| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2021/0026/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/29 |
| Огноо | 2021-01-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/29
2021 01 28 2021/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0026/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
Улсын яллагч Ж.Батбаатар,
Хохирогч Д.Б, Д.Э,
Хохирогч нарын өмгөөлөгч Т.Баярбат /онлайнаар оролцсон/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их монгол овогт Монхооны *******д холбогдох 2039004120014 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар баг “Хужиртын даваа”-ны зам дээр 14-23 УБН улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчиж Д.Эын жолоодож хөдөлгөөнд оролцож байсан улсын дугааргүй Супер даюун маркийн мотоциклийг мөргөсөн зам тээврийн осол гаргасны улмаас Д.Эын эрүүл мэндэд хүндэвтэр, Д.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар баг “Хужиртын даваа” гэх газар 14-23 УБН улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчиж Д.Эын жолоодож хөдөлгөөнд оролцож байсан улсын дугааргүй Супер даюун маркийн мотоциклийг мөргөж Д.Бийн эрүүл мэндэд хүнд, Д.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би тэр өдөр өөрийн нөхөр Эын хамтаар гэрээс гарч хадлан дээрээ хадлан хийж байгаад 19 цагийн үед гадаа цагаан гэгээ тасраагүй байхад гэр рүүгээ нөхрийн хамт мотоцикльтойгоо харих гээд явсан. Тухайн үед нөхөр бид хоёр гэрийнхээ ойролцоо ирчихсэн гэрийн гадаа машин харагдахаар нь Багануур дүүрэг явсан хүүхэд ирж дээ гээд бодож байтал юу болсоныг мэдэхгүй, нэг сэргэсэн чинь сумын төвийн эмнэлэгт сэргэсэн... Манай нөхөр эрүүл, саруул байсан. Хадлан дээрээс шууд гэр рүүгээ явж байсан. Манай нөхөр бид хоёрыг явж байхад бид хоёрын ойр орчимд ямар нэгэн хүн, тээврийн хэрэгсэл байгаагүй... Миний биед сүүжний ясны хугарал, толгойн орой хэсэг тэр чигтээ гэмтэлтэй. Өөр биеийн энд тэнд зулгаралт, шалбаралт гэмтлүүд бас хөхрөлт, няцрал байсан. Одоо гайгүй болж байна... Би гомдолтой. Унаж явсан тээврийн хэрэгсэл, эмчилгээний зардлаа гаргуулмаар байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/
2. Хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр эхнэр Бийн хамтаар өглөөний 11 цагаас үдшийн 18 цаг хүртэл Цэнхэрмандал сумын 3 дугаар баг Согоот гэх газарт өвс хадаж байгаад Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар баг Хужиртын даваанд байрлах гэр рүүгээ засмал замаар эхнэр Бтай улаан өнгийн Даюун маркийн мотоцикль дээр сундалдаад явж байсан. Тухайн үед гэгээтэй байсан. Манай гэр уулийн дэв дээр байдаг юм. Гэр минь харагдаад гэр рүүгээ бараг очиход 500 метр орчим зайтай явж байхад миний жолоодож явсан мотоциклийн араас тас буух шиг болсон. Тэгээд би ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд Цэнхэрмандал сумын Эрүүл мэндийн төвд сэрсэн... Нурууны сэртэн яс хугарсан... Би гомдолтой байна. Манай эхнэр хэвтэрт орсон. Би өөрөө ажлын бүтээмжгүй болчихоод байна. Бас Мон лаб ХХК-н малыг харж цалинждаг байсан. Осолд орсноос болоод Мон лаб ХХК-ныхан малаа харуулахаа больсон.. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/
