  Г.Мөнхболд,                         

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Б.Болортунгалаг,

Шүүгдэгч                                                          ******* нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 2039.......... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,  *******

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  ******* нь 2020 оны 09 дүгээр сарын  23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах Хэнтий, Бэрх-Дадал чиглэлийн А19 дүгээр магистрал асфальтан зам дээр 46-94 УБГ улсын дугаартай MUSSO маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна... 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно “ гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч З.Хыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  ******* нь 2020 оны 09 дүгээр сарын  23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах Хэнтий, Бэрх-Дадал чиглэлийн А19 дүгээр магистрал асфальтан зам дээр 46-94 УБГ улсын дугаартай MUSSO маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна... 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно “ гэсэн заалтуудыг зөрчиж З.Хыг дайрч амь насыг нь хохироосон болох нь:

 

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Хаын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би эхээс 5-лаа. З.Х нь миний дээрээсээ 2 дахь ах байгаа юм... Нилээн олон жилийн өмнө Алтанцэцэг гэх хүнтэй хамт амьдарч байгаад салсан. Тэгээд сүүлд энэ хавар Норовлинд Хандаа гэх эмэгтэйтэй хамтран амьдар байгаад саяханаас мөн салсан сурагтай байсан. Би тэр Хандаа гэх эмэгтэйг нь эрж сураад байж магадгүй гээд утсаар яриад нас барсан гэдгийг нь хэлсэн чинь тэр Хандаа гэх эмэгтэй надтай хамт амьдарч байгаад энэ хавар салаад явсан, би лав хөөгөөгүй шүү гэсэн утгатай юм ярьсан. Би тэр эмэгтэйгээсээ салсан гэдгийг нь мэдээгүй. Ер нь бол өөрийн гэсэн гэр орон байхгүй. Тэр Хандаа гэх эмэгтэйтэйгээ амьдрахгүй айлуудаар л хонож өнжөөд явж байсан юм байна лээ. Би ч аймагт ирсэнийг нь мэдээгүй. Норовлин л тэр эмэгтэйтэй дээрээ байгаа юм байх л гэж бодсон. Хэзээ аймагт ирээд яаж яваад машинд дайруулсныг бол мэдэх юм алга байна... Архи бол хааяа уудаг, архи уухлаараа хараалын үг хэлээд байдаггүй, дуу цөөтэй, төлөв даруу хүн байсан. Нээх согтотлоо бол уугаад байдгыг нь мэдэхгүй, уухаараа хэмжээ болсон гээд л унтаад өгдөг хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Хаын мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр  өгсөн: “...  Талийгаачийн оршуулгын зардалд 6.865.400  төгрөг зарцуулсан. Үүнээс жолооч ******* 1.200.000 төгрөгийг оршуулгын зардалдаа нэмэрлээрэй гээд өгсөн. Тэгэхээр оршуулгын зардал нийт 5.665.400 төгрөг нэхэмжилж байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 тал /

2. Иргэний нэхэмжлэгч Б.Ганбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би авто зам, барилга байгууламж “Наранбулаг-Хан ХХК-д авто замын инженерээр ажилладаг юм. Манай компани Чингис-Дадал чиглэлийн хатуу хучилттай 50 км замыг тавьж байгаа юм. Тухайн үед манай компанийн материалын инженер С, нягтлан Үүрийнтуяа, хэмжилтийн инженер Баяр-Эрдэнэ нар аймгий төв рүү ажлаар явсан юм байна лээ. Би яг ямар ажлаар явсныг нь бол сайн мэдэхгүй байна. 9 дүгээр сарын 23-ны орой намайг ажил дээрээ байж байхад Үүрийнтуяа аймаг явж байгаад аваар хийчихлээ хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд хэргийн газар дээр очиход цагдаа, эмнэлгээс хүмүүс ирчихсэн шалгаж байсан... Манай компаниас ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/

3. Иргэний хариуцагч Г.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би “Наранбулаг” ХХК –д 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ХАБ-ын инженерээр ажилд орсон юм. Намайг ажилд ороход манай компани Хэнтий аймгийн Бэрх-Дадал чиглэлийн зам ажлаар ирчихсэн байсан юм. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны орой намайг 2 дугаар хэсгээр байрлаж байхад манай ажилчид болох С, Үүрийнтуяа, Баяр-Эрдэнэ нар аймгийн төв рүү албаны 46-94 УБГ улсын дугаартай “MUSSO маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад хүн дайрсан гэдгийг нь сонссон. Осол гарахад бол би байгаагүй болохоор ослын талаар сайн мэдэхгүй байна... Дээрх машиныг материалын инженерүүд материал зөөх болон лаборатори дээж авахдаа ашиглаж ажилдаа унадаг машин байгаа юм. Эзэмшигч нь бол манай компаний нэр дээр явдаг юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/

