Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2-р багт оршин суух, СГ67040102 регистрийн дугаартай Ямаан хачит овогт Эмгэний Наранцэцэгийн “ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийг 2017 оны 03 сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа, хүсэлт гаргагч Э.Наранцэцэг нар оролцов.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Хүсэлт гаргагч Э.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн 2-р бригадад 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 сарын 01-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан. Би 1982 оноос нэгдэл тартал мал маллаж байгаад өнөөдрийг хүртэл хувийн мал маллаж байгаа, 16 настайгаасаа саальчин болсон, 1983, 1988, 1990, 1992, 2005 онуудад хүүхэд төрүүлсэн. 1982, 1991 онуудад Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн захиргаанаас олгосон хөдөлмөрийн дэвтэр, Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн даргын 1982 оны 01 сарын 11-ний өдрийн 03 тоот “малчны ажилд томилох” тухай тушаал, 1993 оны 10 сарын 01-ний өдрийн 26 тоот “малчны үүрэгт ажлаас чөлөөлөх” тухай тушаал зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Надад олгосон хөдөлмөрийн дэвтэр дээр нэгдлийн тамга дарагдаагүй, Хэнтий аймгийн архиваас тухайн үед ажиллаж байсан хугацааны цалингийн лавлагаа гарахгүй байсан тул манай сумын нийгмийн даатгалын байцаагч намайг ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгож ир гэж хэлсэн. Өөр нотлох баримт болон цалингийн лавлагаа Хэнтий аймгийн архивын тасгаас олдохгүй байгаа. Иймд эдгээр нотлох баримтыг үндэслэн намайг Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн 2-р бригадад 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.            

Шүүхийн хэлэлцүүлгээр хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Ү Н Д Э С Л Э Х нь:

Хүсэлт гаргагч Э.Наранцэцэг нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн 2-р бригадад 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Э.Наранцэцэгийг Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн 2-р бригадад 1982 оны 01 сарын 01-ний өдөр малчны ажилд томилсон, 1993 оны 10 сарын 01-ний өдөр малчны үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал нь байгаа боловч тухайн үед уг нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр дээр тамга дарагдаагүй, ажиллаж байх хугацааны цалингийн лавлагаа архиваас гарахгүй байгаа, бусад бичиг баримт нь үрэгдсэн, тухайн үед ажиллаж байсан байгууллага нь татан буугдсан, одоо үйл ажиллагаа явуулаагүй байгаа, уг байгууллагын бичиг хэргийн баримт нь Хэнтий аймгийн Архивын тасагт байхгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2015 оны 07 сарын 01-ний өдрийн 225 тоот “Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн санхүүгийн баримт Төрийн архивт шилжиж ирээгүй болно” гэх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн ажилласан байдлыг шүүхийн журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн даргын 1982 оны 01 сарын 11-ний өдрийн 03 тоот “Наранцэцэгийг 1982 оны 01 сарын 01-нээс саальчнаар томилсугай” гэх тушаалын хуулбар, 1982 оны 12 сарын 01-ний өдөр Э.Наранцэцэгийн нэр дээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.Ганбаатар, Ц.Батмөнх нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар хүсэлт гаргагч Э.Наранцэцэг нь 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн 2-р бригадад малчнаар ажилд томилогдон ажиллаж байсан гэдэг нь нотлогдож байна.

Хүсэлт гаргагч Э.Наранцэцэг нь “Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн 2-р бригадад 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан” гэдэг нь:

 - Гэрч Г.Ганбаатарын “Э.Наранцэцэг нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн 2-р бригадад 1982 оноос эцэг, эхтэйгээ мал маллаж малчин болсон. 1984 оноос саальчин болсон. Би өөрөө нэгдлийн сүүний машины жолоочоор ажиллаж байсан” гэх мэдүүлэг, шүүхэд гаргасан тодорхойлолт,

- Гэрч Ц.Батмөнхийн “Э.Наранцэцэг нь сургууль төгсөөд саальчин болсон. Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн 2-р бригадад 1982 оноос 1989 оныг дуустал ажиллаж байсан” гэх мэдүүлэг, шүүхэд гаргасан тодорхойлолт,

- Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн захиргаанаас 1982 оны 12 сарын 01-ний өдөр Э.Наранцэцэгийн нэр дээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,  

- Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн даргын 1982 оны 01 сарын 11-ний өдрийн 03 тоот “Наранцэцэгийг 1982 оны 01 сарын 01-нээс  саальчнаар томилсугай” гэх тушаалын хуулбар,

- Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” хувьцаат компанийн захирлын 1993 оны 10 сарын 01-ний өдрийн 26 тоот “малчны үүрэгт ажлаас чөлөөлөх” тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар, /26 тоот тушаалын хавсралт 2-р хэсгийн 13, 14-р талд /нөхөр Ж.Давааням/, Э.Наранцэцэг гэх бичилт/

- Хүсэлт гаргагч Э.Наранцэцэгийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хүсэлт гаргагч Э.Наранцэцэгийн шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Иймд хүсэлт гаргагч Э.Наранцэцэгийн “Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн 2-р бригадад 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

   82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120, 133 дугаар

зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан СГ67040102 регистрийн дугаартай Ямаан хачит овогт Эмгэний Наранцэцэгийг Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн 2-р бригадад 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Э.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.     

          3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

          5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    М.ЭНХМАНДАХ