Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/20

 

           2021          01         14                                             2021/ШЦТ/20

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 180/2021/0007/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Ж.Хонгорзул,

Улсын яллагч                                                  Ж.Баянжаргал,         

Хохирогчийн хууль ёсны

төлөөлөгчийн өмгөөлөгч                                Д.Оюунцэцэг,                       

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Б.Болортунгалаг,

Шүүгдэгч                                                          ******* нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д  холбогдох 2039.......... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Айргийн 1-2 тоот мах бэлтгэлийн газрын хашаан дотор 32-44 ХЭҮ улсын дугаартай Mitsubishi minicab маркийн тээврийн хэрэгслээр Ц.Гыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсны улмаас Ц.Г нас барсан гэх хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Айргийн 1-2 тоот мах бэлтгэлийн газрын хашаан дотор Mitsubishi minicab маркийн тээврийн хэрэгслээр /улсын дугааргүй/ Ц.Гыг мөргөж амь насыг нь  болгоомжгүйгээр хохироосон болох нь:

 

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Миний ээжийг Цэрэнгийн Ц.Г гэдэг.  89 настай хүн байсан. Миний ээж Ц.Г 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өмнөдэлгэр сумын төвд үйл ажиллагаа явуулдаг мал бэлтгэлийн газрын хашаан дотор машинд дайруулсан. Тухайн үед би хажууд нь байгаагүй. Миний ээж машинд дайруулснаасаа хойш Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс Өмнөдөлгэр сумынхаа Эрүүл мэндийн төвд шилжин эмчлүүлж байгаад 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн орчим эмнэлгээс гараад гэрээр эмчлүүлж багйаад 2020 оны 10 дугаар сарын 24-ний орой 22 цагийн орчим нас барсан. Тэр орой сумын эмч Мөнхжаргал дуудлагаар ирж анхны тусламж үзүүлж тариа хийсэн. Тэгээд араас нь Ариунтунгалаг эмч ирэхэд амь нь тэмцэж байгаад нас барсан. Миний ээж машинд дайруулснаас болж хоёр гар шуугаар, баруун хөлний дунд чөмгөөр, зүүн талын таван хавирга хугарсан, зүүн хөлний өвдөгний тойг мултарсан гэсэн оноштой байсан. Би ээжийгээ олон ясны хугарал, гэмтлээс болж шаналж зовж байгаад нас барсан гэж үзэж байгаа. Хугарсан гар хөлөнд нь хагалгаа хийх юм бол хагалгаа даахгүй амь насанд аюултай гээд эмнэлгээс хагалгаа хийгээгүй юм. Манай ах дүү нар бас машинд дайруулсан гэмтлээс болж нас барсан гэж үзэж байгаа. ...Би маш их гомдолтой байна. Би оршуулгын зардлыг нэхэмжилж байна. Гарсан зардлын тооцоо нь гэрт байгаа. Болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэрэг учраас, нэгэнт нас барсан хүн босож ирэх биш дээ. Надаас уучлалт гуйгаад, оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулвал надад гомдол байхгүй. С оршуулгын зардалд бид нарт 2.000.000 төгрөг бэлэн өгсөн. Миний ээж Ц.Г миний төрсөн дүү Ганжууржавыг асардаг байсан. Миний дүү мэдрэлийн өвчтэй юм. Цаашид миний дүүг харж хандаж байгаасай гэж хүсч байна. ... Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, миний ярьсан зүйл үнэн...  “ гэсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 48-50 тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “ ... Би ээж Ц.Гын оршуулгын ажилд зарцуулсан хүнс, бензиний мөнгөний баримт болох 5.672.557 төгрөгний баримтыг өмгөөлөгчөөр дамжуулан хавтаст хэрэгт тусгуулахаар өгсөн байгаа. Бусад баримтууд хөдөө эхнэр дээр байгаа учраас өгч амжаагүй байна. Нэмж өгөх баримтныхаа мөнгөн дүнг мөн нэхэмжилнэ. С гэх хүн нэг ч удаа ирж уучлалт гуйгаагүй байгаа. Би маш их гомдолтой байна. ... ******* миний ээжийг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад 500.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн ээжийн буяны ажлын хүнсэнд 1 тооны бяруу, 1 тооны хонь, 1 тооны ямаа өгсөн...  “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 53 тал/

