Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 46

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Одсүрэнд холбогдох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 706266 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад       

                                                                                Т О Д О Р Х О Й Л О Х нь:

            Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Батсүх нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2016 оны 2-р сард 100000 төгрөг төлөөд өөр огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн унсы төлбөр болох 706266 төгрөгийг Д.Батсүхээс гаргуулж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Д.Батсүхээс орон сууцны төлбөр гаргуулахаар манай байгууллага нэхэмжлэл гаргасан. Гэтэл уг байранд Д.Батсүхийн төрсөн хүү Батсүхийн Одсүрэн амьдарч байх тул хариуцагч Д.Батсүхийг хэргийн жинхэнэ хариуцагч Б.Одсүрэнгээр сольж, орон сууцны төлбөрийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 47-53 тоотод оршин суух СЩ88101219 регистрийн дугаартай Боржигон овогт Батсүхийн Одсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн 706266 төгрөгнөөс 200000 төгрөгийг 2017 оны 03 сарын 22-нд төлсөн. Үлдсэн мөнгийг 2017 оны 04, 05 сард төлж барагдуулна. Үлдэх 506266 төгрөгнөөс 2017 оны 04 сард 253133 төгрөгийг, 2017 оны 05 сард 253133 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.

                                                                                      Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Б.Одсүрэнгээс орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 706266 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Б.Одсүрэнгээс орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 706266 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Одсүрэн нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 706266 төгрөгнөөс 2017 оны 03 сарын 22-ны өдөр 200000 төгрөгийг төлсөн баримтыг ирүүлсэн ба үлдэгдэл 506266 төгрөгийг 2017 оны 04 сард 253133 төгрөг, 2017 оны 05 сард 253133 төгрөг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 Иймд хариуцагч Б.Одсүрэн нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 506266  төгрөгийг 2017 оны 05 сарын 31-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 506266 /таван зуун зургаан мянга хоёр зуун жаран зургаан/ төгрөгийг 2017 оны 05 сарын 31-ний өдрийн дотор хариуцагч Б.Одсүрэн нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21500 төгрөгний тал хувь болох 10750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 10750 төгрөгийг, хариуцагч Б.Одсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 10750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Одсүрэн нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    М.ЭНХМАНДАХ