Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2022/0586/З |
Дугаар | 221/МА2023/0020 |
Огноо | 2023-01-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2023/0020
А намын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 618 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч А нам
Хариуцагч Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А..
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М.., Д.Д..
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа,
Хэргийн индекс: 128/2022/0586/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 618 дугаар дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 11 дүгээр зүйлийн 11.8, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д 10.1.8-д 10.1.12-т заасныг баримтлан нэхэмжлэгч А нам /АН/ улс төрийн байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Т..ыг А нам /АН/-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд А нам /АН/-ын даргаар бүртгүүлэх Э..-ийн хүсэлтийг хангахаас татгалзсан гэсэн бүртгэлийг А нам /АН/-ын улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийж өгөхөөс татгалзсан амаар гаргасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон” шийдвэрлэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М.. дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д “Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 25.8.8-д “улс төрийн намын бүртгэл хөтлөх”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар энэ хуулийн ... 25.8-д заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж тус тус заажээ. Улсын дээд шүүхийн Тамгын газар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэг бөгөөд шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн Тамгын газар нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн аливаа асуудал, тэр дундаа улс төрийн намын бүртгэл хийсэн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх асуудлыг хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн зохион байгуулдаг.
Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь өмгөөлөгч Н.А..оос гаргасан “А намын “Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Т..ыг А нам /АН/- ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд А нам /АН/-ын даргаар бүртгүүлэх Э..-ийн хүсэлтийг хангахаас татгалзсан” шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг Улсын дээд шүүхийн Тамгын газарт холбогдуулан хянан хэлэлцэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргалаа. Уг асуудал нь Улсын дээд шүүхийн Тамгын газрын чиг үүрэгт хамааралгүй, түүнчлэн, Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд ямар нэг бүртгэл хийх эсхүл бүртгэлээс хэн нэгнийг хасах эрх Тамгын газарт хуулиар олгогдоогүй юм. Улс төрийн намын тухай болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар улс төрийн намын улсын бүртгэлийн гэрчилгээнд ямар нэг бичилт, тэмдэглэгээ хийх талаар тусгайлан заагаагүй, түүнчлэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаад 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоолын хавсралтаар “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-ыг баталсан бөгөөд уг журмаар улс төрийн намын бүртгэлийн гэрчилгээнд ямар нэг бичилт хийх эрхийг Тамгын газарт олгоогүй болно. Нийтийн буюу захиргааны эрх зүйд захиргааны байгууллага, албан тушаалтан нь зөвхөн хуулиар олгосон эрхийн хүрээнд, хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг нь эрх зүйн нийтлэг зарчим байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 618 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.18-д "...Дээд шүүхийн шийдвэрийг хуулийн этгээдийн гэрчилгээнд бичиж болохгүй, хориглосон гэж үзэхгүй” гэх агуулгатай дүгнэлт хийж байгаа нь алдаатай, буруу дүгнэлт гэж үзэж байна.
Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.24-т “эцэст нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д зааснаар Улсын дээд шүүх нь улсын төрийн намын бүртгэл хөтлөх бөгөөд тус шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүрэгтэй Тамгын газар нь шүүхийн улс төрийн намын бүртгэл хийсэн аливаа шийдвэр, шийдвэрлэсэн асуудлыг нийтэд мэдээлэх, шийдвэрүүдийг цахим сан, бүртгэл мэдээлэлд тусгах, хуулийн этгээдийн гэрчилгээнд шаардлагатай мэдээллийн бичилт хийх нь тус газрын чиг үүрэгт хамаарах гэдгийг хариуцагч мэдвэл зохино” гэж дүгнэсэн нь илэрхий үндэслэлгүй боллоо. Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Т..ыг А нам /АН/- ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, “Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд А нам /АН/-ын даргаар бүртгүүлэх Э..-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж” шийдвэрлэсэн, үүний дагуу Улсын дээд шүүхийн цахим хуудсанд байрлах улс төрийн намын бүртгэл цэс дэх намын дарга /А намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-ыг Ц.Т.. гэснийг хасаж, харин С.Э.. гэж бүртгээгүй буюу одоогоор уг хүснэгт хоосон байна. Улсын дээд шүүхэд цаасан хэлбэрээр хадгалагдаж байгаа А намын бүртгэлийн хувийн хэрэг болон цахим хуудсанд байршиж байгаа мэдээллүүд нь огт зөрөөгүй, ижил буюу намын даргын бүртгэлд хэн нэгний нэр байхгүй буюу бүртгэгдээгүй гэдэг нь илэрхий нотлогдож байхад шүүхээс “... цаасан болон цахим бүртгэл нэг байх ёстой атал өөр байна” гэх агуулгаар огт үндэслэлгүй дүгнэлт хийлээ. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын зүгээс дээрх асуудлаар “тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан” ямар нэг шийдвэр гаргаагүй, үйл ажиллагаа явуулаагүй юм. Дээрх байдлаар, Улсын дээд шүүхийн Тамгын газрын чиг үүрэгт хууль болон журмаар олгогдоогүй асуудлаар шүүх үүрэг оногдуулж, ямар хуулийн аль заалтыг зөрчсөн талаар болон нэхэмжлэгч А намын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн талаар дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэр гарч байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцсэнгүй. Хариуцагчийн зүгээс 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсүх нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 24- ний өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралттай байгаа, мөн уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралд түүнийг биеэр оролцуулах зайлшгүй шаардлагатай байгаа тул хүсэлтийг хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр товлогдсон шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэж хүсэлт гаргасан байхад хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр шүүх хуралдааныг явуулж, шийдвэр гаргасан нь шүүх хэтэрхий нэг талыг барьсан, мэтгэлцэх зарчмыг хангаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 618 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан эсэх талаар баримт дутуу байхад анхан шатны шүүх энэ талаар тодруулаагүй байна:
1.1. Нэхэмжлэлийг А нам гаргаж, нэхэмжлэлийн өргөдөлд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г.. гарын үсэг зурж, нэхэмжлэлд А намын ээлжит бус Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 08/01 дүгээр тогтоолоор олгосон итгэмжлэлийг хавсарган ирүүлжээ.
