| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 113/2019/0008/З |
| Дугаар | 113/ШШ2019/0018 |
| Огноо | 2019-07-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 113/ШШ2019/0018
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,
Гомдол гаргагч: “Э” ХХК;
Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч О.Д;
Гомдлын шаардлага: “Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн гаргасан 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 1717000061 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Д.Т, хариуцагч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Р нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Э” ХХК-иас шүүхэд гаргасан гомдолдоо: “1/ Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл, журам зөрчигдсөн талаар: ...Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч О.Д ээлжит болон ээлжит бус шалгалт хийх гэж байгаагаа, технологийн туршилтын дээж авах талаар “Э” ХХК-д албан ёсоор мэдэгдээгүйн дээр шалгалтын удирдамжийг танилцуулаагүй, албан ёсоор хүргүүлээгүй болно. Уг шалгалтыг удирдамж шийдвэргүйгээр шалгалтын журам зөрчиж явуулсан байх тул түүний гаргасан эрхийн баримт бичиг хууль зөрчиж гарсан гэж үзэж байна.
Иймд хууль зөрчиж гаргасан баримт бичгээр хариуцлага ногдуулах эрх зүйн боломжгүй юм.
2/ Эрх бүхий албан тушаалтныг оролцуулаагүй, холбогдох бичиг баримтыг үзэлгүй шийдвэр гаргасан талаар: Улсын байцаагч О.Д-ны гаргасан шийтгэлийн хуудсаас үзэхэд зөрчил гэж үзсэн үйл баримтанд хамааралтай, хамааралгүй хуулийг шууд хуулбарлан зөрчсөн гэж үзжээ.
Харин ямар үйл ажиллагаа нь хууль хэрхэн зөрчсөн, зөрчил гаргагч этгээдээс ямар баримт бичиг үзүүлсэн нь хэрхэн зөрчилтэй болох, эрх бүхий албан тушаалтан тухайн үйл ажиллагааг хэрхэн тайлбарласан, түүнийг хүлээн авах боломжтой эсэх гээд бодит үйл баримтанд тулгуурласан шийдвэр гаргаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.14, 4.15 дахь заалтуудад тавигдсан нотлох баримтыг зохих журмын дагуу бүрдүүлээгүй байна.
...2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр орон нутгийн эрх бүхий албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, холбогдох танилцуулгыг хийж, улмаар цаашид хамтран ажиллах талаар ярилцсан. Энэ ярилцлагад эс зөвшөөрөх асуудал огт гараагүй. Нөгөөтэйгүүр, “Э” ХХК-ийн захирал Д.Г-той уулзаагүй, мэдэгдээгүй, түүнээс аливаа бичиг баримт шаардаагүй, энэ талаар албан ёсны баримтыг ирүүлээгүй болно.
Гэтэл “Э” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох актад захирал Д.Г-г байлцуулсан мэтээр тусгасан нь ноцтой зөрчил гэж үзэхээр байна.
3/ Холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: Улсын байцаагч О.Д шийтгэлийн хуудас гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.10 дугаар зүйлийн 1, 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийг үндэслэжээ.
Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажилллагаа явуулсан бол хууль бус ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хариуцлага тооцох үндэслэлийг заасан.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөц ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглахаас өмнө хийхийг шаардсан.
Дээрх нөхцөл “Э” ХХК-ийн үйл ажиллагаанд огт хамааралгүй байхад улсын байцаагч О.Д үйл ажиллагааны онцлогийг нягтлан судлалгүйгээр шууд хариуцлага тооцож буйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “Э” ХХК 2017 онд Ашигт малтмал, газрын тосны газрын баталсан хайгуулын ажлын төлөвлөгөө, технологийн туршилтын дээж авах төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Энэ нь улсын байцаагч О.Д-ны үзэж байгаа “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” хийлгэх шаардлагад хамааралгүй асуудал юм.
Хуульд зааснаар байгалийн нөөц ашиглахын өмнө “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” хийлгэсэн байхыг шаардаж байхад хайгуулын үйл ажиллагаа явуулах ажлын хүрээний технологийн туршилтын дээж авах ажиллагаанд шаардсан нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны ялгаа заагийг улсын байцаагч болон түүнийг хянасан прокурор нягтлан үзээгүй нь тэдний мэргэжлийн ур чадвартай холбоотой гэж үзнэ.
