Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2017/00063/И |
Дугаар | 77 |
Огноо | 2017-04-25 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 02-р байрны 23 тоотод оршин суух ЕД90122601 регистрийн дугаартай Баянхошуу овогт Ариунчимэгийн Шүнширээмятавын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг Говийн 06-04 тоотод оршин суух ЛН90091617 регистрийн дугаартай Өлзийт овогт Энхбаатарын Мөнгөншагайд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгч А.Шүнширээмятав, хариуцагч Э.Мөнгөншагай нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч А.Шүнширээмятав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие А.Шүнширээмятав нь нөхөр Э.Мөнгөншагайтай 2009 оноос хамтран амьдарч, 2013 оны 10 сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид хамтран амьдрах хугацаанд 2010 оны 12 сарын 23-ны өдөр охин Мөнгөншагайгийн Мөнгөнсувд, 2014 оны 02 сарын 23-ны өдөр Мөнгөншагайгийн Мөнгөнцацрал нар төрсөн. Охин М.Мөнгөнсувд 6 настай, охин М.Мөнгөнцацрал 2 настай, эрүүл, саруул бойжиж байгаа. М.Мөнгөнсувд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” цогцолбор сургуулийн 1-р ангид сурч байгаа. Нөхөр Э.Мөнгөншагайтай 2015 оны 11 сар хүртэл хамтран амьдарсан. Э.Мөнгөншагай нь зан ааш нь эвдэрч, намайг шалтгаангүйгээр хардаж, зодож, хэрүүл маргаан тасрахгүй, амар тайван амьдрах орчин бүрдэхгүйн улмаас 2015 оны 11 сараас хойш тусдаа амьдарч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Цаашид дахин хамтран амьдрах боломжгүй. Иймд би нөхөр Э.Мөнгөншагайгаас гэрлэлтээ цуцлуулж, охин М.Мөнгөнсувд, охин М.Мөнгөнцацрал нарыг өөрийн асрамжид авч, хүүхдээ 18 нас хүртэл нь хүүхдийн тэтгэлгийг эцэг Э.Мөнгөншагайгаас гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.
Хариуцагч Э.Мөнгөншагай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр А.Шүнширээмятавтай 2009 оноос гэр бүл болж хамтран амьдарсан. 2013 оны 10 сарын 08-ны өдөр бид гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд 2 хүүхэдтэй болсон. Бидний дундаас 2010 оны 12 сарын 23-ны өдөр охин М.Мөнгөнсувд, 2014 оны 02 сарын 23-ны өдөр охин М.Мөнгөнцацрал нар төрсөн. Охин М.Мөнгөнсувд, М.Мөнгөнцацрал нар миний хүүхэд мөн. Охин М.Мөнгөнсувд 1-р ангид сурч байгаа. Бид 2015 оны 11 сараас өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа. 2016 оны 04 сард цуг амьдарч үзсэн боловч дахиад тусдаа амьдарч байна. 2 хүүхэд маань энэ хугацаанд ээжтэйгээ амьдарч байгаа. Хамтран амьдрах хугацаанд би А.Шүнширээмятавыг зодож, гар хүрч байсан нь үнэн. А.Шүнширээмятав нь үл бүтэх хүмүүстэй нийлж, наргиан цэнгээн хөөж, гэртээ ирж хонож өнжихгүй болсон. Энэ байдлаас болж хэрүүл маргаан үүсдэг байсан. Цаашид А.Шүнширээмятавтай дахин хамтран амьдрах боломжгүй. Охин М.Мөнгөнсувд, М.Мөнгөнцацарал нарыг эх А.Шүнширээмятавын асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Бид эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дахин оролцоод эвлэрэх боломжгүй. А.Шүнширээмятав одоо нэг залуутай хамтран амьдарч нэг гэрт орсон байгаа. Би хүүхдийн тэтгэлэг төлнө” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч А.Шүнширээмятав нь хариуцагч Э.Мөнгөншагайгаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Э.Мөнгөншагай нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч А.Шүнширээмятав нь хариуцагч Э.Мөнгөншагайтай 2009 онд гэр бүл болж, 2013 оны 10 сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулан 2015 оны 11 сарыг хүртэл хамтран амьдарч байсан нь хавтаст хэргийн 2-р талд авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Зохигчид нь хамтран амьдрах хугацаанд 2010 оны 12 сарын 23-ны өдөр охин Мөнгөншагайгийн Мөнгөнсувд, 2014 оны 02 сарын 23-ны өдөр Мөнгөншагайгийн Мөнгөнцацрал нар төрсөн болох нь хавтаст хэргийн 3-4-р талд авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар, одоо хүүхэд эрүүл энх өсөж байгаа нь хавтаст хэргийн 5-6-р талд авагдсан Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р өрхийн эмчийн тодорхойлолт, “Бор-Өндөр” цогцолбор сургуулийн тодорхойлолт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч А.Шүнширээмятав, хариуцагч Э.Мөнгөншагай нар нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, нэхэмжлэгч А.Шүнширээмятавыг хариуцагч Э.Мөнгөншагай нь зодож, эрх чөлөөнд нь халдаж байсан нөхцөл байдал, гэрлэгчид нь 2015 оны 11 сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачлагыг хэн аль нь гаргаагүй зэрэг нь гэрлэлт цуцлуулах шалтгаан үүссэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасан байна.
Зохигчид нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон боловч 2017 оны 02 сарын 24-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгосон нөхцөл байдал, гэрлэгчдийн хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, 2015 оны 11 сараас өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч А.Шүнширээмятавыг хариуцагч Э.Мөншгөншагай нь зодож, эрх чөлөөнд нь халдаж байсан нөхцөл байдал, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачлагыг хэн аль нь гаргаагүй, зохигчдын санал зэргийг харгалзан шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Гэрлэгчид нь охин М.Мөнгөнсувд, М.Мөнгөнцацрал нарыг эх А.Шүнширээмятавын асрамжид үлдээх талаар тохиролцсон нөхцөл байдал, хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, ёс суртахууны байдал, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал халамж, хүүхдийн өсөх, хүмүүжих орчин, нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлт зэргийг харгалзан үзээд охин М.Мөнгөнсувд, М.Мөнгөнцацрал нарыг эх А.Шүнширээмятавын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг охин М.Мөнгөнсувд, М.Мөнгөнцацрал нарыг 18 нас хүртэл нь эцэг Э.Мөнгөншагайгаас хуульд заасан хэмжээгээр гаргуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч А.Шүнширээмятав нь охин М.Мөнгөнсувд, М.Мөнгөнцацрал нартай нэг гэрт хамт амьдарч байгаа бөгөөд одоогоор хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нэхэмжлэгч А.Шүнширээмятав, хариуцагч Э.Мөнгөншагай нарт хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч А.Шүнширээмятавын хариуцагч Э.Мөнгөншагайгаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч А.Шүнширээмятав нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Э.Мөнгөншагайгаас улсын тэмдэгтийн хураамж 116964 төгрөгийг гаргуулж, үүнээс 70200 төгрөгийг нэхэмжлэгч А.Шүнширээмятавт олгож, хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон /165700:2=82850x2=165700x12=1988400/ улсын тэмдэгтийн хураамж 46764 төгрөгийг төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн
82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120, 132 дугаар зүйлийн
132.4-т тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЕД90122601 регистрийн дугаартай Баянхошуу овогт Ариунчимэгийн Шүнширээмятав, хариуцагч ЛН90091617 регистрийн дугаартай Өлзийт овогт Энхбаатарын Мөнгөншагай нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 12 сарын 23-ны өдөр төрсөн охин Мөнгөншагайгийн Мөнгөнсувд, 2014 оны 02 сарын 23-ны өдөр төрсөн охин Мөнгөншагайгийн Мөнгөнцацрал нарыг эх А.Шүнширээмятавын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин М.Мөнгөнсувд, М.Мөнгөнцацрал нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Э.Мөнгөншагайгаас гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү охин М.Мөнгөнсувд, М.Мөнгөнцацрал нарын хэрэгцээнд зарцуулахыг эх А.Шүнширээмятавт даалгасугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Л.Хэрлэнтуяад даалгасугай.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Шүнширээмятавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Э.Мөнгөншагайгаас улсын тэмдэгтийн хураамж 116964 төгрөгийг гаргуулж, үүнээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг нэхэмжлэгч А.Шүнширээмятавт олгож, улсын тэмдэгтийн хураамж 46764 төгрөгийг төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгосугай.
8. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.
10.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