4. Гэрч Г.Үүрийнтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Наранбулаг ХХК-д нягтлангаар ажилладаг юм. Манай компани Хэнтий аймгийн Бэрх-Дадал чиглэлд 50 км-н зам тавьж байгаа юм. Тэгээд өнөөдөр буюу 20 цаг өнгөрч байхад хяналтын хоёр ажилчин шатахуун авах хэрэгтэй байна гэхээр нь материалын инженер С эгчийг хоёулаа төв орж хяналтын хоёрт шатахуун өгчихөөд ирье гэж хэлсэн. Тэгсэн Баяр-Эрдэнэ би та хоёртой ханиндаа төвж орж үсээ засуулчихаад ирье гэж хэлсэн. Тэгээд С эгч компаний 46-94 УБГ улсын дугаартай “Мусо” маркийн машиныг бариад би хажууд нь суугаад, арын суудал дээр Баяр-Эрдэнэ  суугаад 20 цаг 25 минутын үед байрлаж байгаа газраасаа наашаа гарсан. Тэгээд шороон замаар хэсэг явж байгаад засмал зам руугаа орсон. Тэгээд би замдаа сүлжээ орохыг хараад утсаа оролдоод явж байхад машины гэрэл орж ирээд хажуугаар машин зөрөөд л байсан. Тэгсэн С эгч юу вэ гээд гэнэт орилоход нь харсан чинь зам дээр машины гэрэлд цаашаа хараад сууж байгаа хүн хальт харагдах шиг болсон. Тэгээд нөгөө хүний дээгүүр гарчих шиг болсон. Би ч сандраад хүн дайрчих шиг боллоо гээд нүдээ дарсан. Тэгээд С эгч замын хажуу руу зогссон. Тэгсэн Баяр-Эрдэнэ, С эгч хоёр машинаас буугаад очиж харах уу гэхэд нь С эгч бид хоёр айгаад байна гэж хэлсэн. Тэр үед Баяр-Эрдэнэ эмнэлэг рүү залгаж түргэн дуудаж байсан. Тэгээд дараахан нь байж байхад араас нэг машинтай ах ирээд та нар аваараа татаад ослын тэмдгээ тавиа, ахиад машин дээгүүр нь гарчихвий гэж хэлж байсан. Тэгээд дараахан нь манай ажлынхан, болон түргэний машин ирсэн... Бид хэд Хэнтий чиглэлд Бэрхийн замаар төв рүүгээ явж байсан...С эгч нээх хурдтай бол явдаггүй. Би тухайн үед хурдыг нь бол анзаараагүй, хурдтай бол яваагүй... Би жолоочийн хажуу талын суудал дээр утас оролдоод явж байхад хажуугаар машин зөрөөд л байсан. Тэгсэн гэнэт С эгч сандарсан байдалтай юу вэ гээд орилоход нь харсан. Тэгсэн зам дээр цаашаа хараад сууж байгаа хүн харагдах шиг болсон. Тэгээд нөгөө хүнийг дайрчих шиг болсон. Би айгаад яанаа гээд шууд нүдээ дарсан. Тэгээд С эгч хүн байсан уу гэхэд нь тиймээ хүн байх шиг байсан гэж хэлсэн. Би үнэхээр их сандарсан болохоор зарим зүйлийг мэдэхгүй байна... Ойрын гэрэл дээрээ явж байсан... Машинууд зөрж байсан. Би тухайн үед утсаа оролдоод явж байсан. Тэгээд машинууд зөрөөд өнгөрсний дараахан нь л Сараа эгч юу вэ гээд  сандарсан байдалтай орилоход би харсан. Тэгэхэд л сууж байгаа хүн дайрчих  шиг болсон...  Манай ажил дээр архи, согтууруулах ундаа хориглодог болохоор бид хэд хэрэглээгүй байсан...  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/