...Мэргэжлийн хяналтын газраас гаргасан бүх бичиг баримт, хариуцлага ногдуулсан шийтгэлийн хуудаст туссанаар уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулахад хэрэглэх хуулийг баримталж шийдвэр гаргаснаараа холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргажээ. Энэ нөхцөлд улсын байцаагчийн 1717000061 дугаартай шийтгэх хуудас нь хууль бус болсон гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч О.Д-ны гаргасан 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 1717000061 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч О.Д шүүхэд гаргасан тайлбартаа: “1/ Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл, журам зөрчигдсөн талаар: Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 241 тоот албан бичиг, аймгийн Прокурорын газраас ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13/1062 тоот албан бичгүүдийг үндэслэн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09/129 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б.С-ыг байлцуулан хийсэн. Шалгалтыг 2.6 кодтой хяналтын хуудсаар эрсдэл үнэлж, шалгалтын тэмдэглэл үйлдэн холбогдох баримт бичгүүд нь үйл ажиллагаа явуулж буй газар дээр нь байхгүй байсан тул 12 дугаар сарын 2-ний дотор шалгуулахыг Б.С-д даалгасан болно. Мөн “Э” ХХК-ийн удирдлагад утсаар энэ тухай мэдэгдсэн. Удирдамж, хяналтын хуудас, шалгалтын тэмдэглэл тус бүрийг 2 хувь үйлдэж 1 хувь бүрийг шалгалтад байлцсан Б.С-д үлдээсэн. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар урьдчилан мэдэгдэх шаардлагагүй.
2/ Эрх бүхий албан тушаалтныг оролцуулаагүй, холбогдох бичиг баримтыг үзэлгүй шийдвэр гаргасан талаар: Тус компани нь гэрээгээр 2017 оны 12 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд хөрс хуулалтын ажлыг Сүмбэр сумын 4-р багт явуулсан байна. 2017 оны 12 дугаар сарын 04, 06-ны өдрүүдэд газар дээр нь очиж танилцсан. Уулзалтаар холбогдох баримт бичиг, зөвшөөрлийг үзэх гэсэн боловч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дахь MV-020423 тоот талбайд 2017 онд хийх Байгаль орчны нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөнөөс өөр шалгуулах баримт байхгүй байсан. Тус төлөвлөгөө нь 5 цэгт өрөмдлөг хийх явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг тусгасан төлөвлөгөөг 2017 оны 1 дүгээр сард батлуулсан байсан.
Шалгалтын явцад уг хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын төлөвлөгөөнд тодотгол 2017 оны 12 дугаар сард /Ашигт малтмал, газрын тосны газраар 2017 оны 12 дугаар сарын 13-нд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчаар 2017 оны 12 дугаар сарын 14-нд тус тус хянуулсан байна/ хийлгэсэн боловч төлөвлөгөөнд өрөмдлөгийн аргаар дээж авахаар, харин хөрс хуулах талаар огт тусгагдаагүй.
Улмаар 2018 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөөнд /Ашигт малтмал, газрын тосны газраар 2018 оны 1 дүгээр сарын 04-нд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчаар 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хянуулсан байна/ өмнөх 2017 онд хийгдсэн хөрс хуулалтын ажлын тоо хэмжээг тусган оруулж батлуулан ирүүлсэн.
...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр технологийн туршилтын дээж авах нэрийн дор хөрс хуулахдаа хайгуулын ажлын төлөвлөгөөгүй, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөгүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, хууль тогтоомжид заасан эрх, үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна.
3/ Холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: Ирүүлсэн тайлбар, хайгуулын ажлын төлөвлөгөө зэрэг баримт, бичгийг үндэслэн шийдвэр гаргасан. “Э” ХХК нь ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж юм. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй. Мөн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг урьдчилан орон нутгийн байгууллагаар батлуулж, аймаг, сумаас зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулсан.
Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх, үүргээ биелүүлээгүй, Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу газрын хэвлийг ашиглахдаа зохих журмын дагуу зөвшөөрөл аваагүй зөрчил илэрсэн.
...Сүмбэр сумын 4-р багийн ашиглалтын лиценз бүхий “Өехий цагаан” гэх талбайд “М” ХХК-ийн 4-5 самасволь, 2 эксковатороор хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэж байсан. Тухайн туслах гүйцэтгэгч компаниас холбогдох баримт бичиг үзүүлэхийг шаардахад газар дээр байвал зохих баримт бичиггүй үйл ажиллагаа явуулж байсан тул хариуцагч байгууллагын холбогдох шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнуудыг яаралтай орон нутгийн байгууллагуудад баримт бичгийг танилцуулж, үйл ажиллагаагаа явуулах талаар мэдэгдэн үүрэг даалгавар өгч ажилласан боловч одоог болтол зохих баримт бичиг, холбогдох мэдээлэлгүйгээр газрын хэвлийг хөндөн хөрс хуулалтын ажлыг явуулж байна.
...Шалгалтаар Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад хамаарах тул 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1717000061 дугаартай зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу прокурорын зөвшөөрлөөр 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09-07-019/84 дугаартай үйл ажиллагааг түр зогсоох улсын байцаагчийн акт үйлдэж лацадсан.
...Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газар ашиглах гэрээ байгуулна гэж заасан байдаг. Гэтэл газар ашиглах гэрээ байгуулаагүй “Э” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-020423 тоот тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
...”Э” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд анх хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Говьсүмбэр аймгийн удирдлагаас Ашигт малтмалын тухай хуульд заасан санал аваагүй, хайгуулын тусгай зөвшөөрлөөс ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон өөрчлөхөд Говьсүмбэр аймгийн удирдлагад мөн хуульд заасны дагуу мэдэгдээгүй хууль зөрчин тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Уг тусгай зөвшөөрөл бүхий талбайд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрх”-ийн дагуу дараах газар олголт хийгдсэн. Үүнд:
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг үндэслэн 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/26 дугаар аймгийн Засаг даргын захирамжаар 2013 онд 200 иргэнд 14 га газар,
Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/355 дугаар аймгийн Засаг даргын захирамжаар 2016 онд 200 иргэнд 14 га газар,
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн захирамж, Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/278 дугаар аймгийн Засаг даргын захирамжаар 2017 онд 400 иргэнд 28 га газрыг тус тус олгосон байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Э” ХХК-иас Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч О.Д-д холбогдуулан гаргасан “Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1717000061 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09/129 дүгээр удирдамжийн дагуу “Э” ХХК-ийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг шалгасан улсын байцаагч О.Д-ны хяналт шалгалтын тэмдэглэлд “...уурхайн холбогдогдолтой бичиг баримт байхгүй, ТЭЗҮ, БОНБҮ, БОМТ, уулын ажлын төлөвлөгөө байх…” гэж дурдсан бөгөөд улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09-07-019/84 дүгээр актаар “...үйл ажиллагаатай холбоотой техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, уулын ажлын төлөвлөгөө, менежментийн төлөвлөгөө зэрэг бичиг баримтууд байхгүй, батлагдсан хайгуулын ажилд тусгагдаагүй ажил хийсэн, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх ашиглахдаа хүлээх нийтлэг үүргээ биелүүлээгүй...” гэж дүгнэн “Э” ХХК-ийн хууль бус үйл ажиллагаа явуулахыг хориглож, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.
Гомдол гаргагч дээрх актыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаагүй тул актын үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Хариуцагч О.Д 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1717000061 дүгээр тогтоолоор “Э” ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.10 дугаар зүйлийн 1, 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зөрчлийн хэрэг нээсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсгийн 2.4-т тус тус нийцжээ.
Улмаар 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1717000061 дүгээр шийтгэлийн хуудсаар “...ямар ч бичиг баримтгүй байсан. … “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-гүй ажилласан. ... төлөвлөгөөнд тусгагдаагүй газар хууль бус хөрс хуулалтын ажил хийсэн. … газар ашиглах гэрээ байгуулаагүй. …“ гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.10 дугаар зүйлийн 1, 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг зөрчсөн учир шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэн, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчил болох Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон байна.
“Э” ХХК тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “...нотлох баримтыг зохих журмын дагуу бүрдүүлээгүй. … 2017 онд … баталсан хайгуулын ажлын төлөвлөгөө, технологийн туршилтын дээж авах төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Энэ нь … Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх шаардлагагүй асуудал. … уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулахад хэрэглэх хуулийг баримталж шийдвэр гаргаснаараа холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ...“ зэрэг үндэслэлээр 2018 оны 1717000061 дүгээр шийтгэлийг хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.
Гомдол гаргагч “Э” ХХК нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг Алсын худаг гэх газарт 2017 оны 12 дугаар сарын 08-21-ний өдрүүдэд хөрс хуулалтын ажил гүйцэтгэхдээ 2.7 га газрыг ухаж, 6.84 га газар овоолго үүсгэсэн бөгөөд энэхүү үйл баримттай оролцогчид маргаагүй байна.
Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Э” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 болон 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь гомдол гаргасан хуулийн этгээдийн “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дахь Өехий цагааны ордод үйлдвэрийн технологийн дээж авах төлөвлөгөө”-г Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрсний судалгааны хэлтсийн мэргэжилтэн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр танилцан гарын үсэг зурсан байх тул зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй юм.
Мөн “Э” ХХК нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь сумдын нутаг Шивээговь нэртэй газарт орших 5447.21 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-020423 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул газрын хэвлийг дур мэдэн ашигласан гэж үзэх боломжгүй.
Харин шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дахь Өехий цагааны ордод үйлдвэрийн технологийн дээж авах төлөвлөгөө”-нд “...Ойролцоогоор 50000 м3 хөрс хуулж нүүрсний давхаргыг нээж 140.000 кг сорьцлолт хийнэ.” гэж заасан боловч дээр дурдсан улсын байцаагчийн 2017 оны 09-07-019/84 дүгээр акт болон хариуцагч О.Д-ны хяналт шалгалтын тэмдэглэлээр “Э” ХХК нь хайгуулийн ажиллагаа явуулж байгаа гэх газар дээрээ бичиг баримтгүй байсан нь тогтоогдож байх бөгөөд энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчсөн байна.
Дээрх байдлаар “Э” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулийн үйл ажиллагаа явуулж байсан газар дээрээ бичиг баримт байлгах үүргээ биелүүлээгүй учир 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1717000061 дүгээр шийтгэлийн хуудсаар Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ.”, Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хүлээх нийтлэг үүргийг биелүүлээгүй; … бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг буруутгах боломжгүй байна.
Иймд “Э” ХХК-иас Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч О.Д-д холбогдуулан гаргасан “Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1717000061 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсгийн 2.4-д тус тус зааснаар “Э” ХХК-иас Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч О.Д-д холбогдуулан гаргасан “Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1717000061 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гомдол гаргагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН