Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 80

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Хэнтий аймгийн  Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багт  оршин суух, РД: СГ61031311 регистрийн дугаартай Боржигон овогт Гомбосүрэнгийн Ганбаатарын хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, хүсэлт гаргагч Г.Ганбаатар нар оролцов.

Т О ДО Р Х О Й Л О Х нь:

Хүсэлт гаргагч Г.Ганбаатар нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1983 оны 06 сараас Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдэлд жолоочоор ажилд орсон. Тус сумын архив шатаж холбогдох баримт бичиг устаж үгүй болсон. Мөн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Иймд 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртлэх хугацаанд тус сумын “Мөнх-Оргил” нэгдэлд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.                                               

Ү Н Д Э С Л Э Х нь:

           Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч Г.Ганбаатар нь 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдэлд жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.  Г.Ганбаатар нь 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдэлд жолоочоор ажиллаж байсан байдал нь түүний шүүхэд ирүүлсэн Хэнтий аймаг дахь улсын архивын магадлагаа /хх-ийн 45 хуу/ , Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” бүрэн бус хариуцлагатай компанийн ерөнхий захирлын 1995 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай тушаал /хх-ийн 4 хуу/, Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” бүрэн бус хариуцлагатай компанийн ерөнхий захирлын 1994 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаартай тушаал /хх-ийн 44 хуу/, Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг дарга М.Цэнгэлийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаартай тодорхойлолт /хх-ийн 36 хуу/, Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн Засаг дарга Д.Лхагвасүрэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаартай тодорхойлолт  /хх-ийн 37 хуу/, гэрч Ц.Батмөнхийн “...Ганбаатар нь сүүний Ганбаа нэртэй болтлоо Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдэлд сүүний тэрэгний жолооч хийж байсан. Би Мөнх-Оргил нэгдэлд саальчин хийж байсан болохоор сайн мэднэ, сүүний тэрэгний жолооч бүх бригадуудаар явж сүү зөөвөрлөдөг байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 23 хуу/, гэрч М.Мядагийн “...1983 оноос нэгдэл тартал буюу 1993 оныг хүртэл Мөнх-Оргил нэгдэлд сүүний машины жолооч хийж байсан. Сүүний Ганбаа нэртэй болтлоо нэгдэлд ажилласан хүн дээ...” гэх мэдүүлэг /хх-н 26 хуу/ зэргээр тогтоогдож байна.

Иймд Г.Ганбаатарын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж түүнийг 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдэлд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

                                                       Т О Г ТО О Х нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Гомбосүрэнгийн Ганбаатарыг 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл  Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдэлд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Г.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                                      ДАРГАЛАГЧ                                Р.БАТБАЯР