3. Гэрч А.Шүрэнчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай охин Лхагважав нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр фэйсбүүк дээрээс Сүхбаатар аймаг явах унаа оллоо гээд хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотын монелд байж байхад 14-23 УБН улсын Приус 20 маркийн машин бариад ******* гэх хүн ирсэн. Тэгээд тухайн машинд суугаад 17 цаг өнгөрч байхад гараад замдаа би унтчихсан. Тэгээд түс тас хийгээд дуугарахаар нь цочоод сэрсэн. Тэгээд замын хувил руу машинтай онхолдох гэж байна гэж бодоод сандраад машинаа тооромслоочээ гээд хашгирсан. Тэгээд машинаа ******* нь зогсоосон. Би яг юу болсон талаар мэдээгүй. Машин дотор сууж байсан чинь манай охин надад жолооч ******* машинаа барьж яваад мотоцикльтой мөргөлдсөн талаар ярьсан. Тэгээд цагдаа ирээд араас нь эмнэлэг ирсэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42 тал/
4. Гэрч А.Лхагважавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би болон манай ээж 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн үед Сүхбаатар аймаг явах машин хайгаад фэйсбүүк рүү орж зар харсан . Тэгсэн фэйсбүүк дээр Сүхбаатар аймаг руу одоо гарлаа гэсэн нийтлэл Э.Батзул гэсэн хаягаар нийтлэл оруулсан байсан. Тэгэхээр нь утасны дугаар руу нь залгаад Сүхбаатар аймаг руу явах уу гэж асуухад тиймээ, Сүхбаатар аймаг явна, байгаа газраас чинь одоо очоод авъя гэж нэг ах ярьсан. Тэгэхээр нь гэрийн хаягаа хэлэхэд манай гэрийн гадаа 14-23 УБН улсын дугаартай Приус 20 маркийн автомашин ирэхээр нь ээж Шүрэнчимэг, дүү Ангараггэрэл / 1 нас, 6 сартай /, бид гурав тухайн машинд суугаад хотоос Сүхбаатар аймаг руу гарсан. Тэгээд Улаанбаатар хотоос 17 цаг өнгөрөөж гарсан. Машиныг ******* гэх ах унаж явсан. Тэгээд 19 цагийн үеэр машинд явж байхад мотоцикль гараад ирсэн. Тухайн үед би үүрэглээд явж байсан болохоор үүрэглээд харахад машинтай маань нэг мотоцикль их ойрхон тулаад ирсэн. Тэгээд мотоцикль гэж хэлэхийн завдалгүй түс тас хийгээд явчихсан. Тэгээд машин мотоциклийг түрээд явж байгаад зогссон. Тэгээд зогсохоор нь жолооч ах ******* ах болон бид хоёр буугаад харсан чинь ******* ах хүнд гай болохиймаа гэрэлгүй мотоцикль унаад гэж байсан. Тэр үед нь би бас нээрээ гэрэлгүй мотоцикльтой явж байсан тэ гэж жолооч ******* ахад хэлсэн. Тэгээд харсан чинь нэг эгч толгойноос нь цус гарчихсан аспалтан зам дээр нүүр нь дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Харин мотоцикль жолоодож явсан ах замын хажуу талын хувилд өвсөн дотор хэвтэж байсан. Тэгсэн чинь нэг ах машинтай ирээд ээжээ, аав аа, гээд сандраад гүйгээд байсан. Тэгээд хүү нь эмнэлэг дагуулаад ирсэн... Би жолоочийн хажуу талын суудал дээр зорчиж явсан... Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... Жолооч ******* ах ээж Шүрэнчимэг болон бид хоёрыг машин барьж чадах уу, орой болоод нар буугаад ирэхээр нүд анилдаад ядраад байдаг болчихож гэж байсан... Би суудлын бүс зүүсэн байсан. Жолооч бас зүүсэн байсан... жолооч ******* ах их хурдан явж байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-46 тал/
