Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/24

 

2021   01 22                                                       2021/ШЦТ/24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 180/2020/0051

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Ж.Хонгорзул,

Улсын яллагч                                                  Ж.Батбаатар,                                   

Шүүгдэгч                                                          ******* нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 2039.........дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний  өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,  *******

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  ******* нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ 1 дүгээр багийн нутаг “Дуутын Даваа” гэх газарт 09-86 УНХ улсын дугаартай Пронтер-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуу далан руу унасан зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Хэрээд овогт Энхболдын Чын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  ******* нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ 1 дүгээр багийн нутаг “Дуутын Даваа” гэх газарт 09-86 УНХ улсын дугаартай Пронтер-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчиж замын хажуугийн далан руу унаж Э.Чын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

 

1. Хохирогч Э.Чын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Улаанбаатар хотын Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “ИЙСЕРН АГРО” ХХК-д манааачаар ажилладаг юм. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед хамт ажилладаг О ахтай албаны ажлаар Налайх дүүргээс Дорнод аймаг руу албаны машин болох 09-86 УНХ улсын дугаартай пронтер маркийн машинтай гарсан юм. Тухайн үед машинаа О ах жолоодоод гарсан. Тэгээд 01 цагийн үед О ах бид хоёр юм яриад Хэнтий аймгийн “Дуутын даваа” өнгөрөөд явж байхад гэнэт замын хагархай дайрахад машиных нь рүль ямар ч жолоодлогогүй, сул эргээд явчихсан. Тэгээд машин ч жолоодлогогүй болоод замын баруун гар тал руу ойчиход бид хоёр машиныхаа кабинаас цувраад гадагшаа шидэгдсэн. Тэгэхэд машин доошоо нэг эргээд дугуйн дээрээ зогссон. Тэгээд босоход миний нуруугаар өвдөөд, гараа өргөж чадахгүй байсан. Тэгээд хоёулаа зам руу гараад зам дагуу явж байгаа машин зогсоогоод эмнэлэг дуудсан... би жолооч биш  болохоор ер нь машин барьдаггүй. Тухайн үед О ах барьж явсан... Тухайн үед  миллийг нь хараагүй, их л зөөлөн явж байсан... Гадаа харанхуй, зөөлөн шиврээ /хүйтэн/ бороотой байсан. Зөөлөн явж байсан болохоор үзэгдэх орчин гайгүй байсан... Бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... Ямар ч ачаа байгаагүй. Хоосон явсан. Бид хоёр Дорнод аймгийн Баянтүмэн суманд худгийн хашаа барьхаар явж байсан юм... Дуутын даваан дээгүүр гарч ирээд цаашаа уруудаж явахад  замын /хагархай/ гарч замын хагархайн дээгүүр гарахад л машины рүль сул эргээд ямар ч жолоодлогогүй болчихсон. Тэгээд О ах тоормосоо гишгэхэд машин замынхаа баруун гар талын далан руу унасан. Тэгэхэд бид хоёр цувраад машины цонхоор шидэгдсэн. Яг ямар цонхоор нь шидэгдсэнийг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л машины кабин дотроос шидэгдээд гадаа гарчихсан байсан. Машин доошоо нэг эргээд дугуйн дээрээ зогссон... Тухайн үед бид хоёр юм яриад зөөлхөн явж байсан. Замын хагархай дайрахад л О ах рүль яачихваа гээд рүль нь сул эргээд, ямар ч жолоодлогогүй болчихсон... Шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн гэмтлүүд учирсан. Одоо бол зүгээр болсон... Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/

Хохирогч Э.Чын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...  Би Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 2 дугаар хэсэг 206 тоотод эхнэр 2 хүүхдийн хамтаар амьдардаг юм. 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манай хүргэн ах ******* нь хүнээс машин авахаа Дорнод аймгийн Баянтүмэн сумаас ирсэн юм. Ингээд 09-86 УНХ улсын дугаартай цэнхэр өнгийн давхар кабинтай пронтер маркийн машин хүнээс аваад орой 18 цаг өнгөрөөгөөд эргээд ах бид хоёр Дорнод аймаг руу хөдөлсөн. Тэгээд замдаа буюу Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг “Дуутын даваа” гэх газрыг уруудаад явж байхад ах  маань ооё, юу болж байна гээд хоёр гараараа машиныхаа рүлийг мушгиад байсан. Ингээд удалгүй машин нь зорчих хэсгийн баруун гар тийш замаас гарч далан руу онхолдож унасан. Ийм л асуудал болсон. Би тэгээд цагдаагийн газарт дуудлага өгсөн... Тухайн үед манай хүргэн ах О  машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон... “Дуутын даваа”-наас доош уруудаж явсан учраас их л зөөлөн явж байсан... Харанхуй бороотой байсан... ах маань эрүүл байсан... Ах машиных нь рүль гэнэт жолоодлогогүй болсон гэж хэлсэн... Миний нуруу хэсэг маань жоохон зулгарсан байна, бусдаар ямар нэгэн гэмтэл шарх байхгүй... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл огт байхгүй... “  гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/

 

