Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 73

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Мөнхжаргалд холбогдох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 827017 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад       

                                                                           Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

            Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Мөнхжаргал нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 9-р сард 28000 төгрөг, 2015 оны 12-р сард 97500 төгрөг, 2016 оны 2-р сард 546630 төгрөг төлөөд өөр огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны үлдэгдэл төлбөр болох 827017 /найман зуун хорин долоон мянга арван долоон/ төгрөгийг Г.Мөнхжаргалаас гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 44-31 тоотод оршин суух ЕТ57071201 регистрийн дугаартай Аръяа овогт Гэндэнжамцын Мөнхжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г.Мөнхжаргал миний бие нь 44-31 тоот байрны төлбөр 827017 төгрөгийг 2017 оны 07 сард багтааж төлөх болно” гэжээ.

 

                                                                                           Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Г.Мөнхжаргалаас орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 827017 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Г.Мөнхжаргалаас орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 827017 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Мөнхжаргал нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 827017 төгрөгийг 2017 оны 07 сарын 31-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 Иймд хариуцагч Г.Мөнхжаргал нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 827017 төгрөгийг 2017 оны 07 сарын 31-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 827017 /найман зуун хорин долоон мянга арван долоон/ төгрөгийг хариуцагч Г.Мөнхжаргал нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24398 төгрөгний тал хувь болох 12199 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 12199 төгрөгийг, хариуцагч Г.Мөнхжаргалаас улсын тэмдэгтийн хураамж 12199 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Мөнхжаргал нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                    М.ЭНХМАНДАХ