2. Иргэний нэхэмжлэгч Ц.Дамчаасүрэнгийн  мөрдөн шалгах ажиллагааны  явцад өгсөн: “  ... 32-44 ХЭҮ улсын дугаартай Mitsubishi minicab маркийн тээврийн хэрэгслийг 2018 онд Дуйхаржав гэх хүнээс нэг тугалтай үнээгээр авсан. Тугалтай үнээгээ С бид хоёр дундаасаа гаргаж авсан. 32-44 ХЭҮ улсын дугаартай Mitsubishi minicab маркийн машиныг Дуйхаржав гэх хүн манай хашаанд явахгүй эвдрээд 2-3 жил болсон гэж хэлж байсан. С бид 2 эвдэрсэн мотор нь байхгүй машин аваад засварлаж унасан. Дуйхаржав энэ машинд бичиг баримт байхгүй актанд гаргаад тээврийн хэрэгслийн бүртгэлийн сангаас хасалт хийлгэсэн машин гэж хэлж байсан. Энэ машин С бид хоёрын дундын өмч болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...Одоо Дуйхаржав гэх хүн хаана байдгийг мэдэхгүй байна. Машин авснаас хойш би дахиж уулзаагүй... “  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 55 тал/

3. Гэрч Л.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны  явцад өгсөн: “  ... Би 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн орчим өөрийн гэр болох Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн Айргийн 1-02 тоот хашааны дотор баруун талд жорлон ухаж байсан залуутай уулзаад зогсож байхад манай мах бэлтгэлийн газраас малын гэдэс толгой авдаг 80 гаран настай эмээ урдаасаа хойшоо мах бэлтгэлийн байшингийн урд талд явж байсан. Би нэрийг нь санахгүй байна. Тэгээд байж байтал араас нь нэг цагаан өнгийн жижиг тэвштэй автомашин явж байгаа харагдаж байсан. Би машины дугаарыг нь санахгүй байна. Цагаан өнгийн жижиг ачааны автомашиныг зогсох гэж байна уу гэтэл тэр эмээг араас нь дайрчихсан эмээ газар унаад машин доогуур ороод надад харагдахаа больсон. Тэгээд би сандраад хүн дайрчихлаа гээд автомашины хажууд гүйж очиход дайруулсан эмээ машины урд талын 2 дугуйны ард толгой нь зүүн зүгт харсан байдалтай байж байсан. Тэгээд надтай хамт хүмүүс машины арын хэсгийг өргөж байгаад дайруулсан эмээг зүүн зүгт татаж гаргаж ирсэн. Эмээг машин доороос гаргаж ирэхэд эмээгийн толгой хэсэг цус болсон байсан. Тэгээд би эмнэлэг цагдаа дуудаарай гээд хашааны хаалга руу явсан. Би айж сандраад хүн мөргөсөн тэр газар цагдаа иртэл ахиж очоогүй. ... Би Сараа гэж машин жолоодож явсан Сг хэлж байна. Би Сараа гэж дууддаг юм. ...Сг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үгүйг би мэдээгүй. ...Би айж сандраад надтай хамт ямар хүмүүс машин өргөснийг санахгүй байна. ... Манай “Энх бум” мах бэлтгэлийн хоршоо дотор талдаа камертай,  гадна талдаа хяналтын камер байхгүй. Гадна талдаа 2 камер байсан боловч ажиллахаа болиод удаж байна...  “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 57 тал/