Хохирогч Э.Чын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр  дахин өгсөн: “...  Би тухайн үед өөрийн садан төрөл болох *******ктябртай түүний худалдаж авсан 09-86 УНХ улсын дугаартай цэнхэр өнгийн ачааны машинтай явж байгаад зам тээврийн осолд орсон... Тухайн үед миний ар нуруу хэсэг газар жоохон үрэгдэж зулгарсан байсан. Одоо бол надад ямар нэгэн учирсан гэмтэл шарх байхгүй. Одоо зүв зүгээр бие маань эрүүл саруул  ажлаа хийж байна... Би тухайн үед гэмтэл дээр очсон чинь эмч үзээд нурууны хэсэг маань жоохон зулгарсан байна гэж хэлээд надад өвчин намдаах эм бичиж өгөөд л би гэртээ харьсан... Би тухайн үед эмчээс бичиг аваагүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/

2. Шүүгдэгч *******ктябрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг Сансарын 1-21 тоотод эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр ажилгүй, хүүхдүүд сумынхаа сургууль, цэцэрлэгт сурдаг. Би өөрөө Засаг Даргын Тамгын газарт галч хийдэг. Би 2020 оны 08 дугаар сарын эхээр хадам талын дүү утсаар яриад би найзаасаа давхар кабинтай пронтер худалдаж авсан. Та ирж аваад манай малчинд хүргээд өгөөч гэж гуйсан юм. Тэгээд би 08 дугаар сарын 10-ны өдөр замын унаагаар Улаанбаатар хот яваад 2 хоноод 08 дугаар сарын 12-ны өдөр хадам дүүгээсээ 09-86 УНХ улсын дугаартай давхар кабинтай пронтер маркийн машин аваад 18 цагийн орчимд хадам дүү болох Э.Чын хамт Улаанбаатар хотын Налайх дүүргээс Дорнод аймгийн чиглэлд хөдөлсөн. Бид замдаа Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэр “Дуутын даваа” гэх газар өгсөөд уруудаж байхад замын зорчих хэсэгт ухагдсан нүхэнд баруун гар талын  дугуйгаар цохиж машины рүль гэнэт ажиллагаагүй болж тормос гишгэх завдалгүй замаас гарч жалга руу бөмбөрч унасан. Тухайн үед бид хоёр машины цонхоор шидэгдэж үлдээд машин доошоо бөмбөрсөн. Тэгээд бид хоёр дээшээ зам руу гарч машин зогсоогоод түргэн тусламж дуудсан. Тэр үед шөнийн 01 цаг болж байсан. Удалгүй цагдаа болон эмнэлгийн анхан шатны тусламж ирсэн... Бид замдаа зогсоогүй. Ямар нэгэн байдлаар машин саатаагүй... Би жолоодож байсан... Би 40 км цагийн хурдтай явж байсан... Бага зэрэг бороо шивэрч байсан. Үзэгдэх орчин хэвийн байсан... Бид огт согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... Замын зорчих хэсэгт ухагдсан нүхэнд баруун гар талын дугуйгаар цохиж машины рүль гэнэт ажиллагаагүй болсон. Замын эвдрэл гэмтлээс болж зам тээврийн осол болсон... Тухайн үед Э.Ч баруун гар хөдлөхгүй байна гэж байсан. Маргааш нь буюу Улаанбаатарын хотын Гэмтэл согог судлалын эмнэлэгт үзүүлэхэд 5 хавирга хугарсан, далны яс бяцарсан байсан... миний санамсар болгоомжгүй байдал болон замын эвдрэл гэмтлээс шалтгаалж уг зам тээврийн осол гарсан... ”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-55 тал/

 

3. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №657 дугаартай: “...

1. Э.Чын биед баруун талын 1,2,3,4,6-р хавирганы зөрөөгүй хугарал, цээжний хөндийн хий хуралдалт, баруун дал ясны бяцарсан хугарал, гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл ба зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

3.4. Дээрх баруун талын 1,2,3,4,6-р хавирганы зөрөөгүй хугарал цээжний хөндий дэх хий хуралдалт гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар хүнд, баруун дал ясны бяцарсан хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...  ” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-24 тал/

4. Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн мөрдөгч Г.Ганхуягийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “...

-09-86 УНХ улсын дугаартай хөх ногоон өнгийн “   KIA PRONTER маркийн ачааны тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч Боржигон овогт Дугарсүрэнгийн О /ЖБ76020678/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.

-09-86 УНХ улсын дугаартай хөх ногоон өнгийн “   KIA PRONTER маркийн ачааны тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч Боржигон овогт Дугарсүрэнгийн О /ЖБ76020678/ нь Цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн бүртгэл хайлт лавлагаагаар жолоочийн №716481 дугаарын “А, Б, С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй /хүчинтэй/ байна... ” гэсэн магадлагаа /хх-ийн 35-36 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь  заалтад заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Чын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь “... Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж биеийн байдал хэвийн болсон. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдол байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж  өгнө үү... ” /хх-ийн 85 тал/ гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн, шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад “... нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан  прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Октябрийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь  заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан шүүгдэгч *******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь  заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  1 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1  жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн   2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т  тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх,  зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч  *******т  анхааруулсугай.

5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч *******ктябрийн тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Дорнод  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,  түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