5. Гэрч Б.Баяр-Эрдэний  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Наранбулаг ХХК-д инженерээр  ажилладаг юм. Манай компани Хэнтий аймгийн Бэрх-Дадал чиглэлд 50 км-ийн зам тавьж байгаа юм. Тэгээд өнөөдөр орой ажлаасаа буугаад байж байхад материалын инженер С, нягтлан Үүрийнтуяа нар аймгийн төв орж хяналтын инженертэй уулзана гэхээр нь би тэр хоёртой хамт аймаг орж эмээ, өвөөгийнхөөс мишок авангаа үсээ засуулах санаатай тэр хоёртой хамт явчихаад ирье гэж хэлсэн. Тэгээд 20 цаг 20 минутын үед С эгч  компаний 46-94 УБГ улсын дугаартай “Мусо” маркийн машиныг бариад хажууд нь Үүрээ эгч суугаад арын  суудал дээр би суугаад аймаг руу гарсан. Тэгээд шороон  замаар явж байгаад засмал зам руугаа орсон. Тэгээд засмал замаар явж байхад нилээн хэдэн машин зөрж байсан. Тэгээд сүүлд  хэдэн машин зөрсний дараахан нь л Сараа эгч юу вэ гээд орилох шиг болсон. Тэгээд би яасан бэ гээд хартал гэнэт зам дээр сууж байгаа хүн машины гэрэлд харагдах шиг болсон. Тэгсэн Сараа эгч машинаа зогсоож амьжилгүй тэр хүнийг дайраад гарчих шиг болсон. Тэгсэн Сараа эгч юу байсан бэ гэхээр нь би машинаа хажуу тийшээ шахаад зогсоочихоо гэж хэлсэн. Тэгээд машинаас буугаад эмнэлэг рүү залгаж байхад араас нэг машинтай ах ирж бид хэдийн хажууд зогссоноо та нар хүн мөргөчихсөн юм биш үү, наад хүнээ хамгаалахгүй бол дахиад машин ирээд дээгүүр нь гарчих вий гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаас буугаад эмнэлэг рүү дуудлага өгчихөөд нөгөө хүн дээрээ очиж чадахгүй цаанаас ирж байгаа ганц нэг машиныг тойруулж гаргаад байж байхад эмнэлгийн машин болон манай ажилчид ирсэн. Тэгээд эмнэлгийн ажилчид ирж үзээд тэр хүнийг өнгөрчихсөн байна гэж хэлсэн... Бид хэд Хэнтийн чиглэлд Бэрхийн замаар төв рүүгээ явж байсан... Цаана нэг эргэлт байдаг юм. Тэр эргэлтэн дээр эргэж байхад нь би өндийгөөд миллийг нь харахад 60 миллийн хурдтай л явж байсан. Тэгээд удалгүй осол болсон... Ойрын гэрэл дээрээ явж байсан... Машинууд бол нилээн зөрж байсан. Сүүлийн машин холын гэрлээ шилжүүлэхгүй зөрсөн. Тэгэхэд л гэнэт зам дээр хүн гараад ирсэн. Ер нь бол гэрлийн гялбаанд ороод л харж амьжаагүй, тулгаж ирээд л харсан... Манай ажил дээр архи, согтууруулах ундаа хориглодог болохоор бид хэд хэрэглээгүй байсан...  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/

6. Гэрч Л.Оюунсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... З.Х гэдэг хүнийг танина. Миний төрсөн эгчийн хүү байгаа юм... З.Х 2020 оны 09 дүгээр сарын 15-ны үед шиг санаж байна. Хэнтий аймгийн Норовлин сумаас ирлээ гээд манай гэрт ирсэн юм. Би түүнийг яг хэзээ ирсэнийг сайн мэдэхгүй байна. 2020 оны 09 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө манай гэрт хоносон. Тэгээд би 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 12 цаг өнгөрч байхад ач охинооо сургуулиас нь авах гэж гэрээсээ гарахад манай гэрт З.Х найз Баярцогт гэдэг хүний хамт үлдсэн юм. Би ач охиноо сургуулиас нь авчихаад гэрийн гадаа охиноо машинаас буулгаж орхиод гэрээрээ оролгүй буцаж яваад гадуур ажил хөөцөлдөж яваад орой 17 цаг өнгөрч байхад эргэж гэртээ очиход З.Х байгаагүй учраас хүүхдүүдээсээ ах чинь хаачсан бэ гэж асуухад Баярцогт ахтай гараад явсан гэж хэлж байсан... Энэ хоёр хүн манай гэрт архи уугаагүй. Хоёулаа эрүүл байсан. Харин З.Х 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Бэрх хот руу явдаг юм уу гэж надад ярьж байсан. Ер нь энэ хүн Бэрх хотын хүн байгаа юм. Ах, дүү нар нь Бэрх хотод байдаг... Анх манай гэрт ирэхдээ хөх өнгийн дээлтэй байсан. Одоо дээл нь манай гэрт байгаа. Дотоодын хийцтэй түрийтэй хар өнгийн ширэн гуталтай, саарал өнгийн өмдтэй, бүсэлхийгээрэй ногоон өнгийн бүс бүсэлсэн, цээж хэсэгтээ цагаан өнгийн бичигтэй хар хөх өнгийн подволктой, цайвар ногоон өнгийн даавуун цамц өмссөн, түүний гадна талаар ноосон цамц өмссөн байгаа... З.Хын гэдэс нь эвгүйрхэж гүйлгээд байсан учраас бүсээ гэдсээрээ ороож бүсэлсэн байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-57 тал/