1.2. Анхан шатны шүүх Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, А намын Үндсэн дүрмийн 5.12.1, 5.12.4.11-д заасныг дурдан, Улсын Дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоолд “... А намын ээлжит бус Их Хурлын тогтоолоор итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсныг хуульд нийцсэн гэж үзэж, уг итгэмжлэлийг үндэслэн дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авсан”-тай адил арга хэлбэрээр, адил эрх бүхий субъектийн олгосон итгэмжлэлийг хууль бус гэж үзэх эрх хэмжээ байхгүй тул эдгээр эрх зүйн баримт бичгийг үндэслэн дээрх итгэмжлэлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж үзжээ.
1.3. Хэрэгт авагдсан Улсын Дээд шүүхийн 2021 оны 38 дугаар тогтоолд тус намын гишүүдийн 58,9 хувь нь ээлжит бус Их Хурлын хуралдааныг хуралдуулах санал гаргасан нь дүрэмд нийцсэн гэж, мөн Их Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолын 4 дэх заалтад “... намын баримт бичигт орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой асуудлаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Г..ыг томилсон”-ыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийн 15.1, 22.1.5-д заасанд нийцсэн гэж тус тус үзсэн байна.
1.4. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн А намын ээлжит бус Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 08/01 дүгээр тогтоолыг Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолыг гаргасан өдрөөс өөр өдөр хуралдсан ээлжит бус Их Хурлаас гарсан, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэх үйл ажиллагаа нь ялгаатай (Улсын Дээд шүүхийн Тамгын газрын захиргааны үйл ажиллагаа, намын улсын бүртгэлтэй хамааралтай захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон) байхад адил эрх бүхий этгээдийн олгосон итгэмжлэл гэж шүүх шууд дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасанд нийцэхгүй байна.
1.5. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн итгэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан шаардлага хангасан эсэх, итгэмжлэлийг эрх бүхий этгээдээс олгосон эсэх талаар холбогдох баримт, түүнийг үнэлэхэд шаардлагатай А намын үндсэн дүрэм зэргийг цуглуулж, нэхэмжлэлийг А намыг төлөөлөх эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргасан эсэхийг тодруулах шаардлагатай.
2. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй байна:
2.1. Нэхэмжлэлд дурдсан “... А намаас 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 03/36 тоотоор Улсын дээд шүүхийн Тамгын газарт хандан гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдөл, /хүсэлт/-ийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлагаар захиргааны хэрэг үүсгэжээ.
2.2. Нэхэмжлэгч 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “....“Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэрийн Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор өөрчилж бүртгэсэн “Ц.Т..ыг А намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, А намын даргаар бүртгүүлэх Э..-ийн хүсэлтийг хангахаас татгалзсан” гэсэн бүртгэлийн өөрчлөлтийг А намын улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийж өгөхөөс татгалзсан амаар гаргасан шийдвэрийг хууль, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнийг тогтоож хүчингүй болгуулах” / 1 дүгээр хавтаст хэргийн 47, 210 дугаар хуудас/ гэж өөрчилсөн.
2.3. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Т..ыг А нам /АН/-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, “Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд А нам /АН/-ын даргаар бүртгүүлэх Э..-ийн хүсэлтийг хангахаас татгалзсан” гэсэн бүртгэлийг А нам /АН/-ын улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийж өгөхөөс татгалзсан амаар гаргасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэсэн.
2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А.. нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд “... хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаагүй” гэж тайлбарласан, хэрэгт ийм нэхэмжлэл бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан нь тогтоогдохгүй байна.
2.5. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн захиргааны хууль бус гэж үзсэн захиргааны акт нь аль болох, түүний улмаас нэхэмжлэгч А намын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, актыг хэрхэн шийдвэрлүүлж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах нь тодорхойгүй байхад энэ талаар тодруулалгүй, нэхэмжлэлийн шаардлагыг шүүх өөрийн санаачилгаар өөрчилж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасныг зөрчжээ.
2.6. Иймд нэхэмжлэлийн шаардлага буюу нэхэмжлэгчийн хууль бус гэж үзсэн захиргааны үйл ажиллагаа, түүний улмаас нэхэмжлэгч А намын ямар, эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, шүүхээр хэрхэн хамгаалахыг хүсэж байгааг тодруулсны үндсэн дээр тухайн захиргааны үйл ажиллагаа нь захиргааны актын шинжийг агуулах эсэх, уг захиргааны акт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх зэрэгт дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай.
3. Гуравдагч этгээдийг оролцуулах эсэх асуудлыг шүүх хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй байна:
3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж тус тус заасан.
3.2. Энэхүү хуулийн заалтаас үзвэл анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй байхад тухайн шаардлагын улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд байхгүй гэж шууд тодорхойлсон нь үндэслэл муутай болжээ.
3.3. Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлага, түүний үндэслэл буюу маргаан бүхий захиргааны акт, түүний улмаас зөрчигдсөн гэж үзэж, хамгаалуулахыг хүссэн нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг тодруулсны дараа дээрх хуулийн дагуу тухайн шаардлагатай холбоотой эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд байгаа эсэхийг тодруулж гуравдагч этгээдээр татан оролцуулах эсэхийг шийдвэрлэх шаардлагатай байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмаар явуулсны үндсэн хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 618 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