4. Гэрч Н.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны  явцад өгсөн: “  ... 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дуудлагын эмчийн ээлжтэй байсан. Өдөр 12 цаг 30 минутын орчим миний гар утас руу Энхбаяр сувилагч залгаад мах бэлтгэлийн газрын хашаанд хүн машинд дайруулсан байна яаралтай оч гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө машинтай мах бэлтгэлийн газар очиход цагаан өнгийн ачааны жижиг автомашины зүүн талд 80 гаран настай эмээг нэг эмэгтэй цээжин биеэр нь түшээд байж байсан. Би машинд дайруулсан Ц.Г гэх хүний даралтыг үзэхэд дээд даралт 80, доод даралт 50-тай, пульс 64-тэй байсан. Тухайн хүний баруун хөмсөгний дээд талд зүсэгдэж цус гарсан, хоёр гарын сарвууны ар хэсгээр зулгарсан, зүүн гар шуугаар эмзэглэлтэй, баруун хөлний дунд чөмөг дээд хэсгээр ил хугаралтай байсан. Миний араас Л. Энхбаяр сувилагч, Э.Ган-Эрдэнэ эмч хоёр Ц.Г гэх хүнийг Энхбаяр сувилагчийн машинтай эрүүл мэндийн төвд авчирсан. Эрүүл мэндийн төвд авчраад Э.Ган-Эрдэнэ эмч аймгийн төв рүү мэсийн эмчээс зөвлөгөө аваад Ц.Г гэх хүнийг хөдөлгөж болохгүй гэсэн тул аймгийн төвөөс эмч нар ирж хагалгаа хийхээр болсон. Аймгийн төвөөс эмч нар ирээд сумын төвд хийх боломжгүй хагалгаа байна гээд Хэнтий аймгийн төв рүү Ц.Г гэх хүнийг авч явсан. Би хэргийн газар анх очоод анальгин демидрол судсанд нь хийхэд өвдөлт нь намдахгүй байсан болохоор трамадол булчинд хийсэн. Цус тогтоох зорилгоор витамин С-г натрийн хлоридоор шингэлж судсанд хийсэн. Мөн тархины цусан хангамж сайжруулах зорилгоор пирацетам натрийн хлоридоор шингэлж судсанд хийсэн. ...Би 2020 оны 07 дугаар сарын 16-наас Өмнөдэлгэр сумын эрүүл мэндийн төвд их эмчээр ажиллаж байна...  “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 60 тал/

5. Гэрч Ё.Батжавхлангийн мөрдөн шалгах ажиллагааны  явцад өгсөн: “  ... Би 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 12 цаг 20 минутын орчим Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн Айргийн 1-2 тоотод байрлах мах бэлтгэлийн газрын хашааны баруун хэсэгт жорлонгийн нүх ухаж байсан. Би нүхэн дотор нүхний амсар дээр Ганбаатар ах надтай юм яриад байж байснаа гэнэт Жавхаа гараад ир гээд хэлчихээд зүүн зүгт гүйгээд явчихсан. Би нүхнээсээ шатаар гарах гэж байгаад гутал шавартай байсан болохоор хальтарч унаад тэгээд нүхнээсээ гараад  очиход ачааны жижиг цагаан өнгөтэй автомашины зүүн талд нэг 80 гаран настай гэмээр эмээг нэг эмэгтэй хүн цээжин биеэр нь түшээд сууж байсан. Тэр эмээгийн нүүр хэсэг цус болсон, зүүн гар сарвууны ар хэсгээр  зулгарч цус гарсан, баруун хөл нь  гадагшаа эргэцэн байсан. Цагаан өнгөтэй жижиг ачааны автомашинд дайруулсан юм шиг байсан. Машины зүүн талд газар цус болсон байсан. Тэгээд хүмүүс эмнэлэг дуудаарай гэхээр нь би эхлээд сумын эмнэлэгт, дараа нь сумын хэсгийн төлөөлөгч Тэмүүжинд дуудлага өгсөн. Тэгээд байж байтал сумын Эрүүл мэндийн төвийн эмч Энхжаргал ирсэн. ... Би нэрийг нь сонсож байсан. Сайн танихгүй. Би С гэх хүнийг танихгүй. Царайг нь харахад харж байсан хүн байсан. ...Би Ц.Г гэх хүнийг цээжин биеэр нь түшээд сууж байсан  хүний нэрийг нь  мэдэхгүй. Би мах бэлтгэлийн газар 7 хоног ажиллаж байна. Тэр хүн жоохон ухаан эрүүл биш юм шиг байна лээ. Юм хийж байхад ганцаараа яриад суугаад байдаг...  “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 62 тал/

6. Гэрч С.Оюун-эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “  ... Би ******* гэх хүнийг танина. Миний эгч байгаа юм. Монхцой гэх хүн намайг бага байхад өргөж авсан юм. Би өөрийнхөө төрсөн ээж болох С гэх хүнээр овоглодог юм. ... Би болсон явдлын талаар мэдүүлэг өгнө. ... Миний өргөмөл ээж Мажигсүрэн Улаанбаатар хотод зүрхний хагалгаанд орох гэж байгаа юм. Тэгээд би хагалгааны зардалд нэмэрлэх гэж 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хөдөөнөөс өөрийнхөө хотноосоо 4 хонь авчраад сумын төвийн гэртээ сумынхаа Мөнхбат гэх хүнээр 4 хонио янзлуулчихаад гэртээ хонины гэдэс цэвэрлээд дуусч байхад С эгч нөхрийнхөө амжиргаа цагаан гэх автомашинтайгаа манайд ирсэн. Тэгээд би С эгчид таны машинтай 4 хонины гулуузаа ачаад мах бэлтгэлийн газар очоод  махаа өгөөд мөнгө болгоё гэж эгчид хэлээд махаа амьжиргаа цагаан машины тэвшин дээр ачаад эгч машинаа жолоодоод би хажууд нь суугаад явсан. Машинтайгаа мах бэлтгэлийн хашаагаар ороод мах авдаг байшинг чиглээд хашаан дотор байсан машины хажуугаар удаан  явж байтал гэнэт нэг эмээ гараад ирсэн. Тэгсэн чинь С эгч сандраад сигналаа хоёроос гурван удаа дарсан боловч эмээ сонсоогүй. Тэгээд л тулж очоод эмээг мөргөж газар унагаагаад дээгүүр нь гарчихсан. Тэгээд миний айж сандрах зэрэгцээд машинаас буухад хүмүүс машины ар хэсгийг өргөөд эмээг машины доороос зүүн тийш татаж гаргаж авсан. Эмээгийн нүүр нь цус, шороо болчихсон, баруун гар сарвууны ар талаар зулгарчихсан, баруун хөл нь сонин мушгирцан юм шиг харагдаж байсан. Тэгээд эмнэлэг иртэл эмээг хөдөлгөөнгүй байлгасан. Машины доор газар цус болчихсон байсан. ...Би сайн танихгүй зүс харж байсан хүн. С эгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй. ...Өөрөө бол тормос гишгэсэн гэж хэлж байсан. ...С эгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ер нь архи уудаггүй хүн. ...Би айж сандраад тэнд хэн хэн байсныг тогтоож хараагүй... “  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 63-65 тал/

7. Гэрч Ц.Ариунтунгалагийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “ ... Манай эрүүл мэндийн төвд Ц.Г 89 настай Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат СР31030706 регистрийн дугаартай эмэгтэй 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хэвтэж 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эмнэлгээс гарсан. Ц.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өмнөдэлгэр сумын төвд зам тээврийн осолд орж биедээ гэмтэл аваад манай эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн яаралтай тусламж авч аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад үргэлжлүүлэн манай эмнэлэгт хэвтсэн юм. Манай эмнэлэгт 14 хоног хэвтэж эмчлүүлэхэд биеийн байдал нь анх ирсэн байдлаараа байсан. Биеийн гар хөлд үүссэн хавангууд нь нилээн буусан. 14 хоногийн хугацаанд хүчилтөрөгч 24 цагаар залгаж байсан. Онош нь олон тооны ясны хугарал гэсэн оноштой  байсан. Биеийн байдал хүндэвтэр байсан. Манай эмнэлэгт 14 хоносны дараа их эмч Мөнх-Эрдэнэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Мэндбаяртай утсаар ярьсан юм. Тэгээд л Мэндбаяр эмчээс зөвлөгөө авч гэрээр гаргаж болох уу гэхэд гэрээр нь асаргаа боолтыг нь хийлгээд байлгаж болно гэхээр нь Ц.Г гуайг гэрээр нь гаргасан... Биеийн байдал хүндэвтэр байсан боловч анх манай эрүүл мэндийн төвд ирснээ бодвол хөл гарны гэмтлүүдээс шүүс гарахгүй болсон. Мөн өвчтөн өөрөө яриа нь сайжирч өөрийгөө хүнд ойлгуулах, хүний ярьж байгааг сайн ойлгож байсан тул гэрийн асаргаанд гаргасан... Эмчлэгч нь эмч нь Ч.Мөнх-Эрдэнэ байсан... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 тал/

8. Гэрч Ц.Мөнх-эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвд Цэрэнгийн Ц.Гын биеийн байдал муу байна гэх дуудлага ирснээр Эрүүл мэндийн төвийн дарга Ариунтунгалаг хаягаар очиход Цэрэнгийн Ц.Г нь амь... байгаа байдалтай байсан тул эмнэлгийн тусламж үзүүлсэн. Манайд 2020 оны 10 дугаар сарын 24-ний орой 21 цаг 30 минутад дуудлага ирж 21 цаг 58 минутад нас барсан байсан. Цэрэнгийн Ц.Г нь 89 настай, эмэгтэй 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зам тээврийн осолд орсон юм. Түүнээс хойш олон ясны хугарал гэх оноштой биеийн байдал хүнд байсан юм. Уг зам тээврийн осол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд болсон юм байна лээ. Манай сумын эмнэлгээс Цэрэнгийн Ц.Г гуайд эмнэлгийн анхны яаралтай тусламжийг үзүүлсэн. Цэрэнгийн Ц.Г гуай Хэнтий аймгийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад 2020 оны 10 дугаар сарын 09-ний орой 17 цагийн үед Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж эмчлүүлсэн. Манай төвд олон ясны хугарал оноштой 14 хоног хэвтэж эмчлүүлж 2020 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 11 цагт гэрийн асаргаанд гаргасан юм. 2020 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд манай эмнэлгээс тариаг нь хийж өгч боолтыг нь сольж өгч байсан. Манайхаас сувилагч Баярмаа гэрт нь эмчилгээ боолтыг хийсэн... Би анх ирж эмчлүүлэхээс нь эхэлж эмчилгээг нь зааж байсан эмч нь байгаа юм. Ер нь бол гэмтлээсээ болоод биеийн байдал хүнд байсан. Ц.Гын зүүн эгэм хугарсан, баруун зүүн гарын шууны яс хугарсан, баруун хөлийн дунд чөмөг хугарч, хугарсан яс арьсаа цоолж гарч ирсэн, баруун хөлийн шилбэ хугаралтай байсан. Зүрх судасны цочмог дутагдал, амьсгалын дутагдалтай байсан...  ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 68-69 тал/

9. Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би болсон явдлын талаар гэрчээр мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй тул одоо мэдүүлэг өгөхгүй. ...Би хохирогчийн ар гэрт 5.786.349 төгрөгний мөнгөн тусламж үзүүлсэн. Үүнээс гадна талийгаачийн буяны ажлын хүнсэнд 1 тооны эр ямаа, 1 тооны эм хонь, 2 тооны эр хонь, 1 тооны бяруу гээд нутгийн ханшаар 1.120.000 төгрөгний тусламж үзүүлсэн. Нийт 6.906.849 төгрөгний тусламж үзүүлсэн. ...Би талийгаач Ц.Гыг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед талийгаач болон ар гэрийхэнтээ нь уулзаж уучлалт гуйж байсан. ...Би өөрийн хийсэн гэмт хэрэгтээ маш гэмшиж байна. ... Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Авч байгаагүй. Миний нөхөр Дамчаасүрэн хүнээс авч босгож унасан машин. Энэ машинд холбогдох бичиг баримт байхгүй... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 198-201 тал/

10. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №665 дугаартай: “ ...

    1.2. Ц.Гын биед зүүн эгэм яс, зүүн 2-7-р хавирганы далд хугарал, цээжний хөндийн цус хий хуралт, 2 гарын шууны зөрүүтэй далд хугарал, баруун дунд чөмөг яс их болон бага төвгөрийг дайрсан зөрүүтэй ил хугарал, зүүн талын тойгны мултрал, зүүн өвдөгний зулгаралт зөөлөн эдийн няцрал, нүүр, баруун, зүүн, гарын шуу, баруун ташаа толгой хэсгийн шарх, зүүн сарвууны арьсны дутагдал бүхий шарх гэмтлүүд тогтоогдлоо.

    3. Дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

    4. Дээрхи гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.

    5. Дээрхи зүүн 2-7-р хавирганы далд хугарал, цээжний хөндийн цус хий хуралдалт гэмтэл нь 3.1.10, баруун дунд чөмөг яс их болон бага төвгөрийг дайрсан зөрүүтэй ил хугарал гэмтэл нь 3.1.20-д заалтаар учрах үедээ амь насанд аюултай хүнд,  зүүн эгэм яс, 2 гарын шууны далд хугарал гэмтлүүд нь тус бүрдээ 2.3.1-д зааснаар хүндэвтэр, бусад гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

    6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдантанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 78-82 тал/

11. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 20 өдрийн №104 дугаартай: “...

    1.2. Талийгаач Ц.Гын цогцост цээжний хөндийн шингэн, хий хуралдалт, зүүн 2,3,4,5,6,7-р хавирга, баруун 3-р хавирга ясны хугарал, баруун дунд чөмөг яс их болон бага төвгөрийг дайрсан зөрүүтэй ил хугарал, зүүн эгэм ясны хугарал, хоёр гарын шууны зөрүүтэй хугарал, зүүн сарвууны гадна хэсэгт арьсны бүх давхаргын язарсан шарх, зүүн хацарт баруун, зүүн гарын тохойн хонхор, баруун гуяны дотор хэсэг, зүүн гуя,  шилбэ, тавхайн гадна дээд хэсэгт цус хуралт, дух,  зүүн шанаа, баруун шуу, бугуйн үе, сарвууны ар гадна хэсэг, баруун шилбэ, шагайн үенд зулгаралт, зүүн өвдөгний үе, хоёр шагайн үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  3. Дэрэх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

   4. Талийгаачийн цогцост ерөнхий судас хатуурах эмгэг, зүрхний булчингийн голомтлог томрол, элэгний архаг үрэвсэл, нойр булчирхайн архаг үрэвсэл зэрэг архаг хууч өвчин илэрсэн нь үхэлд нөлөөлөөгүй байна.

  5. Талийгаач нь дээрх хүнд гэмтлүүдийн улмаас амьсгал,  зүрх судасны дутагдлаар нас баржээ... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 163-167 тал/

12.  Хэнтий авто тээврийн төвийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №9 дугаартай : “...

             1.32-44 ХЭҮ улсын дугаартай MITSUBISHI MINICAB маркийн тээврийн хэрэгслийн эд анги нь бүрэн бүтэн байна.

             2. 32-44 ХЭҮ улсын дугаартай MITSUBISHI MINICAB маркийн тээврийн хэрэгсэл нь урд болон хойд талын тоормос хэвийн ажиллагаатай стандарт шаардлага хангаж байна... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 180-181 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Харин Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас  шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ нийтийн эзэмшлийн замаар зорчоогүй, хувийн эзэмшлийн хашаан дотор бусдыг дайрч хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Гын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г нь: “... Миний бие Х.Г нь *******гаас оршуулгын зардал болон бусад зардлыг бүрэн барагдуулж авсан тул санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй...  ” гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 32-44 ХЭҮ улсын дугаартай Mitsubishi minicab маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн боловч уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тодорхойгүй, улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх нь тогтоогдохгүй байх тул Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №44 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн улмаас учирсан оршуулгын зардал болон бусад зардлыг нөхөн төлсөн  байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан  тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас шүүгдэгч *******г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Сг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

4. Эрүүгийнхуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2,  2.5, 3.3  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч  *******д анхааруулсугай.

 

6. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч *******гийн тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Mitsubishi minicab маркийн /32-44 ХЭҮ улсын дугаартай гэх/ тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №44 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,  түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