7. Гэрч Д.Баярцогтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 13 цагийн үед таксинд явж байхад миний 98139389 дугаарын утас руу 98176811 гэсэн дугаараас  ХҮ залгаад хаана явж байгаа юм гэхээр нь би гадуур таксинд явж байна гэсэн чинь хоёулаа хамт явъя би эгчийнд байна хүрээд ир гэхээр нь би эгчийнх рүү нь хүрээд очсон. Тэгээд ХҮтай хамт цаг хэртэй гадуур таксинд явж байгаад  Хийдийн сууринд 6000 төгрөгийн машин угаалгын газар очиж бид хоёр машинаа угаалгасан. Тэгээд  машинаа угаалгачихаад мөн жоохон таксинд явж байхад ХҮ манай найз Тунгаа дуудаад байна, чи намайг Жонш колонк дээр буулгаад өгчих гэхээр нь буулгаж өгөх гээд явж байхад надад 6000 төгрөг байна энэн дээр нэмээд ганц шил архи аваад өгчих гээд гуйгаад бйахаар нь би Хөвчийн жонон орж 6000 төгрөгөн дээр нь нэмээд 0.75 граммын “Улаанбаатар” архи авч өгсөн. Тэгээд шууд Жоншт колонкын урд талын авто засварын зогсоол дээр ирэхэд Тунгаа ахын машин зогсож байсан. ХҮ ч буугаад үлдсэн. Би ч шууд хөдлөөд явсан. Тэгээд орой гэртээ очоод байж байхад ХҮ өөрийнхөө дугаараас над руу залгасан. Тэгсэн шаал согтуу ярьж байгаа зүйл нь мэдэгдэхгүй, хаана байгаа газраа зааж өгч чадахгүй байсан. Тэгээд би 21 цагийн үед таксинд явна гээд гэрээсээ гараад ХҮг асуухаар эгчийнх нь хашааны гадаа очсон чинь хашааных нь гадаа 2-3 машин байхаар нь гэр рүү нь оролгүй хашаан дотор нь явж байсан дүү охиноос нь ХҮ ах чинь ирсэн үү гэж асуусан чинь ирээгүй гэж хэлсэн. Тэгээд би утас руу нь 2-3 удаа залгасан холбогдох боломжгүй гээд байсан. Тэгээд би таксинд явж байгаад 22 цаг 30 минутын үед харьсан. Тэгээд 01 цагийн үед унтаж байхад хаалга балбаад байхаар нь тайлсан чинь ХҮг асуугаад 2 цагдаа орж ирээд ХҮтэй хэзээ уулзсант талаар асуусан... Би хамаатан садан биш ээ, зүгээр нутгийн таньдаг л хүмүүс байгаа юм... Надтай байхдаа бол архи энэ тэр уугаагүй, эрүүл байсан... Надад бол Тунгаа ахтай явна гэж яриагүй, хэд хоногоос буцна гэж л ярьж байсан... Би цагийг нь сайн санахгүй байна, 16 цагийн үед л буусан шиг санаж байна... 19-20 цагийн багцаанд л залгасан байх... ” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 58 тал/