5. Гэрч Э.Тулгаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 19 цагийн үед гэртээ байж байхад гэрийн гадаа машин ирж зогссон. Тэгэхээр нь би гараад уулзахад машинтай хүмүүс танайд сүлжээ барьдаг уу, доод зам дээр осол гарчихсан байна гэж хэлэхээр нь би манай энд сүлжээ барихгүй ээ, ямар осол гарсан юм бол оо гэж асуусан. Тэгсэн чинь тухайн машинтай манайд ирсэн хүмүүс нэг машин мотоцикльтой хүн мөргөчихжээ гэж байсан. Тэгж хэлэхээр нь би манай аав Э ээж Б нар нь мотоцикльтой явсан байсан учраас очиж үзэхээр очсон. Тэгээд осол болсон газар очиж үзэхэд манай аав Эын мотоцикль мөн байсан. Тэгсэн чинь аав Э, асфалтан замын хажуу талын ховилд ертөнцийн зүгээр баруун талд нь хажуу харсан байдалтай байсан. Тэгээд ээж Б дээр очиход засмал зам дээр цээж, толгой хэсэг нь засмал зам дээр, бэлхүүснээс доош хэсэг нь шороо хэсэгт байрласан ертөнцийн зүгээр толгой хэсэг нь зүүн хойд зүгт чиглэсэн байдалтай их хэмжээний цус гарчихсан, байдалтай байсан. Ээж ээ гэж дуудахад ухаангүй байсан. Тэгээд мотоциклийн араас машин мөргөсөн байдалтай машины жолооч талын урд их гэрэл хэсэгт мотоцикль зоогдоод гацчихсан, 2 дугуйн дээрээ босоо байрлалтай замын шороо хэсэгт зогсчихсон аваарын гэрэлээ машин асаачихсан ослын гурвалжин тавьчихсан байсан. Тэгээд анх надад осол болсон талаар хэлсэн машинтай хүмүүс түргэн тусламж дуудахаар Цэнхэрмандал сум явсан. Тэгээд ирэхгүй удахаар нь би Цэнхэрмандал сум руу явж түргэн тусламж дуудахаар араас нь явсан чинь өөдөөс цагдаа болон эмнэлэг ирээд надтай таарсан. Би харин осол болсон газрыг зааж өгсөн... 19 цаг өнгөрч байсан болохоор гэгээ арай тасраагүй байсан. Харуй бүрий байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-49 тал/
6. Гэрч Б.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Намайг ажил дээр байж байхад 20 цаг 06 цагийн үед дуудлага ирсэн. Тэгээд цагдаагийн машин дагаад эмнэлгийнхээ тогоочийн 29-10 ХЭА улсын дугаартай саарал өнгийн Королла маркийн машинтай 20 цаг 15 минутад Цэнхэрмандал сумаас гараад 20 цаг 30 минутын үед осол болсон газар очиход мотоциклийн ардаас приус маркийн машин мөргөчихсөн байсан. Тэгээд Б дээр очиход замын ертөнцийн зүгээр баруун ирмэг талд хажуу талаараа харчихсан толгойноос нь маш их цус алдсан байдалтай байсан. Бас хөх куртик болон шар өнгийн бүсээр толгойг нь ороосон байдалтай байсан. Харин Д.Э нь замын ховилд өвсөн дээр дээшээ харсан байдалтай ёолж бахирсан байдалтай байсан. Тэгээд эхлээд Б дээр очоод үзлэг хийгээд цус тогтоох арга хэмжээ аваад машиндаа тээвэрлээд Цэнхэрмандал сумын Эрүүл мэндийн төв дээр 21 цаг 10 минутын үед ирсэн. Тэгээд яаралтай тусламжаар Э болон Б нарыг Цэнхэрмандал сумын Эрүүл мэндийн төв рүү авч явахаар болсон. Ирэх замдаа Бт 2 удаа үзлэг хийсэн. Эмнэлэгт яаралтай тусламж үзүүлсэн. Тэгээд Бийн толгойнд 11 оёдол тавьсан. Үзлэг хийхэд толгойн үстэй зулай дагз хэсэгт 3 хэсэг урагдсан шархтай байсан. Зүүн гарын шууны ар хэсэгт зулгарсан шархтай, цээжний хэсгээр их эмзэглэлтэй байсан... Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... Тас харанхуй байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/
7. Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч М.Чимэг-Очирын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн: “...
1. Саарал өнгийн приус 20 маркийн 14-23 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Монхооны ******* /ЛЮ72042311/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол болоход нөлөөлсөн үндэслэл тогтоогдож байна.
2. Улсын дугааргүй Супер Даюун маркийн мотоцикль жолоодож явсан Д.Э /СУ65092579/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ:в/ мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол болоход нөлөөлсөн үндэслэл тогтоогдохгүй байна... ” гэсэн магадлагаа /хх-ийн 57-60 тал/
8. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №10979 дугаартай: “...
1. Д.Бийн биед зүүн талын сүүжний тогооны хэлбэр алдагдсан, зүүн талын сүүж ясны дэлбээ ясны хэлтэрхий үүсгэсэн, сүүжний тогоо дайрч, суудал болон умдаг яснаас холдож салсан зөрүү ихтэй хугарал, баруун талд сүүж ясны хойд дээд ирмэг ясны хэлтэрхий үүсгэн, ууц сүүжний үе дайрсан зөрөөтэй хугарал, толгойн хуйх, аарцагны зөөлөн эдийн няцрал, зулай, дагз, нуруугаар шарх, 2 гараар цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 82-84 тал/
9. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №604 дугаартай: “...
1. 2. Д.Эын биед бүсэлхийн 2,3,4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 88-90 тал/
10. Хэнтий аймгийн автотээврийн төвийн инженер Б.Нямдоржийн 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №08 дугаартай: “...
2. Өвдөгний хамгаалалт гулзайсан, суудал ханарч гулзайсан, мөн арын тормосны гэрэл асаж байна.
3. Тээврийн хэрэгслийн зогсоох эд ангиудад эвдрэл гэмтэл үүсээгүй байна.
4. Тээврийн хэрэгслийн эвдрэл нь тухайн ослын дараа үүссэн.
5. Уг тээврийн хэрэгсэл осол болохын өмнө эвдрэл үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 109-110 тал/
11. Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Надад Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй... Би 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 17 цаг 30 минутын үед Лхагважав, Шүрэнчимэг нарыг аваад Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг руу явсан. Тэгээд Улаанбаатар хотоос 180 км орчим яваад 20 цагийн үед Бор хужиртын давааны өөд өгсөх замд өөдөөс ирэх машины гэрлийн гялбаанд ороод урд талд явж байсан мотоциклийг хараагүй. Би машинаа сүүлд зогсоосон хойноо мотоцикль мөргөсөн гэдгээ мэдсэн. Тухайн мотоцикльд ямар нэгэн гэрэл гэгээ, цацруулагчийн төрлийн зүйл юу ч байгаагүй. Намайг буугаад очиход эмэгтэй хүн зам дээр хэвтэж байсан. Тэгээд очоод харахад толгойноос нь цус гарч байхаар нь би хавар намрын нимгэн күртикээ тайлаад толгойг нь боосон. Тухайн газар нь утасны сүлжээ байхгүй байсан болохоор хажуугаар явсан жолоочид эмнэлгийн тусламж дуудаад өгөөч гэж хэлсэн. Би тухайн үед 40-50 км цагийн хурдтай явж байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 122 тал/
12. Хэнтий аймгийн Автотээврийн төвийн инженер Б.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тээврийн хэрэгслийн цахилгаан систем нь хэвийн буюу ламп хийж үзэхэд подвор болон арын тормосны гэрэл асаж байсан. /2 шонтой 1 ламп/ Подвор болон тормосны гэрэл нь 1 ламптай юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 169-170 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хүнд, хохирогч Д.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нар нь хамтдаа эмчилгээний болон замын зардал, ажилгүй байсан хугацаанд авч чадаагүй цалин орлого гэж нийт 13.000.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар эмчилгээний зардалд 2560990 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас авч чадаагүй цалин орлого буюу 2.100.000 төгрөг нийт 4.660.990 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна. Харин хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон хохирлыг шүүгдэгч бүрэн төлсөн талаар хохирогч шүүгдэгч нар шүүх хуралдааны явцад мэдүүлсэн тул 4.660.990 төгрөгийн хохирлыг шүүгдэгч төлсөн болохыг дурдаж, хохирогч нар нь бусад зардал, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 4.660.990 төгрөгийг төлсөн нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д анхааруулсугай.
5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч *******ын тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь хохирогчид 4.660.990 төгрөгийг төлсөн ба хохирогч нь бусад хохирол зардал, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