Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 78

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 51-р байрны 35 тоотод оршин суух, СФ55122207 регистрийн дугаартай Боржигин овогт Гомбожавын Цэцгээгийн нэхэмжлэлтэй

        Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 46-р байрны 51 тоотод оршин суух ЕТ86092715 регистрийн дугаартай Долоод овогт Энхсайханы Гантулгад холбогдох “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 46-р байрны 51 тоот орон сууцыг чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг 2017 оны 03 сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгч Г.Цэцгээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг, хариуцагч Э.Гантулга нар оролцов.

                                                                                          Т О Д О Р Х О Й Л О Х нь:

         Нэхэмжлэгч Г.Цэцгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2015 оны 03 сарын 31-ний өдөр Э.Анхбаярт 7300000 төгрөг зээлүүлж барьцаанд нь Х.Ерөөлтийн өмчлөлийн орон сууцыг тавьсан. Иргэн хүн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрх байхгүй гэхэд мөнгийг чинь найдвартай өгнө, ер нь байрны жинхэнэ өмчлөгч нь Э.Анхбаяр гэж хэлсэн. Зээлсэн мөнгөө хугацаанд нь өгөхгүй болохоор орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг байрны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Э.Анхбаяр анх зээлсэн мөнгөө өгөхгүй байна. Иймээс Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 46-р байрны 51 тоот орон сууцыг Э.Гантулгаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Э.Гантулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 46-р байрны 51 тоот орон сууцанд оршин суудаг. Уг орон сууцыг Х.Ерөөлтөөс 2012 онд 18 сая төгрөгөөр худалдаж авсан. Уг байрыг худалдаж авах үед уг байрны бичиг баримт ХАС банкинд барьцаанд байсан. Барьцаагаа дуусгаад нэр дээрээ шилжүүлнэ гэсэн боловч Г.Цэцгээ гэдэг хүнд шилжүүлсэн байсан. Энэ асуудлыг би мэдээгүй байсан. Э.Анхбаяр Г.Цэцгээ нарын наймаа надад хамаагүй. Эдгээр хүмүүс учраа олтол би байраа суллаж өгөхгүй” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Цэцгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.Цэцгээ нь хариуцагч Э.Гантулгаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 46-р байрны 51 тоот орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Э.Гантулгаас 11 сая төгрөг гаргуулахаар тохиролцсон. 11 сая төгрөгийг 2017 оны 08 сарын 01-ний өдрийн дотор багтааж 2 хувааж авахаар хариуцагч Э.Гантулгатай тохиролцсон. 11 сая төгрөгийг өөрийн данс руу 2 хувааж авах хүртэл Y-1804001030 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг миний нэр дээр байхаар тохиролцов. Хэрэв цаг хугацаандаа мөнгөө төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх журмаар гаргуулахаар тохиролцсон. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргахдаа орон сууцаа 20 сая төгрөгөөр үнэлж улсын тэмдэгтийн хураамж 257950 төгрөг төлсөн. Би 11 сая төгрөгийг Э.Гантулгаас гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.

Хариуцагч Э.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно. Мөн гэрч Х.Ерөөлт, Э.Анхбаяр нарыг гэрчээр оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байна. Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 46-р байрны 51 тоот байранд оршин суудаг. Уг орон сууцыг Х.Ерөөлтөөс худалдаж авсан. Э.Анхбаяр нь надад 11 сая төгрөгийг төлж барагдуулна гэсэн. Миний бие Э.Гантулга нь Г.Цэцгээтэй тохиролцож 11 сая төгрөгийг 2017 оны 08 сарын 01-ний өдрийн дотор 2 хувааж төлж дуусгана” гэжээ.

           Шүүхийн хэлэлцүүлгээр зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                        Ү Н Д Э С Л Э Х  нь:

Нэхэмжлэгч Г.Цэцгээ нь хариуцагч Э.Гантулгад холбогдох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 46-р байрны 51 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай   нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Г.Цэцгээ нь хариуцагч Э.Гантулгаас 11000000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Цэцгээ нь хариуцагч Э.Гантулгаас маргаан бүхий уг орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Цэцгээ нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхтэй байна.

Нэхэмжлэгч Г.Цэцгээ нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 46-р байрны 51 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-ийн 03/

Уг орон сууцны өмчлөгчийн талаар ямар нэгэн маргаан гараагүй, нэхэмжлэгчийн эрх нь улсын бүртгэлд бүртгэгдэж баталгаажсан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Цэцгээ нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 11000000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

 Шүүх хуралдааны явцад хариуцагч Э.Гантулга нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 11000000 төгрөгийг 2017 оны 08 сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Г.Цэцгээд төлөхийг хүлээн зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа шүүх хуралдаанд ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

Нэхэмжлэгч Г.Цэцгээ нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 11 сая төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Э.Гантулга нь 11 сая төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул 11 сая төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 190950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Цэцгээд олгож, нэхэмжлэгч Г.Цэцгээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257950 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  

 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1

 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Нэхэмжлэгч Г.Цэцгээгийн нэхэмжилсэн 11000000 /арван нэгэн сая/ төгрөгийг 2017 оны 08 сарын 01-ний өдрийн дотор хариуцагч Э.Гантулга нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Цэцгээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Э.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамж 190950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Цэцгээд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Гантулга нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                М.ЭНХМАНДАХ