8. Гэрч Б.Тунгалагийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 09 дүгээр сарын 23-ны өдөр өөрийнхөө эзэмшлийн портертой сум руугаа буцах гээд өөрийн танил болох ХҮ руу 15 цагийн үед залгаад чи хаана байгаа юм би сум руу буцах гэж байна шдээ гэж хэлсэн чинь хүлээж ба би ингэсгээд очлоо гэж хэлэхээр нь надтай хамт буцах гэж байгаа юм байлгүй л гэж бодсон. Тэгээд ХҮг Жоншт колонкийн урд талын автозасварын газар дээр 30-д минут хэртэй хүлээсэн.Тэгсэн миний машины ард нэг приус маркийн машин ирээд зогссон. Би ч машиныхаа толинд харж байхад ХҮ тэр машинаас буугаад миний машинд орж ирж суусан. Тэгээд сайн байна уу гэж мэндэлчихээд нээх ч юм ярилгүй ХҮг надтай хамт явах юм байх гэж бодоод л шууд тэндээсээ хөдлөөд Бэрхийн замаар Батноров руу гарсан. Тэгсэн ХҮ замд хүнтэй утсаар ярьж байснаа хөгшөөн энд зогсчих гэхээр нь замын хажуу талын зогсоол  руу орж зогссон чинь энгэрээсэээ 0.75 граммын Улаанбаатар архи гаргаж ирээд задлаад надад өгөхөөр нь хөгшин нь машин барьж яваа уухгүй, чи тэгээд надтай хамт явахгүй юм уу гэсэн чинь хөгшин нь ер нь явахаа болилоо хүн дуудчихлаа энд буугаад үлдчихье гэж хэлснээ задалсан архиа шилээр нь уугаад бид хоёр ойр зуурын юм яриад хэсэг суусан. Тэгээд архи нь ч талдаа орсон.  Тэгсэн хөгшин нь одоо буулаа чи ингээд явчих гэхээр нь чи гайгүй юу согтоогүй биздээ гэсэн чинь зүгээрээ хүн дуудчихсан одоо ингэсгээд ирэх байх гээд хугас шил архиа аваад замын хажууд буугаад үлдсэн. Би шууд цаашаа хөдлөөд явсан... Бид хоёр багадаа нэг ангид сурч байсан. Бид хоёр нэг нутгийн хүмүүс болохоор бие биенээ танидаг байсан юм. Ер нь бол найзалж нөхөрлөж байсан. Сүүлийн  жил л ХҮ Норовлинд эхнэртэй болсон гэж байсан. Сүүлд мөн 8 сарын эхээр манайд ирж уулзаж байсан юм... Намайг 09 дүгээр сарын 20-ны өдөр охиноо хүргэж өгөх гээд хот руу явж байхад ХҮ над руу залгаад хаана явж байгаа юм , чамтай ярих гэсэн утас чинь холбогдохгүй байна, гэхээр нь би суман дээр бйахгүй байгаа, охиноо хүргэж өгөхөөр хот руу явж байна гэж хэлсэн. Мөн хотод байхад хүртэл чи хэзээ ирэх гэж байна гээд утасдаад байсан. Тэгээд би аймагт ирээд ХҮг надтай хамт явах гээд залгаад байсан юм байх гэж бодоод ХҮ рүү залгаж яриад уулзсан юм. Тэгсэн надтай явсан юм байхгүй  хөгшин нь явахаа болилоо гээд машинаас буугаад үлдсэн. Намайг цаашаа хөдөлж байхад гадаа бүрий болж байсан. Тэгэхээр 17 цаг л өнгөрч байсан байх... Би 15 цагийн үед талийгаачтай утсаар ярьчихаад Жоншт клонкоос бензин аваад клонкын урд талын автозасварын зогсоол дээр хүлээгээд зогссон. Тэгэхэд талийгаач одоо очлоо гээд 30—40 минут бол хүлээсэн... Би жоохон уусан юм уу л гэж бодсон. Тэгэхдээ уусан уугаагүйг нь бол  сайн мэдэхгүй байна. Өөрийнх нь гаргаж ирсэн архи бол бүтэн байсан... Миний хажууд бол 2-3 хүнтэй утсаар яриад байсан. Би яг хэнтэй ярьсныг нь бол мэдээгүй... Машинаас буухад нь чи гайгүй юу гэсэн чинь зүгээрэй гээд надтай зүгээр яриад л буусан. Нээх согтсон юм мэдэгдээгүй. Тэгэхээр нь би хүн дуудсан гээд байгаа юм чинь хүн нь ирээд авах л юм байх гэж бодсон... Би машин барьж байгаа гээд уугаагүй... Би Бэрх чиглэл рүүгээ явах эгнээний машины зогсоол дээр үлдээсэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/

9. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №97 дугаартай: “...

1. Талийгаач З.Хын цогцост зулайн заадасны салалт, дагз, баруун талын чамархай, баруун талын хацар яс, хамар, хоншоор ясны бяцарсан хугарал, суурь ясны шугаман хугарал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, баруун уушгины дээд, доод дэлбэнгийн хатгагдаж язарсан шарх, элэгний 5,6,7,8-р сегмэнтийн урагдал задрал, цээж, хэвлийн хөндийн цус хуралдалт /300мл/ сээрний Th2, Th3-р нугалмын хугарал, нугас тасрал, толгойн хуйхны дотор гадаргуу, хоёр талын чамархайн булчингийн цус хуралт, баруун, зүүн 1,2,3,4,5,6,7,8,9,10-р хавирга ясны хугарал, зүүн дунд чөмөг ясны дунд 1/3 хэсгийн далд хугарал, баруун дунд чөмөг ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал, дух, баруун шуу, зүүн гуянд язарсан шарх, дух, баруун хэсгийн далд хугарал, дух, баруун шуу, зүүн гуянд язарсан шарх, дух, баруун чамархай, хоёр талын хацар, хамар, уруулын дээд хэсэгт, баруун чихний дэлбэн, баруун шуу, баруун сарвуу, зулайн зүүн дээд хэсэгт, зүүн сарвуу, хоёр өвдөгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

2. Дээрх зулайн заадасны салалт, дагз, баруун талын чамархай, баруун талын хацар яс, хамар, хоншоор ясны бяцарсан хугарал, суурь ясны шугаман хугарал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, баруун уушгины дээд, доод дэлбэнгийн хатгагдаж язарсан шарх, элэгний 5,6,7,8-р сегмэнтийн урагдал задрал, цээж, хэвлийн хөндийн цус хуралдалт /300мл/ сээрний Th2, Th3-р нугалмын хугарал, нугас тасрал, толгойн хуйхны дотор гадаргуу, хоёр талын чамархайн булчингийн цус хуралт, баруун, зүүн 1,2,3,4,5,6,7,8,9,10-р хавирга ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.7, 3.1.10, 3.1.12-д заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн дунд чөмөг ясны дунд 1/3 хэсгийн далд хугарал, баруун дунд чөмөг ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох  журмын 2.4.1-д заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаачийн цусанд 2,3% цөсөнд 2,1% спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолттой байжээ.

5. Талийгаач З.Х нь дээрх хавсарсан олон хүнд гэмтлийн улмаас нас баржээ... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 72-76 тал/

10. Автотээврийн үндэсний төвийн Хэнтий техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №11 дугаартай: “...

1. 46-94 УБГ улсын дугаартай “MUSSO маркийн хэрэгсэлд урд талын буфер хагарч цуурсан, холын гэрэл гэмтэл учирсан байна.

2. Уг тээврийн хэрэгслийн гэмтэл нь осол болсоноос хойш үүссэн болохыг тодорхойлж байна.

3. Уг тээврийн хэрэгслийн тоормос хэвийн ажиллагаатай стандарт шаардлага хангаж байна.

4. Уг тээврийн хэрэгслийн тоормосны гэрэл, дохио хэвийн ажиллагаатай, их гэрлийн шилжүүлэг гэмтэлтэй буюу зөвхөн ойрын гэрэл асна.

5. Осол гарахад техникийн талаас нөлөөлсөн ямар нэгэн хүчин зүйлс илэрсэнгүй... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 93-94 тал/

11. Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч С.Энхбатын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн: “...

-46-94 УБГ улсын дугаартай “MUSSO маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон Боржигон овогт Чойндонгийн С /АЮ79022800/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл  асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно “ гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол болоход нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.

-Явган зорчигч Уут овогт Зундуйн ХҮ /СА69101610/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. Мөн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна... ” гэсэн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 102-104 тал/

12. Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Уг тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй... Би Наранбулаг ХХК-д материалын инженерээр ажилладаг юм. Манай компани 2020 оны 07 дугаар сарын 15-ны үеэр Хэнтий аймгийн Бэрх-Дадал чиглэлийн 50 км засмал зам тавих ажилтай очоод байсан.Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн үед ажлаасаа буугаад оройхондоо хоол ундаа идээд байж байхад 20 цагийн үед нягтлан бодогч Үүрийнтуяа хяналтын инженер бензин авъя гээд байна, аймгийн төв орж инженерт бензин авч өгчихөөд ирье гэхээр нь Үүрийнтуяа, геодизийн инженер Баяр-Эрдэнэ бид гурав байрлаж байгаа газар буюу манай ажлын хэллэгээр 26+00 дээр байрлах 1 дүгээр кемп дээрээс компаний “Мусо” маркийн машинтай хөдөлсөн. Машинаа би бариад жолоочийн хажуу талын суудал дээр Үүрийнтуяа, арын суудал дээр Баяр-Эрдэнэ суугаад 20 цаг өнгөрч байхад аймгийн төв рүү хөдөлсөн. Шороон замаар явж байгаад засмалдаа орсон. Тэгээд засмал замд ороод 70-80 км-н хурдтай явж байсан. Тэгэхэд өөдөөс хэд хэдэн машины гэрлийн гялбаа орж ирээд байхаар нь би хурдаа хасаад явж байхад мөн өөдөөс 3 цувсан машин гэрлээ шилжүүлэхгүй хажуугаар өнгөрсөн. Тэгээд сүүлийн машин өнгөрөхөд л гэнэт зам дээр байсан юмыг дайраад гарсан. Тэгээд дайраад гарах үедээ л сууж байсан хүн дайрчих шиг боллоо гээд Үүрийнтуяагаас юу байсан бэ гэж асуухад Үүрийнтуяа хүн байх шиг байсан гэж хэлсэн. Тэгсэн Баяр-Эрдэнэ та машинаа зогсоогоос гэхээр нь би тухайн үедээ сандраад ухаан балартаад машинаа замын хажуу руу зогсоосон. Тэгээд Баяр-Эрдэнэ юу ч гэсэн бууж харъя, эхний ээлжинд эмнэлэг дуудъя гээд машинаас буугаад утсаар яриад нөгөө дайруулсан хүн рүү явж байсан. Тэгэхэд би машинаас буугаад яана би хүн дайрчихлаа гээд машиныхаа хажууд суугаад уйлсан. Тэгэхэд Үүрийнтуяа миний хажууд ирээд гайгүй байлгүй дээ эгчээ, үхчихгүй байлгүй дээ гээд намайг тайвшруулаад суусан. Тэр үед Үүрийнтуяа кемпийн ажилчид руу яриад хэлж байсан. Тэгээд  машиндаа ороод сууж байхад эмнэлгийн машин болон манай ажилчид ирж байсан. Ер нь надтай зөрсөн  3 машины хажуугаар гэрлийн гялбаанд ороод тэр 3 машин өнгөрөх үед л гэнэт зам дээр юм гараад ирсэн. Тэгээд тоормосоо гишгээд нөгөө юмыг дайрахад хоёр ч удаа түг түг гэсэн дуу гарсан. Тэгээд хүн байсан уу гээд сандраад хажууд байсан Үүрийнтуяагаас асуухад тийм ээ сууж байгаа хүн дайрчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд машинаа зогсоосон. Яг тэр хүн дээр тулаад ирэхэд нүдэнд арагшаа хараад сууж байгаа хүн зурвас харагдсан. Тэгээд би дараа нь сууж байгаа хүн дайрчихлаа гэж мэдсэн. Тэр хүн яалтчгүй зам дээр завилсан байдалтай сууж байсан... эхлээд 1.300.000 төгрөг, хэд хоногийн дараа 2.500.000  төгрөг өгсөн...   “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 115-117 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас З.Хын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ха нь “... Миний бие З.Ха нь оршуулгын зардал болон бусад зардлыг *******ээс барагдуулж авсан тул цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл үгүй... ” гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн,  мөн иргэний нэхэмжлэгч Б.Ганбатыг  шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад “... нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардал болон бусад зардлыг нөхөн төлсөн  нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь  заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн улмаас учирсан оршуулгын зардал болон бусад зардлыг нөхөн төлсөн  байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан  тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан шүүгдэгч *******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 3  дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 3  жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн  2.2, 2.5, 3.3  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д  тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх,  зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн,  гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч  *******д  анхааруулсугай.

5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч *******ийн тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн  8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 46-94 УБГ улсын дугаартай “MUSSO маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн  №43 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,  түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